| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2018/02283/и |
| Дугаар | 2936 |
| Огноо | 2019-11-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2936
| 2019 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2019/02936 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.М
Хариуцагч: 162 Ц
Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.М, өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагч 162 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Э.У, өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 онд 162 Ц туслах багшаар ажилд орсон. 2018 оны хавар Э.У эрхлэгчээр томилогдон ирж багш ажилтныг ажлаас халах болсон. 162 дугаар цэцэрлэгийн хуучин эрхлэгч 2014 оны хавар анх шинээр сэрүүн өрөөг нээж бэлтгэл Г бүлгийг байгуулсан. Анх нээгдэх үед ажиллаж байсан багш өөр байгууллагад шилжиж, дараагийн багш нь өөр анги даахаар болж, дараагийн бүлэг хариуцсан багшийг эрхлэгч Э.У ажлаас халсан. Г бүлэг багшгүй болсон. Би 2018 оны 09 дүгээр сард бүлгийн багш болох хүсэлт тавихад намайг багшлах эрхийн шалгалтад ороогүй гээд аваагүй. Тэр зун ажил явдал гарсан тул би шалгалтад хамрагдаж чадаагүй явсан. Тэгээд орон тоо гарахаар нь хүсэлтээ гаргасан ба цаашдаа бүлгийн багшаар ажиллах хүсэлтэй байсан тул эрхлэгчид хүсэлт гаргасан юм. Эрхлэгч намайг өрөөндөө дуудаж өргөдөл бичүүлээд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Бэлтгэл Г бүлгийг хаагдана гэдгийг би ойлгож, мэдэж байсан. Гэхдээ хаагдсан өдөр нь өөрийгөө ажлаас чөлөөлөгдөнө гэдгийг мэдээгүй. Миний өмнөх туслах багшийн ажлын байр байнгын орон тооны байсан. Хөдөлмөрийн дотоод журамд байнгын ажлын байранд байсан хүнийг түр ажлын байранд томилсоны дараа ажлаас чөлөөлнө гэж заагаагүй тул намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Иймд ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хариуцагч 162 дугаар цэцэрлэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон эрхлэгч Э.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Э.М 2014 оны 09 дүгээр сараас эхэлж 162 Ц туслах багшаар ажилласан байсан. Э.Мын өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу харилцан тохиролцож цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1 тушаалаар туслах багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, энэ өдрөөс эхлэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар бэлтгэл Г бүлгийн багшаар томилсон. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэл нь сэрүүн өрөөнд ирэх жилийн 2020 оноос эхэлж дахин бүлгийн элсэлт зохион байгуулахгүй болсонтой холбоотой байсан юм. Тус өрөө нь орчны стандарт шаардлага хангахгүй, зориулалтын биш өрөө бөгөөд 00-ын өрөө ч байхгүй, хүүхдийн хөгжих эрх зөрчигдөж байсан тул нэгэнт авсан элсэлтээ 2019 оны сургалтын жилийг дуустал ажиллуулаад дахин элсэлт авахгүй татан буугдаж байсан юм. Ийнхүү хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эрхлэгчийн өрөөнд тэмдэглэл үйлдсэн. Түүнчлэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай албан бичгээр Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга н.Жаргалд 2019-2020 оны хичээлийн жилээс эхэлж сургалтын нөхцөл шаардлагын дагуу 12 бүлэгтэй үйл ажиллагаа зохион байгуулах болсноо мэдэгдсэн. Э.Мын хувьд Г бүлгийг татан буугдана гэдгийг мэдэж байсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал бүлгийн багшаар ажиллаж туршлага хуримтлуулъя багш нартайгаа хамт ажиллах хүсэлтэй байна гэхээр нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүнээс миний зүгээс албан хүчээр ажиллуулсан зүйл байхгүй. Гэрээ байгуулахдаа одоо ажиллаж байгаа туслах багшийн үүрэгт ажлаас бүр чөлөөлөгдөнө гэдгийг урьдчилан тайлбарлаж сануулсан гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч 162 Ц холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Мийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 162 дугаар цэцэрлэгийн захиргаанд цэцэрлэгийн сэрүүн өрөө буюу бэлтгэл Г бүлэгт бүлгийн багшийн сул орон тоонд энэ хичээлийн жилийг дуустал буюу сэрүүн өрөө татан буугдах хүртэл 5 сарын хугацаанд түр бүлгийн багшаар ажиллуулах тухай гаргасан өргөдлийг нь үндэслэн Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар Б/1 Э.Мыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар туслах багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, харилцан тохиролцсоны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Бэлтгэл Г бүлгийн багшаар томилон ажиллуулж, 2019 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. /хх-13-19/
Талуудын харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, Хөдөлмөрийн гэрээний 1.6 хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 31-нийг дуустал хүртэлх хугацаагаар, 6.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж зааснаар Э.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон Нийслэлийн Баянгол дүүргийн 162 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 тушаал хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр туслах багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж хичээлийн жилийг дуустал буюу 5 сарын хугацаанд түр бүлгийн багшаар ажиллуулах хүсэлт гаргаж энэ хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж талууд харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан тул түүний шүүх хуралдаанд тайлбарласан бэлтгэл Г бүлэг хаагдсанаар ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ мэдээгүй, түр ажлын байранд томилсны дараа ажлаас чөлөөлнө гэж заагаагүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч 162 Ц холбогдох нэхэмжлэгч Э.Мын ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Оюунтуулаас гэрчийн мэдүүлэг авсан боловч мэдүүлэг нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаарр зүйлийн 115.2.3, 116, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн Тухай Хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч 162 Ц холбогдох нэхэмжлэгч Э.Мын ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА