| 2019 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2019/03222 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Б.Н Хариуцагч: Ш.С Тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.Стой 2012 онд танилцаж 2014 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүү С.Д, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүү Н.Т, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин Н.С нар төрсөн. Бид хоорондын зан харилцаа болон гэр бүлээс гадуур харилцаанаас болж 2019 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Энэ байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд хүү С.Д, Т, С нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв. Хариуцагч Ш.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 3 хүүхэдтэй. 2019 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд хүүхдүүдтэй минь уулзуулахгүй байгаа. Цаашид хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Ш.Сид холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Б.Н, Ш.С нар 2014 оноос хамтран амьдарч, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүү С.Д, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүү Н.Т, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охин Н.С нарыг төрүүлсэн болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт гэсэн баримтуудаар тогтоогдож байна. Зохигч хувийн таарамжгүй харилцааны улмаас 2019 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Хүүхдүүд хэдийгээр эхийн асрамжид байгаа боловч эцэг Ш.С Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Хариуцагч Ш.С нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон тохиолдолд түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү С.Д, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Н.Т, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.С нарыг тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ш.Соор тэжээн тэтгүүлсүгэй. 2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Соос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА . |