Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/113

 

 

 

 

        

    2023      04         17                                         2023/ШЦТ/113

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                                 2019/

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч Б.Т-, Б.Д-  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-, Б.Т- нарт холбогдох эрүүгийн 2338000000080 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Б.Д-,

Монгол Улсын иргэн, Б.Т-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т- нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багт өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Д-тэй малын бэлчээрээс болж маргалдаж түүний зүүн дал хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Д- нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тэй малын бэлчээрээс болж маргалдаж түүний баруун гарын долоовор хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000080 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:  

Шүүгдэгч Б.Т- нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багт өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Д-тэй малын бэлчээрээс болж маргалдан түүнийг гэрээсээ хөөж, гадаа гарч мотоциклио асаагаад явах гэж байхад нь гутлынхаа түрүүнд байсан бор иштэй ахуйн хэрэглээний хутгаар түүний зүүн дал хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн далан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Д- нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тэй малын бэлчээрээс болж хэрүүл маргаан үүсгэж улмаар Б.Т-ийн баруун гарынх нь долоовор хурууг хазаж, эрүүл мэндэд нь “баруун гарын долоовор хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-гийн өгсөн: “...Би үхэртээ явж байгаад оройтсон учраас Б.Т-ийн гэрт нь очиж хонохоор болсон. Бид хоёр худ ургийн холбоотой хүмүүс юм. Тэгээд орой хоол идээд байж байхад нэг залуу ирээд Б.Т- бид нар архи уугаад байж байснаа гэнэт намайг ална гээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад намайг зайл гээд байхаар нь би ер нь гэртээ очиж хонолоо гээд гэрээс нь гараад мотоциклынхоо гэрлийг асаахгүйгээр гэрийнх нь уруу шааригдаад явж байтал араас хүрч ирээд намайг хутгалсан. Тухайн өдөр ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн өгсөн: “..гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-гийн өгсөн: “...Миний төлбөрийг төлж барагдуулах юм бол гомдолгүй. Одоо гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Д-гийн хохирогчоор өгсөн: “...2023 оны 01 сарын 23-ны орой би өөрийн танил болох Ш- гэж дууддаг Б.Т-ийн гэрт очсон. Б.Т-ийн гэрт очиход Б.Т- эхнэр хүүхдийн хамт байсан. Би тэднийд ороод хоол унд идээд сууж байтал Цагаан-Уул сумын гэх залуу тэдний гэрт ирсэн. Тэр залуу ирэхдээ 2 шил архи авч ирсэн. Тэр архийг Б.Т-, эхнэр Бүлтээнээ, нөгөө залуу бид дөрөв хувааж уусан. Тэгсэн архи ууж дууссаны дараа Б.Т- бид хоёр бэлчээрээс болж маргалдсан нь хазчихсан. Би тэднийхээс явах гээд мотоциклоо асаах гээд оролдож байтал гэнэт миний нуруу руу юмаар цохих шиг болоод явчихсан. Би эргээд хартал Б.Т- гартаа хутга барьчихсан байхаар нь би барьж аваад хутгыг булааж авсан. Тэр үед Б.Т-ийн эхнэр хутгыг аваад би Б.Т-ийг аваад гэрт очиж цусаа даавуугаар боож тогтоогоод тэр шөнө Б.Т- намайг манай гэрт хүргэж өгсөн. Би уг нь Б.Т-ийн гэрт хонох гэж байсан юм. Тэгтэл цус их гараад байхаар нь гэртээ ирсэн. Гэртээ ирээд гэрээсээ сумын эмнэлэг рүү явсан. Эмнэлгийн машин урдаас ирээд би сумын эмнэлэг орсон. ...Бид хоёр архи уусан үедээ малын бэлчээрээс болж маргалдсан. Тэрнээс болж Б.Т- намайг хутгалсан байх. ...Б.Т- миний зүүн даланд нэг удаа хутгалсан. ...Би гомдолтой байна. Би гарсан зардлаа гаргуулж авмаар байна. ...би яагаад тэднийхээс явах болсон бэ гэхээр би Б.Т-ийн гарыг хазсан чинь Б.Т- намайг буудна гээд гэр рүүгээ орохоор нь айсандаа шөнө мотоциклио асааж явах гэж байгаад араасаа хутгалуулсан юм. Хэрэв буудна гэж намайг айлгаагүй бол би Б.Т-ийн гэрт хонох гэж байсан. Б.Т-ийн отрын гэрт хоёр буу өлгөөтэй байхыг харсан юм. ...Б.Т-ийн гэрээс 100 орчим метр газар мотоциклио түрж холдуулаад асаах гэж байхад хутгалсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 20 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Т-ийн хохирогчоор өгсөн: “...Би өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар тодорхой ярьсан. Одоо нэмж ярих зүйл байхгүй. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

Гэрч М.Б-ийн өгсөн: “...Тухайн орой манай хамаатны ах Б.Д- манай отор хийж байгаа гэрт ирсэн. Би Б.Д- ахад хоол унд хийж өгөөд байж байтал манай нөхрийн найз Ш-манай гэрт ирсэн. Ш-ирэхдээ хоёр шил архитай ирсэн. Тэр архийг бид дөрөв хувааж уусан. Тэгсэн чинь манай нөхөр Б.Т-, Д- ах хоёр согтчихоод маргалдаад байсан. Тэр хоёр малын бэлчээрээс болж маргалдаад байсан. Маргалдаж байснаа манай нөхөр Д- ахыг гэрээсээ хөөгөөд байсан. Тэр гэрээс хамт гараад хэсэг болж байснаа хоорондоо зодолдоод байгаа бололтой байсан. Би гэртээ хүүгээ хараад гарч чадаагүй. Тэгсэн чинь манай нөхөр Б.Т- гар хазчихлаа гээд орилоод байсан. Би гэрээс гараад хартал Д- ах мотоцикль руугаа гүйгээд явж байхад нь манай нөхөр араас нь очоод ноцолдох шиг болсон, тухайн харанхуй байсан учраас би сайн хараагүй, харин гэрэл тусгаад үзсэн чинь манай нөхөр гартаа хутга барьсан байхаар нь би хутгыг нь булааж авсан. Тэгээд гэртээ буцаж ороод Д- ахын цусыг тогтоосон. Д- зүүн мөрнөөс их цус гоожиж байсан, би хөвөн шатааж тавьсан, мөн модны давирхайгаар боож өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.М-н өгсөн: “...Б.Д- нь 01 дүгээр сарын 24-ний өдөр эмчилгээ үйлчилгээ авсан мөнгөн дүн нь 305.000 төгрөг болсон талаар мэдээлэл гарч ирсэн. Түүний дагуу байгууллагаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 305.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Би шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

Хохирогч Б.Т-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн  шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 58 дугаартай: “...Б.Т-ийн биед баруун долоовор хуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Т-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  /хх-ийн 32 тал/,

            Хохирогч Б.Д-гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн  шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 59 дугаартай: “...Б.Д-гийн биед зүүн даланд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Д-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37 тал/,

Хохирогч Б.Д-гийн биед учирсан гэмтлийн зэргийг нэмэлт шинжилгээгээр тогтоосон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай: “...Б.Д-гийн биед нэмэлтээр гэмтэл тогтоогдсонгүй. Б.Д-гийн биед тухайн үед зүүн даланд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй үйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. ...Б.Д-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 46 тал/,

Эд мөрийн баримтаар ажлын хэсэг нь 14 сантиметр, бариул нь 13 сантиметр, нийт 27 сантиметр урттай бор иштэй ахуйн хэрэглээний хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Би болсон явдлын талаар өмнө мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би Б.Т-т хохирол төлөөгүй байгаа. ...Би хутгалуулснаас болж маш их урсгал зардал гарсан. Би эмнэлэг үйлчилгээ авахын тулд байнга таксидаж явж байсан. Би гарсан зардлынхаа баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Би Б.Т-өөс 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. ...би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Т-ийн яллагдагчаар өгсөн: “...Би болсон явдлын талаар өмнө мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. ...Би Б.Д-д учирсан бодит хохирлыг төлнө. ...Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд, хэрэгт  эд мөрийн баримтаар  хураагдаж  ирсэн ажлын хэсэг нь 14 сантиметр, бариул нь 13 сантиметр, нийт 27 сантиметр урттай бор иштэй ахуйн хэрэглээний хутгыг  зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Т-, Б.Д- нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.М-, гэрч М.Б- нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн  шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай нэмэлт дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч Б.Т-, Б.Д- нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.Т- нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багт өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Д-тэй малын бэлчээрээс болж маргалдан түүнийг гэрээсээ хөөж, Б.Д- нь гадаа гарч мотоциклио асаагаад явах гэж байхад нь гутлынхаа түрүүнд байсан бор иштэй ахуйн хэрэглээний хутгаар түүний зүүн дал хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн далан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Д- нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тэй малын бэлчээрээс болж хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний баруун гарынх нь долоовор хурууг хазаж, эрүүл мэндэд нь “баруун гарын долоовор хуруунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Т-, Б.Д- нарын гэм буруутай үйлдэл, хохирогч Б.Т-, Б.Д- нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна.

Шүүгдэгч нарын харилцан зодоон хийж, хэн альныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь хүний бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.Т-, Б.Д- нарын гэм буруутай үйлдэл нь хүний

эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т-, Б.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Т-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Д-гийн биед хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т-ийн биед хөнгөн хохирол тус тус учирсан байх ба хохирогч Б.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд /хх-ийн 23 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал байхгүй...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Б.Д- нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд 2.500.000 төгрөгийг нэхэмжилж, хавтаст хэрэгт “Монос Мөрөн” эмийн сангийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн эмийн үнэ 17.400 төгрөгийн Е-баримт, “Мандах шим” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн эмийн үнэ 21.000 төгрөгийн Е-баримт, “Нью адонис” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эмийн үнэ 36.200 төгрөгийн Е-баримт, “Тунамал” эмийн сангийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эмийн үнэ 52.900 төгрөгийн Е-баримт, 32.500 төгрөгийн Е-баримт, “Үлэмж” эмийн сангийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эм, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 4.200 төгрөгийн Е-баримт, мөн хоол, унааны зардлын талаарх гараар бичсэн түүвэр зэргийг гаргаж өгсөн байх ба шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

“Монос Мөрөн” эмийн сангийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн эмийн үнэ 17.400 төгрөгийн Е-баримт, “Мандах шим” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн эмийн үнэ 21.000 төгрөгийн Е-баримт, “Нью адонис” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эмийн үнэ 36.200 төгрөгийн Е-баримт, “Тунамал” эмийн сангийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эмийн үнэ 52.900 төгрөгийн Е-баримт, “Үлэмж” эмийн сангийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эм, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 4.200 төгрөгийн Е-баримтуудыг нотлох баримтаар үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-өөс 131.700 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.Д-гээс гаргаж өгсөн 32.500 төгрөгийн Е-баримт /хх-ийн 81 тал/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож,  хавтаст хэргийн 82 дугаар талд авагдсан такси хоолны зардал гэх 140.000 төгрөг гэх гар бичмэл бүхий цаас нь нотлох баримтын  шаардлага хангахгүй гэж дүгнэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг мөн хохирогч Б.Д- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын  хохирол буюу эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн 2.500.000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Т-өөс нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  М.М-г тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 305.000 төгрөгийг шүүгдэгч Б.Т-өөс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Т- нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 305.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Т-өөс 305.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгч нарт  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Т-, Б.Д- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т-, Б.Д- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т-, Б.Д- нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Т-т 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна..” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид торгох ял оногдуулж өгнө үү..” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Н.Баттөмөр эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: “...Шүүгдэгч Б.Т- нь миний үйлчлүүлэгчийг ална гэж хэлээд гэрт орсон гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байгаа мэдүүлгээр миний үйлчлүүлэгч шүүгдэгчийн гэрээс нь 50-100 метрийн хооронд хол зайтай байх үед араас нь хөөж очоод хутгалсан гэх байдал нотлогдож байна. Мөн өөрөө ч гэсэн гэрээс нь хол байх үед болсон явдал гэж хэлж байна. Үүнээс дүгнэхэд миний үйлчлүүлэгчийг санаатайгаар хутгалсан нөхцөл байдал харагдаж байна. ...Шүүгдэгч Б.Т- нь өөрийн хийсэн хэрэгтээ ямар нэгэн дүгнэлт хийхгүй, хохирогчоос одоог хүртэл ямар нэгэн байдлаар уучлалт гуйгаагүй, тухайн хэрэг болсны дараа хохирогчийн биеийн байдлын талаар асуугаагүй байгааг харахад өөрийн үйлдэлдээ гэмшихгүй байгаа нь харагдаж байна. ...Шүүгдэгч Б.Т- нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж  үзэж улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлага оногдуулж байгаатай хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс санал нийлэхгүй байна. Шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал үзэж байгаа бол 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялын саналыг оруулж байна. ..Миний үйлчлүүлэгч Б.Д- нь ...болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлж, ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ...учруулсан хохирол, хор уршгийн шинж зэргийг харгалзан үзэхэд шүүгдэгч Б.Т-тэй эрүүгийн хариуцлагыг эн тэнцүү оногдуулж болохгүй гэж бодож байна. Хохирогч Б.Т-ийн долоовор хурууны ард 1х1 сантиметр хэмжээтэй гэмтэл учирсан, ...тухайн гэмт хэрэг анх хэнээс болж үүссэн зэргийг анхаарч, ...миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар, ...мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ...миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэх саналыг гаргаж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Т-, Б.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 70-75 дугаар талуудад авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Т- нь ... зэрэг түүний хувийн байдал,

хавтаст хэргийн 77-79 дүгээр талуудад авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Д- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Т-, Б.Д- нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Т-ийг  нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т-, Б.Д- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 14 сантиметр, бариул нь 13 сантиметр, нийт 27 сантиметр урттай бор иштэй 1 ширхэг ахуйн хэрэглээний хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Д- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Т- гомдол саналгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

               1. Шүүгдэгч Б.Т-, Б.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Т-ийг 1.350 (нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 1.350 (нэг мянга гурван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай. 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Б.Д- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-өөс 131.700 (нэг зуун гучин нэгэн мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32.500 (гучин хоёр мянга таван зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Д- нь 140.000 (нэг зуун дөчин мянга) төгрөгийн унааны  зардал болон 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Т-өөс нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

              6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Т-өөс 305.000 (гурван зуун таван мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд оруулсугай.

              7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т-, Б.Д- нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 14 сантиметр, бариул нь 13 сантиметр, нийт 27 сантиметр урттай бор иштэй 1 ширхэг ахуйн хэрэглээний хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

              8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-, Б.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН