Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2937

 

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2019/02937

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.П.

Хариуцагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол О.М ХХК.

Түрээсийн мөнгө, барьцаа төлбөр 285.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хохирол зардалд 1.398.035 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Баяраа, хариуцагч О.М ХХК-ийн захирал Л.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.П нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр О.М ХХК-ийн Арвидах худалдааны төвийн В1 давхарт байрлах В/9 дугаар бүхий талбайг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл түрээслэхээр гэрээ байгуулсан. Нэг сарын түрээсийн төлбөр 135.000 төгрөг, гэрээний барьцаа 150.000 төгрөг нийт 285.000 төгрөгийг компаний кассанд тушаасан. 20 гаруй түрээслэгчид О.М ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед Арвидах худалдааны төвд зориулалтын лангуу байхгүй, хуучин тоног төхөөрөмжийг солих шаардлагатай байсан ба О.М ХХК-ийн удирдлагаас түрээслэхээр гэрээ хийсэн хүмүүстэй ярьж зөвшилцөн 1 сарын дараа лангууг бэлэн болгохоор тохиролцсон. Тохиролцсон хугацаанд талбай лангуу бэлэн болоогүй, үйл ажиллагаа явуулаагүй учир 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцлах санал тавин өгсөн мөнгөө буцааж авъя гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг 2019 оны 04 дүгээр сарын 15-нд түрээслэгч нарыг оруулна, талбай лангууг бэлэн болгоно гэсэн заалт гэрээнд байхгүй, нэхэмжлэгчтэй ийм тохиролцоо хийгээгүй. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ гэсэн байна. Нэхэмжлэгч хаалт, павилон хийлгэе гэсэн хүсэлт гаргаагүй. Түрээсийн гэрээний 4.1-т зааснаар түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс түрээсийн байранд нэхэмжлэгч орох ёстой. Гэтэл түрээслүүлэгч 7 хоног хүлээчих Ноц цонх гэдэг компанитай гэрээ байгуулсан гээд зураг харуулсан. Нэгэнт гэрээ байгуулагдсан тул нэхэмжлэгч хүлээсэн. Ингээд сар хүлээгээд болъё гэдгээ хэлсэн. Тэгэхэд хариуцагч юм дуугараагүй. Иймд хариуцагч О.М ХХК-наас түрээсийн мөнгө, барьцаа төлбөр 285.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон захирал Л.Батбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нар хороололд барилгын материалын зах байсан байрыг бүхэлд нь Номин их дэлгүүр худалдаж авч байгаа учир ажлын байргүй боллоо хүнсний захаа татан буулгаад барилгын материалын зах болгооч, бид үйлчлүүлэгчдээ дагуулаад 4 сарын 15-ны өдрөөс бусад түрээслэгчдийн хамт Арвидах худалдааны төвд үйл ажиллагаа явуулж эхлье гэсэн хүсэлт тавьсан. Ингээд түрээслэгч нартай түрээсийн гэрээ байгуулж гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Нэг өдөр хойшлуулсан асуудал гаргаагүй. Нэхэмжлэгчийн тавьсан саналын дагуу 4 сарын 15-нд лангуу павилон хүлээлгэж өгөхөөр тохирсон. Гэвч түрээслэгчид гэрээнд заасан хугацаанд ирээгүй. Энэ үед манай зах хүнсний захын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг 7 хоног, 1 сарын дараа оруулна гэсэн асуудал байгаагүй. Гэрээ байгуулснаас хойш тухай бүрт нь тайлан тавьж түрээсийн гэрээ байгуулсан хүмүүст мэдэгдэл өгч байсан. Түрээслэгч нартай 2 сарын 13-нд гэрээ байгуулахад манайд хүнсний зах ажиллаж байсан учир шууд ороод үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Хүнсний лангуу түрээслэгчид 3 сарын 13-ны өдрийн дотор үйл ажиллагаагаа зогсоож суллаж өгөх байсан юм. Нэхэмжлэгч нартай 4 сарын 15-наас эхлэж түрээсэл гэдгээ ярьж тохиролцсон. Павилон 4 сарын 15-ны өдөр бэлэн болж 17-нд мэдэгдэл хүргүүлсэн. Түрээслэгч нарт гэрээ цуцлахгүй гэсэн мэдэгдлийг манайх хүргүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээс татгалзаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч О.М ХХК-нд холбогдох түрээсийн мөнгө, барьцаа төлбөр 285.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь хохирол зардалд 1.398.035 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Зохигчийн хооронд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Арвидах худалдааны төвийн талбай түрээслэх гэрээ байгуулагдаж тус худалдааны төвийн В/9 тоот лангууг павилон жижиглэн гэрэл худалдааны чиглэлээр 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцож Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

Гэрээгээр түрээслэгч түрээсийн сарын үндсэн төлбөр 150.000 төгрөг төлж, гэрээ байгуулахдаа 1 сарын түрээсийн төлбөрийн дүнтэй тэнцэх хэмжээний барьцаа 150.000 төгрөгийг тус компаний санхүүд байршуулах, гэрээний 3.9-д зааснаар түрээсийн төлбөрийг өмнөх сарын 25-ны дотор төлөхөөр тохирсон, түрээслүүлэгч гэрээнд гарын үсэг зурснаар В/9 тоот лангуу павилонг актаар шилжүүлэн өгөх үүрэг тус тус хүлээжээ.

Нэхэмжлэгч 02 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн төлбөрт 135.000 төгрөг төлсөнг 03 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлсөн гэж үзэхээр байна.

Түрээслүүлэгч О.М ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед болон түрээсийн төлбөр төлүүлсэн хугацааны алинд ч гэрээгээр хүлээсэн лангуу, павилоныг бэлэн болгон хүлээлгэж өгөөгүй, түрээслэгч төлбөр төлсөн боловч түрээсийн зүйлийг зориулалтын дагуу эзэмшиж ашиглах нөхцөл бүрдээгүй байна.

Хариуцагч О.М ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй боловч гэрээний 8 дугаар зүйлд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах журмын 8.1-8.6 дахь заалтууд нь түрээслэгчийн буруутай үйл ажиллагаанаас гэрээ цуцлах үндэслэлийг зааж, түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай бол түрээслэгчийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхийг зааж тусгаагүй хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан талуудын тайлбараас дүгнэхэд түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлаас шалтгаалж гэрээ цуцлагдах нөхцөл үүссэн тул талуудын хооронд барьцаагаар үүрэг гүйцэтгэх шаардлага үүсээгүй байна.

Хэдийгээр хариуцагч 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/8 албан бичгээр нийт түрээслэгчдэд 04 дүгээр сарын 15-наас үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болгож 04 дүгээр сарын 13-ны өдөр павилон лангууны хуваарилалтыг 100 хувь хийж дуусгасан тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч гэрээний 4.1-т зааснаар түрээслүүлэгч О.М ХХК гэрээнд гарын үсэг зурснаар талбайг хүлээлгэн өгөх актаар түрээслэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээний 3.6-д гэрээ байгуулагдахад түрээслэгч 1 сарын түрээсийн төлбөрийн дүнтэй тэнцэх хэмжээний барьцаа 150.000 төгрөг байршуулна. Түрээсийн гэрээнд заасан хугацаанд түрээслэгч үйл ажиллагаа эхлээгүй цаашид үргэлжлүүлээгүй тохиолдолд түрээсийн төлсөн төлбөр буцаан олгогдохгүй байхаар заасан боловч нэхэмжлэгч түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаагүй тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч О.М ХХК-наас түрээсийн мөнгө, барьцаа төлбөр 285.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Пд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 9.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хариуцагч О.М ХХК нь нэхэмжлэгчид холбогдох хохирол зардалд 1.398.035 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул хариуцагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.318 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 106 дугаар зүйлийн 106.5, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1, 318 дугаар зүйлд зааснаар хариуцагч О.М ХХК-наас 285.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Пд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.М ХХК-наас 9.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Пд олгосугай.

3. Хариуцагч О.М ХХК нь нэхэмжлэгчид холбогдох хохирол зардалд 1.398.035 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч О.М ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.318 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА