Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 0056

 

1 О.К-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Б.Ж Шүүгдэгч О.К Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолтой, О.К-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч О.К-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Орхон аймаг Баян-Өндөр сумсанд оршин суух, Ж овгийн О-н К. Шүүгдэгч О.К нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Импайре пабын ажилчдын өрөөнд нэвтэрч Т.О-н Самсунг нөт 5 загварын гар утас, бэлэн 108.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 2 318.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ж  овгийн О-н К-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч О.К-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт О.К-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.К-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч О.К давж заалдах гомдолдоо: ... Хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан. Миний бие эхнэр, сургуулийн насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ганцаараа ажилладаг байгаад 2019 оны 07 дугаар сарын эхээр ажлаасаа халагдсан. Эцэг эх өндөр настай, бие муутай хүмүүс байдаг. Гэр бүлдээ түшиг тулгуур болох ёстой байсан. Ажил төрөлгүй байж байхдаа архи хэтрүүлж хэрэглэж хордож, энэ байдлаасаа болж хэрэг хийчихлээ гэж өөрөөт дүгнэлт хийж байгаа. Ар гэрээ зовоож, ийм хэрэг үйлдсэнд өөртөө маш их гутарсан. Одоо ардах амьдрал үнэхээр хэцүү байна. Хохирлоо төлсөн тул надад оногдох ялыг багасгаж хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.К-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч Ж овогт О-н К нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Импайре” пабын ажилчдын өрөөнд нэвтэрч Т.О-н “Самсунг нөт 5” загварын гар утас, бэлэн 108.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 318.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: хохирогч Т.О-н ... 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажилчдын хувцас солих өрөөнөөс бэлэн 108.000 төгрөг, самсунг нөт-5 загварын гар утас зэрэг эд зүйлээ хулгайд алдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-40/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-ийн 6/ гэх зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч О.К-н давж заалдах шатны шүүх хуралдаанд ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Анхан шатны шүүх шүүгдэгчийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэжээ. Шүүгдэгч О.К нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд саад учруулж 2 удаа шүүх хуралдаанд архидан согтуурсан шалтгаанаар ирээгүй, түүний хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.т заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” заалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхдээ шүүх 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэрэглэж болно, шүүх шүүгдэгч О.К-д хэрэглэх шаардлагагүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглээгүй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан 4 шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд шүүгдэгч О.К-н ... оногдуулсан ялыг багасгаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.К-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА