| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/02413/и |
| Дугаар | 3027 |
| Огноо | 2019-11-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 3027
| 2019 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2019/03028 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: И ХК
Хариуцагч: Ж.Б
Хариуцагч: Х.Н
Хариуцагч: Х.О
Гэрээний үүргийн биелэлт 17.689.183.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Х.Н нар нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр В17091124 тоот зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилготойгоор зээлийн гэрээ байгуулж зээлдэж авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлж байгаагүй бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 576.000 төгрөг төлж уг төлөлтөөс 230.795 төгрөгийг үндсэн зээлээс хасалт хийсэн. Үлдсэн төлбөр нь хүүний төлбөрт тооцогдсон ба 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг төлсөн. Энэ төлөлт нь хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт тооцогдож хасагдсан байна. Үүнээс хойш ямар нэг төлөлт хийгдээгүй. Хариуцагч нар зээлийн гэрээний 2.1.12, 6.2.7, 10.2.2, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тус тус ноцтой зөрчсөн. Хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 9.769.205 төгрөг, хүү 7.348.679.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 571.299.57 төгрөг нийт 17.689.183.65 төгрөг нэхэмжилсэн боловч өнгөрсөн хугацаанд хариуцагчийн төлсөн 3.876.006 төгрөгийг хасч үлдэгдэл нь 13.813.177 төгрөг үлдсэн. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн 3.876.006 төгрөгний шаардлагаас татгалзаж байна. Иймд хариуцагч нараас гэрээний үүрэгт 13.813.177 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Х.Н нарт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 17.689.183.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн 3.876.006 төгрөгний шаардлагаас татгалзаж 13.813.177 төгрөг шаардсан байна.
Хариуцагч Х.Н нар нь нэхэмжлэгч И ХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж хэрэглээний зээлийн зориулалтаар 10.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдэж, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлий дансны хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний 6.2.5, 6.2.6-д заасан зээлийн гэрээний хавсралт 1-д тусгасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үл маргах журмаар төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх гэсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч нь шүүхэд тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д заасан нөхцөл үүссэн, нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч маргаагүй гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ өдрийн шүүх хуралдааныг мэдсэн боловч /мэдэгдэлд гарын үсэг зурсан/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн 3.876.006 төгрөгний шаардлагаас татгалзаж, хариуцагч нараас 13.813.177 төгрөг гаргуулахыг шаардсан тул нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Х.Н нараас гэрээний үүргийн биелэлтэд 13.813.177 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХК-нд олгож, хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Хариуцагчид шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Х.Н нараас 13.813.177 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Н нараас тус бүр 75.672 төгрөг, нийт 227.016 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА