| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 110/2024/0079/З |
| Дугаар | 221/МА2025/0348 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0348
С.Ж-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Нэхэмжлэгч:С.Ж
Хариуцагч: Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 110/2024/0079/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. НэхэмжлэгчС.Жээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийнС.Ж т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн С.Ж т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Гомдлын агуулга:
3.1.С.Ж нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар баг, Х-3, 30** тоот хаягт байршилтай нэгж талбарын 831202**** дугаар бүхий 1000 м.кв газрыг хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшихээр болсон. Өлгий сумын газрын даамал түүнтэй 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр түүнтэй иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Улсын дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарласнаар хугацааг гэрээ байгуулсан өдрөөс тооцох ёстой. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг даргын захирамжид хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшүүлэхээр тусгасан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд таримал ой зориулалтаар гэж зөрүүтэй бичсэн.
С.Ж нь тухайн газрыг эзэмших шийдвэр гарснаас хойших эхний хоёр жилд буюу 2020-2022 онуудад дэлхий дахинд болон улс орны хэмжээнд Ковид-19 өвчин гарч нийтийн хөл хориог урт, богино хугацаагаар удаа дараа тогтоосон. иргэд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулаагүй, улсын хилийг хаасан байсан учир шаардлагатай бараа материал орж ирэхгүй тасарсан үе байсан. Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон, иргэн, хуулийн этгээдийн хувьд чөлөөтэй зорчих боломжгүй нөхцөл байдалд байсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд үүнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Мөн УИХ-аас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Короновируст халдварт /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хууль баталж, тус хуулийн 18 дугаар зүйлд зааснаар энэ хууль 2022 оны 12 дугаар сарыг 31-ний өдөр хүртэл үйлчилсэн.Эндээс үзэхээр 2020-2022 онуудад бүхэлдээ ковид-19 өвчний учир хөл хориотой байсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй, Цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон байсан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзнэ.Хариуцагч шийдвэр гаргахдаа үүнийг анхаарч үзээгүй. Ковид-19 цар тахлын улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсныг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж үзэхээр маргаан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолууд бий. Эдгээр тогтоолууд нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах ач холбогдолтой учир шүүх анхаарч үзэх ёстой байсан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой. Газар эзэмшүүлэх шийдвэр 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гарч, мөн оны 10 дугаар сарын 14-ний өдөр эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээ байгуулсан. 2020-2022 онуудад дээр дурдсан ковид-19 өвчин гарч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзвэл хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцох ёстой.
Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Засаг даргын захирамж 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Эндээс тооцохоор 2 жил дараалан ашиглаагүй гэх шалгуур хангагдахгүй байгаа юм. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж хуульчилсан. Хэрэгт гэрээг дүгнэсэн талаарх ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Хуулийн дээрх заалтаар Өлгий сумын Засаг дарга гэрээг жил бүр дүгнэж, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг дүгнэсний үндсэн дээр хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ ажлыг огт хийгээгүй мөртлөө нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
3.2.С.Ж-н газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байгаа нь бас хувийн буюу ар гэрийн шалтгаантай байсан.С.Ж нь айлын ганц хүүхэд бөгөөд эцэг, эхийн хамт амьдардаг. Түүний эцэг Т.С нь 2019 оноос харвалт өгч, зүүн талын гар, хөл мэдээгүй болж хэвтрийн байдалд орсон, байнга хүний асрамжид байсан. 2023 онд босох гэж байгаад унаж, баруун талын сүүжний яс хугарч хадуулсан. УБ хотод очиж хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэж байсан. Мөн 2019 оноос хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож, байнга хүний асрамжид байсан.Түүнийг С.Ж нь ээжтэйгээ хамт асран хамгаалж байсан ба 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан. Энэ талаарх холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс эдгээр нотлох баримтуудыг үндэслэн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос үл хамаарсан шинжтэй нөхцөл байдалд хамааруулж, дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
3.З. Иргэдийн эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг Өлгий сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсэг 2024 оны 05 дугаар сард газар дээр нь очиж үзсэн гэж байгаа. Ингэхдээ тухайн эзэмшил газрын зургийг л авсан. Газар эзэмшигчтэй огт уулзаагүй, нөхцөл байдлыг тодруулаагүй.С.Ж нь тухайн газарт хашааны суурийг ухаж, цементэн хундам цутгаж бэлэн болгосон. Өвлийн хүлэмж барих материалууд болох төмөр рамуудыг цуглуулж зөөж буулгасан.
Хоёр талын хашааг хөршүүд болох А.Е, С.Б нартай хамтарч хийсэн. Хашааны дундах хэсгийн материалуудыг хувааж гаргаж, хамтран барьж, цаашид дундаа ашиглахаар тохиролцсон. Энэ талаарх дээрх хүмүүсийн тодорхойлолтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хашааны газрыг тэгшилж, хүлэмж барих бэлтгэл ажлуудыг хангасан. 4 улирлын хүлэмжийн зураг төслийг хийлгэж бэлэн болгосон. Эдгээр нь тухайн газарт тодорхой ажлууд хийсэн болохыг нотолж байна. Анхан шатны шүүх үүнийг мөн харгалзан үзээгүй.
3.4. Уг нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Засаг даргын захирамж гаргахаас дээрх нөхцөл байдлуудыг сайн тодруулж, үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоосны үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бол ийм маргаан гарахгүй байсан.
Хэрэгт иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ авагдсан. Уг тухайн газрыг ойжуулах зориулалтаар өгч байгаа бол ямар хугацаанд хэдий хэмжээний мод тарьж ургуулах талаар гэрээнд тодорхой тусгасан байх ёстой. Гэтэл энэ гэрээнд энэ талаарх ямар ч заалт ороогүй, энэ нь иргэн, аж ахуйн нэгжид гэр, орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээ байгаа. Гэрээнд энэ талаар тодорхой заалт оруулаагүй байхад хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
3.5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг хуульчилсан.Тухайлбал 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмуудыг баримтлах ёстой. Хариуцагч шийдвэр гаргахдаа эдгээр зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдlийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хэрхэн хүргүүлэх талаар зохицуулсан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж заасныг зөрчиж, Өлгий сумын Засаг дарга иргэнС.Ж-н газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа түүний оршин суугаа хаягаар сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдэл хүргүүлээгүй болох нь нотлогдож байгаа тул Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хангаагүй байна гэж үзнэ. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д зааснаар Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах ёстой. Мөн хуулийн 15 дугаар зүйлд зааснаар оролцогчийн эрхийг хангах ёстой.
Түүнчлэн дээрх хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд зааснаар нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах арга хэмжээнүүдийг аваагүй гэж үзэх үндэстэй.
3.6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд ажлын хэсэг шалгалтаар явсны дараа 2024 оны 07 дугаар сард тухайн газрыг эзэмшигч нарыг дуудан уулзаж, тайлбар авсан гэх боловчС.Жийг дуудаж уулзсан, түүнээс ямар нэгэн тайлбар авсан нотлох баримт байхгүй байна. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2024 оны 07 дугаар 08-ны өдөр үйлдсэн мэдэгдсэн байдал гэх жагсаалтад С.Ж т холбогдох хэсэг хоосон, ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй байна.Энэ нь түүнд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй болохыг нотолж байна.Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх сонсох ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэж эсрэг дүгнэлт хийгээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянаж Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2025/0020 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчС.Ж-н миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийн зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч С.Ж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн С.Жт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... 2020-2022 онуудад Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, ... эцэг Т.С нь 2019 онд харвалт өгсөн тул айлын ганц хүү С.Ж асарч байсан, ... хөрш айлуудтай хамтран хашаа таталцаж, худаг гаргасан, ... захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа хийгээгүй ... ” гэж тайлбарлан маргажээ.
2.1. Нэхэмжлэгч С.Жт анх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжаар Өлгий сумын 10 дугаар багт 1000 м.кв газрыг “Хүнсний ногоо тарих зориулалтаар 50 жилийн хугацаатайгаар олгож, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Таримал ой” зориулалтаар эрхийн улсын бүртгэлийн Э-213002140 дугаар бүртгэж 000108387 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/-04/050/33 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагаар “... газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох тухай албан шаардлагыг Өлгий сумын Засаг даргын орлогчид хүргүүлж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар “Ажлын хэсэг байгуулах” тухай захирамжаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/-04/050/33 дугаар албан шаардлагад дурдсан 2009-2022 онуудад Өлгий сумын нутаг дэвсгэрээс таримал ой, мод үржлийн зориулалтаар олгогдсон нь Газрын тухай хуулийг зөрчиж байгаа эсэх талаар албан шаардлагад тусгагдсан байх тул зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулж, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “... ажлын хэсгийн дүнгийн хурлаар хашаа татаагүй худаг гаргаагүй хөрөнгө оруулалт хийгдээгүй иргэн, аж ахуй нэгжүүдийн эзэмшлийн газрыг хүчингүй болгож энэ талаар мэдэгдэх ... “ тухай Ажлын хэсгийн тайлан гарсан байна.
2.3. Улмаар Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр 32 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг захирамжийн хавсралтын 9-д С.Ж ын нэр бичигдсэн байна.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.
2.5. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
2.6. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй, энэхүү хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулах, үнэлж дүгнэх хууль зүйн боломжтой, нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд бүхэлд нь хяналт тавих үүрэгтэйн хувьд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ 2 жил дараалан ашиглаагүйтэй холбоотой шалтгаан нөхцөлийг бүрэн дүүрэн тодруулж, хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр шийдвэр гаргах үүрэгтэй байтал хариуцагчаас хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.
2.7. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын маргаан бүхий
2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Ж-н газар эзэмших эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судалж тогтоогоогүйгээс уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ.
2.8. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “ Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино ...” гэж заасан байна.
2.9. Хуулийн дээрх зохицуулалт, Улсын дээд шүүхийн зөвлөмжөөс үзэхэд гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаан” байсан эсэх нөхцөл байдлыг тодруулж, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг захиргааны байгууллагаас хэрэгжүүлж “хүндэтгэн үзэх шалтгаангүй” байсан байх нөхцөл хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргахаар хуульчлан заасан байна.
2.10. Нэхэмжлэгч С.Ж нь тус маргаан бүхий газрыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжаар Өлгий сумын 10 дугаар багт 1000 м.кв газрыг “Хүнсний ногоо тарих зориулалтаар 50 жилийн хугацаатайгаар эзэмшиж, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
2.11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Ж-н эцэг Т.С нь 2019 оноос хойш өвчний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан болох нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019-2023 оны шийдвэрүүдээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тогтоосон байх тул нэхэмжлэгчийн “... эцэг 2019 оноос хойш өвчтэй байсан, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаж чадаагүй ...” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн эцэг өвчний улмаас эмчлүүлж байсан, улмаас 2023 онд нас барсан үйл баримтыг үгүйсгэж маргаагүй байна.
2.12. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгчийн эцэг Т.С ын асран хамгаалагчаар нэхэмжлэгчийн эхийг эрх бүхий байгууллагаас тогтоож, тэтгэмж олгож байсан үйл баримт нь шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тодорхойлогдож байна. Иймд эцэг нь өвчтэй байсан нь нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадаагүйд хүргэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь шударга ёсны зарчимд үл нийцсэн байна гэж үзлээ.
2.13. Тодруулбал нэхэмжлэгчийн эцэг Т.С ын асран хамгаалагчаар нэхэмжлэгчийн эхийг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэх боловч ганц хүүхэд нь болох нэхэмжлэгчС.Ж ийг эцэг Т.С ыг өвчтэй байх хугацаанд асарч байсан гэх үйл баримтыг хариуцагчаас үгүйсгэж маргаагүй, энэхүү үйл баримтуудтай холбогдуулан нэхэмжлэгчээс “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж тайлбарлан маргасныг буруу гэж үзэх боломжгүй байна.
2.14. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” гэж тус тус заасан.
2.15. Мөн коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна.
2.16. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Ж т анх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжаар Өлгий сумын 10 дугаар багт 1000 м.кв газрыг “Хүнсний ногоо тарих зориулалтаар 50 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Таримал ой” зориулалтаар эрхийн улсын бүртгэлийн Э-213002140 дугаар бүртгэж 000108387 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
2.17. Энэ тохиолдолд нэхэмжлэгч С.Ж-т 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлснээс хойш 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг дуустал коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоосон, мөн нэмжлэгчийн эцэг Т.С 2019 оноос хойш өвчтэй байж, 2023 онд нас барсан үйл баримтууд тогтоогдож байна.
Гэтэл хариуцагчаас коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоосон хугацаа болон нэхэмжлэгчийн эцэг Т.С-ын өвчтэй байсан эдгээр хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй маргаан бүхий 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус, үндэслэлгүй байна.
2.18. Гэтэл анхан шатны шүүх “... нэхэмжлэгч газраа хүнсний ногоо тарих, таримал ойн зориулалтаар эзэмшсэн байх ба Коронавируст халдвар /Ковид/-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар иргэний газар эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлаагүй, уг хуулийн үйлчлэлийн хугацаанд, мөн улсын хэмжээнд /Ковид/-19/-ын цар тахлын улмаас тодорхой хугацаагаар хөл хорио тогтоосон үед нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадаагүй шалтгаантай байснаа нотлоогүй, газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй гэж үзлээ ...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.
2.19. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:”, 25.7.5-ын “б”-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасны дагуу коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас хөл хорио тогтоосон хугацаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай хамаарахаар байх бөгөөд, энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар сарын 06 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2024/0076 дугаар тогтоолд тайлбарласан байх тул анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.
2.20. Ийнхүү хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхдээ газрыг эзэмших талаарх ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх, “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг нягтлан шалгаагүй, дээр дурдсан хамтран хашаа, худаг татсан болон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх бодит нөхцөл байдлыг тодруулж үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцээгүй байна.
2.21. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” болон “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмын агуулгыг тайлбарлахад, захиргааны байгууллага хэн нэгний эрхэд халдсан шийдвэр гаргахын өмнө үр дагавар нь тусах, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс урьдчилан тайлбар авч, үзэл бодлоо илэрхийлэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгох, магадгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр шийдвэр гаргах үндэслэл байгаа эсэхийг бүрэн дүүрэн нягтлах, ийнхүү мэдэгдсэнээр иргэн, хуулийн этгээдэд гэнэтийн байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй байх, иргэний мэдэх эрхийг хангах, улмаар тухайн этгээдийн хувьд хамгийн бага дарамт учруулахуйц аргыг хэрэглэх зорилготой.
2.22. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хөрш гэх С.Б, А.Е нараас “хамтран маргаан бүхий газрын зүүн урд хэсэг дэх хашааг хамтарч татсан, А.Е-ы хашаан дахь худгийг хамтран гаргасан” гэсэн тайлбар мэдүүлэг гаргасан, эдгээр хөрш С.Б, А.Е нарын нэхэмжлэгчтэй хамтарч хашаа барьсан, худаг гаргасан гэх үйл баримтыг хариуцагчаас үгүйсгэж няцаагаагүй байна.
2.23. Энэ тохиолдолд захиргааны байгууллага нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглахаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан зэрэг шийдвэр гаргахад хамаарал бүхий нөхцөл байдлыг нарийвчлан судалж тогтоох хуулиар хүлээсэн биелүүлэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь шийдвэр гаргах ажиллагааны хуулиар тогтоосон журмын зөрчилд хамаарахаар байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийнС.Жт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ