| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/02229/И |
| Дугаар | 2403 |
| Огноо | 2019-09-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2403
| 2019 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2019/02403 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо 47 дугаар байр 6 тоотод байрлах Ф.И ХХК
Хариуцагч: Б.Ч
Гэрээний үүрэгт 5.883.148 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ф.И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Б.Ч нь Ф.И ХХК-наас 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 18/01 тоот зээлийн гэрээ байгуулж Хар хорин зах дээр жижиглэнгийн худалдаа эрхлэхдээ зориулж 4.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж суудлын автомашин барьцаалж өмчлөх эрхийг ББСБ-ын эзэмшилд шилжүүлсэн. Зээл төлөх хугацаа 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байсныг зээлдэгч хүсэлт гарган мөн оны 07 дугаар сарын 27-ны өдөр сунгасан. Зээлдэгч энэ хугацаанд нийт 7 удаа төлбөр төлсөн нь үндсэн зээлээс 555.995 төгрөг, хүү 424.005 төгрөг нийт 980.000 төгрөг төлөгдсөн. Зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэж байсан боловч төлнө гэсэн тайлбар хийсээр өдийг хүрсэн. Иймд хариуцагч Б.Чоос үндсэн зээл 3.444.005 төгрөг зээлийн хүү 1.966.345 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 422.798 төгрөг нийт 5.883.148 төгрөгийг гаргуулж, ниссан тино маркийн 8583 УБЧ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ф.И ХХК нь Б.Ч миний биед холбогдуулан 5.883.148 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс би 4.000.000 төгрөгийг 2 сарын дотор буюу 08 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 09 дүгээр сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлж барагдуулах саналтай эсвэл нийт нэхэмжилсэн үнийн дүнд барьцаанд байгаа автомашиныг өгий гэж бодож байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ф.И ХХК нь хариуцагч Б.Чт холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 5.883.148 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Ч нь нэхэмжлэгч Ф.И ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 4.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдэж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр ниссан тино 8583 УБЧ дугаартай автомашиныг шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй болох нь шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, зээл болон фидуцийн гэрээ, зээл хүссэн өргөдөл, зээлийн хорооны тогтоол, зээлийн хүүний эргэн төлөх хуваарь гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Зээл болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжилсэн 5.883.148 төгрөгнөөс 4.000.000 төгрөгийг 09 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулах, эсвэл нийт нэхэмжилсэн үнийн дүнд барьцаанд байгаа автомашиныг өгөхийг зөвшөөрч тайлбарласан боловч энэ хугацаанд мөнгийг төлөөгүй, тэрээр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх, зээлийн гэрээний 4.2.1-т заасан хуваарьт заасан хүү болон зээлийг хугацаанд нь тогтмол төлөх гэсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Мөн зээлдэгч зээлийн гэрээний 4.2.7-д гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн автотээврийн хэрэгслийг бодитойгоор гаргаж ББСБ-д хүлээлгэн өгөх, Автотээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээний 4.3-т зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол энэхүү гэрээний 3.1.2-т өгсөн зөвшөөрлийнхөө дагуу автотээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчид бодитойгоор өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Б.Чоос гэрээний үүргийн биелэлтэд 5.883.148 төгрөг гаргуулж, ниссан тино 0 8583 УБЧ дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Чт шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч Б.Чоос 5.883.148 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф.И ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ниссан тино 0 8583 УБЧ дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.280 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Чоос 179.280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф.И ХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА