Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/02908

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “О” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Э-д холбогдох,

 

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 441,376 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сууц өмчлөгчдийн холбооны 33 сарын хугацааны төлбөрт 560,208 төгрөгийг Т.Уаас нэхэмжилсэн боловч Т.У нь тус байрыг 2019 оны 8 дугаар сараас хойш түрээслэн амьдарч байгаа нь баримтаар тогтоогдсон. Т.У нь түрээсэлж амьдарч байх хугацааны төлбөрөө төлж барагдуулсан тул Т.Уаас татгалзсан, мөн түүний төлсөн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцож байгаа. Тус байрны өмчлөгч болох Х.О өөс Д.Э нь захиран зарцуулах бүрэн эрхийг хүлээж авсан учраас Д.Э ийг хариуцагчаар татсан. Түүнээс ашиглалтын болон засвар үйлчилгээний зардал, төлбөрт 441,376 төгрөгийг гаргуулж сууц өмчлөгчдийн холбоонд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Э өөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би Х.О гэдэг хүнээс Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 31 дүгээр байр 58 тоот орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр худалдах, бэлэглэх, гэрээнд гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, төлбөр тооцоог авах бүрэн эрхтэй гэдэг итгэмжлэлийг хийлгэж авч энэ байр миний мэдэлд итгэмжлэлийн дагуу шилжиж ирсэн. Уг байр 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоосон байсан. Энэ байрыг худалдан борлуулахаар зар өгсөн боловч борлогдоогүй учраас иргэн Т.У гэдэг хүнд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтын зардлаа төлөөд амьдарч бай гэсэн гэрээ байгуулсан. Би ямар нэгэн байдлаар түрээсийн төлбөр тохиролцоогүй. Эд нарын нэхэмжилж байгаа ус дулаан, хог, цахилгааны мөнгийг төлөөд явахад зохимжгүй байсан учраас энэ зарцуулалтын мөнгийг төлөөд явж бай гэж хэлээд оруулсан. Гэтэл “О” СӨХ-ноос 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны нийт 30 гаруй сарын хугацааны төлбөрийг Т.Уаас нэхэмжилсэн. Т.У энэ талаар надад хэлж ийм их хэмжээний мөнгийг нэхэмжилж байна, би 2019 оны 8 дугаар сараас хойших төлбөрийг төлнө та үүнээс өмнөх мөнгийг төлөх ёстой юм уу гэсэн. Би энэ төлбөрийг төлөх ёсгүй гээд тайлбарт нь хавсаргаад 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн нотариатын итгэмжлэл, Х.О ийн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг нотариатаар батлуулж нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн. Итгэмжлэлээр буюу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн энэ байр надад шилжиж ирсэн учраас би 4-7 дугаар сарын төлбөр 67,904 төгрөгийг төлсөн. Т.У 8-10 дугаар сарын төлбөр 50,928 төгрөгийг төлсөн. Гэтэл “О” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн Д.Э дээрх төлбөрийг хариуцна гэж итгэмжлэлийг буруу ойлгож байна. Х.О  надад худалдан борлуулах, түрээслэх, бэлэглэх, төлбөр тооцоог авах эрхийг итгэмжлэлээр өгсөн. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө уг байр Х.О ийн өмчлөлд байсан. Тухайн үед надад байрыг шилжүүлж өгөхдөө өөрөө амьдарч байсан саяхан нүүсэн гэдэг. Нүүгээд удсан шинж тэмдэг байгаагүй. 2017 оны 2 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг хүртэл төлбөрийг байрны өмчлөгч Х.О  нь өөрөө байранд амьдарч байсан ч бай амьдарч байгаагүй ч бай өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна, тэрээр байрны өмчлөгч учраас. Энэ мөнгийг Д.Э надаас гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “О” СӨХ нь хариуцагч Д.Э д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 441,376 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас ...орон сууцны өмчлөгч нь Х.О  мөн боловч итгэмжлэлээр өөрийн захиран зарцуулах эрхийг Д.Э д шилжүүлсэн, тэрээр өмчлөгчийн бүх эрхийг эдлэх тул түүнээс 441,376 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч талаас ...орон сууцны өмчлөгч Х.О өөс 2019 оны 4 дүгээр сард итгэмжлэл авсан, энэ байрны өмчлөгч бол би биш, зөвхөн түүний нэрийн өмнөөс худалдах, бэлэглэх, гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоо авах л эрхтэй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны 31, 32 дугаар байрны оршин суугчдын хурлын шийдвэрээр “О” Сууц өмчлөгчдийн холбоог 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бүртгэж, гэрчилгээ олгосон байх бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 19-004 дугаартай Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоолоор Б.М-ийг гүйцэтгэх захирлаар томилсон байх тул “О” Сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө”, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэг хүлээнэ” гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба дээрх үүргээ сууц өмчлөгч биелүүлээгүй бол тухайн үүргээ биелүүлэхийг, төлбөр зардлыг СӨХ шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь ...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж заасны дагуу тухайн байрны өмчлөх эрхийг хүлээн авсан Д.Э төлбөрийг хариуцна гэдэг хэдий ч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу Х.О өөс Д.Э д өмчлөх эрхээ шилжүүлсэн бол тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Э болж улмаар нэхэмжлэгчийн шаардлага нь үндэслэл бүхий болох учиртай.

 

Мөн хариуцагч нь ...Энэ байрны өмчлөгч нь би биш, өмчлөгч болох Х.О өөс итгэмжлэлээр худалдах, бэлэглэх, төлбөр тооцоо авах эрхийг л олгосон гэх татгалзлыг гаргадаг бөгөөд түүний татгалзал нь Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Толгойт 18105 гудамж, 31-р байрны 58 тоотын өмчлөгч Х.О  гэх Ү-000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гэх 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Х.О , Д.Э нарын хооронд хийгдсэн “...итгэмжлэлийн дагуу төлөөлөн 58 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, бэлэглэх, захиран зарцуулах, тухайн гэрээнүүдэд гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, төлбөр тооцоог авах бүрэн эрхийг олгож байна” гэх утга агуулга бүхий итгэмжлэлээр нотлогдож байх тул хариуцагч талын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагч Д.Э д холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй  гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь тухайн шаардлагыг хариуцах эрх бүхий этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэж байна.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгч “О” СӨХ-оос хариуцагч Д.Э д холбогдуулан гаргасан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 441,376 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч Д.Э д холбогдуулан гаргасан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 441,376 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч  “О” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,456.24 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ