Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

 

 

2023.04.27                                        2023/ШЦТ/113

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0092/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хишигбаатар, 

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д-д холбогдох эрүүгийн 2339000000035 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 11-ний үүрээр 05 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 6-13 тоотод хохирогч Т.Н-тай “гэр рүүгээ харьчих” гэх шалтгаанаар маргалдан, хоолойг нь боож, нүүр рүү нь удаа дараа цохин улмаар түүний биед зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсэг, хүзүүний урд, зүүн хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000035 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 8-11-р хуудас),

Хохирогч Т.Н-ын (хх-ийн 16-18-р хуудас), гэрч Б.Номин-Эрдэнийн (хх-ийн 20-21-р хуудас), гэрч Б.Цолмонсайханы (хх-ийн 24-25-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 55 дугаартай дүгнэлт (хх-ийн 36-37-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45, 46-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000035 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Д нь хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Д-ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Х.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна...” гэж мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Х.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 11-ний үүрээр 05 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 6-13 тоотод хохирогч Т.Н-тай “гэр рүүгээ харьчих” гэх шалтгаанаар маргалдан, хоолойг нь боож, нүүр рүү нь удаа дараа цохин улмаар түүний биед зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсэг, хүзүүний урд, зүүн хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хурал дааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би болсон асуудлын талаар урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн... Би хохирогч Т.Наранжаргалыг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний үүрээр 05 цагийн орчимд Хэрлзн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 6-13 тоотод байх монгол гэрт цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна... Тиймээ би хүлээн зөвшөөрч гэмшиж байна... Би одоогоор хохирогчийн хохирлыг барагдуулаагүй байгаа бөгөөд хохирогч маань нийт хэдэн төгрөгний хохирол учирсанаа надад хэлээгүй байна. Хэрэв хэлчихвэл ойрын хугацаанд төлж барагдуулна...”  гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би гэрлээ унтраагаад чимээ чагнаад хэвтэж байхад удалгүй манай дүү зайлаач гэж хэлэхээр нь би гэрлээ асаагаад нөгөө залууд хандан за юу гэхэв чи гэр рүүгээ харьчих бид 2 унтаж амармаар байна гэхэд нөгөө залуу согтуудаа надтай хэрэлдээд байсан. Тэр үед манай дүү Б.Цолмонсайхан нь орноосоо босоод миний хажууд хувцастайгаа ирж суусан. Тэгсэн тэр залуу согтуудаа надад хандан та нээрээ залуу хүмүүсийн голоор орлоо танд хамаагүй шүү дээ, та харсан юмандаа л итгэнэ шүү юу ч болоогүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд хандан чи согтуу тасарсан унтаж байгаа хүүхдийг ингэж болохгүй ээ, чи одоо явчих гэж хэлсэн чинь нөгөө залуу надад утас байхгүй унаа байхгүй та утсаа өгчих би унаа дуудъя гэхээр нь би утсаа өгсөн чинь нөгөө залуу миний утсаар нэг дугаар руу залгасан чинь авахгүй болохоор нь би утсаа авчихад эргэж гэрийн баруун талын орон дээр суусан... Миний хэвтэж байсан орон дээр нөгөө залуугийн куртик байсан юм л даа. Ингээд би тэр залууг чи явчих бид 2 амармаар байна гэж хэлсэн чинь нөгөө залуу гэрийн зүүн талын орон дээрээс баруун талын ор руу ирэхээр нь би түүнийг куртикээ авах гэж байгаа юм болов уу гэсэн чинь тэр залуу учир зүггүй баруун гараараа миний нүүрэнд 1-2 удаа цохихоор нь би нүүрээ хамгаалаад орон дээр хэвтсэн. Тэгсэн тэр залуу миний хоолойг боохоор нь түүний гар нь миний уруулын хажууд ирэхээр нь биеэ хамгаалах зорилгоор түүний гарыг хазсан. Тэгсэн тэр залуу гар хазлаа муу гичий гээд миний нүүрэнд дахин 2-3 удаа цохисон ч чинь хамт байсан дүү Б.Цолмонсайхан гэрээс гүйж гараад хажуу айлдаа орж цагдаа дуудсан... Миний 2 нүд хөхөрч хавдсан, мөн зүүн талын шанаа хэсэг хөхөрч хавдсан. Мөн толгой тархи өвдөж байна...Би дээрх залууг танихгүй ээ. Урьд огт харж байгаагүй баарнаас гараад машинд суучих хүргээд өгье гэхээр нь л суусан юм... Анх танилцахдаа Х.Д гэж байсан... Би мэдээж гомдолтой байна. Зөв зүгээр байж байгаад бусдад зодуулсан. Мөн эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-18р хуудас),

                Гэрч Б.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг Хэрлэнгийн 6-13 тоотод нөхөр хүүхдүүдийнхээ хамтаар амьдардаг юм. Манай хажууд манай ээжийн төрсөн дүү Хатантунгалагийн гэр нь байдаг юм л даа. Тэгэхдээ эгч Хатантунгалаг нь 2023.01.10-ны орой хадмындаа хонон гээд явсан юм л даа. Би 2023.01.10-ны орой 21 цагийн үед хүүгийнхээ хамтаар гэртээ унтсан бөгөөд шөнө ээжийнд хүмүүс ирсэн талаар мэдээгүй юм л даа. Ингээд өглөө 05 цаг 08 минутын үед манай эгч Хатантунгалагийнд ирсэн гэх нэг  эмэгтэй манай гэрт орж ирээд надад хандан хаалга түгж цагдаа дууд согтуу залуу агсан тавиад байна гэж  хэлсэн. Тэгэхээр нь 05 цаг 10 минутад аймгийн Цагдаагийн газар дуудлага өгсөн. Ерөнхийдөө ийм асуудал болсон...Надад хэлэхдээ согтуу залуу Нараа эгчийг зодоод байна л гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

                Гэрч Б.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д  гэх залуутай 2023 оны 01 дүгээр сарын 10-ны орой Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гранд” *******тэй баарны гадаа танилцсан. Т.Н эгч тэр залуу бид 3 авчирсан пивыг нь уусан бөгөөд тэр залуу өөрийнхөө *******ийг Д  гэж хэлсэн. Тэгээд би пиво ууж байгаад тасраад унтсан бөгөөд унтаж байхад нэг хүн араас маань тэврэх шиг болохоор нь хальт сэрсэн чинь нөгөө залуу маань байхаар түүнийг зайлаач гэж хэлэхэд Т.Н эгч гэрийн гэрлийг асаахаар нь би босоод Т.Н эгчийн хажуугаар хэвтсэн. Тэгээд хэсэгхэн зуур унтаад өгсөн байсан бөгөөд гэнэт л Т.Н эгч “Цоогийн туслаарай” гэж хашхирахаар нь сэрээд харсан чинь тэр Д  гэх залуу Т.Н эгчийг боочихсон “Яасан их гар хаздаг гичий вэ” гээд хэл амаар доромжлоод нүүрэнд нь гараараа цохиж байсан. Тэгээд би гутлаа өмсөх гэсэн чинь нөгөө залуу яах гээд байгаа гэхээр нь бие засах гэж байна гэж хэлээд гэрээс зугтааж гараад хажуу талын айл руу орж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 55  дугаартай дүгнэлтэд:

1. Т.Н-ын биед зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсэг, хүзүүний урд, зүүн хэсгүүдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 36-37-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Д-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Х.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй..., Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй... гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Х.Д-ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Т.Н-ын зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсэг, хүзүүний урд, зүүн хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Х.Д нь хохирогч Т.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Т.Н нь эмчилгээний зардлаа нэхэмжилсэн байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Х.Д аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Х.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Д нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д ид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2339000000035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Х.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д ид оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн 2339000000146 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Н нь эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Х.Д аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР