| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 112/2024/0036/З |
| Дугаар | 221/МА2025/0347 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0347
Г.Б нарын 10 иргэний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Л
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчЖ.М, Б.Б, Г.Б, Н.О
Нэхэмжлэгч: Х.Б, Д.Н, Г.Ч, Б.Б, Н.О, Э.Б, Д.Б, С.Н, Г.Б,Ж.М
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 112/2024/0063/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нараас Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан Х.У-с Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээрт Г.А-д газар эзэмших эрх сэргээсэн захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б, Х.Б, Б.Б, С.Н, Д.Б, Н.О, Э.Б,Ж.М, Д.Ч, Д.Н нараас Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээрт Г.А-н газар эзэмших эрх сэргээсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Тухайн газрыг анхнаасаа хууль бусаар эзэмшүүлсэн байдаг. Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээрт Г.А-д газар эзэмших эрх сэргээсэн захирамжийн тухайд иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар зохицуулдаг.
Тус хуульд зааснаар газар эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь дараах зөрчлийг гаргасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байдаг. Үүнд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол хүчингүй болгохоор заасан. Өөрөөр хэлбэл тухайн газрын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар Говь-Алтай аймгийн ЗАсаг даргын захирамжаар шазар эзэмших эрх сэргээсэн бөгөөд 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хүчингүй болгохоор заасан байдаг.
Мөн уг захирамжаар тухайн газрын эзэмшүүлсэн нь 9 айлын орон сууцны цэвэр, бохир, халаалтын шугам сүлжээн дээр олгогдсон нь илт хууль бус буюу бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Жбагийн Ө хорооллын 13 байрны олон айлуудын шугам сүлжээн дээр газар олгогдсон нь эхнээсээ хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн тухайн орон сууцны айлуудын орон гэртээ тав тухтай амьдрах орчин нөхцөлийг зөрчсөн өөрөөр хэлбэл хүүхдүүдийн тоглож наадах талбай, машинтай орж гарах хөдөлгөөн хязгаарласан байгаа нь мөн газрын тухай хуулиа зөрчиж, газар олголт хийгдсэн. Гэтэл шүүхээс шугам сүлжээтэй газарт газар авсныхаа дараа шугам сүлжээг өөрийн хөрөнгөөрөө зайлуулж 2 жилийн хугацаандаа ашиглаж чадаагүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “... аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/410 дугаар захирамжийн хавсралтын 4 дүгээрт Г.А-д газар эзэмших эрх сэргээсэн захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
3. Нэхэмжлэгч нарын хувьд анх шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Н.О, Т.Т, З.С, Б.Б, Ю.А, Х.Б, Ц.Т, Э.Б, Г.Х, Г.Б, Э.Э, Г.Ч, Ч.Б, Ч.А, С.Н, Г.А, Н, Ч.Л нарын нийт 18 иргэний гарын үсэг бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд “... Х.Б, Д.Н, Г.Ч, Б.Б, Н.О, Э.Б, Д.Б, С.Н, Г.Б,Ж.М нар нэхэмжлэгч бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд анх гаргасан нэхэмжлэлд гарын үсэг зурсан бусад иргэд нь нэхэмжлэгч нарын гэр бүлийн хүмүүс ... ” гэсэн тодруулгыг[1] шүүхэд гаргасан байна.
3.1. Нэхэмжлэгч нараас Х.Б, Д.Н, Г.Ч, Б.Б, Н.О, Э.Б, Д.Б, С.Н нарын 8 иргэн нь нэхэмжлэгч Г.Бд итгэмжлэл олгосон байна.
3.2. Харин анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биш этгээд болох Э.Э оролцсон, давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдоос энэ талаар тодруулахад нэхэмжлэгч талаас “... нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бын нөхөр тул шүүх хуралдаанд оролцсон ...” гэж тайлбарласан, хэргийн бусад оролцогч болох хариуцагч болон гуравдагч этгээд нараас энэ талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
3.3. Мөн давж заалдах гомдолд[2] нэхэмжлэгчЖ.М, Б.Б, Г.Б, Н.О нар гарын үсэг зурснаас гадна хэргийн бус оролцогч Г.Х гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч нараас “... Ө хорооллын айлуудын орж гарах зам, машины зогсоол, инженерийн шугам сүлжээ, цахилгаан дулаан, ус хангамж бүхий газар олгогдсон, хүүхдүүдийн тоглож наадах талбай, машинтай орж гарах хөдөлгөөнийг хаасан, ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн нөхцөл байдал одоо ч үүссэн, ...орон сууцны бохир зайлуулах шугам сүлжээг гуравдагч этгээд зөөж байршуулсны улмаас байрны гаднах шугам сүлжээ хөлдсөн, бохир үнэртсэн ...” гэсэн үндэслэлээр маргажээ.
Нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагчаас “... газар эзэмших эрхийг сэргээн олгосон нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй, барилгын норм ба дүрмийг хангуулж ажиллах боломжтой, нэг нэгнийхээ газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргах эрхгүй ...” гэж, гуравдагч этгээдээс “... 13* дүгээр байр зөрчилтэй баригдсан, манай газар дээр байрласан бохир ус дамжуулах шугам сүлжээг өөрийн зардлаар шилжүүлсэн, зураг төслөө магадлалаар оруулж бэлтгэсэн, норм дүрэм зөрчөөгүй ...” гэж маргасан байна.
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй” болгох гэж тус тус заажээ.
4.2. Дээр дурдсан хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны хууль бус актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаан бүхий захиргааны акт хууль бус байхын зэрэгцээ уг актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх учиртай.
4.3. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/401 дүгээр захирамжаар[3] Ч Ад Б баг, Хийдийн урд талд орон сууцны зориулалтаар 144 м.кв газар эзэмшүүлж, тус газарт “Ө 13” гэх 9 айлын орон сууцыг барьж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч 10 иргэн нь энэхүү “Ө-13” /13*/ дүгээр байрны оршин суугчид байна.
4.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч 10 иргэнээс Н.О, Б.Б, Х.Б нар нь Есөнбулаг сумын төвд Б баг Ө хорооллын 181 дугаар байрын 02, 04, 06 дугаар тоотуудын өмчлөгчөөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй[4], нэхэмжлэгч Г.Ч, Д.Н нар тус тус өмчлөлийн амины орон сууц, эзэмшлийн газартай байна. Харин үлдсэн нэхэмжлэгч нар болох Э.Б, С.Н, Д.Б, Г.Б нар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байх бөгөөд гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газартай давхцаж газар эзэмшээгүй байх тул гуравдагч этгээд Г.А-д газар эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгч нарт сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.
4.5. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:”, 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”, 21 дүгээр зүйлийн 21.3-д “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй”, 48.3-д “Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана”, 48.4-т “Газар эзэмшигч, ашиглагч нь газраа бусдад хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулснаас уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болбол тийнхүү ашиглахыг зогсоохыг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж байгаа этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.
4.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх маргаан бүхий газрыг аймгийн Засаг даргын 2014 оны 06 дүгээр сарын 19-ний өдрийн А/309 дүгээр захирамжаар Б.Х-д эзэмшүүлж, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан, Б.Х-н 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан газар эзэмших эрхийг Г.А-д шилжүүлэх хүсэлтийг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/537 дугаар захирамжаар Б.Х-н орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан 000496*** дугаар эрхийн гэрчилгээ бүхий газрыг Г.А-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, эзэмшил газрын хэмжээ, байршлыг хавсралтаар баталж, газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр эзэмшүүлсэн байна.
4.7. Харин аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/02 дугаар захирамжаар “ гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын талбараа хугацаанд нь төлөөгүй хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр гуравдагч этгээд Г.А-н газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
4.8. Улмаар гуравдагч этгээд Г.Агаас 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасан, аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/410 дугаар захирамжаар “Алтай хотын инженерийн байгууламж бүхий бүсэд газар эзэмших эрхээ сэргээлгэхийг хүссэн иргэд, аж ахуй нэгжийн эзэмших газрын хэмжээ, байршлыг 1 дүгээр хавсралтаар баталж 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, уг хавсралтын 4-т гуравдагч этгээд Г.А-д Ж багийн нутаг дэвсгэрт байрлах Орон сууцны зориулалт бүхий 750 м.кв газрыг эзэмшүүлэхээр тусгагдсан байна.
4.9. Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар албан бичигт “... Ө хорооллын 13* дүгээр байр /эзэмшигч Ч.А/-ны газар нь аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/401 дүгээр захирамжаар олгосон байршлаас зөрүүтэй байна ...” гэж, хавсралтаар[5] газрын давхцалын зураглалыг шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх албан бичгийн хавсралтаар шүүхэд ирүүлсэн Ж багийн Ө хорооллын 12*, 1**, 13* дүгээр байрны үзлэгийн зураглалд Ч.А нь аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/401 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газраас урагш шилжүүлж барилга барьсан болох нь тогтоогдож байна.
4.10. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, дээрх албан бичгээр тодорхойлсноос үзвэл гуравдагч этгээдийн эзэмшил газар нь нэхэмжлэгч нарын оршин суудаг Ө хорооллын 13* дүгээр байр болон нэхэмжлэгч Г.Ч, Д.Н нарын өмчлөлийн амины орон сууц, эзэмшлийн газартай давхцалгүй нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн “Ө 13” 9 айлын орон сууцыг 2015 онд барьж ашиглалтад оруулах явцад тус орон сууцны ариутгах татуургын шугам сүлжээг гуравдагч этгээд Г.А-н (тухайн үед газар эзэмших эрх нь хүчинтэй байсан) эзэмшлийн газар дээгүүр дайруулан татсан болох нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар албан бичиг, хавсралт зургаар тогтоогдсон байх бөгөөд ийнхүү гуравдагч этгээдийн эзэмшлийн газар дээгүүр ариутгах татуургын шугам сүлжээ татахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг хэрэгжүүлсэн талаарх холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нараас энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж маргаагүй байна.
4.11. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “ Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино ...” гэж заасан байна.
4.12. Хуулийн дээрх зохицуулалт, Улсын дээд шүүхийн зөвлөмжөөс үзэхэд гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй байх, энэхүү ашиглаагүй шалтгаан нь “хүндэтгэн үзэх шалтгаантай” байсан эсэх нөхцөл байдлыг тодруулж, эдгээр бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг захиргааны байгууллагаас хэрэгжүүлж, хэрэв газар эзэмшигч газраа 2 жил дараалан ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан нь” тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахаар хуульчлан заасан.
4.13. Харин гуравдагч этгээд Г.А-н эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр орон сууцны ариутгах татуургын шугам сүлжээг дайруулан татсан болох нь дээрх үйл баримтаар тогтоогдсон энэ тохиолдолд гуравдагч этгээд Г.А нь бусдын буруугаас шалтгаалан газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгчийн “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн нөхцөл байдал одоо ч үүссэн байгаа” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүйн дээр гуравдагч этгээд, нэхэмжлэгч нарын эзэмшил газрын давхцал үүсээгүй, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч нарын төлөвлөсөн, орц гарц, хүүхдийн тоглоомын талбай хаасан зэрэг хууль ёсны эрхийг хөндөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын “... бидний орц гарц, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байрлах газарт ямар нэг барилга байгууламж барихгүй байх ёстой, ... сэргээх эрх хэмжээ хуульд байхгүй байхад газар эзэмших эрхийг шууд сэргээсэн нь хууль бус ... ” гэж тайлбарлан маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
4.14. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан
4.15. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “ Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “... Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар ...” гэдэгт аймаг нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан “барилгын техникийн нөхцөл”-ийг авч болох газар хамаарна” гэж тайлбарласан.
4.16. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн сумын Засаг даргын саналыг авахаар заасан байх бөгөөд тухайн инженерийн шугам сүлжээ бүхий газар нь газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс барилгын техникийн нөхцөл авч болох газар хамаарах талаар хууль болон зөвлөмжид тухайлан заасан байна.
4.17. Анхан шатны шүүхийн “... аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрхийг ... аймгийн Засаг дарга хэрэгжүүлж байгаа нь холбогдох төлөвлөлтөд тусгагдсаны дагуу инженерийн шугам сүлжээнд холбож газар эзэмшигч этгээд барилга барих агуулгатай, ... Г.А-н газар эзэмших эрхийг сэргээхдээ ... тухайн орчин дахь орон сууц, амины сууцны оршин суугчдын эрхийг харгалзан үзэж нам давхрын төлөвлөлттэй орон сууц барихыг зөвшөөрчээ. Нэхэмжлэгч нараас “уг байршилд огт барилга баригдах ёсгүй, оршин суугчдын амар тайван амьдрах нөхцөл хангагдахгүй” гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй, ... маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, ... гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь нэхэмжлэгч нарын өмчлөл үүсэхээс өмнө үүссэн байх тул уг актын улмаас зөрчигдөх эрх хууль ёсны ашиг сонирхол байхгүй, ... нэхэмжлэгч нарын орон сууц 2015 онд баригдаж, ашиглалтад орсон боловч өнөөг хүртэл 10 жил гадна орчны тохижилт хийгдээгүй, автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байгуулаагүй байгаад гуравдагч этгээдийг буруутгах нөхцөлгүй ...” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.Л
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ