| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/01183/и |
| Дугаар | 2542 |
| Огноо | 2019-09-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2542
| 2019 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2019/02542 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П Б ХХК
Хариуцагч: С.А
Гэрээний үүрэгт 86.982.221 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.А нь манай банк бус санхүүгийн байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Д-ЗГ0600160002 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг сарын 3.7 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 13 дугаар хороолол 24а байр 54 тоот хаягт байрлах 112 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаанд бариулж бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 46.966.382.78 төгрөг, хүүнд 36.741.202 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.251.235.66 төгрөг нийт 86.958.821.51 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна. Зээлдэгч С.Аээс зээлийн гэрээнд заасан хувиарын дагуу төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан боловч зээлээ төлөөгүй. Иймд хариуцагч С.Аээс гэрээний үүрэгт 86.958.821.51 төгрөг, нотариатын зардал 23.400 төгрөг нийт 86.982.221 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.А миний бие ар гэрт гачигдал гарсаны улмаас зээлээ цаг хугацаанд нь төлж чадаагүй. Одоо гэрээгээ сунгаад цаг тухайд нь төлөөд явах хүсэлтэй байна. Зээлээ сунгаж гэрээ хийгээд сар бүрийн 15-нд гэрээний дагуу төлөх боломжтой гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П Б ХХК нь хариуцагч С.Ат холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 86.958.821.51 төгрөг, нотариатын зардал 23.400 төгрөг нийт 86.982.221 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.А нь нэхэмжлэгч П Б ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ЗГ0600160002 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг сарын 3.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэж, үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 13 дугаар хороолол-2, 24а байр 54 тоот 112 мкв талбайтай орон сууцыг барьцаалж зээлсэн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн кассын зарлагын ордер гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэхэмжлэгч П Б ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч С.А гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.
Хариуцагч С.А зээлийн гэрээний 2.4-т зээлдэгч нь хуваарийн дагуу тухай бүр төлнө, 3.2.3-т зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 2.1.4-т заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, 3.2.10-т гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх гэсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Зээлдэгч зээлийн гэрээний 3.2.4-д гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэ гэрээ, барьцааны гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, 5.3-т зааснаар нотариатын үйлчилгээний хураамжийг зээлдэгч хариуцан төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь гэрээ болон хуульд зааснаар мөнгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул С.Аээс гэрээний үүргийн биелэлтэд 86.958.821.51 төгрөг, нотариатын зардал 23.400 төгрөг бүгд 86.982.221 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүрэг 0000000000 тоот 112 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч С.Ат шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч С.Аээс 86.982.221 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П Б ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Баянзүрх дүүрэг 00000000000000 тоот 112 мкв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 663.070 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Аээс 663.070 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П Б ХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА