Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүл шар овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321001350151 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 606 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Гүл шар овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоот хашаанд байх иргэн эзэмшлийн байшингийн хаалгыг төмөр иштэй сүхээр хөшин эвдэн орж 55 инчийн Элко маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,511,930 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Гүл шар овогт ******* ******* нь 2023 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоотод орших хохирогч эзэмшлийн байшингийн хаалгыг төмөр иштэй сүхээр эвдэн орж 55 инчийн “Elko” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,511,930 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Сүхжин хорооллын “ДСИ” нэртэй тоглоомын газраас гарч ******* сумын 11 дүгээр багт байрлах ******* хорооллын тоот хашаанд очиж цоожтой байгаа ын гэрийн хаалганы цоожийг нь хашаанд байсан төмөр сүхээр хөшиж онгойлгосон. Миний хувьд гэрт нь орсон шалтгаан гэвэл тэдний гэрт үнэ хүрэх зүйл байвал зарж мөнгө олох зорилготой байсан. Учир нь би хүнд 800,000 төгрөгийн өртэй байсан. Ингээд гэрт нь ороход гэрийнх нь баруун хананы хэсэгт тулгаж байрлуулсан тавиур дээр хар өнгийн Елко маркийн зурагт байхаар нь шууд л түүнийг нь аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...Миний бие эхнэр, хүүхдийн хамтаар ******* сумын 11 дүгээр баг, ******* тоотод амьдардаг. Би Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-д ажилладаг тул одоогоор Дорнод аймгийн төв болон “ ” ХХК-д ирэн очин байдаг. Намайг байхгүйд манай эхнэр хүүхэд хадам ээж, аав дээр түр байгаа ба ******* тоот хашаанд байх манай байшинд хүн амьдрахгүй байгаа. Манай хашаанд манай найз болох А.*******ынх энэ өвөл гэр барин намайг байхгүйд манай байшинг сахиад амьдарч байгаа. ...2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буюу сар шинийн битүүний өдөр намайг “ ” ХХК-д ажил дээрээ байхад манай найз А.******* над руу утсаар залгаад “танай байшинд хулгай орсон байна, танай гэрийн зурагт хулгайд алдагдсан байна, уг нь өмнө орой бууз хөлдөөхөөр ороход ямар нэгэн хулгай орсон зүйл байхгүй хэвийн байсан. Өнөөдөр ороход хаалганы цүүг эвдэж хулгай орсон байдалтай байна” гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандах талаар хэлсэн. Манай байшингаас алдагдсан гэх зурагт нь миний өөрийн эзэмшлийн хар өнгийн “Elko” маркийн 55 инчийн зурагт байгаа юм. Тухайн зурагтыг би 2021 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос 1,980,000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Би найз *******ын ээж *******тэй утсаар холбогдож зурагт хаана байгааг асуухад “ ахын гэрт байгаа” гэж хэлсэн. ...Манай зурагт хэвийн ажиллагаатай зүгээр байдалтай байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25/,

гэрч А.*******ын “...******* тоот хашаанд манай гэрээс гадна найз ын эзэмшлийн байшин байдаг ба одоогоор тухайн байшинд хүн амьдрахгүй цоожтой байдаг. Найз нь “ ” ХХК-д ажилладаг юм. Болсон асуудлын талаар гэвэл өчигдөр өдрийн 12 цагийн орчим буузны эд зүйлсээ бэлтгэхээр найз ын байшингийн цоожийг түлхүүрээр онгойлгож ороод үүдний хэсгээс мах аваад гарсан. Тухайн үед байшин доторх эд зүйлс бүрэн бүтэн байсан. Ингээд өнөөдөр 14 цагийн орчим хийсэн буузнуудаа хөлдөөхөөр байшин руу орох гэтэл хаалганы цоожны цүүг хөшиж онгойлгосон байхаар нь хаалгыг онгойлгож дотогш орж үзэхэд том өрөөнд байсан хар өнгийн Elko маркийн зурагт алга болсон, өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

гэрч “...2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчим манай хамаатны дүү болох ******* нь танихгүй дугаараас миний утас руу залгаад “би хөдөө өвсний ажил хийж яваад аймагт ирлээ. Харин хөлсөндөө бэлэн мөнгө авч чадалгүй зурагт авчихлаа, та машинтайгаа хүрч ирээд намайг аваадах” гэж залгахад нь би өөрийн эзэмшлийн 82-32 ДОР улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан ба "хаана очих вэ” гэхэд ******* “******* сумын 11 дүгээр баг, Талын шилтгээн хотхоны гадаа хүрээд ирээрэй” гэж хэлсэн ... би Талын шилтгээн хотхоны дунд талын зогсоол дээр очиход дүү ******* инчийг нь мэдэхгүй, овор хэмжээ томтой хар өнгийн зурагт тэвэрчихсэн зогсож байсан. *******ыг өөрийн гэр болох ******* сумын 2 дугаар баг, Төвийн 6-2 тоотод авч ирэхэд ******* зурагтаа манай байшингийн таамбарт тавиад араас гэрт орж ирсэн. ******* манай гэрт 2-3 хонож байхад би тухайн авч ирсэн зурагт нь хулгайн зурагт болохыг мэдээд *******ын утас руу залгаад “чиний авч ирсэн зурагт чинь хулгайн зурагт гэж байна, юу болоод байгаа юм бэ” гэхэд ******* утсаа салгаад дахин надтай таараагүй, Улаанбаатар хот руу явчихсан байсан. *******ын ээж ******* тухайн зурагтын эзэн гэх хүнд манай гэрт зурагтыг нь байгаа гэж хэлээд миний утасны дугаарыг өгсөн юм байна лээ. Манай гэрт *******ын найз нь гэх тухайн зурагтны эзэн нь ирж зурагтаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-37/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18/, хөрөнгийн үнэлгээний “ДАМНО” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ДЦ-22-79 тоот дүгнэлт /хх-ийн 46-49/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь зэвсгийн чанартай зүйл буюу сүхийг ашиглан хохирогч орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Elko” загварын 55 инчийн зурагтыг авч, бусдад 1,511,930 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө. нь 1,511,930 төгрөгийн үнэлгээтэй “Elko” загварын зурагтаа хулгайд алдсан боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн зурагтыг бүрэн бүтэн буцааж авсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******од прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гүл шар овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* ******* 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА