Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Г.Ганбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О овогт А-ийн А-д холбогдох 2328000850101 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт: ..........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 4 дүгээр гудамжны 12 тоотын гадаа байсан Б.Ю-гийн эзэмшлийн Монгол банхарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.А-г яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Ю зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Учир нь миний 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн иргэн Д.С гэх хүнээс 700,000 төгрөгөөр худалдаж авсан монгол банхар нохойг маань 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хулгайд алдсан. Алдсан нохойгоо хайж Өмнөговь аймгийн төвөөр 4 хоног хайгаад олохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний нохойг Манлай сум руу иргэн А гэх нэртэй ахимаг насны эрэгтэй хүн авсан байсныг цагдаагийн байгууллага олж илрүүлж өгсөн. Тухайн хүн нь 44-58 ѳма улсын дугаартай “Приус 20” маркийн сувдан цагаан өнгийн машинаар миний монгол банхар нохойг маань авч тээвэрлэж явсан байсан. Одоо монгол банхар нь цус болон гарал үүслээсээ хамаараад 500,000-1,500,000 төгрөгийн үнэтэй худалдаалагддаг. Би өөрийнхөө нохойг 700,000 төгрөгөөр аймгийн төвөөс хүнээс худалдаж авсан. Эзэмшигчийн гэрчилгээ гэж надад байгаа. Уг гэрчилгээн дээр нохойны анхны эзэмшигч болон худалдаж авсан эзэмшигчийн овог, нэр, хаяг гэж бичээстэй байгаа. Би нохойндоо үнэлгээ хийлгэхгүй. Учир нь би нохойгоо 700,000 төгрөгөөр худалдаж авсан тул үнэлгээ хийлгэхгүй. Манай нохой бүрэн бүтэн байгаа. Ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй байсан. Би аймгийн төвөөр нохойгоо өөрийн хувийн унаагаар хайж бензиндээ 150,000 төгрөг зарцуулж нохойгоо эрж хайсан. Надад бодит 150,000 төгрөгийн хохирол учирсан. Надад гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 5-7 дахь тал/

Хохирогч Б.Ю мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Алдсан Монгол банхарын дөрвөн сартай нохой /гөлгийг/ 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөгөөр хүнээс худалдан авсан ба уг нохой өдрийн цагаар хашаан дотор сул байдаг, харин орой болохоор уядаг. Манай гэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг Зүүнсайханы .... тоотод байрладаг хашааныхаа гаднаас алдчихсан. Үнэлгээтэй танилцсан миний зүгээс асууж тодруулах зүйл болон цаашид нэхэмжлэх зүйл огт байхгүй. Алдсан нохойг А гэх залуу Өмнөговь аймгийн Манлай сумаас авчирч өгсөн. Мөн нохойг эрж хайхад зарцуулагдсан бензиний мөнгө болох 150,000 төгрөгийг надад өгсөн. Тийм болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл миний зүгээс огт байхгүй.” /хавтаст хэргийн 33 дахь тал/

Зөрчилд холбогдогч А.А зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би Зүүн сайханы 4 дүгээр гудамжинд нэг монгол банхар гүйж явахаар нь Дулмаагийн “Тоёота приус 20” маркийн 44-58 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад аваад явсан. Тухайн үед нохой хүзүүвчтэй байсан. Хүзүүвчийг нь би тайлаад тухайн газрын ойр орчимд хаясан. Би монгол нохойгоо Манлай сум руу дүү А-ийнх рүү өгөөд явуулсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас над руу яриад би монгол банхарыг Манлай сумаас авчирч өөрийн биеэр нохойны эзэн Б.Ю гэх хүнд хүлээлгэж өгсөн. Тухайн нохойны эзэн Ю гэх залуу надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Нохойгоо хайж ирсний бензины мөнгө 150,000 төгрөгийг өгөөрэй гэхээр нь би 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ю гэх залууд хохирлыг төлж барагдуулсан.” /хавтаст хэргийн 8-9 дэх тал/

Шүүгдэгч А.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би гудамжинд явж байсан улаан өнгийн хүзүүвчтэй дөрвөн нүдтэй халтар гөлөг байсныг авсан. Хөдөө хонь хариулдаг нохой болгоё гэж бодож байсан юм тэрнээс санаатайгаар бусдын эд хөрөнгийг аваагүй.” /хавтаст хэргийн 62 дахь тал/

“Damno” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ӨЦ-23-19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Монгол банхар үүлдрийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хар өнгийн нохой 350,000 төгрөгөөр үнэлэгдэв.” /хавтаст хэргийн 14-18 дахь тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 64-66 дахь тал/

Нохой муурны эрүүл мэндийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч А.А нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 115 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон 4 үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Агийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч А.А-гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгохоор тодорхойлсон байдаг.

Шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 4 дүгээр гудамжны 12 тоотын гадаа байсан Б.Ю-гийн эзэмшлийн Монгол банхарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хохирогч Б.Ю зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7 дахь тал/, Хохирогч Б.Ю мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/, Зөрчилд холбогдогч А.А зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, шүүгдэгч А.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/, “Damno” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ӨЦ-23-19 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 14-18 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 64-66 дахь тал/, нохой муурны эрүүл мэндийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 10-11 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ю-гийн эд хөрөнгөд 350.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Damno” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ӨЦ-23-19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Монгол банхар үүлдрийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хар өнгийн нохой 350,000 төгрөгөөр үнэлэгдэв.” /хавтаст хэргийн 14-18 дахь тал/-ээр тогтоогдсон.

Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч А.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн гэж үзэхээр байна.

Хохирогч Б.Ю мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Алдсан нохойг А гэх залуу Өмнөговь аймгийн Манлай сумаас авчирч өгсөн. Мөн нохойг эрж хайхад зарцуулагдсан бензиний мөнгө болох 150,000 төгрөгийг надад өгсөн. Тийм болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл миний зүгээс огт байхгүй.” /хавтаст хэргийн 33 дахь тал/ гэх мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.А-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч А.А нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дэх тал/, сертификатын хуулбар /хавтаст хэргийн 71-72 дахь тал/, жуух бичгийн хуулбар /хавтаст хэргийн 73 дахь тал/, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт өргөмжлөлийн хуулбар /хавтаст хэргийн 74 дэх тал/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Энхийн төлөө” медалиар шагнагдсан үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 75 дахь тал/, Монгол Улсын Батлан хамгаалах яамны “Дайчин алдар”, “Эх орны төлөө” зэрэг медалиудаар шагнагдсан үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 76, 77 дахь тал/,  Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчний алдар” тэмдгээр шагнагдсан үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 77 дахь тал/, Монгол Ардын намын “Эх орны төлөө” медаль, Чингис хааны дурсгалын тэмдэг, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын “Афганистанд энхийн төлөө” дурсгалын хүндэт тэмдгээр шагнуулсан үнэмлэхийн хуулбарууд /хавтаст хэргийн 78 дахь тал/, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын “Африкт энхийн төлөө” дурсгалын медаль, Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдэг, Монголын Залуучуудын Холбооны “Цэргийн алдар” цол тэмдгээр тус тус шагнагдсан үнэмлэхийн хуулбарууд /хавтаст хэргийн 79 дэх тал/, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 104 дүгээр тусгай ротын удирдах байрны жижүүр ахлах ахлагч А-ийн Агийн ажил байдлын тодорхойлолт /хавтаст хэргийн 103-105 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 5 шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын зүгээс прокурорын зүгээс санал болгосон ялын төрөл хэмжээн дээр ямар нэгэн тусгай санал байхгүй. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор миний үйлчлүүлэгчийн унаж явсан 44-58 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг байгаа газар нь битүүмжилсэн байгаа. Хавтаст хэргийн 56 дугаар хуудсан дээр байгаа тогтоолыг хүчингүй болгох саналтай байна гэх,

Шүүгдэгч А.А-гийн хувьд шүүх хуралдаанд хандаж эцсийн болгож хэлэх зүйл байхгүй гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч битүүмжилсэн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Даланзадгад  сумын 8 дугаар багийн нутагт битүүмжлэгдсэн Toyota prius-XW20 маркийн 44-58 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн өмчлөгч шүүгдэгч А.Ад буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт А-ийн А-г бусдын эд хөрөнгө /монгол банхар нохой/-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч А.А хохирогч Б.Ю-д монгол банхар /нохой/-г буцаан өгсөн болохыг дурдсугай.  

5. 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Даланзадгад  сумын 8 дугаар багийн нутагт битүүмжлэгдсэн Toyota prius-XW20 маркийн 44-58 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн өмчлөгч шүүгдэгч А.А-д буцаан олгосугай.  

6. Шүүгдэгч А.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

            

                                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ