Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/359

 

 

 

 

 

 

     2023        05         23                                     2023/ШЦТ/359

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж

улсын яллагч О.Нандинцэцэг,

нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат,

шинжээч Д.Батзориг,

шүүгдэгч Д.Б,

шүүгдэгч Л.С,

шүүгдэгч Д.Д,

шүүгдэгч Д.Орхон,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан эрүүгийн 2211016052039 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Д.Б

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг гэх, ам бүл 4, эхнэр. хүүхдийн хамт, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШШТ/1004 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн.

 

Шүүгдэгч: Б овогт Л.С

 Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч: Б овогт Д.Д

Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгч: Б овогт Д.О

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Д.Б, Л.С. Д.Д, Д.Орхон нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шургуут гэх газраас Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан 126,2 кг Сибирь хушны үр идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн 0000УНС улсын дугаартай “Mitsubishi L200” загварын тээврийн хэрэгслээр 2022 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн хяналт шалгалтын пост хүртэл тээвэрлэн, Байгаль экологи, ургамлын аймагт 12.481.180 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 62.405.900 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

I. Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Б, Л.С. Д.Д, Д.Орхон нарыг нийт 257 кг Сибирь хушны үр идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн тээвэрлэн Байгаль экологи ургамлын аймагт 12.520.740 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 62.603.700 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг тайлбараар тус хэргийн хохирлын хэмжээ багасаж байх ба өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын хувьд эрх зүйн байдал дордохгүй тул засаж, зөвтгөж шүүх шийдвэрлэв.

Учир нь шүүгдэгч нарын түүж бэлтгэн, тээвэрлэсэн самрын хэмжээг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт болох эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр /2 дугаар хавтаст хэргийн 46-47 хуудас/ нийт 4 шуудай самрын тус бүрийн жинг 1 дүгээр шуудайг 37.2 кг, 2 дугаар шуудайг 40 кг, 3 дугаар шуудайг 40 кг, 4 дүгээр шуудайг 9 кг гэж тогтоон тэмдэглэжээ. Тиймээс 4 шуудайтай самрын хэмжээ нь нийт 126.2 кг болох нь тогтоогдож байна. Энэ талаар  2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1632 дугаартай шинжээчдийн багийн дүгнэлтэд 126.6 кг гэж буруу бичигдсэнийг дурдах нь зүйтэй.

Мөн нийт самрын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нийт хохирлын хэмжээ өөрчлөгдөх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан дүгнэлтэд тусгагдсан аргачлалын дагуу  бодолт хийхэд: 98.900 төгрөг х 126.2 кг = 12.481.180 төгрөг, 12.481.180 төгрөг х 5 = 62.405.900 төгрөг болж байна.

Тиймээс шүүгдэгч Д.Б, Л.С. Д.Д, Д.Орхон нарыг нийт 126.2 кг Сибирь хушны үр идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн тээвэрлэн Байгаль экологи ургамлын аймагт 12.481.180 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 62.405.900 төгрөгийн хохирол учруулсан гэж зөвтгөж шүүх шийдвэрлэв.

 

Б. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батцэнгэл нь: “... Самар гэх зүйл нь ойн дагалт баялаг юм уу, ургамал юм уу гэдэг нь эргэлзээтэй байна. Ойн тухай хуулийн 3.1.12-т ойн дагалт баялагт самрыг оруулсан байна. Засгийн газрын тогтоолоор ховор ургамал гээд ургамлын жагсаалтад оруулсан. Шинжээчид Засгийн газрын тогтоолыг бариад ховор ургамал гэж оруулаад байна. Гэтэл Засгийн газрын тогтоол нь хүчин чадалтай юм уу, Монгол Улсын хууль нь илүү хүчин чадалтай юм уу гэдэг ойлголт гарч байна. Засгийн газрын тогтоол нь Ойн тухай хуулиа зөрчиж гарсан тул Монгол Улсын хуулийг баримтална гэж үзэж байна. Засгийн газрын тогтоолыг баримталж гэмт хэрэг гэж үзээд, 1995 оны Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баримталж учруулсан хохирлыг 5 нугалаад үйлчлүүлэгч нарыг маань давхар хохироогоод явсан. Энэ нь судлаад үзэхээр ойн дагалт баялаг болоод байна. Ойн дагалт баялгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар нь авч үзвэл ойн санд учирсан хохиролд орж байгаа. Ойн санд учирсан хохирлыг 3 нугална гээд Байгаль орчны тухай хуульд заасан. Энэ нь 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан хууль байгаа. Ойн тухай хууль нь 2012 оны 5 сарын 17-ны өдөр батлагдсан хууль байгаа. Улсын Их Хурлаас 2 хууль батлагдсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь бүх л байгаль, ургамал, ой модтой холбоотой байгаль орчинд учирсан хохирлыг 7 ангилсан байна. Үүн дотор ойн санд учирсан хохирол гээд Ойн тухай хуулийн 3.1.12-т ойн дагалт баялаг гэж самрыг үзээд, мөн хуулийн 42.1.3-т ойн санд учирсан шууд хохирлыг нөхөн төлнө гэж заагаад, мөн хуулийн 42.2-т хохирлын нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, төлөлтөд хяналт тавина гэсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр Ойн тухай хуулийн 18.3.4-т ойг нөхөн сэргээх, ойгүйжүүлэх, мод үржүүлэх ажил эрхлэн модны үр тарьж суулгац худалдаалах, ойд учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээ нь ойн ангид олгогдсон эрх байна. Тиймээс ойн тухай хуулийн 17.8-д заасны дагуу ойд учирсан хохирлыг тогтооно гэж ойлголоо. Экологийн цагдаагийн алба шүүх шинжилгээний хүрээлэнд шинжээчээ томилдог. Тэд нар нь самрыг ургамал гээд ургамлыг 5 үржүүлнэ гээд өндөр хохирол тогтоож бусдыг хохироогоод байна. Энэ хэргийн бодит хохирлын хэмжээг хуульд заасан арга хэрэгслийг ашиглан хохирлыг зөв тогтоолгож байж эцэслэн шийдвэрлэх нь дараа дараагийн бусдыг хохироосон практик ажиллагаа таслан зогсоно. Самрын хэрэг дээр бодитой хохирлыг тогтоож байж зөрчлийн хэрэг үү, эрүүгийн гэмт хэрэг үү гэдгийг тогтоох боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд ургамал гэдэг утгаар нь гэмт хэрэг гэж тооцсон бол Зөрчлийн тухай хуулийн 7.1, 7.9-д ургамал дагалт баялаг гээд 2 ялгаад хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн 7.9-д ойн дагалт баялаг гээд орсон зөрчил байна. Ургамал гэдэг нэр томьёогоор авч үзвэл Эрүүгийн хууль болоод Ойн тухай хуулиар ойн дагалт баялаг гэж авч үзвэл Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг болоод байгаа. Хуулиараа зөрчилтэй, дагалдан гарч байгаа Засгийн газрын болоод Байгаль орчны сайдын аргачлал, журмууд хоорондоо зөрчилтэй. Аль нь өнөөдрийн байдлаар хүчинтэй байгаа нь мэдэгдэхгүй болсон. Тиймээс мэргэжлийн ойн ангийг шинжээчээр томилоод Ойн тухай хуулиараа яаж үнэлдэг аргачлалаар нь үнэлүүлээд гараад ирэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бодитой тогтоогдох боломжтой гэж үзэж байна. Самар түүгээд бууж байгаа хүмүүсээс байгаль орчны хяналтын улсын байцаагч болон цагдаагийн албанаас 1 кг самрыг 1250 төгрөгөөр бодож хураамж авдаг. 1000 төгрөг нь Байгаль орчны яамнаас тогтоосон үнэлгээ, 250 төгрөг нь тэнд ажиллаж байгаа цагдаагийн болон байгаль орчны байцаагчийн хоол ундны мөнгө гэж авдаг байгаа. Үүнийг судлахаар мөн шийдвэр нь олдоогүй. Тиймээс яг 98900 төгрөг гэж тогтоох нь учир дутагдалтай. 98900 төгрөгийг А/677 тоот тушаалаас нь харвал экологи эдийн засгийн үнэлгээ гэж орж ирж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн эд зүйлийн үнэлгээгээр тогтоодог. Ойн тухай хуульд шууд хохирлыг тогтоохоор хуульчилсныг тухайн самрын зах зээлийн үнэлгээ байна гэж ойлгож байгаа. Гэтэл самрын зах зээлийн үнэлгээг прокурортой шинжээч томилох үед маргаж тогтоол танилцуулсан баримт дээр бичсэн ч гаргаж өгөөгүй. Тэгээд зах зээлийн үнэлгээ тусгагдаагүй өнөөдрийн хурал явагдаж байна. Самрыг самрын үнэлгээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоох ёстой гэж ойлгож байна. Үнэлгээг гаргаж байж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Байгаль орчны сайдын 2022 оны 282 тоот тушаалаар 50 кг хүртэл түүж, бэлтгэх эрхтэй. 50 кг-аас дээш бол болохгүй гээд хэмжээ тогтоосон. Прокурорын хувьд 50 кг доош бол зөрчлөөр шийдээд, дээш бол эрүүгийн хэрэг гэж үзье гэсэн чиглэлтэй явж байгаа юм билээ. 50 кг дээш гэж үзэж байгаа бол ургамал уу, ойн дагалт баялаг уу гэдгээ шийдэх ёстой. Миний үйлчлүүлэгч нарын эрх ашгийг хамгаалахын тулд түүсэн, бэлтгэсэн самар нь 126,2 кг болж байгаа. Үүнийг хүний тоонд нь хуваавал хүний 31кг болж байгаа. Тэгэхээр 50 кг дотроо багтаж байна. Хилээр нь авч үзвэл зөрчлийн хэрэг мэт, нэр томьёогоор нь авч үзвэл Эрүүгийн хуульд хамааралгүй мэт болоод байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа тул дахин шинжээч томилуулж, өөр шинжээч буюу Батсүмбэр сумын ойн ангид даалгах саналтай байна” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийв.

Самрыг ургамал уу, ойн дагалдах баялаг уу гэдгийг тодорхойлоход тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт чухал юм. Тус хэрэгт урьд гаргасан шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх агуулгаар хууль зүйн дүгнэлт хийж мэтгэлцсэн ба шүүх харгалзан үзэж эргэлзээг арилгахаар мөн оролцогч нарын эрх ашиг зөрчигдсөн байж болзошгүй үндэслэлээр дахин шинжээч нарын багаар дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулсан билээ.

2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1632 дугаартай шинжээчдийн багаар гарсан дүгнэлтийн: “1-т Сибирь нарс /хуш/-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. 2-т Сибирь нарс /хуш/-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал...” гэж самрыг ургамал мөн болохыг тодорхойлжээ.

Тиймээс шүүгдэгч нар нь ургамлын аймагт хохирол учруулсан ба түүнчлэн  дээрх шинжээчдийн багийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх, буруутган үгүйсгэх өөр нөхцөл байдал тус хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

Мөн шинжээч нарын багийн дүгнэлт хэсгийн 8-д заасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын А/77 дугаар тушаал нь хүчингүй болсон хэдий ч, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/603 дугаартай тушаалын хавсралт хүснэгтийн 348 дахь хэсэгт Сибирь хуш /самар/-н нойтон 1 кг-ийг нь 98.900 төгрөгөөр үнэлсэн буюу дээрх хүчингүй болсон тушаалын хавсралтад заасан үнэлгээтэй ижилхэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчоос зөвхөн нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаж болохоор хуульчилсан бөгөөд харин дахин шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргаж болохыг хуульчлаагүй байна. 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дээрх гаргасан өмгөөллийн хууль зүйн дүгнэлт нь няцаагдаж байх тул дахин шинжилгээ хийлгэх боломжгүй гэж шүүх үзэв.

  

В. Шүүгдэгч Д.Б, Л.С. Д.Д, Д.Орхон нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шургуут гэх газраас Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан 126,2 кг Сибирь хушны үр идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн 0000УНС улсын дугаартай “Mitsubishi L200” загварын тээврийн хэрэгслээр 2022 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн хяналт шалгалтын пост хүртэл тээвэрлэсэн үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр машин засуулж байгаад танилцаж байсан танил ах болох Одсүхэд “Хэд хоног хөдөө яваад ирье машинаа түр өгч байгаач 1 гэж гуйж байгаад түүний 7332унс дугаартай машиныг нь авч өөрийн эхнэр Соёлзул, авга ах Даваадорж, хамаатан болох Орхон нарын хамт 4-үүлээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн амаар хойшоо уул руу явж самар түүхээр явсан. 9 сарын 1 болох гээд хүүхдүүдийн хичээлийн бэлтгэлийн мөнгө хэрэгтэй байсан. гадуур самар гайгүй үнээр авч байна гэж дуулаад бид 4 самарт явсан юм. замаараа самар ургасан газар хайж явсаар 7 хоног орчим явсаар байгаад Төв аймгийн Батсүмбэр сумын Шургуут гэх газар очиход самар гайгүй ургасан байхаар нь тэндээ буудаллаж 2 хоног самар түүсэн. Би эхнэрийн хамт, Орхон, Даваадорж нар нийлж яваад самраа түүж байсан бөгөөд түүсэн самраа 1 хоногийн хугацаанд тэнд самар түүж байсан танихгүй хүний төхөөрөмжийг ашиглан цайруулсан. Ингэж цайруулахад манай эхнэр бид 2-ын түүж цайруулсан самар нийтдээ 50 кг-ийн 1 шуудай дүүрэн, нэг шуудайны тал орчим болсон. Орхон ахын түүж цайруулсан самар нь мөн 1 шуудай бүтэн, нэг шуудайны тал орчим болж байсан ч Даваадорж ахын үлдэгдэл нь байсан. Цайруулсан самраа машиндаа ачиж аваад 2022.08.20-ны орой уулнаасаа яваад Батсүмбэр сум руу очиж засмал замд орох гэж яваад төөрч будилж явсаар 2022 оны 08 сарын 21-ний өглөө үүрээр Гүнтийн даваагаар давж Улаанбаатар руу орж яваад постын цагдаад саатуулагдсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 153-155 дугаар тал/,

- шүүгдэгч Д.Орхоны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...Бид 4 хамгийн анх салхинд гарангаа жимс, самар олдвол түүж ирье гэж бодоод 2022 оны 08 сарын 10-12-ны хооронд Баярцэнгэлийн хүнээс гуйж унасан машинаар Баянзүрх дүүргийн Улиастай ам руугаа өгсөж явсан бөгөөд таарвал жимс, самраа хийхээр 10 гаран шуудай бэлдэж, хүнээс түр зуур авсан, гар аргаар бэлдэж хийсэн самар цайруулах төхөөрөмж авч явсан бөгөөд уул руугаа явах замдаа шавар усанд сууж замын бартаанд 7 орчим хоног явсан. Тэгж явсаар Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Ар шугуут” гэх газар иртэл хэсэг газар самар гайгүй ургасан байхаар нь тэндээ буудаллаж 2 хоног модноос самар унагааж түүнийг түүж бөөгнүүлээд авч очсон цайруулах төхөөрөмжөөрөө цайруулан 8 шуудайд хувааж хийгээд буцсан. Самар түүхдээ 4- үүлээ л ээлжлэн самраа унагааж, тууж, цайруулж байсан юм. 2022 оны 08 сарын 20-ны орой 16 цагийн орчим хот руу буцахаар хөдлөхдөө улиастайгаар буцвал шавар ус ихтэй гэж бодоод арай өөр замаар буцахаар болж замдаа төөрч будилж  явсаар 2022 оны 08 дугаар сарын 21-ний өглөө үүрээр 03-04 цагийн орчим Гүнтийн даваагаар Улаанбаатар хот руу давж таарсан. Энэ үед уг даваан дээр байсан хяналт шалгалтын цэг дээр шалгаад бид нарыг зөвшөөрөлгүйгээр самар түүсэн байна гэж саатуулсан. Гүнтийн даваа очихоос өмнө засмал зам дээр гараад машиныг Соёлзул жолоодож явсан юм. Уг машиныг Баярцэнгэл хуурай ахаасаа гуйж авсан гэж байсан. өөр нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй байна. Өмнө нь би уг машиныг харж байгаагүй мэдэхгүй машин байсан. Баярцэнгэлийн хэлснээр өдрийн 50.000 төгрөгөөр түрээслэн авсан гэж байсан. Бид 4 хичээл сургууль эхлэх гэж байсан болохоор хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл, хувцсыг нь бэлдэх мөнгө олох зорилгоор уул руу самарт явсан бөгөөд энэ зорилгынхоо дагуу самар түүж бэлтгэсэн. Бид нар өмнө нь самарт явж түүж бэлтгэж байгаагүй. Тухайн үед хүмүүс олноороо самарт яваад мөнгө олоод байна гэж дуулсан болохоор бид 4 нийлж уул руу явсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130 дугаар тал/,

- шүүгдэгч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн цусан төрлийн дүү нартай салхинд гарангаа самар түүхээр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт очсон юм тэгээд тухайн шургуут гэх газраа ууланд 10 хоног амарч ахуйн хэрэглээндээ хэрэглэх самар түүж цайруулж авч явж байгаад 2022 оны 08 дугаар сарын 21-22 нд шилжих шөнө Гүнтийн пост гэх газар хяналт шалгалтын цэг дээр түүр саатуулагдсан юм ... Яг хэд байгааг нь би сайн мэдэхгүй байна ямар ч байсан 250-300 кг самар байгаа байх гэж бодож байна би яг жинлэж бол үзээгүй. Нийт 7-8 шуутай зарим нэг нь тал байгаа ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас/,

- шүүгдэгч Л.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 22-нд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс хуш модны самар түүж аваад Улаанбаатар хот руу орж ирж яваад Гүнтийн пост гэх газар зөвшөөрөлгүй самар түүсэн гэж түүр саатуулагдсан юм. Ер нь бол хүүхдийн хичээл сургууль эхлэхээс өмнө зугаалж газар үзэнгээ самар түүгээд ирье гээд хүргэн ах Д.Орхон, Даваадорж, нөхөр Баярцэнгэлийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэр шургуут гэх газраас 200-250 кг орчим самар түүж авсан юм ... Яг хэд байгааг нь би сайн мэдэхгүй байна ямар ч байсан 200-250 кг самар байгаа байх гэж бодож байна би яг жинлэж бол үзээгүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 141-142 дугаар тал/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тэнгисийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Намайг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 93 дугаартай албан бичгээр мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон, надад хэрэгт оролцогчоор томилогдсонд татгалзах зүйл байхгүй. 2018 онд Солонгос улсын Сөүл хотын Меонжигийн их сургуулийг бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд 2022 оны 06 дугаар сард ажилд орсон. Түүнээс хойш уг газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

- гэрч О.Одсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би тухайн хүмүүсээс Баярцэнгэлийг танина бусад хүмүүсийг нь бол танихгүй. Баярцэнгэл нь надтай хамтрагч машин засдаг юм. 73-32 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг би мэднэ тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм би тухайн тээврийн хэрэгслийг 2021 оноос хойш эзэмшиж байна. Баярцэнгэл нь надад хэлэхдээ хөдөө Хэнтий аймаг орж аав ээжийнхээсээ хэдэн мал гаргаад ачаад аваад ирье гээд надаас гуйгаад аваад явсан юм. Одоогоос 5-6 хоногийн өмнө Баярцэнгэл нь над руу залгаад ахаа самар ачиж яваад Гүнтийн постон дээр баригдчихлаа уучлаарай гэж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар тал/,

- 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1362 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Экологийн шинжилгээний газрын шинжээч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй дахин шинжээчийн Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь нарс (хуш)- Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (хуш)- Pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 27.2 % буюу нойтон байна. - Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаарын тушаалын хавсралтад тусгаснаар 1 заг нойтон хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98900 төгрөг байна. Экологи эдийн засгийн үнэлгээг тооцвол 98900 х 126.2 кг = 12.520.740 төгрөг байна. "Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 12.520.740 төгрөг х 5= 62.603.700 төгрөг байна” гэх дүгнэлт, /2 дугаар хавтаст хэргийн 40-43 дахь тал/,

- самарт дахин хийсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 46-54 дэх тал/,

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Б.Мөнхбаярын зөрчлийн тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

 

Г. Шүүгдэгч Д.Б, Л.С. Д.Д, Д.Орхон нар нь санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Шургуут гэх газраас Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан 126,2 кг Сибирь хушны үр идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, улмаар 0000УНС улсын дугаартай “Mitsubishi L200” загварын тээврийн хэрэгслээр 2022 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнтийн хяналт шалгалтын пост хүртэл тээвэрлэн, Байгаль экологи, ургамлын аймагт 12.481.180 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 62.405.900 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт үйлдлийг нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

II. Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Б, Л.С. Д.Д, Д.Орхон нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо ижил буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгч нарыг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.

 

            III. Бусад асуудлын талаар

Энэ гэмт хэргийн улмаас Байгаль орчин ургамлын аймагт 12.481.180 төгрөгийн шууд хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т: “ургамлын аймагт учирсан хохирлыг тооцоход тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;” гэж хуульчилжээ.

Тиймээс Д.Б, Л.С. Д.Д, Д.Орхон нарт байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, ургамлын аймагт нийт 62.405.900 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн тэдгээрээс гэмт хэрэгт үйлдсэн үйлдэл оролцоо ижил тул хувь тэнцүүлэн тус бүр  15.601.476 төгрөгийг гаргуулж, Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулж, өөрсдийнх нь санал, орлого олох боломж, мөн шүүх хохирол нөхөн төлөх нь биелэгдэхүйц байхыг тус тус харгалзан шүүгдэгч тус бүрийг хохирлыг 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 73-32УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон ба, хэнийх нь ч эзэмшлийнх биш буюу О.Одсүх гэх иргэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлийг чөлөөлж, харин машины үнэ болох 3.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс нь 950.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 126,2 кг нийт 4 ширхэг шуудайтай хуш модны самрыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д.Б, Б овогт Л.С, Б овогт Д.Д, Б овогт Д.О нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Д.Б, Л.С, Д.Д, Д.Орхон нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.Орхон нарыг 2 /хоёр/ жилийн тэнсэнгийн хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.Орхон нараас тус бүр 15.601.476 /арван таван сая зургаан зуун нэг мянга дөрвөн зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулж Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, хохирлоо 2 /хоёр/ жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн 73-32УНС улсын дугаартай автомашины битүүмжлэлийг чөлөөлж, уг автомашины үнэ болох 3.800.000 /гурван сая найман зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 950.000 /есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдсан 126,2 кг нийт 4 ширхэг шуудайтай хуш модны самрыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б, Л.С, Д.Д, Д.Орхон нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.БАТГЭРЭЛ