Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

 

 

2023.04.27                                        2023/ШЦТ/111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0091/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгон, 

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2339000000146 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчимд хохирогч Т.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун нүд хэсэг рүү нь гараараа цохиж, унасных нь дараа нь 2-3 удаа өшиглөсөн үйлдэл хийж, Т.Ц-ын биед баруун хөмсгөнд шарх, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын бугалгад цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б-ийг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000146 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Ц-ын (хх-ийн 8-9-р хуудас), гэрч Н.Нандинбилэгийн (хх-ийн 17-19-р хуудас), гэрч Э.Ариунцэцэгийн (хх-ийн 22-24-р хуудас), гэрч Бямба-Юмчингийн   хх-ийн 27-29-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Г.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай дүгнэлт (хх-ийн 35-36-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Батноров сумын засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51, 52, 55,56-59, 60-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000146 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б нь хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Г.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэмшиж байна. Хохирогчтой уулзаж уучлал гуйсан. Ахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчимд хохирогч Т.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун нүд хэсэг рүү нь гараараа цохиж, унасных нь дараа нь 2-3 удаа өшиглөж Т.Ц-ын биед баруун хөмсгөнд шарх, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын бугалгад цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Г.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хурал дааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....би 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар баг Дэлгэр Өлзийт хайрханы  энгэрт байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Ц ыг зодож  гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна...би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд унтаж байгаад шөнө сэрсэн чинь миний хамаг хувцас, хамар ам цус болчихсон байсан баруун нүд битүү хавантай юм харж болохгүй болчихсон байсан. Тэгэхээр намайг яасан талаар асуухад гэрийн эзэн Ёнхоон болон эх*******Цэцэг нар надад Б  чамайг цохиж өшиглөсөн гэж хэлсэн хамт явж байсан танихгүй залуугаас асуухад би Б ийг хориод дийлээгүй гэж хэлсэн. Тэгтэл айлын хүмүүс Б ийг одоо харь гэртээ очиж унт гээд явуулсан. Маргааш өглөө нь намайг сэрээд байж байхад Б  ирээд чи намайг баян ядуугаар маань дуудаад байсан чи өөрийнхөө амнаас болсон шүү гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөрөө буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Батноров сумын эмнэлгийн машинаар ирж үзүүлж баруун хөмсөгний орчимд 1 оёдол тавиулсан... Би тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаагүй Б ийг нэг нутгийн хүмүүс уулзаж учраад болох байх гээд өнгөрсөн. Тэгтэл Б  тэр цагаас хойш надтай ирж уулзсан ч юм байхгүй, дээрээс нь миний нуруу, толгой өвддөг болоод байгаа учир хуулийн байгууллагаар шалгуулж, өөрийнхөө биеийг шүүх эмнэлгээр үзүүлж дүгнэлт гаргуулах гэсэн учраас цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн юм....Би Б ид гомдолтой байна хуулийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлмээр байна. Мөн өөрийгөө эмнэлгийн байгууллагаар үзүүлэхэд шаардагдах төлбөр мөнгийг бүрэн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9-р хуудас),

Гэрч Н.Нандинбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай бага хүүгийн 1 насны төрсөн өдөр болоод би ямааны хорхог хийх гээд ганцаардаад байхаа нь Б ид ажил гайгүй бол ирж ямаа хуйхлахад тас болооч хэлж байсан юм. Тэгтэл үдээс хойш Г.Б , Т.Ц нар нэг танихгүй залуугийн хамт гурвуулаа Батноров сумаас ирлээ гээд 0,75 литрийн Эликс нэртэй архи аваад орж ирсэн....Т.Ц унтаж байснаа босож ирээд Г.Б-ийг юм ярьж байхад нь би ядуу хүнтэй юм ярьдаггүй надад 1000 хонь байна чамд юу ч байхгүй гуйлгачин гээд доромжлоод байсан. Тэгээд манайд хүүгийн төрсөн өдөрт гээд найз Батноров сумаас гэр бүлийн хамт ирсэн тэгэхэд Ц  хүмүүстэй хашаа саравч яриад сууж байсан....Ц  согтуурхаад Б ийгоо янз бүрээр хэлээд юм л бол би баян хүн чам шиг муу гуйлгачинтай юм ярихгүй гээд хэрүүл өдөөд байсан. Тэгтэл гэнэт Б  яасан овоо муу амьсгаа вэ гээд Ц ыг нэг цохитол Ц  гэрийн баруун урд хэсэгт унаад өгөхөд Б  дээрээс нь 2-3 удаа өшиглөхөөр нь эхнэр, танихгүй залуу бид 3 салгасан. Тэгээд Б ид жоохон дургүй хүрээд гэртээ харьж унт гээд хөөгөөд явуулсан. Т.Ц , танихгүй залуутай хоёр манай гэрт унтаад маргааш өглөө нь Т.Ц Батноров сум явсан... Баруун хөмсөг орчимд нь бага зэрэг язарч баруун нүд нь битүү хаван болсон байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),

Гэрч Э.Ариунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр манай бага хүүгийн 1 насны төрсөн өдөр болоод манай нөхөр ямааны хорхог хийх гээд ганцаараа ямаа хуйхлах болоод байна ирж таслаач гэж Г.Б ид хэлж байсан юм. Тэгтэл үдээс хойш Г.Б , Т.Ц нар нэг танихгүй залуугийн хамт 3-уулаа манайд ирсэн. ...Т.Ц унтаж байснаа босож ирээд Г.Б-ийг хэл амаар өдөөд би ядуу хүнтэй юм ярьдаггүй надад 1000 хонь байна чамд юу ч байхгүй гуйлгачин гэх мэтээр хэлээд байсан. Тэгээд манайд хүүгийн төрсөн өдөрт гээд манай найз нөхөд ирэхэд Ц  сэрүүн хүмүүстэй хаваржаа өвөлжөө гээд юм яриад л байх шиг байсан....Ц  Б ийгоо өдөөд тэр хоёр хоорондоо маргалдах янзтай байгаад байсан тэгснээ Б  гэнэт яасан овоо муу амьсгаа вэ гээд Ц ыг гараараа цохиод авсан тэгтэл манай гэрийн баруун урд хэсэгт унаад өгөхөд Б  2-3 удаа өшиглөөд авсан тэгэхээр нь манай нөхөр, танихгүй залуу бид 3 салгасан. Тэгээд Б ийг гэртээ харьж унт гээд явуулсан. Т.Ц , танихгүй залуутай хоёр манай гэрт унтаад маргааш өглөө нь Т.Ц Батноров сум явсан...Баруун хөмсөг орчимд нь бага зэрэг язарч баруун нүд нь битүү хаван болсон байсан. Өөр ямар нэгэн шарх харагдаагүй...Манай гэрт ирэхдээ хөмсөг, нүүр нь зүгээр байсан Г.Б той муудалцаж цохиулаад тийм болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-24-р хуудас),

Гэрч М.Бямба-Юмчингийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц  сэрээд хүмүүстэй юм яриад сууж байснаа Б ийг юм ярихаар нь дуугаа хураагаад дугарахгүй байхаар нь Б  Ц аас чи мал ихтэй хүмүүстэй юм яриад мал цөөтэй надтай тоож ярихгүй юмаа гэхэд Ц  мал ихтэй хүн мал цөөнтэй хүн хоёр өөр ш дээ хөгшөөн ядаж л хагалж идэх хонь нь хүртэл мал ихтэй айлынх тарган мал цөөтэй хүнийх туранхай байдаг ш дээ гэхэд нь Б  тиймээ хөгшөөн би мал цөөтэй гээд тэрнээсээ болоод хоорондоо маргалдаад байсан. Тэгээд ирсэн хүмүүс удалгүй яваад Ёнхоон /Нандинбилэг/, эх*******Ариунцэцэг, Б , Ц  бид 5 гэрт үлдсэн. Тэгээд Б , Ц  хоёр хоорондоо үгээ даахгүй муудалцаад барьцалдаж аваад Б  Ц ын баруун нүд хэсэг рүү нь гараараа нэг удаа цохихоор нь Ёнхоон /Нандинбилэг/, Ариунцэцэг бид 3 салгаад Б ийг гэрээс авч гараад гэр рүүгээ  яв би энд хонолоо намайг өглөө эрт  ирж намайг аваарай гээд явуулсан... Би орой нь анзаараагүй маргааш өглөө нь харахад Ц ын баруун хөмсөгний орчимд бага зэрэг язарсан, нүд нь хавдсан байсан... Зүгээр байсан Г.Б ид цохиулаад тийм болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-29-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Тунгалагтамирын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 158 дугаартай дүгнэлтэд:

1.2. Т.Ц-ын биед баруун хөмсгөнд шарх, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

           4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 35-36-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн хууль бус үйлдэл зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Г.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй..., Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй... гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Г.Б-ийн  гэмт үйлдлийн улмаас хохирогч Т.Ц-ын биед баруун хөмсгөнд шарх, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ....эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Г.Б нь хохирогч Т.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Т.Ц нь эмчилгээний зардал нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Б оос иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Г.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Г.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339000000146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийг 240 (хоёр зуун дөч ) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн 2339000000146 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Ц нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Б оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.УУГАНБАЯР