Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч Х.Гүнжидмаа

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ

         Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Цт холбогдох 2216000840040 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, ...регистрийн дугаартай, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч, засал чимэглэлийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ... ажилладаг, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт ... тоотод оршин суудаг, Е овогтой А.Ц.

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Цийг согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын  төвд байрлах Мөст-Алтай караоке баарны гадаа Г.Бын толгойн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь тархины хатуу хальсан дээрх цусан бүлэн, тархи дарагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл А.Ц нь согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ Ж.Ж, Д.Э, Д.З, А.Цэ нарын хамт явж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын  төвд байрлах Мөст-Алтай караоке баарны гадаа Г.Бын толгойн тус газарт нь өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна. 

Дээрх үйл баримтын улмаас Г.Бын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тархины хатуу хальсан дээрх цусан бүлэн, тархи дарагдал бүхий хүнд хохирол учирсан байх тул энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

         1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Ц гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч А.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Өмнө нь олон дахин мэдүүлэг өгсөн учраас өнөөдөр мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Гэмт хэрэгт үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 8,000,000 төгрөгийг 3 хувааж өгсөн. Эхлээд 4,000,000 төгрөг, дараа нь 3,200,000 төгрөг, тэгээд 800,000 төгрөг өгсөн. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Шүүгч, өмгөөлөгч нартаа миний шийтгэлийг аль болох хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би Б.О, Б.Л, Д.А нарын хамт өдөр нь Б.Огийн гэрт нь байж байгаад 19 цагийн үед бид нар Б.О нь Мөст-Алтай караокены буудалд байсан хүнтэй уулзана гээд бид нар хамт явж очсон. Тэнд очоод машинаас буугаад байж байтал Мөст-Алтайн баруун талын хашааны тэнд зогсож байсан залуучууд Б.Л бид хоёрыг дуудсан. Тэгээд бид хоёр яваад очтол тэнд байсан залуучуудаас нэг нь Б.Лыг шууд цохиод авсан. Тэгээд Д.З намайг танимхайраад дагуулаад анх зогсож байсан газраасаа урд зүгт хашаа дагуулаад аваад явсан. Намайг Д.Зтой хамт явахад сүүлд нь нэрийг нь мэдсэн, зүс таньж байсан ах дүү хоёр болох А.Ц, А.Цэ нар араас дагаад явсан. Тэгээд байсан газраасаа жоохон цаашлаад Д.З нь намайг хавсраад унагаачихсан. Тэгсэн чинь бүгд намайг цохиж эхэлсэн. Би Д.Зт хавируулаад биеийнхээ баруун талаар газарт унасан. Тэгээд тэнд байсан залуучууд нийлээд дээрээс дэвсээд өшиглөөд цохиод байсан. Тэгээд би зугтаах гэсэн боловч дээрээс цохиод надад ямар ч зугтаах, харах боломж олдоогүй. Тэгээд байж байтал Б.О ах гарч ирээд юу болоод байна. Одоо больцгоо гээд хэлсэн чинь тэд нар Спорт цогцолбор чиглээд зугтаагаад явчих шиг болсон. Тэгээд би буцаад Б.О, Б.Л нарын хамт Мөст-Алтай караокены үүдэнд ирээд Б.О ахын найз нар ирээд хөдөө явна гээд яваад өгсөн. Б.Л бид хоёр үлдээд гудамжнаас такси бариад Д.Аын гэрт очсон. Тэндээ байж байгаад миний толгой өвдөөд байсан болохоор эмнэлэг рүү Д.А, Б.Л нарын хамт очсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Намайг хавсарч унагахаас өмнө миний ойролцоо 3 хүн л байсан. Яг зодож эхлэхэд хэдэн хүн байсныг мэдэхгүй байна. Би тухайн үед хүнд наркозтой хагалгаанд ороод зарим зүйлийг санаж мартаад байсан. Тухайн үедээ нэлээд олон хүн байх шиг санагдаад байсан боловч дараа нь намайг гэртээ байхад 5 залуу ирж уулзсан. Би найман хүн байсан гэж буруу санасан юм шиг байна. Намайг эмнэлгээс гарахад Д.З, тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан ах дүү 2, тэнд байсан гэх 2 танихгүй залуутай бүгд ирж уулзсан. Тухайн үед А.Ц нь хэлэхдээ би чамайг чулуугаар цохичихсон юм. Би ялаа үүрнэ гэж хэлээд байсан. Дээрээс нь би өвчин шаналлаасаа болоод А.Ц намайг цохисон гэж хэлсэн. ...Миний нүд байнгын улайлттай байдаг болсон. Тархины хагалгаанд дахин орж тархиндаа нөхөөс хийлгэх шаардлагатай болчхоод байна. Толгой маш ихээр өвдөж байгаа. Өвдөлтийг байнгын эм тариагаар дарж байгаа. Гомдолтой байгаа. Эмчилгээнийхээ зардлыг гаргуулж авмаар байна. Хэрэг болоод удаж байгаа боловч дээрх намайг зодсон гэх хүмүүсээс надад эмчилгээнд хэрэглээрэй гэж нэг ч төгрөг өгөөгүй. Би өндөр настай аав, ээжийнхээ тэтгэврийн зээлээр эмчилгээ хийлгэсэн. Хагалгаанд орох шаардлагатай гэж хэлж байгаа боловч надад хагалгаанд зарцуулах мөнгө төгрөг байхгүй байна. Өнөө маргаашгүй хагалгаанд ор гэж эмч хэлж байна. Мөнгөгүй болохоор орж чадахгүй байгаа. Би маш их гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99, 102/,

           Гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Мөст-Алтайн караокед орох гэтэл ажиллахгүй гэхээр нь цогцолборын зүүн талын зогсоол дээр тавьсан байсан машин руугаа явж байсан. Булан тойрох гээд явж байгаад 3 залуу явж байтал бид нараас нэг нь хөөе та нар нааш ир гээд дуудсан чинь тэр 3 залуу хүрээд ирсэн. Тэр гурвын хар савхитай залуу надтай ирээд юу байна гээд гар барьсан. Тэгээд А.Ц дээр очоод яасан, яадаг юм бэ гээд маргалдаад эхэлсэн. Хар савхитай залуутай Ж.Ж бид хоёр барилцаж аваад засмал зам тал руугаа явсан. Тэгээд Г.Б гэдэг залуу нь З.Дтэй мэндэлсэн. Тэгсэн чинь З.Д нөгөө залууг хавираад унагаачихсан. Газарт унасан залууг А.Ц нэг өшиглөсөн. Цаанаас нь хар савхитай залуу чулуу аваад наад хэдээ чулууд гээд орилохоор нь бид нар за за явъя машин тэрэгний цонх хагалах юм байна гээд Д.З-г машинаа аваад цогцолборын доогуур тойрч бай гээд явсных нь ард бид нар араас нь очиж машинд суусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 138/,

Гэрч Д.Зын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би өмнө мэдүүлэг өгөхдөө сандраад дээрээс нь А.Ц нь эрүүлжүүлэх байранд байхдаа манай дүү болон А.Цэыг байхгүй байсан гээд хасаад хэлчих гээд байхаар нь тэнд байсан Д.Э, Ж.Ж бид нар мэдүүлэг өгөхдөө А.Цэыг хасаад мэдүүлгээ өгчихсөн. А.Ц нь эрүүлжүүлэхэд байхдаа бид нарт би тэр залууг өшиглөчихсөн гэж хэлж байсан. Тэгээд би очоод уулзчихна гээд байсан. Яг ямар асуудал болсон бэ гэхээр бид нар Мөст-Алтай караоке орохоор тэнд очоод ажиллахгүй гэхээр нь буцаад явж байтал А.Цэ тэнд явж байсан 3 залууг нааш ир гээд орилсон. Б.Л гээд байгаа залууг А.Цэ цохиод авсан. Тэгээд байж байтал Г.Б гэдэг сүүлд нь нэрийг нь мэдсэн залуу над дээр ирээд бид 2 мэнд мэдэлцсэн. Мэнд мэдэлцчихээд би ямар нэгэн шалтгаангүй Г.Быг зүүн хөлөөрөө хавиртал зүүн талаараа газарт унасан. Тэгээд миний ойролцоо байсан А.Цэ, А.Ц хоёр тэр залууг нэг нэг удаа өшиглөсөн. А.Ц нь Г.Б гэх залуугийн толгой руу өшиглөсөн. Тэгээд байж байтал Д.Э Л гэх залуу нь чулуу шидээд байна чи очоод машиндаа сууж бай гэхээр нь би машиндаа очоод суусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 129/,

          Гэрч Б.Лын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тухайн өдөр Г.Б бид хоёр 13 цагийн үед захын урд талд уулзсан. Тэгээд бид хоёр Б.О гэх айлд очиж хоол хийж идчихээд тэндээ орой хүртэл байсан. Б.О гэх хүний машинаар бид 2 Мөст-Алтай караокены үүдэнд хүргүүлсэн. Тэндээ буугаад байж байтал Мөст-Алтайн баруун талд Цогцолборын доод талын хайсны тэнд хэдэн залуучууд зогсож байснаа намайг наашаа хүрээд ир гээд дуудахаар нь яваад очсон чинь хаачих гэж байгаа юм гэх мэтийн онц юм яриагүй байж байгаад намайг траншейны таг дээр сууж байсан залуу нь цохиод авсан. Тэгээд намайг бөөнөөрөө цохисон. Намайг зодож байхад Г.Б Д.Зыг таньдаг гээд хүрээд ирсэн. Г.Б, Д.З хоёр цаашаа мэнд мэдэлцээд явсан чинь араас нь 2-3 хүн очоод хавсарч унагаад дэвсээд байсан. Намайг өндөр улаан дээлтэй залуу цохиж байсан. Тэгээд Б.О ах гарч ирээд больцгоо гээд тэр залуучууд цаашаа яваад өгсөн. Тэндээсээ Г.Быг аваад Д.Аын гэрт нь очсон. Тэндээ байж байгаад Г.Бын толгой өвдөөд байна гээд орилоод байхаар нь эмнэлэгт авч очсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 110, 136/,

Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би гэртээ байж байтал Г.Б, Л гэх залуу хоёр манайд хүрээд ирсэн. Тэгээд би тэр хоёрт банш жигнэж өгөөд, хөзөр тоглосон. Манай гэрт архи байсан. Тэр архинаас тэр хоёрт жижиг хундагаар 2, 2 татуулсан. Тэгээд манайд байж байтал намайг манай найз Мөст-Алтайн буудалд байна гээд дуудсан. Д.А гэдэг залууг дуудаад өөрийнхөө машиныг унуулаад Мөст-Алтайн гадаа Г.Б, Л бид 3 буугаад үлдсэн. Тэгээд би Мөст-Алтай караоке руу ороод манай найз ирээгүй болохоор нь буудлын хүнтэй уулзаад зогсож байтал гадна талд хүмүүс орилолдоод байсан. Намайг гараад ирсэн чинь Г.Б цогцолборын доод талын буланд хайс дэрлэчихсэн сууж байсан. Цаад талд 4-5 залуу байж байхаар нь дуудсан чинь цаашаа зугтаад явчихсан. Тэгээд Г.Б дээр очсон чинь миний толгой өвдөөд байна гээд байсан. Юу болсон тухай асуусан чинь саяны хүмүүс намайг зодчихлоо. Миний толгой руу чулуугаар цохичих шиг боллоо гээд байсан. Тэгээд би дагуулаад Мөст-Алтайн үүдэнд очсон чинь Г.Б суугаад байсан. Би толгойг нь харахад цус гараагүй байсан. Тэндээсээ хамт байж байгаад толгой нь гайгүй юм шиг байхаар нь найзтайгаа хамт Жаргалан сум яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 112/,

Гэрч Ж.Жгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би тухайн үед Д.Э, Д.З, А.Цэ, А.Ц нарын хамт явж байсан юм. Өөр хүн байгаагүй. Д.Зын эзэмшлийн саарал өнгийн, ...ГАА улсын дугаартай, приус-20 маркийн машинтай явж байсан юм. Д.Э улаан дээлтэй, Д.З хар дээлтэй, А.Цэ дүү нь жинсэн яайктай, А.Ц нь бараан өнгийн дээлтэй, би өөрөө хар өнгийн куртиктэй явж байсан. Мөст Алтай баарны дээд талын хашааны өнцөг дээр хүмүүстэй маргалдсан. Тухайн үед эхлээд хоёр залуутай маргалдсан ба би Д.Эгийн хамт хар өнгийн савхи өмссөн залуутай маргалдсан юм. Тэгсэн чинь тэр хоёр залуугийн араас нэг нь гарч ирээд гурван залуу болсон. Харин би Д.З руу харахад тэнд Д.З, А.Цэ, А.Ц, хохирогчтой хамт байсан юм. Д.Э бид хоёр хажууд нь байгаагүй болохоор хэн хаашаа хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Тухайн үед хохирогчийн толгой хэсэг рүү ах нь буюу А.Ц өшиглөж байсан ба дүү нь хажууд нь зогсож байсан юм. Мөн Д.З нь хавирч унагааж байсан юм. Харин цохиж байсныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123/,

            Гэрч Д.Аын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний орой 20 цаг 40 минутын үед миний дугаарт өөрийнхөө ... дугаараас над руу баахан залгачихсан байсан. Тэгээд би эргүүлээд 20 цаг 40 минут болж байхад залгасан чинь Г.Б Мөст-Алтай караокены гадаа залуучуудад зодуулчихлаа гэхээр нь би яваад очих уу, хаана байна гэсэн чинь Мөст-Алтай караокены дээд талын зогсоол дээр байна гэсэн. Тэгээд би тэр газарт нь яваад очсон чинь байхгүй байсан. Тэр хавиар нэг тойрчхоод гэртээ хүрээд ирсэн чинь араас Г.Б Л гэх залуутай хамт хүрээд ирсэн. Манайд 40 орчим минут хэвтэж байгаад толгой өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт авч очоод үзүүлсэн. Тэнд байж байтал эгч нь гээд хүн хүрээд ирсэн. Г.Б нь Мөст-Алтайн тэнд миний хамт явж байсан Лтай хүмүүс маргалдаад байхаар нь очсон чинь тэр хүмүүсийн дунд Д.З байж байсан. Тэгээд Д.Зтой ярилцах гээд байж байтал Мөст-Алтайн дээд талын харанхуй газарт авч очоод бид 2-ыг бөөнөөрөө нийлээд зодчихсон гэж хэлсэн. Гаднаасаа шарх сорви гэхээр зүйл харагдаагүй. Баруун талын шанаа нь хавдчихсан, дагзны хуйх нь хавдчихсан байсан. Г.Бтой хамт явсан гэх Л нь биедээ ямар нэгэн ил харагдах шарх сорви байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 125/,

           Гэрч Г.Уранчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:  “...Удалгүй утсаар залгаад тархиндаа хүнд гэмтэл авсан байна. Ах дүүсийг нь дууд гэж хэлсэн гээд ярьсан. Эмнэлэг дээр очиход манай хүү ухаангүй байсан. Шууд хагалгаанд орсон. Хагалгаанд орсон эмч нь хагалгаа амжилттай болсон. Хагалгааны дараа ямар ч шинж тэмдэг илэрч болно гэж хэлсэн. Хүүгээсээ болсон явдлын талаар асуухад би найзтайгаа явж байсан чинь араас хэсэг залуучууд ирээд миний нэрээр дуудсан. Би тэгээд тэр хүмүүс дээр яваад очиход нэг нь намайг хавсарч унагаасан. Намайг унасны дараа тэр хүмүүс намайг өшиглөж цохисон гэж хэлсэн. Тухайн үед манай арван жилд байсан Д.З гэж залуу байсан. Бусад хүмүүсийг нь танихгүй гэж хэлсэн. Д.Зын ээж, А.Цийн аав нар ирээд хуулиндаа ямар торгууль байдаг юм өгье. Хүүхдүүдээ шоронд явуулмааргүй байна гэж хэлсэн. Г.Бын эмчилгээнд 5,000,000 төгрөгийн зардал гарсан. Бодитоор нарийвчилж гаргаагүй байна. Нөхөр бид хоёр хоёулаа тэтгэврийн зээл авч эмчилгээнд зарцуулсан. Эмчилгээний зардал мөнгийг нь төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132/,

 Шинжээч Т.Алтайбаатарын “...Хохирогчийн биед учирсан зүүн зулайн ар дээд хэсгийн эпидураль, тархины хатуу хальсан дээрх цусан бүлэн нь гэмтэл байгаа хэсэг газарт буюу зүүн зулайн ар дээд хэсэгт цохигдсоноор үүсэх боломжтой. Хүнийг хавсарч унагах, зүүн зулай хэсэгт цусан бүлэн үүссэн газарт өшиглөх үед буюу дээрх 2 үйлчлэлд уг гэмтэл нь үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэгт ир үзүүртэйгээс бусад бүх зүйлийг хамааруулан ойлгодог ....” гэх мэдүүлэг /хх-ийн 83/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 81 дугаартай “...Г.Бын биед тархины хатуу хальсан дээрх цусан бүлэн, тархи дарагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. Г.Бын биед учирсан тархины хатуу хальсан дээрх цусан бүлэн, тархи дарагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт /хх-ийн 86-88/,

Мөст-Алтай караокены бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-45-р хуудас/, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Г.Бын өвчний түүх /хх-ийн 67-83/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Цийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Уг гэмт хэргийн улмаас Г.Бн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч Г.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...миний бие хохирол төлбөрт нийт 8 сая төгрөг авсан. Цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болно...” гэсэн байх тул шүүгдэгч А.Цийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

           Шүүхээс шүүгдэгч А.Цийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Ц нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Цийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч А.Цийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд хорих ял оногдуулсан тохиолдолд уг зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзлээ.   

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг төлсөн бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Е овогтой А.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

    2. Шүүгдэгч А.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цт оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

             4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Цт мэдэгдсүгэй.

   5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирсэн Мөст-Алтай караоке баарны хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл бүхий 1 ширхэг CD бичлэг зэргийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

             9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА