Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/179

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321001400173 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1956 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Залуус хорооллын баруун талын засмал зам дээр 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15 цагийн орчим өөрийн эзэмшлийн Приус-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж Тоёота Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч биед “зүүн 4, 5 дугаар хавирга ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Боржигин овогт ******* нь 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах Залуус хорооллын баруун талын засмал замаар өөрийн эзэмшлийн Toyota Prius-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас Toyota Prius-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч биед зүүн 4, 5 дугаар хавирга ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...тухайн үедээ бол Тоёота Приус-11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд жолоочийн суудалд би сууж жолоодон явсан. Харин манай эхнэр миний хажуу талд, арын суудалд зээ охин , ач хүү , эхнэрийн төрсөн дүү нартай явж байсан. Залуус хорооллоос төв зам руу нийлэхэд чиглэсэн туслах замаар зүүнээс баруун тийш чиглэлд машинтайгаа явж байгаад яг төв зам руу орох хэсэгт ирээд харахад төв замаар цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл урдаас хойш чиглэлтэй ирж байхаар нь би түүний урдуур орж амжих байх гээд төв зам руу ороход тухайн урдаас ирж байсан машин манай машиныг ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* сумын 1 дүгээр баг, Залуус хороололд шинэлж байгаа гэр рүүгээ буцах санаатай нөхөр , зээ охин , зээ хүү , төрсөн дүү нарын хамт нөхрийнхөө Тоёота Приус-11 маркийн машинтай хөдөлсөн. ...Ингээд залуус хорооллоос гарсан туслах замаар төв зам руу орох уулзвар дээр ирээд урагшаа эргэж байхад төв замын урдаас хойшоо чиглэлд нэг цагаан өнгийн Приус ирж байсан бөгөөд манай машин төв замд орох үед тухайн урдаас ирж байсан машин нь ирээд мөргөж осол гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

иргэний нэхэмжлэгч “...2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийнхөө Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ******* сумын 1 дүгээр баг, Залуус хорооллын баруун талын төв замаар явж байсан. ...Ингээд явж байхад залуус хороолол руу салсан туслах замаас Приус-11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл төв зам руу орох гэж байхаар нь сигналдаж дохио өгсөн боловч нөгөө тээврийн хэрэгсэл шууд зам руу миний урдуур ороод ирэхээр нь би машинаа ертөнцийн зүгээр баруун зүгт, өөрийнхөө зүүн гар тал руу дарсан боловч тухайн машин нь миний машины урд хэсэгт мөргөж зам тээврийн осол гарч замын баруун хэсгээр нь зогссон. ... гэх хүн надад нийт 6,948,200 төгрөг дансаар шилжүүлэн өгч миний машинд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-27/,

гэрч “...2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим ******* сумын 1 дүгээр баг, Төмөр замын тойргоор ертөнцийн зүгээр хойд зүг рүү эргээд өөрсдийн улсын дугаартай Приус-30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг манай нөхөр бариад жолоочийн хажуу талын суудал дээр би суугаад ... урдаасаа хойшоо чиглэлд төв замаар явж байхад Залуус хороолол талаас туслах замаас улсын дугаартай Приус-11 маркийн машин ирж байсан. Тухайн үед манай нөхөр сигналдаад анхааруулаад байхад зам тавьж өгөлгүй манай машины урдуур орж ирээд осол болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 176 тоот “... биед зүүн 4, 5-р хавирга ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 99-100/,

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 тоот “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Приус-11 жолооч ...” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 88-90/, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-н замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №23/46 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-107/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/, ослын схем зураг /хх-ийн 14/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15/, Toyota Prius-11 маркийн улсын дугаартай, Toyota Prius-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №43085 тоот үнэлгээнй тайлан /хх-ийн 49-50/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч  ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч эд хөрөнгөд 6,601,200 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд  шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд иргэний нэхэмжлэгчид 6,948,200 төгрөгийг төлж барагдуулсан байх ба хохирогч Б., иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 3 сарын хугацаагаар гарах эрхийг хязгаарлах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 3 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б., иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА