| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/02971/И |
| Дугаар | 3082 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 3082
| 2019 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2019/03082 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: г.б
Гуравдагч этгээд: Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газар, Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яам
Хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан хохирол нөхөн төлүүлж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, прокурор Ц.Батзориг, иргэдийн төлөөлөгч Х.Буянхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийслэлийн Прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20.000.000 төгрөг алдагдсан гэх хэрэгт намайг холбогдуулан шалгаж 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд сэжигтнээр тооцон цагдан хорьж улмаар тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татан удаан хугацаанд залхаан цээрлүүлсэн эрүүдэн байцаан шийтгэх ажиллагаа явуулж эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр алдар хүнд, эд хөрөнгөөр хохироосон. Би тухайн үед Нийслэлийн Прокурорын газар зарлагаар ажиллаж байсан ба Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 201301040860 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татан, сэжигтнээр цагдан хорьж, ажлаас чөлөөлөн шалгасан. Хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд 14 хоног цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон, батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, ажлаас чөлөөлөгдсөн байдалтай байсан. Ингээд бүтэн жилийн хугацаанд залхаан цээрлүүлсэн шинжтэй байцаан шийтгэх ажиллагаа явуулсны эцэст Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 274 дугаартай яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Г.Б надад холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон. Намайг хоригдон шалгагдаж байх хугацаанд олон байцаагч ирсэн. Хаанаас ямар байцаагч нар ирээд байгааг мэдэхгүй. Нэг ирхээрээ бөөн бөөнөөрөө ирж намайг өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэхээр чи бид хоёр өмгөлөөгчтэй байхаар яадаг юм, хэргээ хүлээ гэж тулгадаг байсан. Би 2014 онд 3 дугаар эмнэлэгт зүрхний хагалгаанд орсон. Үүнээс болж эрүүл мэнд муудаж группт орсон. Хэрэг шалгагдаж дууссаны дараа ажилдаа орхоор очиход оруулаагүй, жижүүрт битгий оруул гэсэн үүрэг өгсөн байсан. Намайг ажлаас халсан буцаан оруулсан талаар ямар ч тушаал гараагүй. Ингээд би 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа орсон. Энэ хугацаанд цалин аваагүй. Намайг шалгаж байхдаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр учир байдлыг тодруулаагүй байж Соном өвгөн гэх нэрээр мэдээлэл тараасан. Доод албан тушаалын хүн гэдгээр дээрэлхэж харьцаж болохгүй. Энэ байдлаас шалтгаалж хуулийн сургууль төгссөн хүүг маань хаана ч ажилд авахгүй байгаа. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Иймд цагдан хоригдсон 14 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгөөр тооцож 2.688.000 төгрөг, 7 сар ажилгүй байсан хугацааны цалин 4.213.272 төгрөг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.650.000 төгрөг нийт 39.551.272 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх шаардлагаас татгалзаж, өмгөөлөгчийн хөлсийг баримтын хүрээнд нэхэмжилж байна гэв.
Гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлтэй холбоотой тайлбар өмнөх шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлагдсан. Г.Бын тухайд Нийслэлийн Прокурорын газар бичиг хүргэгчээр ажиллаж байхдаа эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20.000.000 төгрөг алдагдсан гэх хэрэгт сэжигтнээр татагдаж 14 хоног цагдан хоригдсон. Г.Бт холбогдох гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр биш хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Үндсэн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газар хэрэгсэхгүй болгож хэрэг архивт шилжсэн. Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг, 7 сарын цалин 4.213.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2.650.000 төгрөг нэхэмжилснээс өмгөөлөгчид төлсөн 1.650.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байна. Нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Сэтгэл санааны хохиролыг ямар шалтгаанаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, хэрэгт баримтгүй үнэлэх боломжгүй тул мөнгийг олгох боломжгүй. 7 сарын цалин хөлс нэхэмжилж байгаа боловч түүнийг ажлаас халаагүй, энэ хугацаанд хэрэгт холбогдуулж шалгасан. Түүнийг хууль зөрчиж цагдан хорьсон асуудал байхгүй. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явагдаж улмаар хэрэг хэрэгсэхгүй болгогдсон. Нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.
Гуравдагч этгээд Хууль зүй дотоод хэргийн яам шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу шүүх хуралд Хууль зүй дотоод хэргийн яам гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргана гэж зааснаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг гуравдагч этгээдээр оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч эд хөрөнгийн бус гэм хорын сэтгэл санааны хохиролыг 30.000.000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Г.Б эдийн хохиролд 9.551.270 төгрөг төрөөс гаргуулахаар нэхэмжилсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1.-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого гэж эд хөрөнгийн хохиролыг төлөхөөр заасан нь цалин хөлс нь эд хөрөнгийн хохирол гэж ойлгохоор байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т хөөн хэлэлцэх хугацаа 5 жил гэж заасан. Тиймээс Прокурорын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор яллагдагч /Г.Б/-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 40.551.272 төгрөг гаргуулж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж хохиролд 39.551.272 төгрөг гаргуулж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх шаардлагаас татгалзсан байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар шаардах эрхтэй.
Эрүүгийн хэрэг үүсгэх тухай 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах Нийслэлийн Прокурорын газрын подвалийн эд мөрийн баримтын өрөөнд 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш хадгалагдаж байсан гэх 20.000.000 төгрөг алдагдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Г.Быг сэжигтнээр баривчлах тогтоол үйлдэж баривчлах байранд хүлээлгэн өгч, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 161/с сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамжаар сэжигтэн Г.Бын 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хойшлуулашгүйгээр баривчлагдсан хугацааг сэжигтнээр цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцож таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолоор Г.Быг яллагдагчаар цаашид цагдан хорих тогтоолыг шүүхэд хүргүүлж, 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар Г.Быг яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан, Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 274 прокурорын тогтоолоор эрүүгийн 201301040860 дугаартай Г.Б нь Нийслэлийн Прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс 20.000.000 төгрөг хулгайлсан гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1509 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн 201301040860 дугаартай хэргийг хаасан байна.
Нийслэлийн Прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс 20.000.000 төгрөг хулгайлагдсан гэх эрүүгийн хэрэгт Г.Быг хэрэг үүсгэн шалгаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохиролыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Б нь /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан гэмт хэрэгт шалгагдаж, энэ хугацаанд 14 хоног цагдан хоригдсон тул 2.688.000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч М.Хувцагаантай өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 1.650.000 төгрөгийг өмгөөлөгч нь хүлээж авсан /хх-15,16/, мөн эрүүгийн хэргийн ангилал, хэрэгт шалгагдсан хугацаа, тухайн үед олон нийтийн сүлжээгээр цацагдаж байсан гэсэн тайлбарыг харгалзан сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь иргэний хэрэгт өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 1.000.000 төгрөг төлсөн хэмээн хохиролд тооцон нэхэмжилсэнг албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй, ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн хуульд зааснаар ажил олгогчоос шаардах нь зүйтэй тул цалин 4.213.000 төгрөгийг хохиролд тооцон төрөөс гаргуулах боломжгүй, тэрээр нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх шаардлагаас татгалзсан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 14 хоног цагдан хоригдсон хоногийн мөнгөн төлбөрийн хэмжээг нэхэмжлэгчийн шаардсан 2.688.000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 1.650.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг нийт 5.338.000 төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас гаргуулж нэхэмжлэгч Г.Бт олгож, үлдэх 34.213.272 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 5.338.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бт олгож, үлдэх 34.213.272 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөнг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
З.ДОРЖНАМЖИН