Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 3054

 

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2019/03054

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Ч

Хариуцагч: УБТЗ

Ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөн олговорт 5.894.112 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ч, өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төвийн дарга шүүхийн шийдвэрийг үл биелүүлж надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 83 дугаартай тушаалаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс жирэмсэн болон амаржсаны дараах хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд түр хугацаатайгаар тасалбар бичигч мөнгөний няраваар авах тушаал гаргаж улмаар 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 106 дугаартай УБТЗ-ын Зорчигч тээврийн төвийн даргын тушаалаар ажлаас халах тушаал гаргасан юм. Тухайн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандсан. Тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр дээрх тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Улаанбаатар төмөр замын Зочигч тээврийн төвийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 222 тоот тушаалаар шүүхийн шийдвэрийн дагуу тасалбар бичигч-няравын ажилд эргүүлэн томилсон. Энэ хугацаанд миний бие ажилдаа эргүүлэн томилогдоогүй тул 2019 оны 03 дугаар сарын 29-нөөс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 5.894.112 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж олговорт 4.905.763 төгрөг нэхэмжилнэ. Учир нь Баянгол дүүргийн шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 102/ШШ2019/02033 шийдвэрээр нэг өдрийн цалинг 45.007 төгрөгөөр тооцон тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул хариуцагч УБТЗаас олговорт 4.905.763 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч УБТЗ шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр Г.Чг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоосон шийдвэрийг үндэслэн Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төвийн даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд ажиллуулах тушаал гарсан. Гэтэл Г.Ч нь заавал үндсэн орон тоон дээр ажиллана гэсэн шаардлага тавьж ажил тасалсан тул 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 106 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ талаарх гомдлыг тус шүүх шийдвэрлэж тушаалыг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд Г.Чг Зорчигч тээврийн төвийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 222 дугаар тушаалаар тасалбар бичигч няравын ажилд эргүүлэн авсан. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх олговорт 4.319.460 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч нь түүний нэг өдрийн олговорыг тогтоосон шүүхийн шийдвэрт заасан 45.007 төгрөгөөр тооцож 109 хоногийн олговорт 4.905.763 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж тайлбарлалаа. Манайх шүүхийн шийдвэрт заасан олговрыг олгоход татгалзахгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ч нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч УБТЗаас ажилгүй байсан хугацааны олговорт 5.894.112 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд үнийн дүнг багасгаж 4.905.763 төгрөг нэхэмжилжээ.

Г.Чтус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар 102/ШШ2018/02289 шийдвэрээр УБТЗ ХНН-ийн Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар 102/ШШ2019/02033 шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговорт 17.130.528 төгрөг гаргуулж, мөн шүүхийн Дугаар 102/ШШ2019/02027 шийдвэрээр Зорчигч тээврийн төвийн даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 83, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 106 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон, энэ үйл баримтад талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 29-нөөс 09 дүгээр сарын 04-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны 109 хоногийн олговорт нэг өдрийн цалинг 45.007 төгрөгөөр тооцож 4.905.763 төгрөг нэхэмжилсэн үнийн дүнд хариуцагч тал маргаагүй тул тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тогтоосон нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 45.007 төгрөгөөр тооцон 109 хоногийн олговорт 4.905.763 төгрөгийг хариуцагч УБТЗаас гаргуулж нэхэмжлэгч Г.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг хангасан үнийн дүнд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч УБТЗаас 4.905.763 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Чд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.260 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч УБТЗаас 93.442 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Чд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА