Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2025/0411

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“СМ” ХХК-ийн нэхэмжлэлийн

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгч: “СМ” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0217 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 128/2025/0061/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “СМ” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Өвөрхангай аймгийн Т сумын нутагт орших “Х” нэртэй XV-0219** ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0217 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “СМ” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “СМ” ХХК-ийн эзэмшлийн Өвөрхангай аймгийн Т сумын нутагт орших “Х” нэртэй XV-0219** ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсан асуудлаас өөрөөр буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тодруулбал “СМ” ХХК-тай холбоотой шүүхийн маргааныг хянан шийдвэрлэж байх хугацаанд буюу 2024 оны 04, 05-р сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс удаа дараа захирамж гарч, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авагдсан байдаг. Иргэний хэргийн шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлүүлж дуусаад шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үед хариуцагчид ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө байхгүй байх тохиолдол гардаг. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэний хэргийн маргааныг шийдвэрлэхээс өмнө хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгө битүүмжлэх, хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг хориглох, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, нэхэмжлэлээр шаардсан мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах, тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах гэсэн арга хэмжээнүүдийг авч болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг.

            3.2. Нэгэнт шүүхээс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах 3 захирамжийг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг гарсан өдрөөсөө эхлэн заавал биелэгдэх учиртай. Хэрэв дээрх захирамжууд бүрэн дүүрэн хэрэгжсэн тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл битүүмжлэгдэх учиртай.

            3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу иргэн хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэхээр заасны дагуу заавал биелэгдэх шинжтэй байдаг. Эндээс үзвэл шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээ 2024 оны 04-р сарын 9, 22, 26-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон гэж үзэх бөгөөд НШШГ-аас ажиллагаа хийх ёстой байсан гэж үзнэ.

            3.4. Мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь хэрэг, маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр хэвээр байхаар заасан. Хуулийн илт тодорхой заалтыг иргэд, төрийн байгууллага, албан тушаалтан сахин биелүүлэх ёстой. Гэвч шүүхээс гарсан шийдвэр нь огт биелэгдээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан боловч энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

            3.5. Монгол улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт “Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна” гэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12.-т "эрх эзэмшигч" гэж ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, газар ашиглах, эзэмших эрхийг хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу эзэмшдэг этгээдийг” хэлнэ гэж тодорхойлжээ. Нөгөө талаар маргаан бүхий тусгай зөвшөөрлийг анх сонгон шалгаруулалтаар авахдаа 341,211,000 төгрөгийг төлж авсан бөгөөд тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь дээрх хэмжээний үнэ өртөг шингэсэн эд хөрөнгө байна.

            3.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид "дуудлага худалдаа" гэх/-гаар худалдан борлуулна” гэж заасан. Эндээс дүгнэж үзвэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь эд хөрөнгө гэдэг ойлголтод хамаарч байна.

            3.7. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “СМ” ХХК-ийн эзэмшлийн Өвөрхангай аймгийн Т сумын нутаг дэвсгэрт орших Х хэмээх нэртэй 9,158 га талбай бүхий ХУ-0219** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээлгэсэн эрх, үүргийг өөрчлөх эрх зүйн үр дагаврыг бий болгосон шийдвэр буюу захиргааны акт гэж үзнэ.

            3.8. Захиргааны актыг гаргахдаа мөн хуульд заасны дагуу нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагааг явуулна гэж заасан. Маргаан бүхий нөхцөл байдалд эрх бүхий байгууллагын хэд хэдэн шийдвэр гарсан, тэр нь хэрэгт авагдсан байхад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээрх захиргааны акт гаргах ажиллагааг хийх ёстой байсан нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл тухайн үед захиргааны шийдвэр гаргахад ямар нөхцөл байдал үүссэн байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар олж тогтоосон гэж үзнэ.

            3.9. Ашигт малтмал, газрын тосны газрын Дотоод хяналтын хуудасны агуулгаас харвал Захиргааны актыг бичгээр гаргах ёстой гэж үзэхээр байх боловч хариуцагчийн нэхэмжлэгчид өгсөн хариу албан бичигт5 “дуусгавар болгоход хэлтсийн даргын шийдвэр гардаггүй” гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-41.1.4-д заасан захиргааны актыг бичмэл бус хэлбэрээр гаргах үндэслэлд хамаарахгүй байгааг огт дүгнээгүй.

            3.10. Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл дуусгавар болгохтой холбоотой зохицуулалт өөрчлөн найруулагдаагүй бөгөөд 1997 оны хууль хүчин төгөлдөр байх үед, мөн 2006 оны хууль хүчин төгөлдөр байх үед ч тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарч байсан нь баримтаар нотлогдож байна.6 Өөрөөр хэлбэл Кадастрын хэлтсийн дарга Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт зааснаар захиргааны актыг бичгээр гаргах ёстой бөгөөд захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ёстой гэж үзэж байна.

            3.11. Дээрхээс дүгнэж үзвэл хариуцагч нь нэг талаас шийдвэр гаргасан, нөгөө талаас гаргаагүй гэх ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэхээр байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан ойлгомжтой, тодорхой байна гэсэн шаардлагыг хангаагүй мөн адил дүгнээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “СМ” ХХК-аас “... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр манай компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хязгаарлагдсан бөгөөд тусгай зөвшөөрлийг сунгах, төлбөр төлөх, харилцагч банк дахь дансаар гүйлгээх хийх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл бий болсон, ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дансны зарлагын хөдөлгөөн хязгаарлагдаж, байгаль орчныг нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг батлуулахад шаардлагатай зардлыг дансанд байршуулах боломжгүй болж улмаар төлөвлөгөөг Засаг даргаар батлуулж чадаагүй, ... шүүгчийн захирамжийг хугацаанд нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлээгүй, … хариуцагчаас сонсох ажиллагаа явуулаагүй ...” гэсэн үндэслэлээр, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Өвөрхангай аймгийн Т сумын нутагт орших “Х” нэртэй XV-0219** ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

            2.1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ:”, 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.1.1-д “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж тус тус заасан байна.

            2.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 1 сарын өмнө Ашигт малтмал, газрын тосны газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсарган ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт өгөхөөр тусгайлан заасан байна.

            2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” А/101 дүгээр тушаалын хавсралтаар СШ-57 дугаартай сонгон шалгаруулалт зарлах 12 талбайг баталж, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар ирүүлсэн саналыг нээхэд СШ57-12 дугаартай Өвөрхангай аймгийн Т сумын нутагт Х нэртэй 9158 гектар талбай бүхий талбайд зарласан сонгон шалгаруулалтад “СМ” ХХК шалгарч, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 357 дугаар шийдвэрийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ашигт малтмалын хайгуулын XV-0219** дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид 3 жилийн хугацаагаар олгосон, үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

            2.4. Иймээс нэхэмжлэгч “СМ” ХХК-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусах 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1 сарын өмнө буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор хугацаа сунгуулах хүсэлтийг дээр дурдсан хуулийн дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Өвөрхангай аймгийн Т сумын Засаг даргаар батлуулж, холбогдох баримтуудын хамт хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргах хуулиар хүлээсэн үүрэгтэй байна. Гэтэл нэхэмжлэгч “СМ” ХХК-аас дээрх хугацаанд эрх бүхий албан тушаалтнаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт хариуцагчид огт гаргаагүй, үүнтэй хэргийн оролцогчид мөн маргаагүй байна.

            2.5. Нэхэмжлэгч “СМ” ХХК-аас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд тусгайлан заасан холбогдох баримтуудын хамт хариуцагчид хандан гаргаагүй атлаа “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дансны зарлагын хөдөлгөөн хязгаарлагдаж, байгаль орчныг нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг батлуулахад шаардлагатай зардлыг дансанд байршуулах боломжгүй болж улмаар төлөвлөгөөг Засаг даргаар батлуулж чадаагүй, ... шүүгчийн захирамжийг хугацаанд нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлээгүй” гэж тайлбарлан маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

            2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 8039,  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 9183, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9662 дугаар захирамжуудаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх захирамжуудаар дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарласан байна.

            2.7. Нэхэмжлэгчийн зүгээс “... шүүгчийн туслах хуульд заасан хугацаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлээгүй” гэж тайлбарлан маргаж байх хэдий ч дээрх шүүгчийн захирамжуудаар нэхэмжлэгч компанийг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдөл гаргах эсэх талаарх аливаа асуудлыг шийдвэрлээгүй, уг шүүгчийн захирамжууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдээгүй нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргах эрхийг нь шууд хязгаарласан, саад болсон гэж үзэх үндэслэлгүй юм.

            2.8. Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 8039,  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 9183, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9662 дугаар захирамжуудаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулснаас хойш 4 сарын дараа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргахаар байсан байна.

            2.9. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани нь хугацаа сунгуулах өргөдлийг гаргасан байвал зохих сүүлийн өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар хугацаа сунгуулахад шаардлагатай баримтуудын хамт хариуцагчид гаргаж хүргүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, харин хугацаа сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаагүй шалтгаанаа иргэний шүүхийн шүүгчийн захирамж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдээгүйтэй холбон тайлбарлаж, нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байх боловч энэ үндэслэлийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий этгээдээр батлуулж, холбогдох баримтын хамт хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүйн шалтгаант холбоо хамаарал болно гэж үзэх үндэслэлгүй байна.

            2.10. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно”, 4.1.20-д “"тусгай зөвшөөрлийн төлбөр" гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө” гэж заасан.

            2.11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд  хэдийгээр нэхэмжлэгч “СМ” ХХК-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг төлсөн байх боловч тус баримтын хамт хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаагүй, энэ талаар анхан шатны шүүхийн “... тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нэг нөхцөл болохоос уг төлбөрийг төлснөөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдана гэж, төлбөр төлсөн хугацаанд тусгай зөвшөөрөл хүчинтэй байна гэж ойлгохгүй. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах нэг бүрдэл болохоос дангаараа хугацааг хүчинтэйд тооцох үндэслэл биш” гэж дүгнэсэн нь буруу биш байна.

            2.12. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдлийн 6-д “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас сарын өмнө гаргана”, 7-д “ тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрийн 10 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө төлсөн байна. Төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол таны тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бус болно гэдгийг анхаарна уу”, 8-д “Тусгай зөвшөөрөлтэй холбоотой зарлал мэдээллийг “Өглөөний” сонин болон байгууллагын mrpam.gov.mn цахим хаягаар мэдээлэх болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “СМ” ХХК-ийг төлөөлөн С.Отгонцэцэг мэдэгдэлтэй танилцаж, тусгай зөвшөөрөл, хавсралтыг хүлээж аван гарын үсэг зурсан байх бөгөөд мэдэгдэлтэй танилцаж гарын үсэг зурсан асуудлаар нэхэмжлэгч маргаагүй байна.

            2.13. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно”, 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV-0219** дугаартай тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон тул хариуцагчаас дуусгавар болгон бүртгэсэн бүртгэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж заасан чиг үүрэгт нийцсэн байна.

            2.14. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа хуулиар дуусгавар болоход энэ тухай захиргааны акт гаргах үүргийг хариуцагч төрийн захиргааны байгууллагад хуулиар хүлээлгээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг татан оролцуулах ажиллагаа зайлшгүй явагдах шаардлагатай гэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... захиргааны акт бичгээр гаргаагүй, ... сонсох ажиллагаа явуулаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ