| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0085/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/97 |
| Огноо | 2023-04-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | З.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0085/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-д холбогдох эрүүгийн 2339000000106 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны Жаран гэх газарт хохирогч Ц.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, модон иштэй төмөр савраар түүний баруун гарын алганы ясыг цохиж, улмаар Ц.Х-ын биед баруун гарын алганы шивнүүр ясны хугарал бүхий гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөсөн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-24-р хуудас),
Хохирогч Ц.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г хүрч ирээд намайг чи муу хөгшин төгцөг минь үхээгүй байгаа юм уу гээд хэл амаар доромжлоод ална шүү гээд загнаад байсан. Тэгэхээр нь би тухайн үед чи согтуу юу яриад байгаа юм гэж хэлтэл над руу дайраад намайг заамдаж аваад хоолой боох гээд дайрахаар нь би адилхан тухайн хүнтэй барьцалдаж аваад гарыг нь тавиулах гэтэл тавихгүй надтай ноцолдоод байсан бөгөөд намайг газар унагаасан. Ингээд би газар унахдаа Г-ын доор нь орж ойчсон бөгөөд Г гэх залуу миний дээр гараад зууралдаад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа бид хоёр газраас боссон. Ингэж босож ирээд зогсож байтал Г миний малын хашаан дотор үхрийн баас цэвэрлэж байсан саврыг хашааны гадна талд орхисон байхад нь гаднаас нь очиж аваад миний толгой руу савраараа нэг удаа цохих гэтэл би гараараа тухайн үед хаатал миний баруун гарын сарвуу хэсэгт цохих нь таарсан. Ингээд намайг дахин Г барьж аваад толгой руу нэг удаа нүүр хэсэгт гараараа нэг удаа мөн толгой руу дух хэсэгт нэг удаа толгойгоороо 4 мөргөж автал миний хамраас цус гоожсон...Тухайн үед би Г ыг боль чи эрүүлдээ ирж яриарай гэж хэлсэн боловч үг ойлгохгүй байсан...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-44-р хуудас),
Гэрч Д.Болдоогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..манайхаас баруун талд 1 км орчим өвөлжөөнд өвөлжиж байгаа зүс таних буурал Х гэх ах мотоцикл унаж давхиж ирээд ах нь хүнтэй муудалцаад өөрийн гэртээ хүний толгойг хагалчихлаа. Миний дүү миний мотоциклийг унаж яваад манайд очоод тэр хүний толгойны цус нь тогтсон байна уу үзээд ирээч гэж айж сандарсан байдалтай хэлсэн. Би хаяа хотны айл байдаг болохоор тус болох үүднээс Х ахын мотоциклийг унаж Х ахын гэр рүү явж байтал манай гэрийн зүүн талд ойрхон нэг танихгүй алаг цоохор билүү, эрээн хүрэмтэй залуу зам дээр таарсан тул би мотоциклоо унтрааж зогсоход тэр танихгүй залуу намайг тосож ирээд намайг Х гэх хүн гэртээ сүхээр толгойг маань цохиж хагалчихлаа, намайг тэр айлд хүргээд өгчих гэж манай саахалт айлын зүг заасан тул би сундалдаж авч явах замд тэр танихгүй залуу Х намайг сүхэдчихлээ гэж согтуураад хашхирч байсан. Би айлын гадаа хүргэж өгөөд л шууд гэр рүүгээ буцах явцад тэр залуу би үхлээ ш дээ гэж хашхираад айлаас гарч ирсэн хүн согтуу байгаа юм уу чи дуугүй байгаач гэж зандарч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 53-55-р хуудас),
Гэрч З.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хонины хашаа руу явж байгаа Х ах Г 2 том том дуугараад муудалцаад гарсан. Х ах бол архи уугаагүй, эрүүл малын хашаан дээрээ ажил хийгээд байж байсан. тэгээд харахад тэр 2 бие биенийгээ заамдалцаад газар дээр, доороо ноцолдоод байсан. Тэгээд Жавзаа эгч бид 2 арай гэж салгасан. Г нь агсраад дайраад гичий, нохой гэх мэтээр хэл амаар доромжлоод салаавч өгөөд гичийнүүд гээд Жавзаа эгч бид 2-ыг хэл амаар доромжлоод давшлаад байсан. Тэгэхээр нь Жавзаа эгч бид 2 Х ахыг гэр рүүгээ ор, наад Г-г чинь бид 2 аргалаад явуулъя гээд Х ахыг гэр рүү нь оруулаад гадна талаас нь хаалгыг цүүзэлсэн. Тэгээд Г-г явуулах гээд аргадаж гуйж уурлаж зөндөө үзсэн. Харин Г бид 2-ыг хэл амаар доромжлоод салаавч өгөөд Х ахын гэр рүү орох гэж дайраад наад хөгшин пиздагаа гаргаад өгчих би алаад өгье гэж Х ахын хаалган дээр Жавзаа эгч бид 2-ыг оруулахгүй гээд хаагаад зогсож байхад гадаа том чулуу аваад хаалга руу нь чулуудахад бид 2 тийшээ болж холдсон. Тэгээд Г 2-3 удаа гэрийн хаалга руу том чулуугаар чулуудаад цүүзийг нь тайлаад гэр лүү нь яваад орчихсон. Тэгэхээр нь бид 2 гэрт орж ирэхэд гэрт харанхуй болчихсон ойрын юм харагдахаа больсон байсан. тэгээд Жавзаа эгч, бид 2-ыг гэрт орж ирэхэд Х , Г 2-ын хэн нь хэлсэн нь мэдэгдэхгүй гэрлээ асаа гэж хэлэхэд Жавзаа эгч гэрлээ асаахад гэрийн зүүн хойд талд Х ах Г 2 суучихсан Галаагийн толгойноос нэлээд их цус болчихсон байдалтай харагдаж байсан. Тэгээд Г араас нь намайг хутгалчихлаа ч гэнэ үү, заазуурдчихлаа ч гэнэ үү хашхираад Х ахын араас урагшаа яваад өгсөн...Г, Х ах 2 манай гэрийн баруун талд ноцолдоход Х ахын хамраас цус гараад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 58-63-р хуудас),
Гэрч Т.Чадраабалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г ах манай гадаа байхдаа манай хажуу айлын Х гэдэг ахыг ирэхэд “ Х гөлгөө сайн уу” гэж агсрах гээд байсан тэгтэл Х “чи хөгшин ахыгаа яах нь вэ” гэхэд үгүй зүгээр ах сайхан өвөлжиж байна уу гэчхээд машинтайгаа Э.Г манай гаднаас гэртээ харилаа гээд манайхаас явахдаа 1 нохойн гөлөг аваад гарсан...харин манайхаас аль замаар хаашаа чигтэй явсныг анзаараагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 77-78-р хуудас),
Гэрч Ч.Жавзандуламын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г сууж байснаа Х г ална гээд гэнэт босож ирээд манай нөхрийн өөдөөс алхаж очоод шууд барьцалдаад авсан юм. Би салгах гээд чадахгүй байсан тэгсэн хажуу айлын охин гараад ирсэн юм. Г газар байсан саврыг аваад манай нөхөр рүү далайж харагдсан. Тухайн үедээ хаашаа цохисныг нь хараагүй. Нөхрийн маань хамраас цус гараад байсан...Г-ын толгойноос цус гараад сууж байхаар нь би нөхөртөө хандан яаваа чи гэхэд намайг багалзуурдаад байхаар нь би айсандаа заазуураар цохичихлоо гэхээр нь би хурдан түргэн дууд гэхэд манай нөхөр гэрээс гараад мотоциклоо унаад яваад өгсөн араас нь удалгүй Г гараад яваад өгсөн юм...гэх мэдүүлэг (хх-ийн 81-83-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт (хх-ийн 106-107-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Э.Г хохирогч Ц.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч Ц.Х “...Э.Г ад гомдол, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 157-р хуудас) байх тул шүүгдэгч Э.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Э.Г нь хүлээн зөвшөөрсөн 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339000000106 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 120 см урттай модон иштэй төмөр саврыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г ыг 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2339000000106 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 120 см урттай модон иштэй төмөр саврыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР