Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 740

 

 

 

 

 

 

 

 

 

    “ПАЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00383 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ПАЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох

 

Гэрээнээс татгалзаж нийт 91 950 680 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “А” ХХК-тай 2015 оны 10 сарын 28-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж тэдний барьж буй “Смарт апартмент” орон сууцны барилгаас 39.14м.кв бүхий 2 өрөө байрыг 1 м.кв-ийг нь 1 400 000 төгрөгөөр тооцож нийт 54 796 000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар төлбөрийг бэлэн мөнгөөр бус 439.8 м.куб барилгын хөөсөнцөр нийлүүлэхээр тохиролцож манай компани 100 хувь уг барилгын хөөсөнцөрийг 2015 оны 10 сарын 28-наас нийлүүлж дууссан. Мөн манай компанийн инженер А.Ариунболд тус компанитай 15\101 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ 2015 оны 10 сарын 01-ны өдөр байгуулж гэрээнд заасан ажлыг манай компанийн ажилчид бүрэн гүйцэтгэж 9 756 680 төгрөгийн хөлс дутуу авсныг талууд 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 01 дугаартай актаар баталгаажуулсан. Дээрх ажлын хөлсний үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хариуцагч орон сууц захиалах гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 39.14 м.кв орон сууцыг манайд шилжүүлэн өгөх боломжгүй гэж тайлбарласан байх тул орон сууцыг авахгүйгээр уг гэрээний дүн буюу 54 796 000 төгрөгийг гаргуулна. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалах гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах хэсэгт зааснаар алданги тооцох ба энэ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх дүнг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөхөөр заасан. Уг алданги 2017 оны 5 сарын 1-нээс 2017 оны 12 сарын 31-нээр тооцоход нийт 245 хоногийн алданги, хоног тутамд 164 388 төгрөгөөр тооцоход 40 275 060 болохоор боловч Иргэний хуульд заасан ёсоор алданги нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой тул 27 398 000 төгрөгийн алданги гаргуулна. Иймд орон сууц захиалгаар барих гэрээ биелэгдэх боломжгүй болсонтой холбогдуулан бараа материалаар төлсөн төлбөр болох 54 796 000 төгрөг, гэрээний алданги 27 398 000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 756 680 төгрөг, нийт 91 950 680 төгрөг гаргуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь 2015 оны 10 сарын 28-ны өдөр “ПАЭЭ” ХХК-иас 439.8 м.куб буюу 54 796 000 төгрөгийн барилгын хөөсөнцөр худалдан авахаар тохирсон. Барилгын хөөсөнцөрийг “ПАЭЭ” ХХК нь гэрээнд заасан хугацаанд нийлүүлсэн. Тухайн үед хөөсөнцөрийн үнийг бэлэн мөнгөөр төлөх боломжгүй байсан тул орон сууц захиалах гэрээ хийж гэрээний хавсралтанд дурдсан орон сууцыг өгөхөөр тохирсон. Орон сууц 2017 оны 2 сарын 24-ний өдөр ашиглалтанд орж улсын комисс хүлээн авч барилга байгууламжийг ашиглалтанд оруулах акт гарсан. Барилга баригдаж байх хугацаанд зураг төсөлд өөрчлөлт орж гэрээнд дурдсан 39.14 м.кв талбай бүхий орон сууцыг өгөх боломжгүй болсон. Үндсэндээ “ПАЭЭ” ХХК нь орон сууц захиалгын гэрээгээр орон сууц захиалан бариулах гэрээ хийгээгүй ба хөөсөнцөр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд орон сууц захиалсан мэтээр гэрээ хийсэн. Нийт 54 976 000 төгрөгийн хөөсөнцөр барилгын материалаас тус компанийн ерөнхий инженер А.Ариунболд нь 4 000 000 төгрөгийн төлбөрийг барагдуулах тул “А” ХХК нь үлдэх 50 796 000 төгрөгийг барагдуулна. Алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн тус компанийн ерөнхий инженер А.Ариунболд нь барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээг 2015 оны 10 сарын 1-ний өдөр байгуулж гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1- 2.1.6-д заасан ажлыг хийж гүйцэтгэж ажлын хөлсөнд 17 756 680 төгрөг авахаар тохирсон. Үүнээс урьдчилгаанд 8 000 000 төгрөгийг А.Ариунболдод өгсөн. Гэрээнд дурдсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусахад манай компани ажлын хөлсөнд 9 756 680 төгрөг төлөх өртэй үлдсэн. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 10 сарын 01-ний өдөр “А” ХХК нь А.Ариунболд нарын хооронд хийгдсэн барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээнд ямар нэг алданги тооцох тухай тохиролцоогүй болно. Барилгын материал болох хөөсөнцөрийг “ПАЭЭ” ХХК-иас орон сууц захиалсан мэтээр гэрээ байгуулж зээлээр авсан юм. Гэрээг байгуулж байх үед манайх “Ханбогд резидэнс” хороолол барьж байгаа юм чинь байр авахгүй ээ. Баталгаа болгож л үүнийг хийж байгаа юм" гэх мэтээр ойлгуулж хийж байсан. Энэ нь мөн чанартаа бараа материалыг зээлээр худалдах, худалдан авах буюу Иргэний хуулийн 262-264 дугаар зүйлүүдэд заасан бөгөөд нарийвчилбал 263 дугаар зүйлийн 263.4-д заасан журмыг зөрчиж байгуулагдсан юм. Иймээс орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр бус дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Бараа материал хүлээлцэх үед талууд Иргэний хуулийн 262, 263 дүгээр зүйлүүдэд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хэлбэрийн дагуу гэрээг байгуулах ёстой байсан. Ийнхүү хуулийн дагуу байгуулагдсан гэрээ биш байх тул Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-д заасны дагуу зөвхөн эд хөрөнгийн үнийг төлнө. Түүнчлэн иргэн А.Ариунболд нь “ПАЭЭ” ХХК-иас нийлүүлсэн хөөсөнцөр материалаас 4 000 000 төгрөгийн хөөсөнцөрийг авч ашигласан тул “А” ХХК нь зөвхөн 50 796 000 төгрөгийг л зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-иас 64 552 680 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ПАЭЭ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 398 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 936 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 480 713 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 51 035 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Харин нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байх тул гэрээний үүрэг болон алданги нэхэмжлэх эрхгүй" гэж үзжээ. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа гэрээнээс татгалзсан тул алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дах заалтуудад үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь алданги төлөх үнийг бичгэн хэлбэрээр хийсэн байхыг хуульд заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах хэсэгт үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Уг гэрээ 2015 оны 10 сарын 28-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан. Түүнээс хойш төлбөр төлөгдөөгүй байнга шаардуулж байсны эцэст хариуцагч тал төлбөрийг 2017 оны 5 сарын 01-ний дотор бүх төлбөрийг барагдуулахаар амласны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг сунгаж өгсөн боловч үүргээ биелүүлээгүй. Шүүх гэрээний татгалзлыг 2018 оны 01 сарын 29-ний шүүх хурлаар баталсан гэж үзвэл хариуцагч тал гэрээнд заасан алдангийг 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс шүүх хурал хүртлэх хугацааны алдангийг төлөх хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаар Улсын Дээд шүүхийн иргэний танхимын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай "Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд" зөвлөмжийн 2 дахь хэсэгт "... гэрээнээс татгалзсан, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог ... Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлийн гэрээг цуцалсан бол цуцалсан өдрөөр, харин шүүхэд гэрээг цуцлах шаардлагыг гаргасан бол цуцлах хүртэл хугацаанд гэрээний үүргийг хангуулах ..." гэж тайлбарлажээ. Иргэний хуульд заасны дагуу анз нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасан учир манай тохиолдолд гэрээний алданги нь 27 398 000 төгрөгөөс хэтрэхгүй. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт "... “А” ХХК-иас 91 950 680 төгрөг гаргуулж ..." гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “ПАЭЭ” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар барих гэрээ биелэгдэх боломжгүй болсонтой холбогдуулан бараа материалаар төлсөн төлбөр болох 54 796 000 төгрөг, гэрээний алданги 27 398 000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 756 680 төгрөг, нийт 91 950 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 22 дугаар байрны хуучин байранд баригдаж буй орон сууцны 1 дүгээр орц, 7 давхар, 39.14 м.кв, 2 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч “ПАЭЭ” ХХК нь орон сууцны үнэд тооцон 54 796 000 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөр  нийлүүлэхээр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-ийн 10-17 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулгаас үзэхэд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлжээ.

 

“ПАЭЭ” ХХК нь гэрээнд заасан хөөсөнцрийг нийлүүлсэн боловч хариуцагч “А” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцыг шилжүүлж өгөөгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж 54 796 000 төгрөгийн өртөг бүхий хөөсөнцөрийн үнийг гаргуулахаар шаардаж байгааг анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй, биет зүйл шилжүүлсэн байхад анхан шатны шүүх мөнгөн төлбөр гаргуулах хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу байна. Нэхэмжлэгч нь орон сууцны үнэд мөнгөн хөрөнгө бус хөөсөнцөр шилжүүлснийг хариуцагч нь барилгад ашигласан талаар тайлбарласан. Иймд хөөсөнцөрийг биет байдлаар буцаан өгөх боломжгүйн улмаас үнэ 54 796 000 төгрөгийг  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Алданги бол гэрээний үндсэн үүргийг баталгаажуулах хамааралтай зохицуулалт бөгөөд хариуцагч “А” ХХК нь гэрээний үндсэн үүрэг болох орон сууц шилжүүлж өгөх үүргийг биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд татгалзагдсан үндсэн үүргийг баталгаажуулсан анзыг шаардах эрх үүсэхгүй. Харин гэрээнээс татгалзсантай холбоотой гэм буруу байгаа тохиолдолд хохирол шаардах эрх нь нээлттэй. Иймд анхан анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алданги гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөв хэрэглэжээ.

 

2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр А.Ариунболд нь хариуцагч “А” ХХК-тай барилгын ажлыг туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний шаардах эрхийг А.Ариунболд нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч “ПАЭЭ” ХХК-д шилжүүлсэн байна. /хх-ийн 18-21 дүгээр тал/

 

Дээрх гэрээний төлөгдөөгүй байгаа үлдэгдэл төлбөр 9 756 680 төгрөг болох нь баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. /хх-ийн 23 дугаар тал/

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/00383 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.2.2, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-иас 64 552 680 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ПАЭЭ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 398 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480 714 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                    Г.ДАВААДОРЖ