| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/02414/и |
| Дугаар | 3028 |
| Огноо | 2019-11-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 3028
| 2019 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2019/03027 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 2 дугаар Сөүлийн гудамж 10/1 Твин тауэр-1, 13 давхар И ХК
Хариуцагч: Ж.Б
Хариуцагч: Х.О
Хариуцагч: М.Ө
Хариуцагч: Ж.Б
Гэрээний үүргийн биелэлт 62.640.367.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Х.О нар нар нь манай ББСБ-тай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр В17101641 тоот зээлийн гэрээ байгуулж 55.000.000 төгрөгийг сарын 4.2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээлийн гэрээ байгуулж зээлдэж авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлж байгаагүй бөгөөд зээлийн гэрээний 2.1.12, 6.2.7, 10.2.2-т заасныг ноцтой зөрчсөн. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 49.513465.88 төгрөг, хүүний төлбөрт 10.939.085 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.187.816.93 төгөрөг нийт 62.640.367.81 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй болно. Иймд хариуцагч Х.О нар нараас 62.640.367.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 10 дугаар сард Ж.Б, Х.О нар байр түрээслэх гэсэн юм машиныг чинь 2 сарын хугацаатай тавиад 12 сард аваад өгий гэж уулзаж ярилцсан. Ингээд 12 сар нь өнгөрсөн уулзаад 7 сард наадмаас өмнө авч өгнө гэсэн боловч өгөөгүй. Сүүлдээ дүү Х.О нь авч өгнө гэж хэлсэн боловч утсаа авахаа больсон. 62.640.367.81 төгрөгний асуудал надад ямар ч хамаагүй. Би нэг ч төгрөг аваагүй. Харин бичиг баримтаа авч чадахгүй мөн Монгол банкинд найдваргүй зээлдэгч гэж бүртгэгдсэн хохирогч байна. Энэ асуудлаар асууж лавлах хүн болон баримт нотолгоо олон байгаа гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Х.О нар нарт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 62.640.367.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Х.О нар нар нь нэхэмжлэгч И ХК-тай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж бизнесийн зээлийн зориулалтаар 55.000.000 төгрөгийг сарын 4.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний 6.2.5, 6.2.6-д заасан зээлийн гэрээний хавсралт 1-д тусгасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үл маргах журмаар төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх гэсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа миний машиныг барьцаалсан. Зээлээс нэг ч төгрөг аваагүй. 62.640.367.81 төгрөг надад ямар нэгэн хамааралгүй гэж тайлбарласан боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд зөвшөөрч гарын үсэг зурсан, зээлдэгчээс зээлдүүлэгч нарт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар мөнгийг шилжүүлсэн тул мөн хуульд зааснаар буцаан төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Х.О нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч Х.О нар нь шүүхэд тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д заасан нөхцөл үүссэн, нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч маргаагүй гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ өдрийн шүүх хуралдааныг мэдсэн боловч /мэдэгдэлд гарын үсэг зурсан/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Х.О нар нараас 62.640.367.81 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.О нар нараас тус бүр 117.800 төгрөг нийт 471.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА