| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/02930/И |
| Дугаар | 2930 |
| Огноо | 2019-11-04 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2930
| 2019 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2019/02930 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.А
Хариуцагч: НШШГГ
Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, Ё.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02303 дугаар захирамжаар Д.Ааас 226.352.595 төгрөгийг гаргуулж Ханбогд капитал ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 4/13785 тоот, 4/13786 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Д.Аы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018656 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол 31 дүгээр байрны 18 тоотод байрлалтай 54 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 141.746.358 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004941 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 4а байр 24 тоот 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 107.851.536 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гардуулж өгсөн. Баянгол дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол 31 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө нь үйлчилгээний зориулалттай, төвлөрсөн дулаан болон цэвэр усан хангамж, бохир ус татан зайлуулах татуургын системд холбогдсон, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй, гадна орчны нөхцөл таатай нийт 79 мкв талбай бүхий 370.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг 141.746.358 төгрөгөөр, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 4а байр 24 тоот 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өнөөдрийн зах зээлийн ханшийг ойр орчим байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулахад 130.000.000 төгрөгийн үнэтэй байхад 107.851.536 төгрөгөөр тус тус үнэлсэн нь НШШГГ төлбөр авагчийн талд хэт үйлчлэн нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн. Иймд дээрх орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02303 дугаар захирамжаар Д.Ааас 225.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.352.595 төгрөг нийт 226.352.595 төгрөгийг Ханбогд капитал ББСБ ХХК-нд төлж, төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Аы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000000 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг 00000000000000 тоотод байрлах 54 мкв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000000 дугаарт бүртгэгдсэн 00000000000000 тоотод байрлах 40 мкв талбайтай 3 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрөө сайн дураар төлж барагдуулах талаар мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Аы үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж хураасан. Төлбөр төлөгч Д.А болон өмчлөгч нараас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн саналыг өгөхөөс татгалзсан, төлбөр авагч талаас зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоосныг талуудад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдлээр биечлэн мэдэгдсэн. Мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.А, Г.Түвшин, Г.Сайнзаяа нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000000 дугаарт бүртгэгдсэн 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээчийн үнэ 107.851.536 төгрөгийн 70 хувь 75.496.075 төгрөгөөр, Д.Аы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205018656 дугаарт бүртгэгдсэн 54 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 141.746.358 төгрөгийн 70 хувь 99.222.450 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болсныг мэдэгдсэн. Шүүхийн шатанд шинжээч томилогдож шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 339.911.000 төгрөгөөр үнэлсэн тул энэ үнийн дүнгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж болно гэв.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Тус шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02303 дугаар захирамжаар Д.Ааас 225.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.352.595 төгрөг нийт 226.352.595 төгрөгийг гаргуулж Ханбогд капитал ББСБ ХХК-нд олгож, төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Д.Аы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018656 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг 00000000000000 тоотод байрлах 54 мкв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004941 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг 00000000000000 орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Дугаар 1194 гүйцэтгэх хуудас бичигдэж, хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дугаар 19250176 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж явуулсан байна.
Дээрх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, зохигч маргаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, Баянгол дүүрэг 00000000000000 тоот дахь 54 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 4а байрны 24 тоот дахь 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр битүүмжилж, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 19250176/07 эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан болох нь мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол гэсэн баримтуудаар тогтоогджээ.
Төлбөр төлөгч Д.А НШШГГт орон сууцыг худалдах үнийн санал өгөхөөс татгалзсан боловч төлбөр авагч Ханбогд капитал ББСБ барьцаа хөрөнгөнд хөндлөнгийн шинжээч томилон албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Сэлэнгэ Эстимэйт хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 173 дугаартай тогтоолоор томилж, тогтоолыг ахлах шийдвэр гүйцэтгэгчээр батлуулсан байна.
Шинжээчээр томилогдсон хөрөнгө үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий Сэлэнгэ Эстимэйт хөрөнгийн үнэлгээний төв ХХК Баянгол дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хороолол 31 дүгээр байр 18 тоот дахь 54 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 141.746.358 төгрөг, Баянгол дүүрэг 000000000000004 тоот дахь 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 107.851.536 төгрөг болохыг тогтоож, энэ тухай тайланг НШШГГт ирүүлж, үнэлгээг төлбөр төлөгч Д.Ад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан ба нэхэмжлэгчээс уг үнэлгээний талаар гомдол гаргах хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гомдол гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр орон сууцны өнөөгийн зах зээлийг үнийг тогтоолгох шинжээч томилж, шинжээчээр ажилласан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь дээрх хоёр тусдаа 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг нийт 339.911.000 төгрөгөөр үнэлж ирүүлсэнг талууд зөвшөөрч, хариуцагч энэ үнэлгээгээр тооцон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх талаар тайлбарласан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Баянгол дүүрэг 00000000000000тоот 54 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 00000000000000 тоот 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ад олгосугай.
3. Тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 102/ШЗ2019/08445 хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА