Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 06

 

2017.01.09 Дугаар -06

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0006/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
Улсын яллагч:                 Ч.Батбаяр,
Нарийн бичгийн дарга:         А.Цэрэндулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:         Г.Дэлгэрцэцэг,
Шүүгдэгч:                 Х.Энхбаяр нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Энхбаярт холбогдох  201623000287 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг, Жаргалантын 03-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2004 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар  хорих ялаар шийтгүүлж хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай гэх Бодонгууд овогт Хархүүгийн  Энхбаяр /РД:ЖО80042577/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Энхбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө 00 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын иргэн Ц.Энх-Оюуныг араас нь татаж  чангаан баруун гарыг нь хоёр гараараа барьж түлхэн мушгиж бие махбодид нь “баруун гарын богтос ясны хүзүүвч хэсгийн зөрүүгүй хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг холбогдсон.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   
Хохирогч Ц.Энх-Оюуны мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Батноров сумын цэцэрлэгт 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр залуу багш нарын ур чадварын шалгалтанд орох шаардлагатай байсан тул шалгалтандаа бэлдэж байгаад шөнийн 24 цагийн үед ганцаараа гараад гэр лүүгээ явсан. Намайг Санжмядагийн  хашаагүй гэрийн зүүн хэсэгт шороон замаар гэртээ харих гээд явж байх үед гэнэт миний араас өмсөж явсан куртикны ар нуруу хэсгээс нэг хүн арагш татаж чангаасан. Эргээд хартал бараан өнгийн хувцастай танихгүй эрэгтэй хүн байсан. Надаас үл ялиг өндөр нуруутай байсан. Эхлээд татахаар нь “яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд дахин явахаар зүтгэхэд ар нуруу хэсгээс татсан чигээрээ явуулахгүй байсан. Мөн миний цагаан өнгийн эмэгтэй хүний цүнхээ баруун гартаа оосороор нь гартаа ороогоод явж байсан баруун гарнаас татаад байсан. Тэгэхээр нь би баруун гараараа цээж рүү нь 2 удаа түлхсэн. Гэтэл миний баруун гарыг сарвууны хэсгээс хүчтэй бариад мушгисан. Гадаа сартай байсан учир тухайн хүний царайг харж амжсан. Царайг нь хараад миний танихгүй хүн байсан учир манай сумын хүн биш байна гэж бодсон. Тэгээд би тухайн хүнээс мултраад гараа татаж аваад гэр рүүгээ ирсэн. Хашааныхаа үүдэнд очоод хойшоо харсан жижиг хаалгыг баруун гараараа онгойлгох гэтэл гар маань янгинаад өвдөөд онгойлгож чадаагүй. Тэгээд зүүн гараараа хашааныхаа хаалгыг онгойлгоод гэртээ ороод гар цүнхээ тавьчихаад нөхрөө хартал нөхөр охин 2 унтаж байхаар нь сэрээлгүй гараад хашааны хаалганы гадаа хойно гарч зогстол зүүн хойно эмэгтэй хүний дуу гарахаар нь хартал сарны гэрэлд Санжмядаг гэрийнхээ үүдэнд зогсож байгаа нь харагдаж байсан. Тэгээд дахин хартал Санжмядагын гэрийнх нь зүүн хэсэгт хураалттай байсан блокны зүүн талд 2 эрэгтэй хүн зогсож байгаа харагдахаар нь би Санжмядагт хандан “наад 2 хүнээ бариад ав, сая миний гарыг эвгүй болгочихлоо шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл Санжмядаг блокнуудын араар ороод 2 эрэгтэйг гаргаад ирэхээр нь би очоод хартал урд хэсэгт нь миний гарыг мушгисан хар хувцастай эрэгтэй хүн яг дүрээрээ байж байсан. Хойд хэсэгт нь нэг цайвардуу өмдтэй намхан хүн байсан нь манай цэцэрлэгийн галч Ч.Мөнхбат гэх намайг сайн таньдаг хамт ажилладаг хүн байсан. Энэ үед Санжмядаг нөгөө эрэгтэй хүнд нь хандан “та нар хүний гарыг ийм болгож байхдаа яадаг юм” гэж хэлтэл Ч.Мөнхбатын нөгөөх буюу миний гарыг гэмтээсэн эрэгтэй Санжмядагт хандан “хохь чинь шүү, чамайг ч гэсэн ийм болгочихно шүү” гэж дахин заналхийж байсан. Би урьд нь огт харж байгаагүй манай сумын хүн биш байсан. Тэр хүн миний араас татаж цүнх бүхий баруун гарыг маань хүчтэй мушгиж гэмтээсэн. Одоо миний баруун гарын шууны гадна нарийн яс шууны богтос ясны урд хүзүүвч хэсгээр хөндлөн хугарсан. Шууны яс сарвууны ар хэсгээр бүр үенээсээ мултарсан байсан тул би бариачид бариулж үеийг нь буцаан оруулсан юм. Мэргэжлийн эмч нар миний баруун гарт учирсан гэмтлийг 6-8 сарын хугацаанд бүрэн эдгэнэ, ажил хийх боломжгүй гэж оношилж байгаа ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13 тал/,
Гэрч Т.Сансарбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө босоход манай эхнэр Энх-Оюун нь гар өвдөөд байна гээд байсан. Юу болсон юм бэ гэтэл урьд шөнө согтуу хүн татаж унагаад гар эвгүй болгочихлоо гэж байсан. Надад хэлэхгүй яасан юм гэтэл нэг нь манай цэцэрлэгт ажилладаг Мөнхбат гэдэг залуу байсан, нөгөө залуу танихгүй хүн байсан гэж байсан. Баруун гараа шууныхаа хавьд боочихсон, хавантай байдалтай байсан. Тэгээд аймаг явж зургаа авахуулахад хугарсан байна гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 тал/,
Гэрч Ц.Санжмятавын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би найз Өнөрөөтэй 24 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Манай гэр складны урд байдаг бөгөөд гэрийн зүүн хэсэгт олон блокнууд хураалттай байдаг юм. Би гэртээ ороод гарч ирэхэд урдаас нэг эмэгтэй хүн Мядагаа гэж дуудахаар нь очиход манай ангийн охин Энх-Оюун байсан. Тэгээд “танай гэрийн зүүн хэсгээс нэг эрэгтэй хүн гарч ирээд намайг татаж чангаагаад миний гарыг гэмтээчихлээ” гэсэн. Бид  хэд очиж харахад Ч.Мөнхбат нэг танихгүй залуутай хамт хураалттай блокны хойно согтуу сууж байсан. Энх-Оюун очоод Ч.Мөнхбатыг хараад уурласан. Тэгээд би Өнөрөөтэй буцаад явахад Энх-Оюуныг гэмтээсэн гэх согтуу залуу бид хоёрын араас дагахаар нь “чи одоо хаанаас ирсэн яах гээд байгаа хүн бэ, цаашаа яв” гэхэд “яадаг юм чамайг ч гэсэн наад хүүхэн шиг чинь болгоно шүү” гэж хэлсэн. Намайг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө 22 цагийн үед ажлаа хийж байхад Ч.Мөнхбат зүс таних Х.Энхбаярын хамт орж ирээд тэр хоёр архи авч уусан. Норовлингийн алтан дээр урьд нь намайг ажиллаж байхад Х.Энхбаяр тэнд хувиараа ажилладаг байсан тул би зүс мэддэг юм ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
Гэрч Ч.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг гэртээ 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байж байхад Норовлин сумын Хархүүгийн Энхбаяр гэх танил залуу маань 20 цагийн үед манай гэрт ирээд мэнд мэдэж цай уугаад бааранд орж архи ууя гэсэн. Тэгэхээр нь хамт Батноров сумын төвд Засаг даргын тамгын газрын зүүн урд байрлах Өнөр-Үүд бааранд хамт орцгоосон. Тэндээ 2 шил архи уусан. Тэгээд баар хаах цаг болсон учир Х.Энхбаяр бид хоёр баарнаас гарсан. Баарнаас гарч ирээд Х.Энхбаяр тухайн баарны тогооч манай багийн найз эмэгтэй Санжмядагтай уулзана гээд байсан. Тэгэхээр нь би Х.Энхбаярыг дагуулаад Нөөлөгийн 2-р гудамжны зүүн хэсэгт Санжмядагын гэрийнх нь ойролцоо очсон. Намайг Санжмядагын гэрийнх нь зүүн хойд хэсэгт хураалттай байсан олон блокны хойно хөнгөнөөр бие засч байхад урд нэг эмэгтэй хүний дуу гараад байхаар нь би очоогүй. Тэгтэл тэр эмэгтэй урагшаа гүйгээд ганцаараа явчихсан юм шиг байна лээ. Х.Энхбаяр ганцаараа над руу ирээд бид хоёр хураалттай блокнуудын хойно юм яриад сууж байтал Санжмядаг, Энх-Оюун хоёр ирсэн. Ц.Энх-Оюун миний гарыг надтай хамт согтуу явсан Энхбаяр хугалчихсан гэж хэлж байсан. Тэгээд Энхбаяртай бас гар хугаллаа гээд хэрэлдэж байсан. Намайг бие засаад үлдэхэд Энхбаяр надаас салаад Санжмядагын гэрийнх нь зүүн хэсэг орчим руу ганцаараа явсан. Эмэгтэй хүн дуугарсан гэх газар Энхбаярын ганцаараа явсан чиглэлд хураалттай блокнуудын зүүн урд хэсэгт байсан. Санжмядагын гэрийн оролцоо бид 2-с өөр ямар ч эрэгтэй хүн байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Шүүхийн шинжилгээний албаны  2016.10.04 №213 дугаартай дүгнэлтэнд: 1. 1. Ц.Энх-Оюуны биед баруун гарын богтос ясны хүзүүвч хэсгийн зөрүүгүй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.  
2.  Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30%/ алдагдана /хх-ийн 20 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Х.Энхбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө 00 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын иргэн Ц.Энх-Оюуныг араас нь татаж  чангаан баруун гарыг нь хоёр гараараа барьж түлхэн мушгиж бие махбодид нь “баруун гарын богтос ясны хүзүүвч хэсгийн зөрүүгүй хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Энх-Оюуны ... гэнэт миний араас өмсөж явсан куртикны ар нуруу хэсгээс нэг хүн арагш татаж чангаасан. Эргээд хартал бараан өнгийн хувцастай танихгүй эрэгтэй хүн байсан. Надаас үл ялиг өндөр нуруутай байсан. Эхлээд татахаар нь “яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд дахин явахаар зүтгэхэд ар нуруу хэсгээс татсан чигээрээ явуулахгүй байсан. Мөн миний цагаан өнгийн эмэгтэй хүний цүнхээ баруун гартаа оосороор нь гартаа ороогоод явж байсан баруун гарнаас татаад байсан. Тэгэхээр нь би баруун гараараа цээж рүү нь 2 удаа түлхсэн. Гэтэл миний баруун гарыг сарвууны хэсгээс хүчтэй бариад мушгисан. Гадаа сартай байсан учир тухайн хүний царайг харж амжсан... гэх мэдүүлэг, гэрч Т.Сансарбаатарын ... урьд шөнө согтуу хүн татаж унагаад гар эвгүй болгочихлоо гэж байсан. Надад хэлэхгүй яасан юм гэтэл нэг нь манай цэцэрлэгт ажилладаг Мөнхбат гэдэг залуу байсан, нөгөө залуу танихгүй хүн байсан гэж байсан. Баруун гараа шууныхаа хавьд боочихсон, хавантай байдалтай байсан. ... гэх мэдүүлэг, гэрч Ц.Санжмятавын ... Мядагаа гэж дуудахаар нь очиход манай ангийн охин Энх-Оюун байсан. Тэгээд “танай гэрийн зүүн хэсгээс нэг эрэгтэй хүн гарч ирээд намайг татаж чангаагаад миний гарыг гэмтээчихлээ” гэсэн. Бид  хэд очиж харахад Ч.Мөнхбат нэг танихгүй залуутай хамт хураалттай блокны хойно согтуу сууж байсан. Энх-Оюун очоод Ч.Мөнхбатыг хараад уурласан. Тэгээд би Өнөрөөтэй буцаад явахад Энх-Оюуныг гэмтээсэн гэх согтуу залуу бид хоёрын араас дагахаар нь “чи одоо хаанаас ирсэн яах гээд байгаа хүн бэ, цаашаа яв” гэхэд “яадаг юм чамайг ч гэсэн наад хүүхэн шиг чинь болгоно шүү” гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг, гэрч Ч.Мөнхбатын ... гэрийнх нь зүүн хойд хэсэгт хураалттай байсан олон блокны хойно хөнгөнөөр бие засч байхад урд нэг эмэгтэй хүний дуу гараад байхаар нь би очоогүй. Тэгтэл тэр эмэгтэй урагшаа гүйгээд ганцаараа явчихсан юм шиг байна лээ. Х.Энхбаяр ганцаараа над руу ирээд бид хоёр хураалттай блокнуудын хойно юм яриад сууж байтал Санжмядаг, Энх-Оюун хоёр ирсэн. Ц.Энх-Оюун миний гарыг надтай хамт согтуу явсан Энхбаяр хугалчихсан гэж хэлж байсан гэх мэдүүлгүүп болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 213 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Ц.Энх-Оюун нь шүүгдэгчээс хохирол төлбөрөө барагдуулж авсан болох нь хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд байх ... Х.Энхбаяр ... нь хохиролыг барагдуулсан тул гомдолгүй болсон ... гэх баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд ял шийтгэлийг оногдуулж, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдлыг нь харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаарлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овгийн Хархүүгийн Энхбаярыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хархүүгийн Энхбаярыг 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  заасныг журамлан   шүүгдэгч Х.Энхбаярт Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхбаярт  оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавиж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Энхбаярт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
       


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА