Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 124/ШШ2021/0059

 

                                                       

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч:  Х овогт Ш-ын Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  Е овогт М-ын С,

Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Т-д холбогдуулан гаргасан,

Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Т-ын 2021 оны 05 сарын 03-ны өдрийн ...... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ш.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ш.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Увс аймаг дахь төрийн аудитын газар нь ИТХ-н 2020 оны ээлжит сонгуульд Хяргас сумын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ш.Ц-г сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь төрийн аудитын газар бүртгүүлээгүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн торгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." гэж заасан ба Увс аймаг дахь төрийн аудитын дүгнэлт нь миний төлөөлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

Захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд захиргааны шийдвэрийг гаргахдаа мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах учиртай. Мөн захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх зааснаар "...хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд... захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна." гэж заасан. Гэтэл Увс аймаг дахь төрийн аудитын газар нь миний төлөөлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахын өмнө сонсгох ажиллагаа явуулж хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй байгаа этгээд болох төлөөлүүлэгчийн оролцооны эрхийг хангаагүй. Суманд төрийн аудитын салбар байхгүй тул зардлын дансны дугаар, нэрийн мэдээллийг нээсэн материалаа аймгийн намд холбогдох бичгийн хамт хуулийн хугацаанд нь хүргүүлсэн болно.

Иймд Татварын улсын байцаагч М.Т-ын 2021 оны 05 сарын 03-ны өдрийн ........... тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагч Ш.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын зүгээс Ардчилсан намын зүгээс хүргүүлсэн баримтыг хүлээн авахгүйгээр улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Ардчилсан намын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Д, Ц.З нар удаа дараа албан бичиг явуулсан гэж мэдүүлсэн байдаг. Увс аймаг дахь Төрийн аудитын газар өөрсдийн гаргасан дүгнэлтээ Ардчилсан нам болон нэр дэвшигч нарт танилцуулаагүй учир уг эрх зүйн акт хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна”гэв.

Хариуцагч татварын улсын байцаагч М.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч татварын улсын байцаагч Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймгийн Татварын Хэлтсийн татварын улсын байцаагч М.Т нь, Увс аймаг дахь Төрийн Аудитын Газар /Увс аймаг, Улаангом сум, Б.Бадрахын гудамж, утас: 70........- аас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Хяргас сум 1-р тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшигч Ш.Ц нь Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй гэх зөрчлийн талаар Увс аймаг дахь Төрийн аудитын газраас, ирүүлсэн зөвлөмж, гомдол, мэдээллийг хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Дээрх мэдээллийн дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Ш.Цд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тэрээр зардлын данс нээлгэсэн боловч уг данс, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д”... нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй" гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

Эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчил нь тогтоогдсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, ... талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж зааснаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Аливаа шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй журам, хуулийг буруу тайлбарлахгүй, гомдлыг хянан шийдвэрлэх байх гэдэгт итгэж байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3 – д” Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна" гэж заасан шударга ёсны зарчмыг анхаарч үзнэ үү.

Өмнө нь шийдсэн ижил төрлийн зөрчлийн хэргүүд дээр шүүх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү маргааны хувьд “хуульд санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил болохоос тухайн зардлын дансанд төвлөрсөн болон түүнийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаарх тайланг төрийн аудитын байгууллагад ирүүлэхтэй холбоотой зөрчил биш болохыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд сонгууль болохоос өмнө бүртгүүлсэн байх үүрэгтэй холбоотой, нөгөөх нь сонгууль болсны дараа зардлын дансанд төвлөрсөн болон зарцуулсан талаарх тайланг аудитаар баталгаажуулан бүртгүүлэхтэй холбоотой 2 тусдаа үйл баримтын ялгаа заагийг зөв тодорхойлоогүй юм.

Сонгуулийн зардлын дансанд нийцлийн аудит хийлгэсэн тайлан, дүгнэлт нь сонгууль болсны дараа тухайн сонгуулийн үеэр зардлын дансан дахь орлого, зарлагын зарцуулалт нь зөрчилгүй /зориулалт бусаар зарцуулсан эсэх/ гэсэнтэй холбоотой болохоос хуулиар тусгайлан заасан санал авахаас 20-оос доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, тухайн холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Хуулиар тусгайлан зөрчил гэж заасан зөрчил юм.

Иймд нэхэмжлэгч Ш.Ц-ийн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд, уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  нь Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-ийн 2021 оны 05 сарын 03-ны өдрийн........... дугаартай шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах тухай гомдлыг  шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С гомдлоо дэмжиж оролцсон болно.

Хариуцагч татварын улсын байцаагч М.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ээс шүүхэд “шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгүүлэх” тухай хүсэлт гаргасныг хүлээн авч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д заасны дагуу   хариуцагчийн  урьд гаргасан тайлбарыг  шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс “Сонгуулийн зардлын дансны мэдээллийг аймгийн Ардчилсан намд хуулийн хугацаанд хүргүүлсэн, хуулийн заалт зөрчсөн гэж үзвэл хууль бус ажиллагаанаас болж байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд нэг ч төгрөгийн бодит хохирол учруулаагүй, аудитын байгууллагад ямар нэг зөрчилгүй сонгуулийн зардлын дансны тайлангаа хугацаанд нь гаргаж өгсөн” тухай тайлбар гарган маргажээ.

Харин түүний  “Увс аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын  дүгнэлт нь гомдол гаргагчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн, уг дүгнэлтийг гаргахын өмнө  сонсгох ажиллагаа явуулаагүй “талаарх тайлбар нь   маргааны үйл баримттай хамааралгүй байна.

Хариуцагч татварын улсын байцаагчаас “Холбогдогч Ш.Ц нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь төрийн аудитын газарт бүртгүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан” гэсэн тайлбар гаргаж гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлжээ.

Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн  2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .......... дугаартай шийтгэлийн хуудсаар “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Хяргас  сумын 1 дүгээр  тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч  Ш.Ц нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 хэсэгт заасны дагуу   10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Ш.Ц-д холбогдох зөрчлийн хэргийг эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагчийн 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор нээсэн байх бөгөөд зөрчлийн хэрэгт зөрчлийн талаар  гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн баримт, холбогдогчийн мэдүүлэг, Хяргас сумын Ардчилсан намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн дансны дугаарын жагсаалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэлийн хуудас, хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторын 2021 оны 01 сарын 14-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар Нам, эвсэл,нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд хийсэн нийцлийн аудитын тайланг баталсан ба аудитын дүгнэлт гараагүй байна.

Аудитын тайлангаар орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд оролцсон 2 нам, 389 нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газар бүртгүүлээгүйг хавсралтаар гаргаж Татварын хэлтсийн даргад Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авах тухай зөвлөмжийг хүргүүлжээ.

Аудитын тайланд Хяргас сумын сумын 1-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ш.Ц нь Сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй талаар дурдагдсан тул Татварын хэлтсийн татварын улсын байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

Орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн үеэр Увс аймгийн Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан намаас нэр дэвшигч Ш.Ц нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлээгүй нь аудитын тайлан, Ардчилсан намын 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 30 дугаартай дансны мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, гэрч М.Б-ийн “Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 30 дугаартай албан бичиг манай байгууллагад ирээгүй” гэх мэдүүлэг, холбогдогчийн “дансны мэдээллээ бүртгүүлэх ёстой гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг, гэрч Т.Н-ын “Увс аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн иргэдийн болон Улаангом сумын Ардчилсан намын хорооноос нэр дэвшсэн иргэдийн дансны мэдээллийг 2020 оны 9 сарын 25-ны өдөр ирүүлснийг бүртгэж авсан. Харин бусад сумдын материалыг 9 сарын 25-ны өдрийн дотор ирүүлээгүй.2020 оны 9 сарын 29-ний өдрийн 30 дугаартай албан бичгийг надад өгсөн зүйл байхгүй ”гэх мэдүүлэг, гэрч П.Э-ын “ орон нутгийн сонгуулийн үеэр Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Г.Б сумуудаас сонгуульд нэр дэвшсэн иргэдийн дансны мэдээллийг өөрөө цуглуулан Төрийн аудитын газарт бичгээр хүргүүлэхээр надад өгсөн. 2020 оны 09 сарын 29-ний өдөр албан бичгийг Аудитын газрын Намжил гэх хүнтэй уулзахад хугацаа хэтэрсэн байна, хүлээж авах боломжгүй гэж хэлсэн тул албан бичгээ буцааж Г.Б даргад хүргэж өгсөн” гэх мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж зааснаас үзвэл данс бүртгүүлэх үүргийг нэр дэвшигчид хүлээлгэжээ.

Энэхүү үүрэг зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар  материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар арга хэмжээ хэрэгжүүлээгүй, тусгай ангид заасан бие даасан үйлдэл (эс үйлдэхүй)-ийн шинжийг хангасан бол зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... шударга ёсыг тогтоох ...” зарчимтай нийцсэн байна

Гомдол гаргагч нь  “ Суманд төрийн аудитын салбар байхгүй тул зардлын дансны дугаар, нэрийн мэдээллийг нээсэн материалаа аймгийн намд холбогдох бичгийн хамт хуулийн хугацаанд нь хүргүүлсэн “ гэж тайлбарлаж байгаа боловч дээрх хуулиудаар дансаа аудитын байгууллагад бүртгүүлэхийг нэр дэвшигчид өөрт нь үүрэг болгосон, уг үүрэг биелэгдээгүй болох нь тогтоогдож байх тул Ш.Ц-д шийтгэл  оногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

Иймд гомдол гаргагч Ш.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын  “шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ш.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын  гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Ш.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ