Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/182

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Энхбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хохирогч ******* /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хүрэлсүх

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2321000000118 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн тусгай объект хамгаалагч мэргэжилтэй, ******* хүчний ******* дугаар ангид ******* ******* ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч Б.******* нь Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу явах асфалтан хучилттай замд 2023 оны 02 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн орчимд Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дутуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйлгүй” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...миний бие 2 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн ослын улмаас биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Энэхүү ослын дараа эмчилгээ, эм тариа, унааны зардалд 1,903,040 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн зөрүү цалин болох 3,502,234.38 төгрөг, хагас жил тутамд бодогдох урамшууллын орлого болох 1 сарын үндсэн цалин 2,200,000 төгрөг, нийт бодит хохирол 7,605,274.38 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 2,000,000 төгрөгийг барагдуулсан тул зөрүү дүн болох 5,605,274.38 төгрөгийг барагдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд оройн 19 цагийн орчимд аавын танилын машиныг манай нөхөр бариад аавын танилынх нь хүү болох *******тай хамт гарсан. Шөнийн 01 цагийн орчимд Хэнтий аймагт хоол идсэн. Тэгээд цааш хөдлөөд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд ирж зогссон. Түмэнцогт суман дээр манай аав том машинтайгаа ирчихсэн амраад хүлээж байсан. Аав дээр ирээд хамт амарч байгаад өглөө болохоор хамт явах гэж байтал ******* энд унтах гэж байгаа юм бол би машин бариад явчихъя гэж хэлсэн. 04 цагийн үед ******* машин бариад цааш явсан. Би унталгүй жолоочийн хажуу талд суугаад хөгжим тавиад явж байсан. Гэтэл явж байгаад сумын ойролцоо 06 цаг 30 минутын орчимд машин замын хажуугийн шон мөргөөд цас руу ороод зогссон. ...Тэр үед миний зүүн гар мөрнөөсөө доошоо юм мэдрэхгүй байж байгаад хүчтэй өвдөж эхэлсэн. Тэгээд аймгийн эмнэлэг рүү ярихад 1 цагийн дараа ирнэ гэхээр нь би нөхөртэйгээ хамт замын унаанд суугаад ирсэн. ...Зүүн гарын тохойны дээд хэсгээрээ хугарсан байна гэж эмч хэлсэн. ...*******ын зүгээс миний хохирлыг нөхөн төлөөгүй байгаа. Миний хувьд өмнө нь гэмтлийн улмаас гарсан эмнэлгийн зардлаа өөрөө нөхөн төлнө гэж байсан боловч *******ын зүгээс миний хохирлыг барагдуулаагүй учир одоо эмнэлгийн зардал, унааны зардал, мөн 2 сарын цалин болон улирлын урамшууллаа нэхэмжилнэ. Эмнэлэг болон унааны зардал нь мэс засал, ор хоногийн 421,200 төгрөг, шаардлагатай эм тарианы зардал 1,176,240 төгрөг, унааны зардал 305,600 төгрөг болсон. Энэ зардлын баримтыг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгнө. Мөн миний 1 сарын цалин 1,880,000 төгрөг байдаг. Дахин 1 сар ажиллах боломжгүй болсон учраас нийт 2 сарын цалин болох 3,760,000 төгрөг болж байна. Мөн өмнө нь мэдүүлэгт хэлсэнчлэн банкны дотоод журмаар хагас жил тутамд ажлын үнэлгээгээр цалинг 100 хувь олгодог бөгөөд 2 сар ажилдаа яваагүйгээс болж энэ урамшууллаа авах боломжгүй болсон тул тухайн цалинг 100 хувь өгнө гэхээр 1,880,000 төгрөг болж байгаа юм. Ингээд нийтдээ 7,543,000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 21-31/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...04 цагийн орчимд Түмэнцогтоос хөдөлсөн байх. Ингээд би арын суудал дээр манай эхнэр жолоочийн хажуу суудалд сууж, ******* жолоо барьж явсан. Би явж байгаад унтчихсан ба сум дөхөөд сэрсэн. Энэ үед би сэрэх гээд нүдээ нухаад байж байтал машин замаас гарч замын хажуугийн шон мөргөөд дээшээ цойлсон ба дахиад 1 шон мөргөсөн байх дахиж цойлоод цасанд зоогдоод зогссон. Буугаад харахад жолоочийн талын дугуй авах юмгүй болсон байсан. ...манай эхнэр гийн гар нь өвдөөд байсан тул бид хоёр замын унаанд сууж аймгийн төв рүү явсан. ...Миний биед бэртэж гэмтсэн зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 33-35/

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 152 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед зүүн атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 45-46/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 02 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчимд би Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд болон түүний нөхрийн хамтаар манай аавын машиныг гийн нөхөр нь бариад гарсан. Замдаа Хэнтий аймагт хоол идсэн. Тэгээд явж байгаад Түмэнцогт дээр ирээд зогсохоор нь би “энд амрах гэж байгаа юм уу, цаашаа явах уу яах уу, би бариад явах уу, яах уу” гээд хоорондоо асуусан. Хэсэг амарч байгаад гийн нөхөр нь машин бариад цааш хөдөлсөн. Хөлөнбуйр сум өнгөрөөд явж байгаад би жолоо шилжүүлж авсан. сумын төвийн ойролцоо явж байхад машины дугуй нэг л сонин болоод хүндрээд үрүүл булаагаад байсан. Машин замын хажуу руу ороод цасанд зоогдоод зогссон...” гэжээ. /хх-ийн 61-66/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10, 14-15/

Ослын газрын схем зураглал /хх-ийн 11/

улсын дугаартай, Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 13/

*******ын жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 16/

улсын дугаартай, Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 17/

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23/26 тоот дүгнэлт /хх-ийн 53-54/

*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71-72/

Хохирогч *******гаас хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримт /хх-ийн 81-89/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/ болон шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогч *******гийн хүсэлт /2 хуудас/, эмнэлгийн магадлагааны хуулбар /1 хуудас/, дансны гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл /7 хуудас/, мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /2 хуудас/, банкны тодорхойлолт /2 хуудас/, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ /1 хуудас/, урамшуулал олгосон баримт /1 хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай тодорхойлолт /1 хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгч *******ын дансны хуулга /1 хуудас/, *******гийн цалингийн тооцоолол /3 хуудас/  зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Боржигин овогт ******* ******* нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 06 цагийн орчимд Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчих хот хоорондын замаар Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай, Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дутуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Хөлөнбуйр сум өнгөрөөд явж байхад би жолоо шилжүүлж авсан. сумын төвийн ойролцоо явж байхад машины дугуй нэг л сонин болоод хүндрээд үрүүл булаагаад байсан. Машин замын хажуу руу ороод цасанд зоогдоод зогссон...” гэх мэдүүлэг, хохирогч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Миний бие Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд оройн 19 цагийн орчимд аавын танилын машиныг манай нөхөр бариад аавын танилынх нь хүү болох *******тай хамт гарсан. ...04 цагийн үед ******* машин бариад цааш явсан. Би унталгүй жолоочийн хажуу талд суугаад хөгжим тавиад явж байсан. Гэтэл явж байгаад сумын ойролцоо 06 цаг 30 минутын орчимд машин замын хажуугийн шон мөргөөд цас руу ороод зогссон. ...Тэр үед миний зүүн гар мөрнөөсөө доошоо юм мэдрэхгүй байж байгаад хүчтэй өвдөж эхэлсэн. Тэгээд аймгийн эмнэлэг рүү ярихад 1 цагийн дараа ирнэ гэхээр нь би нөхөртэйгөө хамт замын унаанд суугаад ирсэн. ...Зүүн гарын тохойны дээд хэсгээрээ хугарсан байна гэж эмч хэлсэн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч “...Би явж байгаад унтчихсан ба сум дөхөөд сэрсэн. Энэ үед би сэрэх гээд нүдээ нухаад байтал машин замаас гарч замын хажуугийн шон мөргөөд дээшээ цойлсон ба дахиад 1 шон мөргөсөн байх дахиж цойлоод цасанд зоогдоод зогссон. ...манай эхнэр гийн гар нь өвдөөд байсан тул бид хоёр замын унаанд сууж аймгийн төв рүү явсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 152 тоот дүгнэлт, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23/26 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газрын схем зураглал, улсын дугаартай, Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 152 тоот “...*******гийн биед зүүн атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 23/26 тоот “...Toyota Prius-20 маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан...” гэх дүгнэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээ, эм тариа, унааны зардалд 1,903,040 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн зөрүү цалин 3,502,234.38 төгрөг, хагас жил тутамд бодогдох урамшууллын орлого 1 сарын үндсэн цалин 2,200,000 төгрөг, нийт 7,605,274.38 төгрөгөөс *******ын хохиролд төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж нийт 5,605,274.38 төгрөгийг нэхэмжилсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах эрх хэмжээг шүүхэд олгожээ.

Хохирогч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд энэ хугацаанд түүнд дөрвөн удаа эмнэлгийн хуудас /лист/ олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан эмнэлгийн магадлагааны хуулбараар тогтоогдож байна. Гэвч хохирогч ******* нь дээр дурдсан хугацаанд нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид хэдэн төгрөг авсан болох нь баримтаар нотлогдохгүй байхаас гадна 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж бодогдоогүй байгаа зэргээс шалтгаалж хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг бодитоор тооцох боломжгүй байна. Мөн хохирогч нь хагас жил тутамд бодогдох урамшууллын орлого болох 1 сарын үндсэн цалин 2,200,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч банкны 2023 оны эхний хагас жилийн урамшуулал олгох тайлант хугацаа дуусаагүй түүнчлэн урамшууллыг ямар шалтгааны улмаас олгохгүй талаар эрх бүхий этгээдээс тодорхой шийдвэр гараагүй байна. Иймд хохирогч *******гийн нэхэмжлэлээс хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн зөрүү цалин 3,502,234.38 төгрөг, хагас жил тутамд бодогдох урамшууллын орлого 1 сарын үндсэн цалин 2,200,000 төгрөг нийт 5,702,234.38 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн тодорхой тооцоог гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Харин эмчилгээ, эм тариа, унааны зардалд 1,903,040 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч хохирогчид эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийг төлсөн байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч ******* нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч *******д эмчилгээний зардалд 2,000,000 /хоёр сая/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА