Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 124/ШШ2021/0058

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би даргалж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч татварын улсын байцаагч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын “Татварын улсын байцаагч Г.Тийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 0178728 тоот шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Т-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Увс аймаг дахь төрийн аудитын газар нь ИТХ-н 2020 оны ээлжит сонгуульд Түргэн сумын 2-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Д нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь төрийн аудитын газар бүртгүүлээгүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн торгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." гэж заасан ба Увс аймаг дахь төрийн аудитын дүгнэлт нь миний төлөөлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

Захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд захиргааны шийдвэрийг гаргахдаа мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах учиртай. Мөн захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх зааснаар "...хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд... захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна." гэж заасан. Гэтэл Увс аймаг дахь төрийн аудитын газар нь миний төлөөлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахын өмнө сонсгох ажиллагаа явуулж хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй байгаа этгээд болох төлөөлүүлэгчийн оролцооны эрхийг хангаагүй. Суманд төрийн аудитын салбар байхгүй тул зардлын дансны дугаар, нэрийн мэдээллийг нээсэн материалаа аймгийн намд холбогдох бичгийн хамт хуулийн хугацаанд нь хүргүүлсэн болно.

Иймд Татварын улсын байцаагч Г.Тийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 0178728 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Сумуудад Төрийн аудитын салбар хороо байдаггүй учир Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигч нар Ардчилсан нам руугаа сонгуулийн зардлын дансны мэдээллээ хуулийн хугацаандаа явуулсан. Ардчилсан намын нэр дэвшигчид хуулийн хугацаандаа нэрийн дансны мэдээллээ намдаа итгэл хүлээлгэж явуулсан байхад Ардчилсан намын зүгээс хуулийн хугацааг 4 хоногоор хэтрүүлж явуулсан. Увс аймаг дахь Төрийн аудитын газраас нэр дэвшигч нарын нэрийн дансны мэдээллийг хуулийн хугацаа хэтрүүлж ирүүлсэн гэдэг үндэслэлээр хүлээн аваагүй асуудал үүссэн. Увс аймаг дахь Төрийн аудитын дүгнэлтийг захиргааны акт гэж үзэж байгаа тул уг акт гадагшаа чиглэсэн байх ёстой байтал зөрчил гаргагч болон Ардчилсан намд мэдээлэл өгөхгүйгээр Увс аймаг дахь Төрийн аудитын газарт зөрчил үүсгэсэн нь  үндэслэлгүй байна. Б.Д-ийн хувьд Увс аймаг дахь Төрийн аудитын газарт зөрчил үүсгэсэн талаар мэдэхгүйгээр Увс аймгийн Татварын хэлтсээс шууд шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дүгнэлтийн буруу зөвийг шалган тогтоох ёстой гэж үзэж байна. Бусад аймаг сумуудын жишгийг судалж үзтэл Төрийн аудитын газраас иргэн таны эдгээр бичиг баримтууд дутуу байгаа тул гүйцээж өгөөрэй гэх зэргээр баримтуудыг нөхөж аваад дүгнэлтээ гаргасан байсан. Улсын хэмжээнд Увс аймаг шиг зөрчил үүсгэсэн аймаг байгаагүй. Иргэнийг хохироогүй байх талаас нь шүүхийн шийдвэр гаргах байх гэж итгэж байна. Тухайн үед бүх нэр дэвшигч нар зардлын дансаа нээлгэсэн байсан ба төрийн аудит гэхгүйгээр хувийн аудитораар дүгнэлтээ гаргуулсан байсан. Нэр дэвшигч нар нь хуульд заасан 2 шаардлагыг хангасан байсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газар нь сонгуульд нэр дэвшигч нарын дансны мэдээллийн үнэн зөвийг шалгах эрх бүхий байгууллага юм” гэв.

Хариуцагч Татварын улсын байцаагч Г.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тэс сумын татварын улсын байцаагч Г.Т миний бие Төрийн аудитын газраас Тэс сумын 8 дугаар тойрогт нэр дэвшсэн Бат-Эрдэнэ овогтой Дамдинсүрэнг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг бүртгүүлээгүй гэх албан бичгээр ирүүлсэн гомдол мэдээлэлд зөрчлийн 2135000244 дугаартай хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудын талаар:

Холбогдогч Б.Д нь Аймаг , нийслэл , сум дүүргийн сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасан Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэх үүргээ биелүүлээгүй нь Төрийн аудитын газраас ирүүлсэн зөвлөмж, хавсралт хүснэгтээр тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэж 0178728 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан. Иймд гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч татварын улсын байцаагч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С тус шүүхэд “Татварын улсын байцаагч Г.Тийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 0178728 тоот шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан ба түүний гомдол нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр шаардлагыг хангасан  тул хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гомдол гаргагч нь гомдлын шаардлагыг Татварын улсын байцаагч Г.Тийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 0178728 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан байх ба   хэргийг хянан шийдвэрлэх  явцад хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эрхийн хүрээнд гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй,   хуульд харшлаагүй байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Ийнхүү хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулаад  үүсэх үр дагаврыг хэргийн оролцогчдод танилцуулж, гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч улсын байцаагчийн харьяалах Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан М.С-д олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-аас ирүүлсэн “Татварын улсын байцаагч Г.Тийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 0178728 тоот шийтгэлийн хуудас хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Т бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Т-т холбогдох 124/2021/0057/з индекстэй зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ОЮУНГЭРЭЛ