Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 739

 

 

 

 

 

 

 

 

 

    “ЖБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2018/00017 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ЖБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Мд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 330 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.У,

Хариуцагч: Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.М 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах 1169695 тоот гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, 240 000 төгрөгийн үнэтэй NP10 маркийн интернет төхөөрөмжийг зээлээр худалдсан. Гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу урьдчилгаа 20 000 төгрөг төлөх, үлдэх 220 000 төгрөгийг сард 20 000 төгрөг буюу 12 сард багтаан төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар төлбөр барагдуулаагүй байна. Гэрээний үлдэгдэл төлбөр 220 000 төгрөгийг төлөлгүй 876 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувийн алданги тооцоход 110 000 төгрөг болж байна. Иймд Д.Маас нийт 330 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ЖМ” ХХК-иас 2014 оны 11 сарын 20-ны өдөр төхөөрөмж авсан нь үнэн. Уг төхөөрөмж нь авсан цагаасаа ажиллахгүй байсан тул тус компанийн оператор руу удаа дараа залгаж хэлсэн боловч арга хэмжээ авч өгөөгүй. 2017 оны 1 сарын 19-ний өдөр тус компанид өргөдлөө бичиж өгсөн ч одоог хүртэл хариу өгөөгүй байгаа. Төхөөрөмжийг ажиллуулаад өгвөл сар бүр 20 000 төгрөгийг төлнө гэж “ЖМ” ХХК-д хэлэхэд зөвшөөрөхгүй 220 000 төгрөгийг бүхлээр нь авна, төхөөрөмжөө ажиллуулахгүй гэж тайлбарлаад байгаа. Би ийм ажиллахгүй зүйлийг аваад төлбөр төлөхгүй. Хэрэв ажиллуулаад интернэтийн сүлжээ оруулаад ашиглаад эхэлвэл сар бүрийн 20 000 төгрөгийг төлнө. Би 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “ЖМ” ХХК-д очоод өргөдөл өмнө өгсөн талаар хэлэхэд байхгүй гээд мэдэхгүй байсан. ... “ЖМ” ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Уранцэцэгтэй анх уулзахад 1 дэх өдөр хариу өгнө гээд өгөөгүй. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус компани дээр очоод уулзах гэхэд бас байхгүй байсан. Тэгэхээр нэгэнт төлбөр төлсөн ч энэ төхөөрөмжийг ажиллуулахгүй гэж байгаа болохоор төлбөрийг төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 243 дугаар зүйлийн 243.1., 343 дугаар зүйлийн 343.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЖМ” ХХК-ийн хариуцагч Харууд Доржпаламын Мөнхзулд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “ЖМ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 550 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. “ЖМ” ХХК нь иргэн Д.Мтай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ огт байгуулж байгаагүй болно. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг миний бие шүүхэд “ЖМ” ХХК-ийн интернэтийн сүлжээг эрх бүхий улсын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан байхад хүсэлтийг шийдвэрлээгүй шүүх хурал явуулж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн ямарч үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ЖБ” ХХК нь хариуцагч Д.Мд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2014 оны 11 сарын 20-ны өдөр тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “ЖБ” ХХК нь тоног төхөөрөмж худалдах, хариуцагч Д.М нь уг төхөөрөмжөөр дамжуулж интернэтийн сүлжээнд холбогдох үйлчилгээ авч, төхөөрөмжийн үнэ 240 000 төгрөгийг 12 сарын хугацаанд хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 7-8 дугаар тал/

 

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “... тоног төхөөрөмжийн дагуу интернэтийн үйлчилгээг авч чадаагүй, ашиглах боломжгүй байсан” гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх уг тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Тухайн орон нутагт “ЖБ” ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашиглан интернэтийн үйлчилгээг авах боломжтой байсан эсэх нь ач холбогдолтой байхаас гадна талуудын байгуулсан гэрээнд “сар бүрийн 17-ны өдрийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд интернэт эрх хаагдана” гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага интернэт үйлчилгээг хаасан эсэх нь тодорхойгүй байна. Эдгээр нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.7-д тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 104/ШШ2018/00017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                                      

                                                          ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД                                                                                                           

                                                                                                          Г.ДАВААДОРЖ