Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 07

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 180/2017/0005/Э

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга         А.Цэрэндулам,
Улсын яллагч              Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч     Г.Дэлгэрцэцэг, Д.Ганхуяг
Шүүгдэгч                 М.Батболд, Б.Баяраа нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Батболд, Б.Баяраа нарт холбогдох эрүүгийн 201623000322 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн  Хэнтий аймгийн Баян-Овоо  суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисэхийн удирдагч мэргэжилтэй, Хэнтий аймгийн нисэх буудалд нисэхийн удирдагч ажилтай, ам бүл 4, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингарав хотхоны 102-27 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Юндэн овогт Мөнхөөгийн Батболд /РД:СД86053010/
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн Хэнтий аймгийн Баян-Овоо  суманд төрсөн, 59 настай, тусгай дунд боловсролтой, цаг уурын техникч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанд техникч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум 4-р баг А24-14 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай  гэх Боржигон овогт Балжиннямын Баяраа /РД:СЮ56122811/

Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Яллагдагч М.Батболд нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А24-24 тоотод иргэн Б.Баярааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, яллагдагч Б.Баяраа нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А24-24 тоотод иргэн М.Батболдыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож толгойн тус газар нь архины шилээр цохиж хөнгөн гэмтэл  учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
             
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан болон дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Б.Баяраагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 сарын 07-ны орой 19 цаг өнгөрч байхад М.Батболд намайг такситай очиж ажил дээрээс авсан. Тэгээд тэр такситайгаа Зүүн захын үүдэнд буусан, дэлгүүрээс нь 1 шил О.5 литрийн “Сархад” гэх архи Батболд худалдаж аваад тэндээсээ Хэрлэн сумын 4-р баг А-19 дүгээр байранд байдаг Хишигдугар ахынх руу очсон. Бид хоёрыг очиход Хишигдугар ах гэртээ ганцаараа байж байсан. ... Тэгээд Хишигдугар ахынд ороод авчирсан архиа задлаад бид 3 уусан. Архиа ууж байгаад нэг харсан чинь миний өмсөж явсан куртикны халааснаас Батболд мөнгө гаргаж ирсэн. Тэгсэн Батболд “Өө муу новш чинь мөнгө сождог байна ш дээ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Чиний өглөөний өгсөн мөнгө ш дээ, би 3.000 төгрөгөөр нь тамхи авсан” гэж хэлсэн. Тэгээд архи дуусаад бид 3 хөзрөөр буур тоглож эхэлсэн. Тоглож байх дундуур Батболд надад мөнгө сожоод архи авсангүй. Дандаа би дааж байна энэ тэр гээд уурлаад над руу үг хаяад байсан. Тэр үед бид нар газар гудас дэвсээд тоглож байсан юм. Би Батболдын баруун гар талд нь сууж байсан. Тэгсэн намайг эхлээд миний зүүн шанаа руу гараараа 1 удаа цохиод авсан. Тэгсэн чинь Хишигдугар хараад “яах гээд байгаа юм бэ?” гээд босоод бид 2-ын голоор орсон. Тэр үед “энэ нэг муу мөнгө төгрөгүй гэж доромжлуулаад, дээр нь цохиуллаа” гэж дотроо бодоод дургүй хүрч байсан. Тэгээд удалгүй би хожигдож тоглоомноос хасагдаж Батболдын араар буйдан дээр хэвтсэн. ...Орон дээр хэвтэж байхад мөн Батболдод цохиулсандаа, дээр нь мөнгө сожлоо энэ тэр гэж над руу үг хаяад бараг баярхах гээд байсан нь бодогдоод миний шар хүрээд байсан, тэгсэн ширээн дээр бид нарын ууж байсан архины шил байхаар нь аваад араас Батболдын толгойных нь зулай руу 1 удаа цохьсон. Тэгсэн архины шил хагарсан. Тэгсэн Хишигдугар ах намайг түлхээд салгасан. Тэгсэн Батболдын толгойноос нь цус гарсан. Хишигдугар ах Батболдыг аваад угаалгын өрөө рүү явсан, тэр хооронд нь би буйдан дээр хэвтэж байсан. Гэнэт Батболд ирээд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Би тэр үед эсэргүүцэл үзүүлж гараараа нүүрээ цохиулахгүй гэж хаах гэж оролдсон. Би Батболд цохиулаад буйдан дээрээс унасан. Тэгсэн Батболд миний цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Хишигдугар ах ирээд Батболдыг салгасан. Би газраас босоод орон дээр хэвтсэн тэгээд тэндээ унтацгаасан. Одоо Батболдоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Бид эвлэрлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/,
Хохирогч М.Батболдын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2016 оны 11 дүгээр 07-ны орой 19 цагийн үед Баяраа ах руу утсаар ярьсан чинь Баяраа ах ажил дээрээ байна гэхээр нь такситай ажил руу очиж аваад бид 2 зүүн захын урд бууж зүүн захын дэлгүүр лүү орж би мөнгөөрөө 1 шил 0,5 литрийн “Ерөөл” архи худалдаж аваад Хишигдугар ахынх руу хамт явсан. ... Хишигдугар ахынд гэрт очиход Хишигдугар ах гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд авчирсан архиа задлаад Хишигдугар ах, Баяраа ах бид 3 хувааж уусан. Бид 3 Архиа уунгаа хөзрөөр буур тоглосон. Хөзөр тоглож байхад ууж байсан архи дуусах, тэгээд ахиад архи авах гээд Баяраа ахад өглөө өгсөн мөнгөө авах гэсэн чинь байхгүй гээд байхаар нь куртикных нь халаасыг ухсан чинь дотроос нь 15.000 төгрөг гарч ирэхээр нь би Баяраа ахад “Мөнгө байхгүй гээд байсан байж л байна ш дээ, мөнгө салтааллаа, би таныг байнга архинд дааж байгаа шүү” гэж хэлсэн. ...Тэгээд мөнгөнөөсөө болоод Баяраа ахтай маргалдаад буцаад хөзрөө тоглосон. Удалгүй Баяраа ах хожигдоод хасагдаад Хишигдугар ах бид 2 тоглоомоо үргэлжлүүлсэн. Хишигдугар ах бид 2-ыг тоглож байхад Баяраа ах хажуугаар үглээд л яваад байсан. Тэгээд миний ард буйдан дээр сууж байснаа “чиний тоглодог гэж юу байдаг юм бэ?” гээд миний нуруу руу 1 удаа хөлөөрөө зөөлөн өшиглөөд хожигдсондоо шаралхаад байхаар нь миний дургүй хүрээд “Баяраа ах минь та дараа биз дээ” гэж хэлээд Баяраа ахын цээж рүү гараараа түлхсэн. ...Тэгээд тоглож байтал Хишигдугар ах зурагтаа асаана гээд босоод явсан. Тэгсэн араас Баяраа ах архины шилээр миний толгой руу цохьсон. Тэгтэл Хишигдугар ирээд Баяраа ахыг “Хүн аллаа ш дээ” гээд хойш нь буйдан руу түлхэж суулгаад гарт нь байсан архины шилний хагархай хүзүүг гараас нь салгаж авсан. ...Тэгээд Хишигдугар ах намайг аваад угаалгын өрөө рүү орж миний цусыг угааж зүүн чамархайнд зүсэгдсэн шарханд нунтагласан шөрмөсөн чулуу түрхэж өгөөд цус тогтоосон. Тэгээд би угаалгын өрөөнөөс түрүүлж гарахад Баяраа ах буйдан дээр хэвтэж байхаар нь очоод Баяраа ахын нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон чинь Баяраа ах буйдангийн урд талаар газар ойчсон. Тэгэхээр нь би  газар унасан хойно нь цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Эмчилгээний зардлыг маань Баяраа төлсөн, одоо түүнээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,
Гэрч Л.Хишигдугарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр 07-ны өдөр 19 цагийн үед унтах гээд байж байтал гаднаас Баяраа, Баттулга архи уучихсан бас 1 шил архи бариад орж ирсэн. ... архиа уух зуураа бид 3 газар дэвссэн байсан гудсан дээр тойрч суугаап хөзрөөр буур тоголсон. Буур тоглож байгаад Баяраа эхлээд хожигдоод тоглоомоос хасагдсан учраас Батболдын араар буйдан дээр сууж байсан. Тэр хооронд Батболд, Баяраа 2 яг юуны талаар гэдгийг нь санахгүй байна хоорондоо маргалдаад л байсан. Тэгж байтал гэнэт Батболд босч ирээд Баярааг гараараа цохиод авсан. Би очоод тэр 2-г салгасан. Тэгсэн зурагтны дуу чанга байсан учраас суллах гээд зурагт руугаа явтал ард тас няс гээд хаггархай шил үсчээд явчихсан. Эргээд харсан Батболдын зүүн чамархайнаас нь зүсэгдсэн цус гарч байсан. Харин Баяраа гартаа хагархай архины шилний хүзүүг нь барьчихсан байсан. Тэгээд би тэр 2-г салгаад Батболдыг аваад угаалгын өрөө рүү орж цусыг угаагаад шархан дээр шөрмөсөн чулуу тавьж дараад цусыг нь тогтоосон. Тэгээд Батболд угаалгын өрөөнөөс түрүүлээд гарсан. Би үлдээд угаалтуурт тогтсон цусыг нь угааж цэвэрлэж байгаад угаалгын өрөөнөөс гартал Баяраа газар уначихсан Батболд дээрээс дэвсэж байсан. Тэгээд мөн би очиж салгасан чинь Баяраагийн хамар амнаас цус гарсан байхаар Баярааг нь аваад угаалгын өрөө рүү орж цусыг нь угааж цэвэрлэсэн. ...Тэгээд Баярааг гаргаж ирээд буйдангийн 2 талд нь тэр 2-ыг хэвтүүлсэн. Тэгсэн тэр 2 мөн хэвтэж байхдаа хоорондоо маргалдаад гараараа бие биенийгээ цохиод байхаар нь би голоор нь орж хэвтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/,
Гэрч Ө.Борхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тэр өглөө ээлжнээс буугаад гэртээ унтаж амарж байгаад 16 цаг өнгөрч байхад Хишигдугар ахынхаар орсон юм. Хишигдугар ахынх манай зүүн хойд талд байдаг байранд байдаг юм. ...Намайг гэрт нь ороход Хишигдугар ах, манай ажлын Баяраа, нисэхт ажилладаг Батболд, Хишигдугар ахын эхнэрийнх нь дүү гээд бас нэг хүн байцгааж байсан. Намайг ороход Батболд Хишигдугар ахын эхнэрийнх нь дүүтэй хөзөр тоглож байсан. Хишигдугар ах гэртээ сууж байсан, харин Баяраа  Буйдан дээр нь хэвтэж байсан. Тэр үед Баяраагийн нүүр нь хавдчихсан, цээжээр нь хөндүүр байна гэж байсан, тэгээд намайг Баяраа  ээжийнхээ гэр лүү хүргээд өг гэж гуйсан, тэгээд би Баяраагийн гар цүнх, куртик, гар утас зэрэг бүх юмыг аваад гарсан, эр үед Хишигдугар ах “махных нь шүүс нь гоожсон болохоор хөргөгчинд хийчихсэн байгаа” гэж надад хэлсэн. Тэгээд би Баярааг аваад Хишигдугар ахын дээд талд байдаг ээжийнх рүү оруулж өгсөн. ...Тэгээд би Баяраагийн охин Уянгаагийн гэр лүү нь орж Баяраагийн нүүр ам нь хөхөрч хавдсан байгаа талаар хэлээд гэр лүүгээ харьсан...Гар утсыг нь цүнхэнд нь хийх гэж байхад хутга нь цүнхэн дотор нь байсан... Жижигхэн эвхдэг хутга байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
Гэрч Б.Уянгаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 11 сарын 07-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ ирсэн. Гэртээ ирээд удаагүй байж байтал манай аавын ажлын Борхүү ах манайд ирж “Аав чинь нилээн уучихсан байна, сая эмээгийнд чинь орууллаа. Цамц нь улаан юм болчихсон байна” гэж надад хэлсэн. Би тэр үедээ аавыг эмээгийнхээс авчраад гэртээ унтуулъя гэж бодоод эмээгийнх руу орсон. Тэгсэн манай аав эмээгийн буйдан дээр суучихсан нүүр нь тэр чигээрээ хавдаж хөхөрсөн, нүүр чих нь цус болсон, духны зүүн дээд хэсэгтээ шалбарсан байдалтай байсан. Тэр үед ааваас юу болсон талаар асуухад надад ямар нэгэн юм яриагүй, ярих ч тэнхэлгүй биеийн байдал нь нилээн муу байсан. Тэгээд түргэн дуудаж аавыг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт очсон хойно эмч үзээд 2 хавирга нь хугарысан байна гэж хэлсэн, удалгүй цагдаад мэдэгдсэн. ...Сүүлд нь аав “Би Батболдтой муудалцаад Батболд намайг Хишигдугарын гэрт намайг зодсон” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,
Гэрч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 сарын 07-ны өдөр хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Барсболдын албадан саатуулах тухай тэмдэглэлийг дагуу Мөнхөө овогтой Батболд гэх залуу албадан саатуулах байран ирсэн. Ирэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, амнаас нь архи үнэртэж байсан. Тухайн үед Батболд гэх иргэний толгойн орой хэсэгт 0,5х1 см хэмжээтэй овойж хавдсан, зүүн чамархай орчимд зүсэгдсэн шинэ шархтай, уг шархнаас нь цус гарч байсан, баруун зүүн 2 гарын шуунд урт нарийхан өнгөц шинэ зураасан шарх үүссэн байсан учир битүү гэмтэлтэй байж болзошгүй гэж үзээд албадан саатуулах байранд хүлээж авалгүй Батболд гэх иргэний ар гэрээс хүн дуудаж хүлээлгэж өгсөн. Батболд нь өөрөө архины шилээр хүнд цохиулсан гэж тайлбарлаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30тал/,
Гэрч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 сарын 07-ны орой Батболд өөрөө над руу утсаар яриад “Эрүүлжүүлэхэд байна, та ирээд намайг авчих” гэж хэлэхээр нь би очиж Батболдыг эрүүжлүүлэхээ авсан. Тэр үед Батболдыг надад хүлээлгэж өгсөн саатуулах байрны эмч нь “Толгойнлоо хавантай, зүүн чамархайндаа зүсэгдсэн шархтай байна, шархнаас нь цус гараад биеийн байдал нь тааруу байгаа учраас энэ саатуулах боломжгүй учраас танд хүлээлгэж өгч байна” гэж надад хэлсэн. Тэгхэд Батболдын зүүн чамархайнд чинь зүсэгдсэн шархтай байсан, шархнаас нь цус гарч байсан.    Тэгээд эрүүлжүүлэхээс гараад Хишигдугарын хамт гэр лүү хононо гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,
Шүүх эмнэлгийн №256 тоот дүгнэлт: 1. Б.Баяраагийн биед цээжний зүүн талд 5,6-р хавираганы хугарал, 2 нүдний дээд, доод зовхины болон зүүн хөмсөгний дээд хэсэг, хэвлийн зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хэд хэлэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба 2 нүдний дээд, доод зовхины болон зүүн хөмсөгний дээд хэсэг, хэвлийн зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 55 тал/,
Шүүх эмнэлгийн №263 тоот дүгнэлт: Дүгнэлт 1. М.Батболдын толгойн зүүн чамархай, зүүн гарын шууны гадна хэсэг, зүүн гарын эрхий хурууны дотор хэсгийн шарх, баруун гарын шууны дотор хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх 53 тал/, 4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 53/,
 Шүүх эмнэлгийн №256 тоот дүгнэлт. Дүгнэлт 1. Б.Баяраагийн биед цээжний зүүн талд 5,6-р хавирганы хугарал, 2 нүдний дээд, доод зовхины болон зүүн хөмсөгний дээд хэсэг, хэвлийн зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх цээжний зүүн талд 5,6-р хавирганы хугарал бүхий гэмтэл нь шүүх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба харин 2 нүдний дээд, доод зовхины болон зүүн хөмсөгний дээд хэсэг, хэвлийн зүүн талын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр буюу 15-20 хувь тогтонги алдагдана /хх-ийн 55/,  
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учрал гарсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 11-12, 14-17, 70 тал/,
Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19 тал/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-89, 99-100 тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын шинжлэн судлаад, шүүгдэгч М.Батболд нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А24-24 тоотод иргэн Б.Баярааг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, яллагдагч Б.Баяраа нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А24-24 тоотод иргэн М.Батболдыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож толгойн тус газар нь архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл  учруулсан гэмт хэргүүдийг тус, тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Баяраа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан ба хохирогч М.Батболд нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Хохирогч М.Батболд нь шүүгдэгч Б.Баяраагаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч М.Батболдод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал  болгон тус тус харгалзав.
Шүүх шүүгдэгч М.Батболдын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон                                             
                                                 ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.3,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Прокурорын газраас Б.Баяраад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
2. Шүүгдэгч Юндэн овогт Мөнхөөгийн Батболдыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батболдыг 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Батболдод оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батболдын цагдан хоригдсон 17 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Баяраа нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй ба шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Батболдод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан М.Батболдод хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  М.Батболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Баяраад авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА