| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0077/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/105 |
| Огноо | 2023-04-25 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Ө |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2023/0077/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа,
Улсын яллагч Б.Өнөбат,
Шүүдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Д.Ганхуяг,
Шүүгдэгч О.О, Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н нарт холбогдох эрүүгийн 2239000000359 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгч О.О нь 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс 10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Наран багийн нутаг дэвсгэр Баян Уулын зүүн урд талаас улаан зүсмийн 1 тооны эр бярууг Э.Н-ын Чойндон тамгатай 8 настай бор морийг унан тууж Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг Булдруу гэх газарт Э.Н-ын өвөлжөөнд өвлийн идшиндээ хэрэглэх зорилгоор ажиллаж хохирогч Г.Э-т 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Батноров сумын 4 дүгээр баг Цагаан Өндөр уулын баруун талд байсан өөрийн адуун дундаас М.Б-ын захиж үлдээсэн мөлүү чихтэй, Эрхийтэй онгин тамгатай, ягаан саарал хязаалан насны 1 тооны адууг Эрдэнэбилэгийн унаж явсан цагаан өнгийн ачааны машинд ачиж авч явж тус аймгийн Батноров сумын иргэн Эрдэнэбилэгийн хашаанд ажиллаж хувьдаа завшиж хохирогч М.Б-т 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Батноров сумын 4 дүгээр баг Цагаан Өндөр уулын баруун талаас “5” тоо тамгатай, “Н” үсгэн хайчтай саарал зүсмийн 7 настай 1 тооны адууг нууц далд аргаар хулгайлан авч Эрдэнэбилэгийн унаж явсан цагаан өнгийн ачааны машинд ачиж авч явж тус аймгийн Батноров сумын иргэн Эрдэнэбилэгийн хашаанд ажиллаж хувьдаа гэм буруугийн санаатай хэлбэрээр хулгайлан авч хохирогч Б.Б-д 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Батноров сумын 4 дүгээр баг Талын хөндлөн гэх газарт байсан Ч.Б-гийн Хар ногоон азаргатай адуунаас бор халзан зүсмийн эхиймаа тамгатай 1 тооны адууг Хүрэн зүсмийн 7 настай, хөлтэй ширээтэй эрхийтэй онгин тамгатай мориор уургалан барих үйлдлээр нууц далд аргаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч Ч.Б-т 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.О Э.Н нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баян овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр талын хөндлөн, хуцны толгой гэх газраас хохирогч Д.Ч хамар цагаан саарал зүсмийн 1 бүдүүн сувай гүүг морь унан уургалан барих үйлдлээр нууц далд аргаар хулгайлан авч тус сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэгт байх гэрийнхээ гадаа уяж хонуулан маргааш өглөө нь ажиллаж өөрсдийн идэшинд бэлдэн хувааж авч гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч Д.Ч-д 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.О-ийг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, шүүгдэгч Э.Н-ийг мал хулгайлах, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239000000359 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 1, 102, 158, 215, 2-р хх-ийн 10-р хуудас),
Хохирогч Д.Ч (1-р хх-ийн 54-55-р хуудас), хохирогч Б.Б-ийн (1-р хх-ийн 108-109-р хуудас), хохирогч Ч.Б-гийн (1-р хх-ийн 165-166-р хуудас), хохирогч М.Б-ын (1-р хх-ийн 222-223-р хуудас), хохирогч Г.Э-ын (2-р хх-ийн 15-16-р хуудас), гэрч Э.Наранцацралын (1-р хх-ийн 65-66, 2-р хх-ийн 26-27-р хуудас), гэрч Г.Энхболдын (1-р хх-ийн 68-69-р хуудас), гэрч И.Сансарбаярын (1-р хх-ийн 116-117, 2-р хх-ийн 231-р хуудас), гэрч А.Цэвэлмаагийн (1-р хх-ийн 121-р хуудас), гэрч Б.Эрдэнэбилэгийн (1-р хх-ийн 123-124-р хуудас), гэрч А.Мягмаржавын (1-р хх-ийн 126-127-р хуудас), гэрч Л.Цог-Эрдэнийн (1-р хх-ийн 168-169-р хуудас), гэрч Э.Баярсувдын (1-р хх-ийн 233-234-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Тээврийн хэрэгслийн лавлагаа (2-р хх-ийн 115, 116-р хуудас),
Хохирогч Б.Б-ийн “....Э.Н адуугаар барагдуулж өгсөн нь үнэн....” гэх хүсэлт (2-р хх-ийн 117-р хуудас), шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй тухай тодорхойлолт,
Хохирогч Ч.Б-гийн “....миний бие иргэн Э.Н-аас хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол байхгүй болно...” гэх хүсэлт (2-р хх-ийн 118-р хуудас),
Хохирогч М.Б-ын “....Э.Н нь адуугаар барагдуулж өгсөн нь үнэн....” гэх хүсэлт (хх-ийн 119-р хуудас),
Хохирогч Г.Э-ын “....О нь хохирлыг барагдуулсан тул гомдол хүсэлт байхгүй....” гэх хүсэлт (2-р хх-ийн 120-р хуудас),
Хохирогч Д.Ч “....О нь хохирлыг барагдуулсан тул гомдол хүсэлт байхгүй....” гэх хүсэлт (2-р хх-ийн 121-р хуудас), шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй тухай тодорхойлолт,
Шүүгдэгч О-ийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Батноров сумын Баянбулаг багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эх******* Э.Наранцацралын төрөхийн солилцох А хуудас (2-р хх-ийн 58, 59, 61, 84-р хуудас),
Шүүгдэгч Э.Н-ын хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Батноров сумын Баянбулаг багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрэлсний бүртгэлгүй лавлагаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 94, 95, 97, 108-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000359 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Өнөбат шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгч О.О нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...”,
“....Шүүгдэгч Э.Н нь мал хулгайлах, хөрөнгө завших гэмт гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, С.Нарангэрэл нар шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй...” гэв.
Шүүгдэгч О.О, Э.Н нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч О.О Э.Н нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баян овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр талын хөндлөн, хуцны толгой гэх газраас хохирогч Д.Ч хамар цагаан саарал зүсмийн 1 бүдүүн сувай гүүг морь унан уургалан барих үйлдлээр нууц далд аргаар хулгайлан авч тус сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэгт байх гэрийнхээ гадаа уяж хонуулан маргааш өглөө нь ажиллаж өөрсдийн идэшинд бэлдэн хувааж авч гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч Д.Ч-д 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.О нь 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс 10-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Наран багийн нутаг дэвсгэр Баян Уулын зүүн урд талаас улаан зүсмийн 1 тооны эр бярууг Э.Н-ын Чойндон тамгатай 8 настай бор морийг унан тууж Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг Булдруу гэх газарт Э.Н-ын өвөлжөөнд өвлийн идшиндээ хэрэглэх зорилгоор ажиллаж хохирогч Г.Э-т 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Батноров сумын 4 дүгээр баг Цагаан Өндөр уулын баруун талд байсан өөрийн адуун дундаас М.Б-ын захиж үлдээсэн мөлүү чихтэй, Эрхийтэй онгин тамгатай, ягаан саарал хязаалан насны 1 тооны адууг Эрдэнэбилэгийн унаж явсан цагаан өнгийн ачааны машинд ачиж авч явж тус аймгийн Батноров сумын иргэн Эрдэнэбилэгийн хашаанд ажиллаж хувьдаа завшиж хохирогч М.Б-т 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Батноров сумын 4 дүгээр баг Цагаан Өндөр уулын баруун талаас “5” тоо тамгатай, “Н” үсгэн хайчтай саарал зүсмийн 7 настай 1 тооны адууг нууц далд аргаар хулгайлан авч Эрдэнэбилэгийн унаж явсан цагаан өнгийн ачааны машинд ачиж авч явж тус аймгийн Батноров сумын иргэн Эрдэнэбилэгийн хашаанд ажиллаж хувьдаа гэм буруугийн санаатай хэлбэрээр хулгайлан авч хохирогч Б.Б-д 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Батноров сумын 4 дүгээр баг Талын хөндлөн гэх газарт байсан Ч.Б-гийн Хар ногоон азаргатай адуунаас бор халзан зүсмийн эхиймаа тамгатай 1 тооны адууг Хүрэн зүсмийн 7 настай, хөлтэй ширээтэй эрхийтэй онгин тамгатай мориор уургалан барих үйлдлээр нууц далд аргаар хулгайлан авч бусдад худалдан борлуулж гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч Ч.Б-т 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сард Наранжаргал бид хоёр хоорондоо ярилцаж байгаад олон адуутай айлын адуунаас нэг адуу хулгайлаад хуваагаад идшиндээ хэрэглэхээр ярьж тохироод Баян-Овоо сумын “Талын хөндлөн” гэх газрын урд талаас олон тооны их адуу байхаар нь 18 цагийн орчим сартай саарал гүүг Наранжаргал уургалж барихаар нь би хазаарлаад барьсан адуугаа хөтлөөд буцаад Наранжаргалын хөдөө гэрт орой 22 цагийн орчим ирсэн. Саарал гүүг хашаанаас уяж хоноод маргааш нь Наранжаргал бид хоёр ажлаад махын хувааж авсан...Би 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт адууны эрэлд өөрийнхөө хээр зүсмийн 8 настай морьтой явж байгаад адуугаа ололгүй буцаж явах замдаа Баян-Овоо сумын Наран багийн Баян уулын зүүн урд талын уулын аман дотор олон тооны үхэртэй таарсан. Тухайн үед харанхуй болж байсан бөгөөд 18 цагийн орчим байх. Би бодож байгаад идшиндээ хэрэглэх үхэр муутай болохоор бага насны жижиг биетэй үхэр салгаж хөөгөөд Наранжаргалын гэрийн гадаа ирээд хашаанд хашаад барьж авахад улаан зүсмийн эр бяруу байсан. Хашаан дотор уяж хоноод маргааш нь ажиллаж жижиглэсэн...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм асуудал гаргахгүй....” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сард хөдөө хээр О ах бид хоёр хоорондоо ярилцаж байгаад олон адуутай айлын адуунаас нэг адуу хулгайлаад хуваагаад идшиндээ хэрэглэхээр ярьж тохироод мордсон. Тэгээд Баян-Овоо сумын “Талын хөндлөн” гэх газрын урд талд 300-400 орчим тооны их адуу байхаар нь 18 цагийн орчим сартай саарал гүүг би уургалж барихад О ах хазаарлаад барьсан адуугаа хөтлөөд буцаад “Булдруу” гэх газар байх манай хөдөө гэрт орой 22 цатийн орчим ирээд хулгайлсан саарал гүүгээ саравчтай хашааны баруун талаас уяад хоносон...Маргааш нь О ах бид хоёр саарал гүүг хамт ажлаад махын хувааж авсан....Цагаан-Өндөр гэх уулын баруун талд хээр Азаргатай манай адуу, мөн Баянмөнх гэх хүний Ухаа азаргатай 17-18 тооны адуутай хамт байхаар нь 2 азарга адууг хамтад нь машинаар зүүн хойш нь 500 метр орчим туугаад Болдбаатарын саравтай хашаанд хашаад манай адуунд нийлсэн байсан ягаан хязаалан гүү, мөн Баянмөнх гэх хүний Ухаа азаргатай адуунаас 5 тоон тамгатай саарал бүдүүн гүү барьж аваад ачаад сумын төв рүү хөдөлсөн. Эрдэнэбилэг, Төмөрсүх, Сансарбаяр нар намайг өөрийнхөө адуутай хамт Баянмөнх гэх хүний адууг нийлүүлж хашсаныг мэдээгүй. Тэгээд Батноров сумын төвд өдөр 11 цагийн орчим ирээд Эрдэнэбилэг эгчийн хашаанд буулгаад Төмөрсүх, Сансарбаяр нарын хамт ажлаад Эрдэнэбилэг, Баярсувд нар гэдсийн арилгаж цэвэрлэсэн. Тэгээд Эрдэнэбилэг эгчид манаи адуунд нийлсэн байсан ягаан хязаалан гүүг идшинд нь өгсөн...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Би хар азаргатай адуунаас эхиймаа тамгатай бор халзан зүсмийн хязаалан гүүг уургалж барьж өгөөд ачаад явуулса....Болдбаатар ахын ягаан хязаалан гүү манай адуунд 2021 оны хавар 5 сард нийлчихээд манай адуунд л байгаад байсан юм. 2021 оны хавар 5 сард Болдбаатар ах өөрийнх нь ягаан хязаалан гүү нь манай адуунд байгаа өөрөө мэдсэн байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 1, 102, 158, 215, 2-р хх-ийн 10-р хуудас),
Хохирогч Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багт 2002 оноос хойш эх*******тэйгээ тусдаа гарсанаас хойш мал маллан амьдарч байна...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг Талын хөндлөн, Хуцны толгой гэх газраас Хүрэн азаргатай бараан голдуу 20 гаран тооны адуунаас хамар цагаан сартай саарал зүсмийн бүдүүн номхон гүүг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өрдөөс 20-ны өдрийн хооронд алдсан. Тэгээд би Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Цагаан нуур, Духан цагаан нуур, Баян уул гэх газруудаар 5-6 хоног ойролцоогоор 80-100 км хайж яваад ололгүй эрлээ өндөрлөсөн. Тухайн үед хулгайд алдагдсан нь тодорхойгүй олдчих байх гээд цагдаад өргөдөл гомдол гаргаагүй...Хамар цагаан, сартай хар голтой саарал 9 настай, сартай зуузай тамгатай бүдүүн гүү байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 54-55-р хуудас),
Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тус багийн Улаан ухаа, Цагаан өндөр гэх газраас Ухаа азаргатай 17-18 тооны адуунаас “5” тоо тамгатай, “Н” үсгэн хайчтай саарал зүсмийн 7 настай гүү, өмнөх хоёр жил нь дарааллан сувиарсан тарга тэвээрэг сайтай гүүгээ алдсан...Би тухайн үед өөрөө. Хэнтий аймгийн төв яваад хэд хоноод ирэх хооронд байхгүй болсон байсан ба би сарнисан байж магадагүй гээд цагдаагийн байгууллагад хандаагүй...Миний алдсан гүү их сайхан тарган байсан багцаагаар бодоход 170-180 кг татах байх...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 108-109-р хуудас),
Хохирогч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров сумын төвд өвөлдөө орж өвөлжөөд зундаа хөдөө гарч зусдаг юм. Би өөрийн ******* дээр 180 гаран тооны малтай бөгөөд үүнээс 20 гаран тооны адуутай. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Батноров сумын 4 дүгээр баг Талын хөндлөн гэх газраас манай Хар ногоон азаргатай адуунаас бор халзан зүсмийн хязаалан гүү алга боллоо гэж хэлсэн. Тухайн үед би Батноров сумын төвд байсан болохоор эрж хайж явж чадаагүй өнгөрсөн юм. Тэгээд энэ жил өргөдөл гаргасан юм...Бор халзан зүсмийн хязаалан насны эхиймаа тамгатай гүү байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 165-166-р хуудас),
Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний алдсан гүү азаргандаа хөөгдөөд Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн малчин Г.Энхболдын хээр азаргатай адуунд нийлсэн юм. Тэгэхээр нь би Г.Энхболд гэх хүнд манай азарга ягаан гүүг маань хасаж хөөгөөд байх юм танай адуунд байж байг гэж хэлээд захиж орхисон байсан юм. Тэгтэл надад Г.Энхболд ахын хүү Наранжаргал 2021 оны 12 дугаар сарын эхээр таны ягаан гүү алга болсон байна гэж утсаар хэлсэн. Би ойр хавиараа эрж сураад сураг гараагүй...Мөлүү чихтэй, эрхийтэй онгин тамгатай, ягаан саарал хязаалан насны гүү байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 222-223-р хуудас),
Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 10-ны хооронд өвөлжөөнөөс баруун зүгт байрлах Баян-Уул дотроосоо хадмынхаас ирсэн улаан зүсмийн эр бяруу хулгайд алдагдсан. Тухайн бяруу нь ганцаараа ижлээсээ салаад явах бяруу биш болохоор хулгайд алдчихлаа гэж бодсон. Тэгээд эрэл сурал болоод Баян-Овоо сумын 2 дугаар баг Баян уулан дотор, Талын Хөндлөн, Батноров сумын зааг нутгаар 3-4 хоног явсан боловч сураг гараагүй олдоогүй. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй байсан... Цулгуу улаан зүсмийн эр бяруу, 2 чих араас догол имтэй бусад бяруунаас өндөр үхэр байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 15-16-р хуудас),
Гэрч Э.Наранцацралын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нөхөр хүүхдүүдийн хамт Батноров сумын төвд амьдардаг байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын дундуур манай нөхөр О нь “хөдөө шургуу тэмцээн болох юм байна, хөдөө очиж адууг бөөгнүүлье” гээд сумын төвөөс аавын гэр болох тус сумын 4 дүгээр баг Булдруу гэх газар нөхрийн хамт очиход аав Энхболд, дүү Наранжаргал нар байсан бөгөөд очоод удаагүй байж байхад үдийн алдад Наранжаргал, манай нөхөр О нар нь адуундаа морьтой явсан. Тэгээд шөнө бид нарыг унтаж байхад ирсэн. Маргааш өглөө нь 09-10 цагийн орчимд гадаа байгаа саарал зүсмийн гүүг ажиллаж идшинд хэрэглэхээр болсон. Энэ тухай нөхөр Од-Эрдэнээс ямар учиртай гүү болохыг асуухад “Хүнээс авах адуугаа авсан идшэнд хэрэглэе” гэж хэлж байх шиг байсан. Тэгээд Наранжаргал, О нар адуугаа ажлаад би гэдсийг нь арилгаж манай хоёр гэр хувааж идшэндээ хэрэглэсэн... Ямарч байсан хоёулаа морьтой явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 65-66-р хуудас),
Гэрч Г.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хүү Наранжаргалын хамт Батноров сумын 4 дүгээр баг Булдруу гэх газар өвөлжөөндөө буусан байхад манай охин Наранцацрал, нөхөр Од-Эрдэнийн хамт 2019 оны 11 дүгээр сарын дундуур шургуу тэмцээн болох гээд адуугаа хураах ажлаар ирлээ гээд ирж байсан. Тэгээд манай хүү Наранжаргал, хүргэн О нар нь морь унаад адуундаа явцгаасан. Тэгээд тэр өдрийн орой бид нарыг унтаж байхад ирж байсан. Тэгээд би маргааш өглөө нь босоод 08 цагийн орчимд хонь бэлчээд явчихаар нь хониндоо явах гээд би өөрийн хонинд унадаг хээр морио унаад явах үед саравчны хашааны баруун талд саарал зүсмийн бүдүүн гүү уяатай байхыг нь харсан. Тэгээд би хониндоо яваад үд орчимд ирэхэд нөгөө саарал зүсмийн бүдүүн гүүг ажиллаад дууссан дэлгээд тавьсан байсан. Тухайн үед ямар учиртай гүү гэдгийг нь мэдээгүй....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68-69-р хуудас),
Гэрч И.Сансарбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Батноров сумын төвд байхад Эрдэнэбилэг гэдэг эмэгтэй надад хүнээс идэшний адуу авах юм цуг яваад өгөөч гээд цэнхэр өнгийн портер машинтай Эрдэнэбилэг, Төмөрөө гэх залуутай хамт ирсэн. Тэгээд Эрдэнэбилэг надад нэг шил архи авч өгөөд бид гурав Наранжаргалыг эх******* Баярсувдын хамт гэрээс нь аваад бид тавуулаа Батноров сумаас зүүн урагшаа явж Наранжаргал гэх залуу замд таарсан адууг энэ манай адуу байна гээд 40 гаран тооны адуу хөдөө эзэнгүй саравчинд хашаад Саарал зүсмийн бүдүүн гүү, Ягаан зүсмийн хязаалан гүү нийт хоёр адууг машинд ачиж Батноров суманд авч ирээд Эрдэнэбилэгийн хашаанд ажилласан. Тэгээд Эрдэнэбилэг бага гүүнийх нь махыг гэртээ оруулж тавиад Саарал гүүний махыг Наранжаргалтай хамт машинд ачаад гараад явсан хаашаа явсан талаар мэдэхгүй...Би Наранжаргалын адуу гэж бодсон, тамга тэмдэгийг нь анзаараагүй ямар ч байсан Саарал зүсмийн бүдүүн гүү, Ягаан зүсмийн хязаалан гүү байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 116-117-р хуудас),
Гэрч А.Цэвэлмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр үед Батноров сумын төвд хувиараа мал мах худалдаж авч байсан...Би тухайн өдөр ганцхан хүнээс 1 тооны адууны мах худалдаж аваад малын гарал үүслийн гэрчилгээг нь асуухад хөдөө бичиг баримтаа орхиод ирсэн гэхээр нь махыг нь ачуулалгүй хүлээж байхад буцаж ирээд би махаа буцаагаад авья шууд Улаанбаатар хот руу ачуулахаар боллоо гэж ирээд аваад явсан...Надад 1 тооны адууны махыг Наранжаргал, Эрдэнэбилэг, Баярсувд нар бичиггүй авчирч өгөөд бичиг баримтаа хөдөөнөөс авчирч өгнө гэж хэлж яваад хэсэг хугацааны дараахан нь эргүүлээд махаа аваад Улаанбаатар хот руу авч явахаар боллоо гээд аваад явсан...Манай сумын Наранжаргал, Эрдэнэбилэг, Баярсувд нар хамт явж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 121-р хуудас),
Гэрч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров сумын төвд амьдардаг бөгөөд Э.Н-д 2021 оны наадмаас хойш мөнгө цувуулж өгсөөр байгаад 500 гаран мянган төгрөгөөр идэшний бага адуу авахаар тохирсон. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө Сансарбаяр, Төмөрсүх нарын хамт Э.Н-ын гэрт очиж идэшний адуугаа авахаар болж түүний эх******* Баярсувдын хамт бид тавуулаа манай ахын 2669 ХЭҮ улсын дугаартай, цагаан өнгийн портер маркийн машинтай явсан. Тэгээд бид нар сумын төвөөс зүүн зүгт 20-30 км зайд очиж 40 гаран тооны адуу хашиж тэндээс бага насны ягаан зүсмийн адуу, саарал зүсмийн бүдүүн гүү ачиж сумын төвд авч ирээд хамт явсан хүмүүс бүгдээрээ манай хашаанд уг хоёр адууг ажиллаж, бага насны ягаан адууг надад өгч би идшэндээ авч, харин саарал зүсмийн бүдүүн гүүг Э.Н нь зарахаар болж ачиж ирсэн машин дээрээ саарал гүүний арьс толгойг үлдээгээд зөвхөн махыг нь ачаад Цэвэлмаа гэх хүн дээр очоод өгөх гэтэл малын бичиг нэхэхээр нь өгөхөө болиод малын бичиг авахаар явахдаа Наранжаргал нь надад хандан “Энэ саарал гүү 2-3 жил сувиарсан, аав борлуулая гэхэд борлуулахгүй байгаа юм. Танд өгсөн ягаан гүүний зургаар малын бичиг авъя” гэж хэлэхээр нь түүний эх*******ийн Баярсувдын хамт бид хоёр сумын төвөөс малын бичиг авсан. Малын бичгээ аваад Мягаа эгч дээр очиж адуугаа борлуулсан 1 сая гаран төгрөг болсон байх...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 123-124-р хуудас),
Гэрч А.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 25-ны үдээс хойш Наранжаргал буюу Нанжгаа нь Эрдэнэбилэгийн хамт цэнхэр өнгийн портер машинтай адууны мах өгөхөөр ирсэн. Надад өгөхөөс өмнө Цэвэлмаад арай хямдаар өгсөн байсан тэгээд над руу залгаад “Адууны махны ханш асуугаад намайг арай өндөр үнээр авч байна” гээд надад өгсөн. Өмнөх хүндээ 700.000 төгрөгөөр зарсан байсан би тэр адууг хиллэж үзэхэд 173 кг болж 6000 төгрөгөөр бодон 1.038.000 төгрөгөөр авсан. Эрдэнэбилэгийн 5936034688 тоот дансанд 700.000 төгрөг, 338.000 төгрөгийг Наранжаргалын 5954284810 тоот дансанд хийсэн байна...Надад арьс толгой өгөөгүй зүгээр махыг нь авч ирж зарсан...Мах нь 173 кг татаж байгаа адуу бүдүүн адуу байх...Би бичиггүй мах авдаггүй, Малын бичгээ надад өгсөн байх... Хулгайн адууны мах гэж мэдээгүй, Наранжаргал нь тохитой айлын хүүхэд болохоор өөрийн адуугаа зарж байна гэж бодоод авсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 126-127-р хуудас),
Гэрч Л.Цог-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров суманд 2020 оноос хойш мал, мах хувиараа худалдан авч байгаа бөгөөд 2021 оны намар 10 дугаар сард байхаа надаас адууны мөнгө 500.000 төгрөг авсан яг бэлнээр авсан дансаар авсан эсэхийг санахгүй байна. Тэгээд би тус оны 11 дүгээр сарын сүүлээр би өөрийн Бонго-3 маркийн машинтай нэг бойчинтой хамт очиж Батноров сумын 4 дүгээр баг Улаан ухаа гэх газарт байх нэлээд олон тооны адуун дундаас бор халзан зүсмийн хязаалан гүүг морьтой барьж өгөөд надад ачаад явуулсан. Би тухайн үед бага зэрэг халамцуу байсан учраас адууны тамгыг нь сайн санахгүй байна, Тэгээд маргааш нь цуглуулсан малаа ажлаад аймаг аваад явсан шиг санаж байна... Би яг хэнтэй явж байсанаа яг сайн санахгүй байна...Тэр талаар мэдээгүй. Өөрийнхөө адуунаас л барьж өгч байх шиг байсан...Тухайн адууг авсаныхаа дараа нэмж 100.000-200.000 төгрөг өгсөн байх тухайн үед хязаалан насны адууг 600.000-700.000 төгрөгөөр худалдан авдаг байсан... Тэрнээс хойш адуу өгнө гэж надаас хэдэн төгрөг аваад дараа хавар нь адуу биш хонь, ямаагаар бодож авсан. Би өмнөх авсан хязаалан гүү арай бага жинтэй тарга тэвээрэг багатай байсан шүү гэж хэлээд хонь ямаа авахаар болж авч байсан. Өөр наймаа хийж байгаагүй... Би Э.Н-аас адууг нь авахдаа бичиг аваагүй. Аймаг руу зарахдаа сумын төвөөс гарал үүслийн бичиг аваад явсан байх. Би аймаг явахдаа малын бичгээ бүрдүүлээд явдаг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 168-169-р хуудас),
Гэрч Э.Баярсувдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Эрдэнэбилэг эгч Төмөрсүх, нэг үл таних ахын хамт ирээд “Э.Н-аас идэшний адуу авна” гээд цэнхэр өнгийн ачааны машинтай ирэхээр нь бид хоёр хамт суугаад өглөө хөдөө зүүн тийшээ ойролцоогоор 30 км газар явж байгаад машинтайгаа 40 гаран тооны адуу тууж хашаад тэндээс 2 тооны адуу ачиж сумын төвд ирээд Эрдэнэбилэг эгчийн хашаанд авч 2 адуу ажиллаж арай багыг нь Эрдэнэбилэг эгчийн идшэнд өгч арай томыг нь Эрдэнэбилэг эгч Наранжаргал нар машин дээрээ ачиж яваад зараад ирсэн. Би ажилласан адуунуудын гэдсийг нь арилгасан. Зарсан адууны гэдсийг гэртээ аваачиж идшэнд хэрэглэсэн... Нэг адуу нь сааралдуу харагдаж байсан нөгөөдөхийг нь сайн мэдэхгүй байна. Би адуу малын зүс сайн мэдэхгүй... Өөр хүний адуу гэж хэлээгүй. Өөрийнхөө адуунаас л авсан байх гэж бодож байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 233-234-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №2022/ШД-330 дугаартай “...1 тооны адууг 1.300.000 төгрөг...” гэх дүгнэлт ( 1-р хх-ийн 72-74-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №2022/ШД-328 дугаартай “...1 тооны адууг 1.430.000 төгрөг...” гэх дүгнэлт ( 1-р хх-ийн 134-136-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №2022/ШД-326 дугаартай “...1 тооны адууг 1.000.000 төгрөг...” гэх дүгнэлт ( 1-р хх-ийн 196-198-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №2022/ШД-327 дугаартай “...1 тооны адууг 1.000.000 төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 241-243-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №2022/ШД-331 дугаартай “...1 тооны үхрийг 700.000 төгрөг...” гэх дүгнэлт ( 2-р хх-ийн 30-32-р хуудас),
“Фэйр Валуэшн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №2022/ШД-353 дугаартай “...4 тооны адууг 3.600,000 төгрөг, 2 тооны уурга 160,000 төгрөг, 14-32 УНО улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.800,000 төгрөг, 26-69 ХЭҮ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөг нийт 10,400,000 төгрөг” гэх дүгнэлт ( 2-р хх-ийн 39-43-р хуудас),
Хохирогч Б.Б-ийн “....Э.Н адуугаар барагдуулж өгсөн нь үнэн....” гэх хүсэлт (2-р хх-ийн 117-р хуудас), шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй тухай тодорхойлолт,
Хохирогч Ч.Б-гийн “....миний бие иргэн Э.Н-аас хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол байхгүй болно...” гэх хүсэлт (2-р хх-ийн 118-р хуудас),
Хохирогч М.Б-ын “....Э.Н нь адуугаар барагдуулж өгсөн нь үнэн....” гэх хүсэлт (хх-ийн 119-р хуудас),
Хохирогч Г.Э-ын “....О нь хохирлыг барагдуулсан тул гомдол хүсэлт байхгүй....” гэх хүсэлт (2-р хх-ийн 120-р хуудас),
Хохирогч Д.Ч “....О нь хохирлыг барагдуулсан тул гомдол хүсэлт байхгүй....” гэх хүсэлт (2-р хх-ийн 121-р хуудас), шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй тухай тодорхойлолт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Э.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.О, Э.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч О.О, Э.Н нарын бүлэглэн мал хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч О.О, Э.Н нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нарын зүгээс малаа хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч О.О, Э.Н нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч О.О, Э.Н нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч О.О нь хохирогч Г.Э-т 700.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Э.Наранжаргал, О.О нар нь хохирогч Д.Ч-д 1.300.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Э.Н нь хохирогч М.Б-т 1.000.000 төгрөгийн, хохирогч Б.Б-д 1.430.000 төгрөгийн хохирол, хохирогч Ч.Батцэцэгт 1.430.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд хохирогч нарт учруулсан хохирлоо шүүгдэгч нар нь нөхөн төлсөн болох нь:
Хохирогч Б.Б-ийн “....Э.Н адуугаар барагдуулж өгсөн нь үнэн....” гэх хүсэлт (2-р хх-ийн 117-р хуудас), шүүхэд ирүүлсэн гомдол саналгүй тухай тодорхойлолт,
Хохирогч Ч.Б-гийн “....миний бие иргэн Э.Н-аас хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол байхгүй болно...” гэх хүсэлт (2-р хх-ийн 118-р хуудас),
Хохирогч М.Б-ын “....Э.Н нь адуугаар барагдуулж өгсөн нь үнэн....” гэх хүсэлт (хх-ийн 119-р хуудас)-ээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Э.Н-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, морины үнэ нийт 5,300,000 (таван сая гурван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Э.Н-аас гаргуулж улсын орлогод, шүүгдэгч О-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ нийт 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг шүүгдэгч О.О-нээс гаргуулж улсын орлогод тус тус оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.О нь Э.Н-тай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд мөн 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс 10-ны өдрийн хооронд мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн ба шүүгдэгч О-ийн 2 удаагийн үйлдэл нь хоорондоо нэг жилийн зайтай байх тул тухайн гэмт хэргүүдийг үйлдэхдээ нэг морийг ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч О.О-нээс гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан морины үнэлгээг үйлдэл тус бүрээр тооцож 2 морины үнэлгээ буюу 1,800,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгайангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч Э.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул О.О, Э.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.О нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 84-р хуудас),
Шүүгдэгч Э.Н нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 108-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч О.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч О.О-д 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.
Шүүгдэгч О.О нь Э.Н-тай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд, мөн ганцаараа 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс 10-ны өдрийн хооронд мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Шүүгдэгч О-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна.
Иймд шүүгдэгч О-ийн үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулах 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.О-д оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Хэнтий аймгийн Батноров сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 1 жил 2 сарын хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна. Шүүгдэгч О.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн 2239000000420 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч О.О-ийг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Э.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан 1 (нэг) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хэнтий аймгийн Батноров сумын хилийн дээсээр тогтоож 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумаас гадагш явахыг хориглосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч О.О-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, морины үнэ нийт 5,300,000 (таван сая гурван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Э.Н-аас гаргуулж улсын орлогод, шүүгдэгч О-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ нийт 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг шүүгдэгч О.О-нээс гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.
10. Эрүүгийн 2239000000420 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР