| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0108/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/129 |
| Огноо | 2023-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг, хохирогч , шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000068 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Адуучин ургийн овогт Батсүхийн Аззаяа, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Зэрэг сумын 2 дугаар (*******) багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч *******г Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бэлчээрийн маргаанаас болж хохирогч ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн иргэн ******* гаргасан Бэлчээрийн маргааны улмаас *******д зодуулсан гэх гэмт хэргийн талаарх ...гомдол мэдээллийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 05 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);
- Хэргийн газар үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутаг дэвсгэр Өлийн ам гэх газар байх ба уулын бэлд байв. ...Хэрэг учрал болсон гэх газраас ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх зорилгоор үзлэг хийхэд цасан дээр улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас);
- Хохирогч ******* “...2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр *******гийн мал манай хаваржааны нутаг дэвсгэрт ирсэн учир би хүүхдэдээ хаваржаанд байсан малыг урагшаа гаргаад малын эзэн рүү нь утсаар яриул гэж хэлээд явуулсан. Удалгүй ******* миний утас руу залгаад “хулгайч пизда минь чиний хаваржаа гэж юу байдаг юм, пизда минь ална шүү” гэж хэлсэн. Би өөдөөс нь “би чамаар алуулна гэж юу байдаг билээ, чамайг өөрийг чинь ална шүү, наанаа байжээ” гэж хэлсэн. ...Өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай мал уулнаас орж ирж байсан ба би тосож авахаар морьтой явж байтал Гүвээ багийн нутаг дэвсгэр “Их өлийн ам” гэх газарт ******* таараад “хулгайч пизда минь, чамайг ална шүү” гэж хэлээд хүрээд ирэхээр нь би мориноосоо буугаад байтал учир зүггүй миний хүзүү боогоод дээр өвдөглөж сууж байгаад миний толгой руу чулуугаар цохисон. Би ухаан алдаад гайгүй болж байтал миний дээлийг тайлсан, өмд тайлах гэж оролдсон ба чамайг алж булна шүү гэж хэлээд байсан. ...Тэгж байгаад газраас чулуу аваад *******гийн толгой руу нь цохиж өндийж байх хооронд босоод гэр лүүгээ зугтахад миний морийг тавьж хөөгөөд явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас);
- Хохирогчийн дахин өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би малын айлаа нүүлгэх гээд явж байтал /хээр/ Зэрэг сумын ******* багийн иргэн ******* малаа хариулаад явж байгаад намайг дуудсан. Би яваад очиход ******* үг дуугүй мориноос заамдаж татаж буулгаад /дээлийн захаар боож унагаагаад/ дээр гарч өвдөглөж суучхаад миний толгой хэсэгт гараараа зөндөө цохисон, цохиж байгаад чулуу аваад толгой хэсэгт зөндөө цохисон. Би *******д ах нь чамайг хүч хүрэхгүй байна, хоёулаа хэл амаа ололцъё гэхэд намайг огт босгоогүй. Тэгээд би амь тэмцээд нэг чулуу аваад шидсэн чинь *******гийн толгой хэсэгт онох шиг болсон /тухайн үед ******* өндөлзсөн/. Тэгэхээр нь би бултаж салж зугтсан /миний дээл, бүс, утас зэргийг аваад үлдсэн, мөн миний унаж явсан морийг тавьж хөөсөн/. ...Хоёр хоногийн өмнө ******* манай хаваржаа руу малаа хариулаад байсан. Тэгэхээр нь би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ мотоциклоор явуулаад хаваржин дээр байгаа малыг эргүүлчхээд ир, хүн байвал надтай утсаар яриул гэж хэлээд явуулсан. Тэгтэл нэг утас залгаж орж ирээд намайг хулгайч минь ална шүү гээд учир зүггүй хараагаад эхэлсэн, тэрнээс болсон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас);
- Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай малын бэлчээрт *******гийн мал ороод ирчихсэн байсан учраас би өөрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэдээ “тэр малын эзэнтэй уулзаад малыг нь урагшаа эргүүлчих. Эзэнтэй нь намайг яриулаадах” гэж хэлээд явуулсан. Манай хүүхэд очоод малыг нь урагшаа эргүүлж байтал ******* над руу утсаар яриад “ална шүү пизда. Чиний бэлчээр, өвөлжөө хаваржаа гэж ямар юм байдаг юм” гэхээр нь “миний дүү юу ярьж байна. Хоёрын хооронд аравхан хоногийн явдал байна. Өвс муутай байгаа. Чи хүн ална гэж ямар юм байдаг юм. Чамайг өөрийг чинь ална шүү” гэсэн. Тухайн үед манай залуу хонийг нь урагшаа эргүүлчхээд ороод ирсэн. ...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай хонины айл нүүнэ гээд хонины айлыг нүүлгэх гээд тэр айл руу морь хөтлөөд явж байтал ******* урдаас гарч ирээд “муу пизда нааш ир. Чамайг ална шүү” гэж дуудсан. Би *******г арай хээр намайг цохихгүй байх гэж бодоод хажууд нь очсон чинь шууд ноосон цамцны захаар боогоод мориноос татаж унагаад дээрээс дараад хоёр гурван удаа ухаан алдуулсан. “Чамайг ална. Чи яасан овоо банди вэ” гээд дээр дараад босгохгүй байсан. Тэгтэл “ална чамайг” гээд толгой руу цохиод байхаар нь би нэг чулуу аваад шидсэн чинь *******гийн толгойнд оноод би бултаж санаа амарсан. ******* миний дээл бүсийг аваад “чамайг тоочигийн (оршуулгын газар) газар аваачна гэхээр нь би доошоо зугтсан чинь миний хоёр морь тавьж хөөчхөөд “чамайг буудаж ална” гээд миний ардаас хөөсөн. Би эзгүй хээр газар цамцтай даараад зугтсан” гэх мэдүүлэг;
- Гэрч М.Хүрэлхадын “...Миний бие 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутаг дэвсгэрт мотоциклтой хонь хариулаад явж байхад “Өлийн ам” гэх газраас явган хүн явж байсан юм. Тэгээд би ямар учиртай хүн бол гэж бодоод мотоциклтой явж очиход зодуулсан байдалтай гэр лүүгээ алхаад явж байсан. ******* юу болсон талаар асуухад намайг ******* зодчихлоо гэж хэлж байсан ба нүүр ам нь цус болчихсон байсан юм. Тэгээд мотоциклынхоо ардаа суулгаад гэр лүү нь хүргэж өгөөд буцсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дугаар хуудас);
- Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Зэрэг сумын Гүвээ багийн нутаг дэвсгэр Өлийн ам гэх газар ******* морьтой явж байхад нь би дуудаад “чи хүнийг амьдаар нь булдаг хэн бэ” гэж хэлээд байж байтал мориноосоо буусан. Би шууд очиж дээлийн захаар нь заамдаж аваад боож унагаагаад дээр нь сууж байхад намайг чулуугаар цохисон. Тэгээд би зөрүүлээд ******* толгой, гар луу нь чулуугаар цохисон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас) зэргээр Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч , шүүгдэгч ******* нар бэлчээрээс болж утсаар хэрүүл маргаан хийсэн байна. Улмаар Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн Өлийн ам гэх газар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч хохирогч нар уг маргааны үргэлжлүүлэн шүүгдэгч хохирогчийг дээлийнх нь захаар боож биед нь түрүүлж халдаж, хохирогчийг гараараа болон чулуугаар цохисон үйл баримт тогтоогдож байна.
1.2. Шүүх эмнэлгийн шинжилгээний 165 дугаартай “...******* биед тархи доргилт, зулайн баруун урд хэсэгт шарх, дагзны баруун хэсэг болон дух, зүүн хацар, эрүүнд тус бүр зулгаралтууд, мөн баруун гарын алганы ард зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ******* биед учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд шинэ байна. ******* биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас) гарчээ. Энэхүү дүгнэлтийг хохирогч ийн “...миний хүзүү боогоод дээр өвдөглөж сууж байгаад миний толгой руу чулуугаар цохисон” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн “...би шууд очиж дээлийн захаар нь заамдаж аваад боож унагаагаад дээр нь сууж байхад намайг чулуугаар цохисон. Тэгээд би зөрүүлээд ******* толгой, гар луу нь чулуугаар цохисон юм” гэх мэдүүлэг зэрэгтээ харьцуулан дүгнэвэл шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.
1.3. Хохирогч “...******* таараад “хулгайч пизда минь, чамайг ална шүү” гэж хэлээд хүрээд ирэхээр нь би мориноосоо буугаад байтал” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас) ба дахин мэдүүлэг өгөхдөө “...Би яваад очиход ******* үг дуугүй мориноос заамдаж татаж буулгаад” гэж (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас), мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...Би *******г арай хээр намайг цохихгүй байх гэж бодоод хажууд нь очсон чинь шууд ноосон цамцны захаар боогоод мориноос татаж унагаад” гэж тус тус зөрөөтэй мэдүүлсэн. Хохирогчийн эхлээд өөрөө мориноосоо буусан гэж мэдүүлсэн нь дахин болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч татаж мориноос буулгасан гэж мэдүүлснээс зөрөөтэй боловч энэ нь хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм бурууд нөлөөлөхгүй гэж дүгнэв.
Учир нь хүний хоолой боож байгаа үйлдэл нь хүний амь нас эрүүл мэндэд аюултай аргаар халдаж буй шууд санаатай үйлдэл юм. Шүүгдэгч эхэлж хохирогчийн хоолойг дээлийнх нь захаар боосон талаар шүүгдэгч, хохирогч нар маргаагүй тул шүүгдэгчийг хүний амь насанд аюултай довтолгоо түрүүлж хийсэн гэж үзнэ.
1.4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутаг Өлийн ам гэх газар шүүгдэгч ******* хохирогч ******* бэлчээрийн маргаанаас болж зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчийг удаа дараа цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.
2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч “...Миний бие өвдөөд Шинэбаярын эмнэлэгт үзүүлж бүх оношилгоонд хамрагдаад 130’000 төгрөг. Тархи доргисон Манхан сум явж тархиа бариулсан. Ховд аймаг гурван удаа явж эм тариа, эмчилгээнд 140’000 төгрөг зарцуулсан. Нийт 480’000 төгрөгийн хохирол барагдуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт “...Ховд аймаг руу ирж очсон зардал, эмнэлэгт үзүүлсэн мөнгө нийлээд 480’000 төгрөг гарсан. Миний хувьд “ажилтай үед бөөн чирэгдэл болоод байна. Өөрийн биеэр оролцох зав алга” гэдэг утгатай өргөдөл шүүхэд явуулсан. ...Надад НӨАТ-ын баримт гаргаж өг гэсэн боловч жолооч нар НӨАТ өгдөггүй болохоор баримт гаргаж өгч чадаагүй. Мөн миний бие н.Шинэбаяр эмчийн эмнэлэгт үзүүлсэн мөнгө болон эмийн мөнгө зэрэг нийлээд 480’000 орчим төгрөг болсон. Би тэр талаарх тайлбараа дэлгэрэнгүй бичээд явуулсан” гэж мэдүүлсэн. Гэвч хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгаа нотолсон баримтаа ирүүлээгүй байна.
Хохирогчид учирсан хор уршгийг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, түүнийг нотолсон санхүүгийн баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй боловч хүний зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангуулахаар хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Ховд аймгийн Зэрэг сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Хохирогчийн дахин өгсөн “...******* намайг боож ухаан алдуулаад цохиод байхаар нь амь тэмцэхдээ чулуу авч цохисон. Тэгээд би дээл, бүс, дуран, утсаа хаяад зугтсан. ******* миний араас хөөж байгаад хаячихаар нь би хол очиж сууж байгаад явахаар нь очиж дээл, дурангаа авсан. ******* миний бүсийг хүн тавьдаг шарилын газарт хүргэж хаячхаад одоо хүртэл авч ирж өгөхгүй байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би энэ угаасаа намайг алах нь гэж бодоод чулуу аваад шидсэн чинь онох шиг болоод цус гоожсон чинь “энэ цусаа ид, энэ өвс ид” гээд миний ам руу цус хийгээд, өвс хийгээд алах дөхсөн” гэх мэдүүлэг зэргээс дүгнэвэл шүүгдэгч хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийг тохуурхан доромжилж уг гэмт хэргийг үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Харин тус хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал;
- Шүүгдэгч “...Би 700’000 төгрөгөөр биш 400’000 төгрөгөөр торгуулмаар байна” гэх санал тус тус гаргасан, хохирогч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй. Харин ялын хэмжээний хувьд шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 240 (хоёр зуун дөчин) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3.2. Мөрдөгч 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 42 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Адуучин ургийн овогт Батсүхийн Аззаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г “Шинэ Ховд-Жаргалант тохижилт үйлчилгээний компани” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 240 (хоёр зуун дөчин) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА