| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/03145/И |
| Дугаар | 3055 |
| Огноо | 2019-11-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 3055
| 2019 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2019/03055 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 17 дугаар 4 дүгээр хороолол С.Т ХХК.
Хариуцагч: Б.Г.Д.З.Д.Т.Г
Гэрээний үлдэгдэл төлбөр 16.309.655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компанийн тендерийг хүлээн зөвшөөрч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2/1853 албан бичигт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр 2013 онд хийгдэж ашиглалтанд хүлээлгэж өгөх Баянгол дүүрэг Нийтийн эзэмшлийн болон орон сууцны гадна талбайг камержуулах, хаалгыг электрон түгжээтэй хаалгаар солих багц 2 дугаар ажлыг 326.193.109 төгрөгөөр гүйцэтгүүлэх гэрээ байгуулах санал ирүүлсэн. Саналыг үндэслэн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн болон орон сууцны хаалгыг электрон түгжээтэй хаалгаар солих тухай гэрээг байгуулж Баянгол дүүргийн 1, 7, 12, 13, 14, 19 дүгээр хороодын Нийтийн эзэмшлийн болон орон сууцны гадна хаалгыг электрон түгжээтэй хаалгаар солих ажлыг 2013 оны 09 дүгээр сарын 02-ноос 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор хийж, гэрээний нийт дүн 326.193.109 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэлийг 100 хувь дуусгаж 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Засаг дарга нараар тойрох хуудас зуруулж, хороодод хүлээлгэн өгч 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгсөн. Гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэлийн баталгаа болгож гэрээний үнийн дүнгийн 5 хувь буюу 16.309.655 төгрөг барьцаа болгон авч үлдсэн бөгөөд чанарын баталгаат хугацаа 3 жил дууссаны дараа тооцооны үлдэгдлийн баталгаа, барилгын ажлын гэрээ дүгнэсэн протокол зэргээр тооцоо нийлэхэд чанарын баталгаат хугацаанд ямар нэгэн зөрчил гараагүй бөгөөд барьцаа хөрөнгө болох 16.309.655 төгрөгийг төлнө гэж шийдвэрлэсэн байдаг. Иймд хариуцагч Б.Г.Д.З.Д.Т.Г-с 16.309.655 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Г.Д.З.Д.Т.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Нийтийн эзэмшлийн болон орон сууцны гадна тайлбайг камержуулах, хаалгыг электрон түгжээтэй хаалгаар солих багц хоёрдугаар ажлын гэрээг 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар , С.Т ХХК-тай тус тус байгуулсан. Гэрээний нийт үнэ 326.193.109 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлж ажлыг 2013 оны 09 дүгээр сарын 02-ноос 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт үйлдэн ажлыг хүлээж авсан. Гэрээний тусгай нөхцөлийн дагуу гэрээт ажлын баталгаат хугацаа 3 жил бөгөөд барьцаа хөрөнгийн хувь нь гэрээний үнийн дүнгийн 5 хувь буюу 16.309.655 төгрөг байхаар заасан. Гэрээний баталгаат хугацаа дуусахад гүйцэтгэгч С.Т ХХК нь барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлт гаргаагүй, Засаг даргын тамгын газартай тооцоо нийлээгүй тул барьцаа хөрөнгийг шилжүүлж чадаагүй. Хариуцагчийн зүгээс барьцаа болгож авсан 16.309.655 төгрөгийг тухайн компаний дансанд шилжүүлэх боломжтой байсан боловч Нийслэлийн Аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 01/126 актаар 2010-2014 онуудад хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд заасан барьцааны хугацаа дууссан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд 107.710.466 төгрөгийг буцаан олгоогүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг зөрчсөн гэж 107.710.466 төгрөгийг дүүргийн төсөвт төвлөрүүлэх шийдвэрийг гаргасан. Дүүргийн 2019 оны төсөвт дээрх мөнгөний зарцуулалтыг тусгаж өгөөгүй тул дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс С.Т ХХК-ийн барьцаа 5 хувийг буцаан олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн юм гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Т ХХК нь хариуцагч Б.Г.Д.З.Д.Т.Гт холбогдох гэрээний үүрэг 16.309.655 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн хооронд 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн болон орон сууцны хаалгыг электрон түгжээтэй хаалгаар солих ажлын гэрээ байгуулагдаж, гэрээний нийт дүн 326.193.109 төгрөг, гүйцэтгэгч нь ажлыг 2013 оны 09 дүгээр сарын 02-ноос 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцож гэрээ байгуулагдсан байна.
Зохигчийн байгуулсан Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн болон орон сууцны хаалгыг электрон түгжээтэй хаалгаар солих ажлын гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэхэмжлэгч, хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнийн дүнд маргаангүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талууд 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрээг дүгнэж протокол үйлдэн, нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг гэрээт хугацаанд хийж гүйцэтгэсэн тул 2014 оны 01 дүгээр сарын 29-ний дугаар 366/2014 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар ажлыг хүлээлцэж, 16.309.655 төгрөгний өртэй гарсныг харилцан баталж тооцооны үлдэгдлийн баталгаа үйлджээ.
Дээрх баримтад нэхэмжлэгч, хариуцагч маргаагүй, хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт гэрээний үнээс 16.309.655 төгрөгний үлдэгдэлтэй байгааг зөвшөөрсөн байна.
Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж үр дүнг хүлээлгэн өгсөн нь баримтаар тогтоогдсон тул захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Б.Г.Д.З.Д.Т.Г-с 16.309.655 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.498 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Г.Д.З.Д.Т.Г-с 239.498 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т ХХК-нд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Б.Г.Д.З.Д.Т.Г-с 16.309.655 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.498 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Г.Д.З.Д.Т.Г-с 239.498 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА