Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар  2023/ШЦТ/114

 

2023.05.01                                   2023/ШЦТ/114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0097

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч З.Наранчимэг,

Шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ж-д холбогдох эрүүгийн 2339000000142 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Ж нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн  Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг  Айргийн 600 тоот хашаанд байх хохирогч З.О-гийн гэрээс Самсунг с-21 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль  бусаар хулгайлж түүнд 1,200,000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Э.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөсөн  мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-12-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 49-р хуудас),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 52-р хуудас ),

Хохирогч З.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Өмнөдэлгэр сумын төвийн 6 дугаар баг айргийн 600 тоот өөрийн эзэмшилийн амьдрах хашааг 2 хуваан тасалгаа хийж мал нядапгааны газар буюу Энхбум *******тэй хоршоо ажиллуудаг юм. Ингээд 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 цагын сүүл 13 цаг дөнгөж болж байсан байх гэрээсээ гараад бие засчаад гэртээ эргэж ороод махны мөнгө шилжүүлэх хүмүүс рүүгээ мөнгөө шилжүүлэх гээд утсаа хайтал байхгүй байсан тэгээд гэр дотор болон гадуур нойл хавиараа нэлээн сайн хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад 17 цагын орчимд хандах болсон юм...би гэртээ ганцаараа байсан. Манай өвгөн хөдөө мал руугаа явсан байгаа...Миний гар утас самсунг с-21 маркийн ягаан өнгийн гадуураа ягаан гэртэй утас байгаа. Гэрээс гарахдаа хаана тавьсанаа бол санахгүй байна. Ямарч байсан утсаараа фейсбүүк үзэж байгаад нойл орохоор явсан...Би өөрийн гар утасаа 2021 онд 2 сая 800,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос авч байсан..Манай гэрийн гадаа бол байхгүй. Харин мал нядлагааны газарт бол байгаа гэхдээ манай мал нядлагаа нь тусдаа  арын хашаанд болохооор манай гэр рүү туссан камер байхгүй... Манай арын мал нядалгааны газар бол том хаалга нь цоожтой байсан. Манай хашааны том хаалга бол онгорхой байсан. Намайг нойлоос гараад ирэхэд нэг дөрвөлжин цагаан 15-51 гэсэн дугаартай авто машин хашаанаас гарч байсан. Тухайн авто машиныг бол танихгүй надтай бол уулзаагүй. Манай гэрийн хаалга онгорхой байсан...Манай гэрт гадны хүн болгон орж гардаг. Яагаад гэвэл мах, болон арьс, шир өгөх гэж ирж байгаа хүмүүс манай гэрт орж ирж уулзаад дараа нь мал нядалгааны газарт очиж үйлчлүүлдэг. Зөвшөөрөл авч орж гарна гэж бол байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-19-р хуудас),

Хохирогч З.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би өөрийн алдсан гур утас болох Самсунг с-21  маркын ягаан өнгийн гар утасаа олж авсан. Миний гар утас яг хэвээрээ ямар нэгэн код тайлсан дотроос нь юм устгасан зүйл байхгүй хэвээрээ байсан...Би гэртээ ганцаараа байсан. Манай өвгөн хөдөө малруугаа явсан байгаа...Гар утсаа олж авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн" ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШД-46 дугаартай дүгнэлт: ...Samsung S-21 маркийн гар утас 1.200.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (хх-ийн 38-40-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.Ж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Э.Ж нь хохирогч З.О-ийн гар утсыг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч З.О-т Самсунг С-21 маркын гар утсыг хүлээлгэн өгсөн баримт (хх-ийн 52-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ж-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Э.Ж нь хүлээн зөвшөөрсөн хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Ж-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар  тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2339000000142 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.Ж-ийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч Э.Ж-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч                      Э.Ж-д  хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 2339000000142 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ж-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР