| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/03589/И |
| Дугаар | 2666 |
| Огноо | 2019-10-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2666
| 2019 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2019/02666 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: УШ ХХК
Хариуцагч: ҮЧ ХХК
361.540.512 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, 434.872.623 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УШ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 8 дугаар сар юм уу 10 дугаар сарын үед Архангай аймгийн Цахир сумын нутагт Увидасын орон цогцолборт Увидасын үүд нэртэй чулуун байгууламж, бүтээлийг ҮЧ ХХК-иар хийлгэхээр УШ ХХК, ҮЧ ХХК-ийн хооронд аман хэлцэл хийгдсэн. Нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 313,412,301 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн. Энэ хугацаанд ажил гүйцэтгэгчээс 3 янзын төсөв ирүүлсэн. Эхний 696.000.000 төгрөгний төсвийг 2015 оны 12 дугаар саын 20-ны өдөр захиалагчид ирүүлсэн. Төсөв ирэхээс 3 хоногийн өмнө 12 дугаар сарын 17-ны өдрөөс захиалагч тал санхүүжилтийг олгож эхэлсэн байсан. Энэ хооронд энэ төсөв хэт өндөр дүнтэй байна. Тийм учраас энэ төсвөө эргэж хар гэдэг шаардлага тавьсан. Ингээд 2016 оны 01 дүгээр сард 2 дахь 698.587.132 төгрөгний төсөв ирүүлсэн. 2016 оны 3 дугаар сард 3 дахь 1.101.647.787 төгрөгний төсвийг өгсөн. Гэтэл сүүлийн 2 төсөв өмнөхөөсөө нэмэгдэж ирсэн учир нэхэмжлэгч тал нэмэлт санхүүжилт олгохоо зогсоосон. Өөрөөр хэлбэл гэрээний гол зүйл болох үнэ дээр хоёр тал тохиролцоогүйг ажил гүйцэтгэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Иргэний хуульд хэлцлийг амаар болон бичгээр хийж болно гэж тодорхой заасан. Гэхдээ хэлцлийн гол хүчинтэй байх нөхцөл нь гэрээний гол нөхцөлийг заавал тохирсон байхыг шаардаж байгаа. Гэрээний гол зүйлийг тохирсон тохиолдолд хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэхдээ энэ тохиолдолд анхнаасаа захиалагч ч тэр, ажил гүйцэтгэгч ч тэр ажлын үр дүнгийн үнэлгээ буюу ажлын хөлсийг тохиролцоогүй. Энэ хүмүүс урьд нь ажил төрлийн холбоо, найз нөхдийн холбоотой байсан учраас тохиролцсон гэдэг дээр манай захиалагч тал найдаад явж байсан. Санхүүжилт зогсоосноос хойш талууд харилцан эвлэрэх, хэл амаа ололцох талаар захиралууд уулзалт хийж байсан юм байна лээ. Хамгийн түрүүнд төсөв зардлаа гаргаад, тохиролцсоны үндсэн дээр бүтээл, туурвилыг үйлдвэрлэж эхлэх ёстой. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон бол хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан. Хоёр компаний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Ажил гүйцэтгэх гэрээ амаар хийгдсэн. Гэрээний дагуу ажлын үр дүнг захиалагч талд заавал шилжүүлэх ёстой боловч өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй. Үнэхээр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн юм бол гэрээний дагуу ажлын гүйцэтгэлээ захиалагч талд хүлээлгэж өгөөд зөрүү мөнгөө нэхэмжлэх ёстой. Гэрээний үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул бид шүүхэд хаалгыг авъя гэсэн нэхэмжлэл гаргаж байсан. Хэрэв хаалгыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн бол Архангай аймаг руу чулуун хаалга тээвэрлэх манай ажил байсан. Үр дүнг хүлээлгэж өгөөгүй байдлаа Иргэний хуулийн 215 дугаар зүйлийг үндэслэж үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрхтэй гэж тайлбарлаж байгаа. Анх захиалагч шүүхэд боржин чулуун хаалгыг хариуцагч талаас гаргуулж авах нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж боржин чулуун хаалгыг авахгүй, зөвхөн боржин чулуун хаалганы үнэд төлсөн 313.412.301 төгрөгийг нэхэмжилсэн. Захиалга өгснөөс хойш бүтэн 4 жил өнгөрч хаалга хэрэггүй болсон. Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул шилжүүлсэн 313.412.301 төгрөгийг 0,5 хувиар тооцож алданги 48.128.211 төгрөгний хамт 361.540.512 төгрөгийг хариуцагч ҮЧ ХХК-наас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ҮЧ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. ҮЧ ХХК нь 2015 оны 10 дугаар сараас эхлээд УШ ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу Архангай аймгийн Цахир сумын нутагт орших Увдист орон цогцолборын барилгын ажилд зориулж 10 метр өндөр, 21 метр урттай боржин чулуун сийлбэртэй хаалгыг хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Ингээд 2017 оны 01 дүгээр сар хүртэл дээрх чулуун хаалгыг хийж гүйцэтгэх ажил явагдсан. Өнөөдрийн байдлаар хаалга бүрэн хийгдэж дууссан. ҮЧ ХХК-ийн чулууны үйлдвэрт биет байдлаар байгаа. Хэрэгт авагдсан 2 удаагийн шинжээчийн дүгнэлт, өнгөтөөр болон хараар авсан гэрэл зургаар боржин чулуун хаалга хийгдээд бэлэн болсон байгаа нь харагдана. Захиалагч, ажил гүйцэтгэгч компанийн захиралууд 2015 оны 8 сараас эхлээд тухайн хаалгыг хийж гүйцэтгэх талаар тохиролцоод, харилцан тохиролцсоны дагуу хариуцагч боржин чулуун хаалгыг хийж гүйцэтгэсэн. Манай компани Увидасын орон цогцолборт зөвхөн хаалга бус 2015 оноос өмнө тухайн цогцолборт зориулагдаж хийсэн бүх чулуун байгууламжуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ газар нь Архангай аймгаас олдсон багш шавь хоёрын зандалшуулсан шарил бүхий уул юм байна лээ. Энэ уулыг мөргөлийн газар болгож, жуулчдад сонирхуулах, ашиглах зорилгоор хийсэн ажил бөгөөд Увдист орон цогцолбор гээд ажлын танилцуулга дээр тавигдсан боржин чулуун шат, бунхан, сандал, ширээ зэрэг ихэнх ажлуудыг ҮЧ ХХК хийж гүйцэтгэсэн. Тэгээд энэ ажлуудынх нь нэг хэсэг юм байна гэсэн байдлаар ҮЧ ХХК-ийн захирал ойлгоод ямар нэгэн гэрээ байхгүйгээр, урьдын хамтын ажлын итгэлцэл, хамтын ажлын харилцааныхаа хүрээнд хаалганы ажлыг эхлүүлж ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласан шиг 3 удаагийн төсөвтэй холбоотой ажил зогссон ч юм уу, эсвэл захиалагч тал үүргээ гүйцэтгэхээс татгалзаж байсан нөхцөл байдал гараагүй. Тухайн үед ажлыг хийж гүйцэтгэж байсан ажиллагаатай холбоотойгоор төсвөө тухай бүрт илэрхийлээд, тодотгоод явж байсан болхоос 690.000.000 төгрөгийн төсөв гаргаад, түүнийгээ шууд 1.100.000.000 төгрөг болоод ч юм уу үндэслэлгүйгээр нэмэгдүүлээд, үүнээс болж талуудын хооронд үл ойлголцол, маргаан үүсээд, өнөөдөр шүүхийн шатанд хүртэл маргалдсан асуудал биш. Гүйцэтгэгч тал ҮЧ ХХК-ийн зүгээс 2017 оноос хойш ажлыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээд, ажлаа хүлээж авахыг нэхэмжлэгч УШ ХХК-д хэлж мэдэгдсэн. Талуудын хооронд аман хэлбэрээр ярилцаж, харилцан тохиролцсоны дагуу төсөвт тусгагдсан ажил болох тухай чулуун хаалгыг үйлдвэрийн хашаанаас Архангай аймгийн нутаг хүртэл тээвэрлэх ажлыг нэхэмжлэгч тал өөрөө хариуцахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч тал бүрэн хүлээж авах үүрэгтэй шүү гэж талууд харилцан тохиролцсоны дагуу хариуцагч тал энэ ажлыг бүрэн гүйцэт хийж дууссан. Гэвч ажлын гүйцэтгэл болох чулуун хаалгыг хүлээж авалгүйгээр нэхэмжлэгч тал шүүхэд хандсан. Ажлын гүйцэтгэлийн явцад нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлээд ажлын явцын зардалд 313.412.301 төгрөгийг төлж барагдуулсан. Талуудын дунд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх харилцаатай холбоотой үүссэн, мөн хэрэгжсэн, хийгдээд дуусгавар болсон ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн хэм хэмжээгээр тодорхойлогдох харилцаа байсан. Ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээний дагуу ажлын гүйцэтгэлээ хүлээлгэж өгөөгүй, энэ үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг. Гэтэл ажлын гүйцэтгэлээ хүлээж авах үүрэг нь нэхэмжлэгч талд байгаа. Нэхэмжлэгч тал өөрөө очоод танилцах, хүлээж аваад тээвэрлэх асуудал дээр ямар нэгэн үйлдэл гаргаагүй, ямар нэгэн саналыг УШ ХХК-иас ҮЧ ХХК-д тавиагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ҮЧ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж тайлбарлахдаа: ҮЧ ХХК нь УШ ХХК-ийн тавьсан саналын дагуу 2015 оны 10 дугаар сараас эхлэн тус компанийн хийж гүйцэтгэж буй Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Увидасын орон цогцолборт зориулж 10 метр өндөртэй, 21 метр урттай, боржин чулуун, иж бүрэн сийлбэрэн чимэглэлтэй хаалгыг хийж гүйцэтгэсэн. Тус хаалгыг хийж гүйцэтгэхдээ нийт 166 м.куб хэмжээтэй байгалийн боржин чулуу ашиглаж, компанийн нийт ажилчид 2015 оны 10 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд зөвхөн тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд анхаарч ажилласан. Үйл ажиллагааны явцад УШ ХХК-иас ҮЧ ХХК-д ажлын хөлс 313.412.301 төгрөгийг төлсөн. Боржин чулуун урлал буюу чулуун сийлбэрийн ажиллагаа нь эдийн засгийн зардал их шаарддаг бөгөөд боржин чулуун хаалганы гүйцэтгэлийн явцад гүйцэтгэгчээс төлсөн 313.412.301 төгрөгийн зардлаас гадна компанийн зүгээс 150.000.000 төгрөгийн зээл авч хаалганы ажилд зарцуулан ажилласан. Гэвч 2017 оны 01 дүгээр сараас эхлэн үлдэгдэл төлбөрийн талаар маргаан гарч гүйцэтгэгчээс тавьсан удаа дараагийн үнийн санал, төсвийг үл зөвшөөрөн эцэстээ үйл ажиллагааны зардалд төлсөн 313.412.301 төгрөг нь тус хаалганы нийт үнэ мэтээр маргаж, бүрэн хийж гүйцэтгэсэн боржин чулуун хаалгыг ҮЧ ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж маргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК сийлбэрэн чимэглэлтэй боржин чулуун хаалгыг 529.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тус дүгнэлтэд үндэслэж үйл ажиллагааны явцад төлсөн 313.412.301 төгрөгийг хасаж үлдэгдэл төлбөр 215.587.699 төгрөгийг хариуцагч Увидсын шүтээн ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байсан. Мөн дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн тайлан дүгнэлтээр боржин чулуун хаалгыг бүтээсэн зардлыг үнэлгээний нийлбэр аргаар тооцоолоход 1.115.249.999.35 төгрөг, гүйцэтгэлийн төсвийн аргаар тооцоолоход 644.073.785 төгрөг гэж тус тус үнэлсэн. Боржин чулуун хаалганы хийж гүйцэтгэсэн нийт төсвийг 748.284.924 төгрөг байхаар тооцоолсон бөгөөд дээрх төсвийн үндэслэл, холбогдох зардлууд нь хариуцагч ҮЧ ХХК-ийн хийж гүйцэтгэсэн бодит ажлын зардал, үр дүн, үйл ажиллагаатай бүрэн тохирч байгаа тул гүйцэтгэгч ҮЧ ХХК-ийн зүгээс өөрийн компанийн хийж гүйцэтгэсэн боржин чулуун хаалгыг төсөвт тусгагдсан 748.284.924 төгрөгөөр үнэлэгдэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж, үйл ажиллагааны явцад төлөгдсөн 313.412.301 төгрөгийг хасаж тооцон, ажлын хөлсөнд үлдэгдэл төлбөр 434.872.623 төгрөгийг нэхэмжлэгч УШ ХХК-иас нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч УШ ХХК-ийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бид чулуун хаалгыг авахгүй. 4 жил өнгөрсөн. Ямар ч зүйлд цаг хугацаа гэж байдаг тул ач холбогдлоо алдсан. Шинжээчийн дүгнэлтэд бид анхнаасаа эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэвэл манай нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Өөрөөр хэлбэл энэ нэхэмжлэлийн шаардлага дээр заавал шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Үнэн бодит байна уу, бодит бус байна уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Анхан шатны шүүх дээр хариуцагч тал 215.000.000 төгрөгийг зөвшөөрөөд нэхэмжлээд явж байсан. Одоо бүр завшаан болж 748.284.924 төгрөгийн төсөв гаргасан гээд зөрүү 434.872.623 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Нэхэмжлэгч тал өнөөдөр өгсөн мөнгө ч үгүй, хүлээж авсан хаалга ч үгүй байж дээрээс нь нэмж 434,872,623 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч УШ ХХК нь хариуцагч ҮЧ ХХК-нд холбогдох ажлын хөлсөнд шилжүүлсэн 313.412.301 төгрөг, алданги 48.128.211 төгрөгний хамт 361.540.512 төгрөг гаргуулах, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулж хаалганы үлдэгдэл төлбөр 434.872.623 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
УШ ХХК нь хариуцагч ҮЧ ХХК-тай 2015 оны 10 дугаар сард Архангай аймгийн Цахир сумын нутагт баригдаж буй Увидаст орон цогцолборт зориулж 10 метрийн өндөртөй 21 метрийн урттай боржин чулуу бүрэн сийлбэрэн чимэглэлтэй хаалга хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, ажлын хөлсөнд 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 313.412.301 төгрөг шилжүүлж төлсөн, ажил гүйцэтгэгч 2015 оны 12 дугаар сарын 20-нд 696.600.000 төгрөг, дараа нь 698.587.132 төгрөг, 2016 онд 1.101.647.787 төгрөгний ажлын төсвийг тус тус зохиож хүргүүлсэн болох нь талуудын тайлбар, үнийн санал, төлбөрийн тооцоо гэсэн баримтуудаар тогтоогдож, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болохыг зөвшөөрч тайлбарласан байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хариуцагч ҮЧ ХХК нь гурван удаагийн төсвийг зохиож нэхэмжлэгчид хүргүүлэх хугацаанд нэхэмжлэгч нь татгалзсан хариу өгөөгүй, ажлын хөлсөнд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 313.412.301 төгрөг төлж ажлыг гүйцэтгүүлсэн боловч хариуцагчаас захиалагчийн даалгавраар хийж гүйцэтгэсэн боржин чулуун хаалгыг хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, ажлын хөлсөнд шилжүүлсэн төлбөрийг шаарджээ.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа өөрөө биш харин захиалагчийн захиалсан боржин чулуун, иж бүрэн сийлбэрэн чимэглэлтэй хаалга байхаар талууд тохиролцсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар гүйцэтгэгч ҮЧ ХХК нь захиалсан хаалгыг УШ ХХК-нд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд ажлын төсвийн хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалж гэрээг цуцалсан талаар тайлбарлаж ажлын хөлсөнд шилжүүлсэн 313.412.301 төгрөгийг нэхэмжилсэн боловч гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ийн шинжээчдийн тайлан дүгнэлтээр боржин чулуун хаалгыг бүтээсэн зах зээлийн нийт өртөг 644.073.785 төгрөг, боржин чулуун хаалганы хийж гүйцэтгэсэн нийт төсвийг 748.284.924 төгрөг байхаар тооцоолж ирүүлсэн, дүгнэлтээр ажил гүйцэтгэгчээс гарсан бодит зардал 512.651.691 төгрөг байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3-т зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсөнд шилжүүлсэн 313.412.301 төгрөгийг шаардах эрхгүй мөн талууд бичгээр алданги тооцохоор гэрээ байгуулаагүй тул алданги 48.128.211 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй тул нийт нэхэмжилсэн 361.540.512 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин хариуцагч нь сөрөг шаардлагаар чулуун хаалганы үнэ буюу үлдэгдэл төлбөрт 434.872.623 төгрөг гаргуулахыг шаардсан боловч захиалагчийн захиалсан боржин чулуун, иж бүрэн сийлбэрэн чимэглэлтэй хаалгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр хөлс авах эрх нь үүсэх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, захиалагч УШ ХХК нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй бөгөөд ҮЧ ХХК мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийг хуульд заасан хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
Хэдийгээр хариуцагч гэрээгээр тохирсон ажлыг хүлээлгэж өгөөгүйгээс захиалагч гэрээг дуусгавар болгосон боловч гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3-т зааснаар төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон шууд гарсан зардал 512.651.691 төгрөгнөөс ажлын хөлсөнд шилжүүлсэн 313.412.301 төгрөгийг хасаж үлдэгдэл 199.239.390 төгрөгийг нэхэмжлэгч УШ ХХК-наас гаргуулж хариуцагч ҮЧ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 235.633.233 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан гүйцэтгэлийн төсөв, шинжээчийн ажлын хөлс 8.910.000 төгрөгийг зохигчоос тэнцүү хувиарлан гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж зохигчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, сөрөг шаардлагын хангасан үнийн дүнгээр бодож тэмдэгтийн хураамжид 1.154.147 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ҮЧ ХХК-наас ажлын хөлсөнд шилжүүлсэн 313.412.301 төгрөг, алданги 48.128.211 төгрөг нийт 361.540.512 төгрөг гаргуулах нэхэмжлэгч УШ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.123.628 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.3-т зааснаар нэхэмжлэгч УШ ХХК-наас 199.239.390 төгрөгийг гаргуулж хариуцагч ҮЧ ХХК-нд олгож, үлдэх 235.633.233 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.332.313.12 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч УШ ХХК-наас 1.154.147 төгрөг гаргуулж хариуцагч ҮЧ ХХК-нд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч УШ ХХК-наас 4.455.000 төгрөг, хариуцагч ҮЧ ХХК-наас 4.455.000 төгрөг тус тус гаргуулж Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-нд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА