| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/04457/и |
| Дугаар | 2872 |
| Огноо | 2019-10-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2872
| 2019 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2019/02872 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.О
Хариуцагч: А.Х
Эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.О, хариуцагч А.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.О миний бие нь 2014 онд А.Хтай танилцаж, хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Х.Ү төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул А.Хыг Х.Үгийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Миний бие нь Үжингоогийн төрсөн эцэг мөн бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч А.Хт холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
А.О, А.Х нар 2014 онд танилцаж, хамтран амьдарч, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин Х.Ү төрсөн болох нь шүүхэд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтаар тогтоогдож байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, охин Х.Үгийн эцэг нь А.Х болох нь тэдний тайлбараар тогтоогдсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч тайлбарласан тул 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Х.Үгийн эцгээр А.Хыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Хэдийгээр хүүхэд эхийн асрамжид байгаа боловч эцэг А.Х нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр бөгөөд зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Хаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.От олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Х.Ү /РД:УШ16221768/-гийн эцэг нь А.Х болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Х.Үг 11 нас хүртэл тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.Хаар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Хаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.От олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА