Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2025/0433

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаар  шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, Б.П, Б.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0678/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК-аас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан ““М” ХХК-ийн Гаалийн албан татварт төлсөн 35.188.165.84 төгрөгийг буцаан авах хүсэлтийг хангахаас татгалзсан Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01-8/1258 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаар  шийдвэрээр: “Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-аас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01-8/1258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. ... “М” ХХК-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газар холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0175 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.Үүнд:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0175 дугаар шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 4, 5-д “...8418.69 мөрний 00 кодод зөвхөн “-эд анги” хамаарахаар байна ...” гэж дурджээ.

            БТКУС-ЫН КОДЫН БҮТЭЦ:

            Барааны БТКУС-ын код нь 8 оронгийн түвшинтэй.

            1ба 2 дахь орон - БҮЛЭГ

            3 ба 4 дэх орон - ЗҮЙЛ

            5 ба 6 дахь орон - МӨР

            7 ба 8 дахь орон - ҮНДЭСНИЙ КОД

“УЯЛДУУЛСАН СИСТЕМИЙН ЕРӨНХИЙ ТАЙЛБАР ДҮРЭМ”-д “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн Жагсаалтын дагуу барааг ангилахад дараах зарчмыг баримтална гэж заасан байдаг. Үүнд:

            1- дүрэм.

Хэсэг, бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа баримжаа болно. Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурдах дүрмийн заалтыг баримтална.

            2-р дүрэм.

(а) Аливаа зүйлд дурдагдах ямар нэг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой заалт нь тухайн бараа, бүтээгдэхүүний үндсэн онцлог шинжийг хадгалж буй иж бүрдэл болоогүй буюу гүйцэт боловсруулаагүй бүтээгдэхүүнд нэгэн адил хамаарна. Энэ заалт нь мөн иж бүрдэл болсон, гүйцэт боловсруулсан боловч (эсвэл энэхүү дүрмийн дагуу иж бүрдэл болсон, гүйцэт боловсруулсанд тооцогдох) эвлүүлж угсраагүй буюу салган задалсан бараа, бүтээгдэхүүнд нэгэн адил хамаарна.

(б) Аливаа зүйлд дурдагдах материал, бодистой холбоотой заалт нь тухайн материал, бодисыг өөр бусад материал, бодистой хольсон хольц нэгдэлд нэгэн адил хамаарна. Тодорхой нэг материал буюу бодисоор хийгдсэн бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой заалт нь тухайн материал буюу бодисоор бүхэлдээ буюу хэсэгчлэн хийгдсэн бараа бүтээгдэхүүнд нэгэн адил хамаарна. Нэгээс дээш тооны материал буюу бодисоор хийгдсэн бараа, бүтээгдэхүүнийг 3-р дүрмийн зарчмыг баримтлан ангилна.

            3-р дүрэм.

            2 (б) дүрмийг хэрэглэх үед буюу бусад шалтгаанаар тухайн бараа, бүтээгдэхүүн нь хоёр буюу түүнээс дээш зүйл ангиар ангилагдаж болох тохиолдолд дараах байдлаар ангилна. Үүнд:

            Тухайн барааны шинжийг ерөнхийд нь тодорхойлж заасан зүйл ангиас илүү нарийн тодорхойлж заасан зүйл ангийг эрхэмлэнэ. Гэхдээ, хоёр буюу түүнээс дээш зүйл тус бүр нь хольц буюу нийлмэл бүтэцтэй барааны агуулгад орсон материал буюу бодисын зөвхөн нэг хэсэг эсвэл жижиглэн худалдаалах зориулалтаар савлагдсан иж бүрдэл барааны зөвхөн нэг хэсгийг тодорхойлж байвал тэдгээрийн аль нэг нь арай дэлгэрэнгүй тодорхойлолт өгч байлаа ч гэсэн адил тэнцүү ач холбогдолтойд тооцно.

            Янз бүрийн материалаас тогтсон буюу янз бүрийн бүрдэл хэсгүүдээр хийгдсэн холимог, нийлмэл бүтэцтэй бараа болон 3 (а) дүрмээр ангилагдах боломжгүй, жижиглэн худалдаалах зориулалтаар иж бүрдэл болгон савласан барааны хувьд тэдгээрийн үндсэн шинжийг тодорхойлогч нэг материал буюу бүрдэл хэсгээр хийсэнд тооцож ангилна. Гэхдээ энэ шалгуурыг ашиглаж болох тохиолдолд л энэ заалтыг мөрдөнө.

            Хэрэв ийм бараа бүтээгдэхүүнийг дээрх 3 (а) буюу 3 (б) дүрмийн дагуу ангилах боломжгүй бол адил тэнцүү ач холбогдолтойд тооцогдох зүйлүүдээс Жагсаалтад дэс дугаараараа сүүлийнх нь болох зүйл ангид хамааруулж ангилна.

            4-р дүрэм

Өмнө дурдсан дүрмүүдийг хэрэглэн ангилах боломжгүй бараа бүтээгдэхүүнийг тэдгээртэй хамгийн ойр төстэй бараа бүтээгдэхүүний зүйл ангид хамааруулж ангилна.

            5-р дүрэм

Өмнө дурдсан дүрмүүдэд нэмэлт болгон, тэнд дурдагдсан барааны тухайд дараах зарчмыг баримтална. Үүнд:

            (а)       Ямар нэгэн бараа, иж бүрдэл барааг хадгалж, агуулж байх зорилгоор тохирсон хэв загвар гарган үйлдсэн, яс чанар сайтай, удаан эдэлгээтэй, тухайн бараатайгаа хамт нийлүүлдэг, зургийн аппаратын гэр, хөгжмийн зэмсэг, бууны гэр, зургийн хэрэгсэл, зүүлт, чимэглэлийн хайрцаг гэх мэт гэр, хайрцаг, савыг хамтад

нь худалдан борлуулах бараа бүтээгдэхүүнийх нь харгалзах зүйл ангид хамааруулан ангилна. Гэвч энэ дүрмийг өөрийнхөө онцлог шинж төлөвийг бүхэлдээ хадгалсан, бие даасан шинжтэй гэр, хайрцаг, савыг ангилахад хэрэглэхгүй.

            (б)       Дээрх 5 (а) дүрэмд заасны адилаар бараа, бүтээгдэхүүнийг савласан аливаа авдар, сав, хайрцаг нь тухайн бараа, бүтээгдэхүүнийг савлахад хэрэглэдэг түгээмэл, ердийн сав, баглаа боодол байх тохиолдолд уг бараа бүтээгдэхүүнээ дагаж хамт ангилагдана. Харин, сав, авдар, чингэлэг, хайрцаг нь дахин ашиглагдахаар байвал дээрх заалтыг ямагт мөрдөх албагүй.

            6-р дүрэм

Аливаа нэгэн зүйлийн доторх бараа бүтээгдэхүүнийг мөрүүдэд хуваан, хүчин төгөлдөр ангилалт хийхийн тулд тухайн мөрүүдийн нэршил, томьёолол болон харгалзах мөрийн тайлбаруудыг үндэслэл болгон зөвхөн ижил түвшингийн

мөрүүдийг өөр хооронд нь харьцуулж, өмнөх дүрмүүдийн заалтыг тохируулан хэрэглэж ангилна. Энэ дүрмийг хэрэглэх явцад, утга нь өөрөөр заагаагүй бол холбогдох Хэсэг ба Бүлгийн тайлбарыг нэгэн адил мөрдөнө.

            6-р дүрмийн тайлбар.

Дээрхи 1-5-р дүрмийг, нэгэн зүйлийн доторхи барааг мөрийн түвшинд ангилахад хэлбэрийг нь өөрчлөн мөрдөнө.

            6-р дүрмийн зарим нэр томьёо нь дор дурьдсан утгатай, үүнд:

(а) “ижил түвшингийн мөрүүд” гэдэг нь, өмнөө нэг зураастай (1-р түвшин), өмнөө хоёр зураастай (2-р түвшин) мөрүүдийг ялган зааглаж байна.

Иймээс, нэгэн зүйлийн хүрээнд өмнөө нэг зураастай хоёр буюу түүнээс дээш мөрүүд нь 3 (а) дүрмийг хэрэглэхэд тохиромжтой бол тухайн бараа материалын адил төст ойролцоо шинж чанарыг илүү тодорхойлж буй өмнөө нэг зураастай мөрийг л сонгон авч ашиглана.

            Сонгон авсан нэг зураастай мөр нь бас дотроо өмнөө хоёр зураастай мөрүүдэд хуваагдсан байвал, зөвхөн энэ л тохиолдолд өмнөө хоёр зураастай мөрүүдийн аль илүү тохирохыг сонгоно.

            Өмнөө 2 зураастай мөрүүдийн багтаамж, агуулга нь түүнийг харьяалж буй өмнөө нэг зураастай мөрийн багтаамж, агуулгаас хэтэрсэн байх ёсгүй, тэрчлэн өмнөө нэг зураастай мөрийн багтаамж, агуулга нь түүнийг харьяалж буй зүйлийн нэршил, томьёололд дурдагдсан багтаамж, агуулгаас хэтэрч байх ёсгүй.

Дээрх дүрмийн дагуу БТКУС-ийн жагсаалтын дагуу Зүйл 84.18-д хамаарах бараа нь мөрийн төвшинд 8418.1, 8418.2, 8418.3, 8418.4, 8418.5, 8418.6, 8418.9 гэж задарч байгаа бөгөөд 8418.6-д “Хөргөх эсвэл хөлдөөх бусад төхөөрөмж; дулааны насос:”,        8416.9-д “Эд анги” хамаарч байна

8418.6 -“Хөргөх эсвэл хөлдөөх бусад төхөөрөмж; дулааны насос:”

8418.61.00--Хөргөх эсвэл хөлдөөх бусад төхөөрөмж; дулааны насос:

8418.69.00- - Бусад

8416.9 - Эд анги:

8418.99.10- - Хөргөх-хөлдөөх төхөөрөмж суурилуулах тавилга

8418.99 -- бусад

8418.99.10 — Хөргөх эсвэл хөлдөөх төхөөрөмжийн зориулалттай эд анги

8418.99.90    Бусад

            Мөн 128/ШШ2025/0175 дугаар шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 6-д заасан БТКУС-ийн тайлбар боть 4-ийн 343, 344, 345 дугаар хуудаст заасан тайлбар нь 8418.69.00-д хамаарах “Хөргөх буюу хөлдөөх бусад төхөөрөмж” -д хамаарах тайлбар болно.

            Иймд БТКУС-ийн жагсаалт болон тайлбарын дагуу барааны ангиллыг буруу тодорхойлсон гэж үзэж байгаа тул 128/ШШ2025/0175 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.

            Мөн ГЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсээр уламжлуулан “М” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 02-2181005-23-130466 гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны экспортын орны гаалийн мэдүүлгийн хуулбарыг авах хүсэлтийг 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Турк улсын гаалийн байгууллагад хүргүүлсэн боловч хариу ирэхгүй удаж бидний зүгээс шүүх хурлыг тухайн шалтгаанаар хоёр удаа хойшлуулсан. Туркийн гаалиас албан бичгийн хариу хэзээ ирэх нь тодорхойгүй нэг шалтгаанаар шүүх хурлыг олон удаа хойшлуулах боломжгүй гэсэн тул бид шүүх хуралд орсон. Уг албан тоотын хариу, экспортын орны гаалийн мэдүүлэг, үнийн нэхэмжлэхийн хуулбар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор ирүүлсэн байдаг.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

            2.1. Нэхэмжлэгчээс “... “М” ХХК-ийн Гаалийн албан татварт төлсөн 35.188.165.84 төгрөгийг буцаан авах хүсэлтийг хангахаас татгалзсан Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01-8/1258 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

            2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК нь Турк улсын ******* компанитай 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр блоклон хөлдөөгч, чингэлгийг худалдан авч, улмаар уг барааг блоклон хөлдөөгч, чингэлэг буюу мах дайвар бүтээгдэхүүнийг ангилж гүн хөлдөөх зориулалттай, доторлосон, хөргүүрийн сэнсээр тоноглогдсон CNTK-07-MSH-07 загварын “Mobile offal blast freezer unit” болон “Mobile offal blast freezer storage unit” гэх 2 төрлийн 3 ширхэг барааг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02-2181005-23-I30466R дугаар мэдүүлгээр мэдүүлж хилээр нэвтрүүлсэн байна.

            Дээрх гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг[1]-ээр 21-д Барааны нэр, төрөл “Блоклон хөлдөөгч, чингэлэгт”, 23-д Барааны код “8418.50.90” гэж мэдүүлсэн байна.

            2.3. Нэхэмжлэгчээс уг барааг гаалиар оруулж ирүүлэх үед төлсөн 35.188.165.84 төгрөгийн гаалийн албан татварыг буцаан авах хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/19 дүгээр албан бичгээр Гаалийн ерөнхий газарт гаргасан байна. Улмаар маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01-8/1258 дугаар шийдвэрээр “... Засгийн газрын 107 дугаар тогтоолд тусгагдсан барааны Оноосон нэр, Барааны код тогтоолд заасантай тохирч байх ёстой тул танай компанийн мэдүүлсэн хөргөх төхөөрөмж тогтоолд хамрагдах боломжгүй байна“ гэсэн хариуг өгсөн байна.

            2.4. Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль /2022 он/-ийн 1 дүгээр зүйлд “Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсүгэй”, 2 дугаар зүйлд “Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална”, 3 дугаар зүйлд “Энэ хуулийг дагаж мөрдөх хугацаанд импортоор оруулсан гаалийн албан татвараас хөнгөлөгдөх тоног төхөөрөмжид тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгоно” гэж тус тус заасан байна.

            2.5. Дээрх хуульд зааснаас үзвэл тодорхой нэр төрлийн түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр зааснаас үзвэл хүнс, хөдөө аж ахуйгаас үүсэл гаралтай түүхий эд боловсруулах чиглэлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор батлагдсан гэж үзэхээр байна.

            2.6. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны, Засгийн газар тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батална”, Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалт”-ын 5-д “Мал төхөөрөх болон махны үйлдвэр”-ийн 

БТКУС-ийн код

Тоног төхөөрөмжийн нэр

19.

8418.50.90

Мах, дайвар бүтээгдэхүүнийг блоклон хөлдөөгч

 гэж заасан байна.

            2.7. Хууль болон журмын дээрх зохицуулалтаас үзэхэд Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтын 19-д “Мах, дайвар бүтээгдэхүүнийг блоклон хөлдөөгч” тоног төхөөрөмж нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуульд заасны дагуу 100 хувь чөлөөлөгдөхөөр байна.

            2.8. Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт[2]-ын 8418.50 дугаар мөрний 90 дүгээр үндсэн кодод “Бусад; Хөргөх эсвэл хөлдөөх бусад төхөөрөмж; дулааны насос”гэж, харин хариуцагчийн тайлбарлан маргаж буй БТКУС-ийн 8418.69 дугаар мөрний 00 дүгээр үндсэн кодод “Бусад; эд анги” гэж заасан байна.

            2.9. Харин Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн Тайлбар бичиг боть 4-т[3] (I) “Хөргөгч, хөлдөөгч ба бусад хөргөх, хөлдөөх төхөөрөмж”, (В) “Шингээгч төрлийн хөргөгч”-д “... (3) Хөргөх зориулалтын том хэмжээний төхөөрөмжүүд. Эдгээр нь нэг сууринд байрлуулаагүй эсвэл нэг корпустай төхөөрөмж биш боловч хамтдаа ажиллаж, нэг бол шууд тэлэх (ууршуулагч нь “хүйтнээр ашиглагч” төхөөрөмжтэй нийлсэн) эсвэл хөргөгч бодис (давсны уусмал) ашигладаг бөгөөд хөргөн нэгжийн тусламжтайгаар хөргөдөг бөгөөд “хүйтнээр ашигладаг хоолойтой (шууд бус хөргөлт) ... ” гэж тайлбарлажээ.

            2.10. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02-2181005-23-I30466R дугаар мэдүүлгээр мэдүүлж хилээр нэвтрүүлсэн блоклон хөлдөөгч, чингэлэг буюу мах дайвар бүтээгдэхүүнийг ангилж гүн хөлдөөх зориулалттай, доторлосон, хөргүүрийн сэнсээр тоноглогдсон CNTK-07-MSH-07 загварын “Mobile offal blast freezer unit” болон “Mobile offal blast freezer storage unit” гэх 2 төрлийн 3 ширхэг бараа нь Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтын 8418.50.90 дугаарт хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг бүтээгдэхүүнийг хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэж ашиглахаар хилээр оруулж ирсэн шинэ тоног төхөөрөмж гэж үзэхээр байх тул Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн 1-д заасны дагуу гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлөгдөх үндэслэлтэй байна.

            2.11. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч “М” ХХК-ийн импортоор оруулж, гаалийн барааны мэдүүлгээр мэдүүлсэн “Блоклон хөлдөөгч, чингэлэг” гэх бараа нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлөгдөх  Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор батлагдсан Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтын 5 “Мал төхөөрөх болон махны үйлдвэр”-ийн Мах, дайвар бүтээгдэхүүнийг блоклон хөлдөөгчид хамаарна ...  хариуцагчийн ... 01-8/1258 дугаар албан бичигт дурдсан  8418.69.00 ангилалд холбогдох тайлбарт “Эд анги” гэж “... энэ зүйлд хамаарах төхөөрөмжийн зориулалттай эд анги гэр ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай гэдгээс үл шалтгаалан мөн энэ зүйлд хамаарна ...  жишээ нь, дээр тайлбар (2)-т заасан төрлийн конденсатор, шингээгч, ууршуулагч, генератор, шүүгээ, лангуу болон хөргөх тавилга нь хөргөх төхөөрөмжийн агрегат эсвэл ууршуулагчаар бүрэн тоноглогдоогүй боловч хөргөх төхөөрөмжийн зориулалтаар зохион бүтээгдсэн нь тодорхой байх тохиолдолд энд ангилагдана” гэж заасан ... Хөргөгч, хөлдөөгч ба бусад хөргөх, хөлдөөх төхөөрөмж”-д хамаарах тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн оруулж ирсэн төхөөрөмжийг эд ангид хамаарах кодод хамаатуулан татвар буцаан олгохоос татгалзсан нь үндэслэлгүй ... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна ...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “БТКУС-ийн 8418.69.00 кодод хамаарч байгаа тул хөнгөлөгдөх үндэслэлгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

[1] Хэргийн 1 дэх хавтас, 131 дэх тал

[2] Хэрэгт нотлох баримтаар авагдсан Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт-ын 529 дэх тал

[3] Хэрэгт нотлох баримтаар авагдсан Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн Тайлбар бичиг боть 4-ийн 343-344 дэх тал