| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0046/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/102 |
| Огноо | 2023-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/102
2023.04.21 2023/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0046/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч З.Наранчиимэг,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Отгонбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр,
Шүүгдэгч З.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хнэтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Х-д холбогдох эрүүгийн 2239004750032 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг модотын 9-10 тоотод хохирогч Д.О-тэй “архи уудаг юмнуудч битгий гэрт орж ирээд бай” гэх шалтгааны улмаас бөөр болон нүүр рүү нь өшиглөж, улмаар түүний биед баруун, зүүн нүдний зовхины хэсэг, хамрын нуруу хэсэг, баруун шанаа, эрүү хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг модотын 9-10 тоотод хохирогч Д.О-тэй “архи уудаг юмнуудч битгий гэрт орж ирээд бай” гэх шалтгааны улмаас бөөр болон нүүр рүү нь өшиглөж, улмаар түүний биед баруун, зүүн нүдний зовхины хэсэг, хамрын нуруу хэсэг, баруун шанаа, эрүү хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239004750032 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.О-гийн (хх-ийн 17-18-р хуудас), гэрч Б.Осороогийн (хх-ийн 32-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч З.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч М.О-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 764 дугаартай дүгнэлт (хх-ийн 38-39-р хуудас),
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 32/23 дугаартай албан тоотын хавсралт судалгаа
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50, 56, 57-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2239004750032 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч З.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа иргэний нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан эрүүл мэндийн даатгалын санд буюу улсад учирсан 43.000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж байна ...” гэв.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч М.О шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй санал нэг байна. Хохирогч Д.О-гийн эмчилгээ авч нийгмийн даатгалын сангаас 43.000 төгрөгийн үйлчилгээ авсан байх тул уг үйлчилгээний хөлс болох 43.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч З.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөр байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч З.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг модотын 9-10 тоотод хохирогч Д.О-тэй “архи уудаг юмнуудч битгий гэрт орж ирээд бай” гэх шалтгааны улмаас бөөр болон нүүр рүү нь өшиглөж, улмаар түүний биед баруун, зүүн нүдний зовхины хэсэг, хамрын нуруу хэсэг, баруун шанаа, эрүү хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч З.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 26-ны орой согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ О-гийн биед халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна хөгшин настай хүний биед гэмтэл учруулсандаа үнэхээр гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч М.О-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Хохирогч Д.Оюунчимэг нь энэ гэмт хэргийн улмаас 43,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 32/23 дугаартай албан тоотын хавсралт судалгаагаар тогтоогдож байгаа. Иймд шүүгдэгч З.Х-ээс 43,000 төгрөг гаргуулж Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд оруулах саналтай байна...”
Хохирогч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 26-ны орой өөрийн гэр болох Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг модотын 9-10 тоотод нөхөр Оросоогийн хамт байж байхад манай сумын Х гэх хүн манай гэрт согтуу орж ирэхээр нь би архи уудаг
юмнууд битгий манайд орж ирээд бай гэж хэлтэл Х намайг зуухны хажууд сууж байтал нүүр рүү өшиглөөд намайг унагаасан. Тэгсэн бөөр болон нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би зугтааж гараад эмнэлэг рүү очсон юм...Тухайн үед миний хоёр нүд хөхөрч хавдсан, эрүү болон хацар хөхөрсөн, бөөр нуруу өвдөж байсан одоо бол зүгээр болчихсон...Би Х гэх залууг зодож цохисон асуудал байхгүй...Тухайн үед гэрт би манай нөхөр Оросоо тэгээд Х гэх залуу байсан юм...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн байсан гэхдээ бараг зүгээр байсан харин Х гэх залуу нэлээн согтолттой байсан...Надад ямар нэгэн санал гомдол нэхэмжпэх зүйл байхгүй Х гэх залуу надаас уучлал гуйж эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж миний биеийг эмчлүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас),
Гэрч Б.Оросоогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 26-ны орой би гэртээ эх*******О-гийн хамт байж байтал манай нутгийн дүү Х манай эх*******болох Оюунчимэгийг зодсон. Би өндөр настай хүн тул өөр юм ярьмааргүй байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 32-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 764 дугаартай дүгнэлтэд:
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 32/23 дугаартай албан тоотын хавсралт судалгаагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч З.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч З.Х нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч З.Х нь хохирогч Д.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х нь хохиролтой холбоотой баримт хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч З.Х-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч М.О нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 43,000 төгрөгийг нэхэмжилж байх ба 43,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн болох нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 32/23 дугаартай албан тоотын хавсралт судалгаагаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч З.Х-ээс 43,000 төгрөг гаргуулж Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч З.Х нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч З.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2239004750032 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х нь эмчилгээнд гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (тавн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (тавн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х-ийн цагдан хоригдсон 9 (ес) хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 135 (нэг зуун гучин тав) нэгжээр тооцож 135,000 (нэг зуун гучин таван мянга) төгрөгийг торгох ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч З.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч З.Х-ээс 43,000 (дөчин гурван мянга) төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Эрүүгийн 2239004750032 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Х нь эмчилгээнд гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч З.Х-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР