Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч П.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овогт Пүрэвжавын Төмөрбаатарт холбогдох эрүүгийн 2321000000171 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Баян-Уул” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Адуучин овогт Пүрэвжавын Төмөрбаатар /РД: ЖЯ 77070111/.

Шүүгдэгч Пүрэвжавын Төмөрбаатар нь Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг, “Захчин тойром” гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн орчим хохирогч П.Долгортой үл ялих зүйлээр маргалдаж зүүн гарыг машины салхины шилээр зүсэж биед нь зүүн бугуй, бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Төмөрбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч П.Долгор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн орчим ... Төмөрбаатарынд очиход түүний төрсөн ах Ганбаатар гэрийн гадаа байхаар нь түүнд хандаж “помпныхоо усыг шавхахгүй яасан юм бэ” гэж хэлчихээд гэр рүүгээ бяруугаа туугаад явсан. Удалгүй түүний төрсөн дүү Төмөрбаатар араас мотоциклтой хүрч ирэхээр нь би машинаас буусан чинь “ална шүү гичий минь, юу гэж хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд машины цонх руу гараараа 1 удаа цохиод салхивчийг хагалчихсан. Тэгээд бид хоёр муудалцаад байж байтал Төмөрбаатар миний машины салхивчны хагархай хэсгээр толгой руу далайхаар нь цохих гэж байна гэж бодоод гараараа хамгаалтал тэр шил нь миний гарын шууны дотор хэсэгт зүсэгдэж зоогдсон. Уг үйл явдал болсны дараа Төмөрбаатар гэр рүүгээ явсан. Бид хоёрыг маргалдаж байхад манай төрсөн ах Энхбаяр байсан. ...Миний машин өөрөө хуучин машин бөгөөд борооны хамгаалалтын шилнүүд бүгдээрээ хуучраад муудчихсан, жолооч талын урд талын борооны хамгаалалтын шилийг мал шөргөөгөөд хагалчихсан байсан. ...шилний хохирлыг нэхэмжлэхгүй. Төмөрбаатараас ...154,550 төгрөг нэхэмжлэх болно. ...Надаас уучлалт ч гуйгаагүй...” гэжээ. /хх-ийн 18-21/

Гэрч Б.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн орчим Булган сумын 3 дугаар багт байх гэрээсээ төрсөн дүү Долгорын хамт 42-50 ДОА улсын дугаартай, Приус-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй гараад баруун хойшоо 2-3 км газар “Захчин хонхор тойром” гэх газарт худаг дээр малаа услах гээд очсон боловч худгийн цахилгаан помп хөлдчихсөн байсан. Бид хоёр Төмөрбаатарынд очиж түүний төрсөн ах Ганбаатарт хандаж манай дүү Долгор “цахилгаан помпныхоо усыг шавхахгүй яасан юм бэ, хөлдчихсөн ашиглах боломжгүй байдалтай байна” гэж хэлчихээд бид хоёр гэр рүүгээ харих замдаа тэдний гаднаас хоёр бяруугаа туугаад явсан. Удалгүй түүний төрсөн дүү Төмөрбаатар араас мотоциклтой хүрч ирсэн. Манай дүү Долгор машинаасаа бууж тухайн үйл явдлыг хэлэх гэтэл Төмөрбаатар “ална шүү гичий минь, юу гэж хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд машин, машины хаалга хоёрын завсраар 2-3 удаа хавчаад гаргахгүй байхаар нь би машинаас буугаад “чи болио яах гээд байгаа юм бэ” гэтэл дээл хувцсаа тайлаад “чи муу юу гээд байгаа юм бэ” гэх зэргээр зодох гэж байгаа юм шиг авирлаж ирэхээр нь “чи чаддаг юм бол цохиод ав” гэж хэлтэл намайг тавиад эргэж машины хажуугаар ирээд машины салхивчийг гараараа нэг удаа цохиод хагалчихсан. Тэр хагарсан шилээр нь манай дүү Долгор руу нэг удаагийн үйлдлээр толгой хэсэг рүү нь далайгаад цохиход Долгор зүүн гараараа толгойн хэсгээ хааж хамгаалахад зүүн гарын шууны дотор хэсэгт хагарсан шилний хэлтэрхийнүүд зоогдож зүсэгдсэн. Түүний далайлтыг гараараа тэгж хаагаагүй бол түүний толгойнд шил зоогдох аюултай байсан...” гэжээ. /хх-ийн 24-25/

Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 253 тоот дүгнэлтэд:

1. П.Долгорын биед зүүн бугуй, бугалганд шарх, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн нэг ба хоёр, өвдөгний цус хуралт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх шарх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, өвдөгний цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 33-34/

П.Төмөрбаатар мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би хонио усалчихаад гэр рүүгээ очсон чинь манай ах надад “Долгор ирээд явсан өчигдөр худагныхаа усыг шавхахгүй яасан юм бэ, худагны помпыг хөлдөөсөн байна” гэж хэлж байна гэхээр нь би түүний араас мотоциклтой очиж уулзсан. Очиж уулзаад би түүнд хандаж “бид нар яагаад помпыг хөлдөөдөг юм бэ, та нар ч гэсэн өчигдөр хажууд байсан биз дээ” гэх зэргээр уурласан. Бид хэсэг зуур маргалдаж байгаад би гэр рүүгээ явсан бөгөөд удалгүй араас хадам дүү Долгор төрсөн ах Энхбаярын хамтаар хүрч ирээд хэрүүл хийгээд байхаар нь миний уур хүрч машиных нь жолооч талын хаалганы завсарт өөрийнх нь биеийг 2-3 удаа хавчихад хаалганы дээд талын хөмсөг хугарч унасан. ...хохирогч П.Долгорын биед халдсан нь миний буруу, тухайн үед хэн хэн нь бухимдалтай байсан бөгөөд хэл амаа ойлголцоогүй зүйл болсон...” гэжээ. /хх-ийн 42-43/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/

Тээврийн хэрэгсэлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-15/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30/

П.Төмөрбаатарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 44/

П.Төмөрбаатарын ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 54/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч П.Төмөрбаатарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Адуучин овогт Пүрэвжавын Төмөрбаатар нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн орчим Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Захчин тойром” гэх газарт хохирогч П.Долгортой үл ялих зүйлээс маргалдаж, түүний зүүн гарыг машины салхины шилээр зүсэж, биед нь зүүн бугуй, бугалганд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч П.Төмөрбаатарын “...хадам дүү Долгор төрсөн ах Энхбаярын хамтаар хүрч ирээд хэрүүл хийгээд байхаар нь миний уур хүрч машиных нь жолооч талын хаалганы завсарт өөрийнх нь биеийг 2-3 удаа хавчихад хаалганы дээд талын хөмсөг хугарч унасан. ...хохирогч П.Долгорын биед халдсан нь миний буруу, тухайн үед хэн хэн нь бухимдалтай байсан бөгөөд хэл амаа ойлголцоогүй зүйл болсон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч П.Долгорын “...Төмөрбаатар араас мотоциклтой хүрч ирэхээр нь би машинаас буусан чинь “ална шүү гичий минь, юу гэж хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд машины цонх руу гараараа 1 удаа цохиод салхивчийг хагалчихсан. Тэгээд бид хоёр муудалцаад байж байтал Төмөрбаатар миний машины салхивчны хагархай хэсгээр толгой руу далайхаар нь цохих гэж байна гэж бодоод гараараа хамгаалтал тэр шил нь миний гарын шууны дотор хэсэгт зүсэгдэж зоогдсон...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Б.Энхбаярын “...Төмөрбаатар “ална шүү гичий минь, юу гэж хуцаад байгаа юм бэ” гэж хэлээд машин, машины хаалга хоёрын завсраар 2-3 удаа хавчаад гаргахгүй байхаар нь би машинаас буугаад “чи болио яах гээд байгаа юм бэ” гэтэл дээл хувцсаа тайлаад “чи муу юу гээд байгаа юм бэ” гэх зэргээр зодох гэж байгаа юм шиг авирлаж ирэхээр нь “чи чаддаг юм бол цохиод ав” гэж хэлтэл намайг тавиад эргэж машины хажуугаар ирээд машины салхивчийг гараараа нэг удаа цохиод хагалчихсан. Тэр хагарсан шилээр нь манай дүү Долгор руу нэг удаагийн үйлдлээр толгой хэсэг рүү нь далайгаад цохиход Долгор зүүн гараараа толгойн хэсгээ хааж хамгаалахад зүүн гарын шууны дотор хэсэгт хагарсан шилний хэлтэрхийнүүд зоогдож зүсэгдсэн...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 253 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Төмөрбаатар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч П.Төмөрбаатар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч П.Төмөрбаатарын үйлдлийн улмаас хохирогч П.Долгорын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 253 тоот “...П.Долгорын биед зүүн бугуй, бугалганд шарх, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн нэг ба хоёр, өвдөгний цус хуралт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шарх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, өвдөгний цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч П.Төмөрбаатарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Төмөрбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Төмөрбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Төмөрбаатар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, суманд мал маллаж амьдардаг, эхнэр нь хүнд өвчтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Төмөрбаатарт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.Төмөрбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Долгорын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хохирогч нь шүүгдэгчээс 154,550 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд ирүүлээгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Төмөрбаатарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч П.Долгор нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд П.Төмөрбаатараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Төмөрбаатар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч П.Төмөрбаатар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Адуучин овогт Пүрэвжавын Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пүрэвжавын Төмөрбаатарт 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Төмөрбаатарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Долгор нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд П.Төмөрбаатараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч П.Төмөрбаатар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Төмөрбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА