| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/125 |
| Огноо | 2023-04-24 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-т холбогдох эрүүгийн 2238000000690 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод байрлах хохирогч Г.Б-ын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “зүүн 2, 3, 4, 5, 10, 11-р хавирга, баруун 2-р хавирганы хугарал, баруун, зүүн уушигны ателектаз, плеврийн хөндийд хий” бүхий хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000690 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод Г.Б-ын “гэртээ хонуулсангүй” гэх шалтгаанаар модон сандлаар ар дагз, толгой, нуруу, бөөр хэсэг, баруун, зүүн гарын шуу, дал, хөлийн шилбэ зэрэг рүү цохьсон, зүүн шанааны үс хэсгээс зулгааж татаж унагаасан, хөлөөрөө цээжин тус газар нь дэвсэн бие эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “2, 3, 4, 5, 10, 11-р хавирга, баруун талд 2-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины ателектаз, плеврийн хөндийд хий, баруун хацарт зүүн чамирхай, зүүн хөмсөгөнд шарх, баруун дээд доод зовхи, баруун нүдний алим нуруу, зүүн дал, зүүн шуунд цус хуралт, зүүн чамирхай, зүүн шилбэ, зүүн хөмсөг зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б-ын өгсөн: “..мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Б-ын өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод байх гэртээ 2022 оны 10 сарын 27-ны орой 21 цаг өнгөрч байхад унтах гээд ороо засаж байтал гаднаас Л.Б- согтууруулах ундааны хэрэглэсэн байдалтай ганцаараа орж ирсэн. Л.Б- надад танайд хононо гэж хэлэхээр нь би хариуд нь үгүй ээ хүн хонуулахгүй чамайг аав чинь манайхаар ирвэл хөөгөөд явуулчихаж байгаарай гэсэн, чи чинь бас хулгай хийгээд байдаг юм байна лээ шүү дээ гэж хэлэхэд Л.Б- чи миний найзын ээжийг алсан уу гэж хэлж уурлаад гэрийн модон сандлыг авангуутаа миний ар дагз, толгой, нуруу, бөөр, хэсэг баруун гарын шуу зэрэг лүү олон удаа нүдэн цохьсон, хөгшин настай би муужирч эхэлсэн, мөн толгойны зүүн шанааны үс хэсгээс зулгааж намайг татаж унагаахдаа зүүн чихийг бага зэргийн урсан, тэгээд намайг газарт унагаагаад хөлөөрөө миний цээжин дээр хэд хэдэн удаа дэвссэн би зодуулж нүдүүлсэндээ ухаан балартсан, нэг мэдэхэд өглөө 05 цагийн үед гаднаас Д.Л-, Б.З- нар орж ирээд намайг юу болчихов оо, яачихсан юм бэ гэж асуусан. Сайн харахад Л.Б- гэрээс яваагүй нөгөө талын орон дээр хэвтэж байсан. Л.Б- тэр хоёрт худлаа яриад байсан. Д.Л- надаас таныг хэн зодсон юм бэ гэж асуухад би юм ярих тэнхэлгүй байсан болохоор гараараа л Л.Б- руу зааж мэдэгдсэн. Тэгээд тэр хоёр Д.Т-ыг дуудъя гээд гараад явсан. Удалгүй Л.Б- араас нь гараад явчихсан. Тэгээд эмнэлэг ирээд намайг аваад явсан. .. Яг шалтгааныг нь мэдэхгүй байна. Тухайн орой гэрээсээ түүнийг хөөсөн, мөн тэрээр намайг найзынх нь ээжийг алсан гэж уурлаж дайраад байсан. ...бид хоёр л байсан. ...цээж нэлэнхүйдээ өвдөж байна. Зүүн талын хавирга хэсэг, нуруу, гар гээд л бүх бие өвчтэй байна. Босоод явж чадахгүй байна. Уушги унжсан байсан, эмнэлэгт ирсэн өдрөө уушигны хагалгаанд орсон. ...би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Хөгшин настай намайг ингэж балмад зодсонд гомдож байна. Би дахиад ч хагалгаанд орж магадгүй гэж эмч хэлсэн. ...Тухайн үед надад хүнтэй ярих утас ч байгаагүй. Хөгшин настай би яасан гэж гэрээ шатаана гэж газ, асаагуур барих вэ дээ. Зуух руу унах зэрэг үйл явдал болоогүй. ...Миний биед Д.Л-, Б.З- нар халдаагүй. Харин намайг Л.Б-т зодуулчихаад хөдөлж чадахгүй хэвтэж байхад Д.Л- Б.З- хоёр гаднаас орж ирээд миний байгаа байдлыг болон Л.Б-ыг ч гэсэн харсан. Тэгээд гараад тэр хоёр түргэн тусламж дуудсан байсан. ...Мэдээж Л.Б- надад тухайн гэмтлүүдийг учруулсан. Тухайн шөнө Л.Б- сандлаар миний толгой, дагз, нуруу, хавирга, баруун гарын шуу зэрэг рүү олон удаа цохисон. Мөн хөлөөрөө цээжин дээр минь зөндөө дэвссэн юм. ...Миний толгой хааяа эргэж өвдөөд нүд харанхуйлаад байдаг. Баруун гарын шуу байнгын өвчтэй байгаа. Ер нь л бие маань их зовиуртай байдаг болсон. ...Би гомдолтой байна. Барагцаагаар надаас эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг гарсан байна. Цаашид би Орхон аймаг руу явж эмнэлэгт үзүүлж харуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 117 тал/,
Иргэний нэхэмжлэгч М.М-ын өгсөн: “...Эрүүгийн 2238000000690 дугаартай хэргийн хохирогч Г.Б- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн эмчилгээ, амбулаторийн үзлэг гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 1.306.500 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Гэрч Д.Т-ын өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Мөрөн сумын ... тоотод байх гэртээ хүүхдүүдийнхээ хамт унтаж байтал шөнийн 4 цаг өнгөрч байхад манай нөхөр Д.Л- гаднаас найз Б.З-ынхаа хамт орж ирээд надад хандаж “Бүрэнтогтох” руу ажлаар явчихаад замаараа Б- багшийн гэрээр ороход Б- багш хүнд зодуулчихсан байдалтай хэвтэж байна, чи очоод гялс, цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэхээр нь би нөхөр болон Б.З-ын хамт Мөрөн сумын 11-... тоотод байх Б- багшийн гэрт яваад очиход Б- багш хүнд зодуулчихсан байдалтай ганцаараа орон дотроо хэвтэж байсан. Би шууд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. ...Г.Б- багшаас би юу болсон талаар асуухад “манай ангижавын хүүхэд нь намайг сандлаар толгой, цээж рүү нүдээд, гэдэс рүү дэвссэн” гэж л хэлсэн. Надад нэрийг нь хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
Гэрч Д.Л-гийн өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр найз Б.З-ын хамт Бүрэнтогтох сум руу хувийн ажлаар явчихаад шөнө 04 цагийн үед Мөрөн сум руу орж ирсэн юм. Бид хоёр ажлаар явахдаа бага зэргийн архи уучихсан байсан болохоор гэр рүүгээ харихаасаа өмнө Г.Б- ахынхаар ойрд очоогүй юм чинь гээд архи байвал ууя гэсэн зорилготойгоор 04 цагийн үед Г.Б- ахын гэрээр Б.З- бид хоёр хальт ороход Г.Б- ахын нүүр ам нь хавдчихсан, толгойноос нь цус гарчихсан, хүнд зодуулсан байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Бас гэрт нь нэг үл таних залуу нөгөө талынх нь орон дээр нь хэвтэж байсан. Би Г.Б- ахаас тухайн үед болсон талаар асуухад тэр залуу зодсон гээд нөгөө талынхаа орон дээр хэвтэж байсан залуу руу заасан. Тэгэхээр нь би тэр үл таних залуугаас яагаад ямар учраас Г.Б- ахыг зодсон юм бэ гэж асуухад тэр залуу юм дуугарахгүй байхаар нь чи байж байгаарай гэж хэлчихээд би Б.З-ын хамт гэр рүүгээ хариад эхнэртээ хандаж “Г.Б- ах гэртээ хүнд зодуулчихсан хэвтэж байна, эмнэлэг дуудъя хамт явъя” гээд дагуулаад 04 цаг өнгөрч байхад очиход Г.Б- ах гэртээ ганцаараа нөгөө залуу гэрээс нь гараад явчихсан байсан. Тэгээд эмч ирээд Г.Б- ахыг аваад явсан. ...Хоёулаа л халамцуу байгаа харагдаж байсан. ...Надад харсан зүйл байхгүй. Гэхдээ би Г.Б- ахаас тухайн үед юу болсон талаар асуухад гэрт нь байсан үл таних залуу руу тэр залуу зодсон гээд гараараа зааж байсан. Хэрхэн, яаж зодсон талаараа сайн юм ярьж чадахгүй байсан. ...Г.Б- ахын гэрийн модон сандал нь хугарч эвдэрсэн байдалтай харагдаж байсан. Гэр нь нэлээн эмх замбараагүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Гэрч Б.З-ын өгсөн: “...2022 оны 10 сарын 27-ны өдрийн 11 цагийн үед найз Д.Л- над руу гар утсаар залгаад хоёулаа хөдөө явчхаад ирье гэхээр нь би түүнтэй хамт Бүрэнтогтох сум руу ажлаар явчхаад шөнийн 04 цагийн үед Мөрөн сум руу орж ирсэн. Гэр лүүгээ харихаасаа өмнө замаараа Б- ахын бие хааг нь харъя /гэртээ ганцаараа байдаг болохоор/ гээд гэрээр нь бид хоёр орсон. Ороход гэр доторх байдал нь цусаар бохирлогдчихсон, модон сандал нь хэдэн хэсэг болж хагарч бутарсан, Б- ах өөрөө зодуулсан байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Нөгөө талынх нь орон дээр үл таних залуу хэвтэж байсан. Д.Л- бид хоёр Б- ахаас юу болсон юм бэ, таныг хэн зодсон юм бэ гэж асуухад эсрэг талынхаа орон дээр хэвтэж байгаа үл таних залуу руу хуруугаараа заагаад энэ залуу намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр тэр залууд хандаж “чи зодчихсон юм биш үү” гэж асуухад “үгүй ээ би зодоогүй, цагдаа дуудчихсан байгаа” гэх мэт зүйл яриад согтуу хэвтэж байсан. Бид хоёр шууд гэрээс нь гараад Д.Л-гийн гэрт нь очиж Д.Т-ыг аваад буцаж ирэхэд нөгөө үл таних залуу зугтаад явсан байсан. Тэгээд бид нар эмнэлэг дуудчихсан байсан болохоор хүлээгээд байж байх хооронд Б- ах бид нарт хандаж “ах нь тэр залууг танина аа, манай ангижавын хүүхэд нь байгаа юм” гэж хэлж байсан. Удалгүй эмнэлэг ирээд Б- ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Гэрч Х.Г-ын өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 цагаас 10 сарын 28-ны өдрийн 09 цаг хүртэл Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт их эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тус хугацаанд буюу 10 дугаар сарын 28-ны өдрийн 04 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 11-... тоотод зодуулсан хүн байна гэх дуудлагаар дуудлагын эмч очиж, өвчтөнийг эмнэлэг рүү яаралтай тээвэрлэсэн. Уг өвчтөн буюу Гомбосүрэнгийн Б-ын биеийн ерөнхий байдал хүндэвтэр, орчиндоо харьцаа сул, асуусан асуултанд ганц хоёр үгээр зөөж хариулна, нүүр болон толгойн хэсэг нэлэнхүйдээ хавдсан, зүүн нүд хөхөрсөн, зүүн чамархайд ил шархтай, рентгенд харуулахад зүүн талдаа олон хавирганы хугаралттай, баруун уушги унжсан, мэс заслын эмчийг дуудаж, уушгинд гуурс тавиулан гавал тархинд КТГ хийлгэн, яаралтай авах арга хэмжээнүүдийг авч, гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Тухайн үед Г.Б- гэх хүнээс тухайн хэргийн талаар асуухад “гэртээ зодуулсан, зодсон хүнээ мэднэ” гэж байсан. Өөрийг нь зодсон хүний нэрийг бол надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 559 дугаартай: “...Г.Б-ын биед зүүн 2, 3, 4, 5, 10, 11-р хавирга, баруун талд 2-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины ателектаз, плеврийн хөндийд хий, баруун хацарт зүүн чамирхай, зүүн хөмсөгөнд шарх, баруун дээд доод зовхи, баруун нүдний алим нуруу, зүүн дал, зүүн шуунд цус хуралт, зүүн чамирхай, зүүн шилбэ, зүүн хөмсөг зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022 оны 10 дугаар сарын 28-нд үүссэн байх боломжтой байна. Г.Б-ын биед үүссэн олон хавирганы хугарал, уушгины ателектаар плеврийн хөндийд хий нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд, баруун хацар, зүүн чамирхай зүүн хөмсгөнд шарх нь тусдаа бусад гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40 тал/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод байх ертөнцийн зүгээр урд зүгт харсан саарал өнгийн төмөр хаалгатай, модон хашаа байна. ...хаалгыг онгойлгож дотогш орж үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахад үүдний хэсэгт архи, пивоны хоосон сав шил байлаа, цааш үзлэгийг явуулахад баруун хойд хэсэгт эмх замбараагүй байдалтай эд зүйлс байх ба төмөр орон дээр байх дэрний уут улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай уг орны урд хэсэгт байх ногоон өнгийн берзээнтний гадна хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, шар өнгийн сандал хэдэн хэсэг болж эвдэрсэн байсныг А үсгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэн 8 хэсэг модыг хойшлуулшгүй тохиолдолд эд мөрийн баримтаар хурааж авахаар болж прокурорт урьдчилан мэдэгдэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,
Шүүгдэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би Г.Б- ахыг нэг түлхэхэд ар дагзаараа гэрийнхээ модон сандал руу унасан, дагзнаас нь бага зэргийн цус гарсан. Бас бид хоёр хамт зуух руу унасан зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 114 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн сандалны бутарсан 8 хэсэг мод зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаагаар 2022 оны 10 дугаар сарын 27-наас 28-нд шилжих Л.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод Г.Б-ыг “гэртээ хонуулсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний бие эрх чөлөөнд халдсаныг гэрчилж хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хохирогч Г.Б-, гэрч Д.Л-, Б.З-, Д.Т-, Х.Г- нарын гэрчилж өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 559 дугаартай “...Г.Б-ын биед зүүн 2, 3, 4, 5, 10, 11-р хавирга, баруун талд 2-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины ателектаз, плеврийн хөндийд хий, баруун хацарт зүүн чамирхай, зүүн хөмсөгөнд шарх, баруун дээд доод зовхи, баруун нүдний алим нуруу, зүүн дал, зүүн шуунд цус хуралт, зүүн чамирхай, зүүн шилбэ, зүүн хөмсөг зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022 оны 10 дугаар сарын 28-нд үүссэн байх боломжтой байна. Г.Б-ын биед үүссэн олон хавирганы хугарал, уушгины ателектаар плеврийн хөндийд хий нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд, баруун хацар, зүүн чамирхай зүүн хөмсгөнд шарх нь тусдаа бусад гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, иргэний нэхэмжлэгч М.М-ын мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт зэргийг харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Л.Б- нь хохирогч Г.Б-ын ар дагз, толгой, нуруу, бөөр хэсэг баруун, зүүн гарын шуу, дал, хөлийн шилбэ рүү модон сандлаар цохьсон, зүүн шанааны үс хэсгээс зулгааж татаж унагаасан, хөлөөрөө цээжин тус газар нь дэвсэн түүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай нь хангалттай нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Г.Б-ын биед мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан, зүүн 2, 3, 4, 5, 10, 11-р хавирга, баруун талд 2-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины ателектаз, плеврийн хөндийд хий бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун хацар, зүүн чамирхай зүүн хөмсгөнд шарх нь тусдаа бусад гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарч байгаа бөгөөд нэг цаг хугацаанд хэд, хэдэн гэмтэл зэрэг учирсан бол гэмтлийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг тогтооно гэсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцсэн, хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Л.Б-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.Б-ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүнд хохирол учруулсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод байрлах Г.Б-ын гэрт “гэртээ хонуулсангүй” гэх шалтгаанаар түүнийг модон сандлаар ар дагз, толгой, нуруу, бөөр хэсэг, баруун, зүүн гарын шуу, дал, хөлийн шилбэ рүү цохьсон, зүүн шанааны үс хэсгээс зулгааж татаж унагаасан, хөлөөрөө цээжин тус газар нь дэвсэн эрүүл мэндэд нь зүүн 2, 3, 4, 5, 10, 11-р хавирга, баруун талд 2-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины ателектаз, плеврийн хөндийд хий бүхий хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Хохирогч Г.Б- эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б- нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн: “...Л.Б- би Г.Б-ын эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг өгсөн. ...Г.Б- би цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх эвлэрлийн гэрээг гаргаж өгч байх тул шүүгдэгч Л.Б-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.306.500 төгрөг /хх-ийн 22 тал/ нэхэмжилж баримтыг хэрэгт хавсарган ирүүлсэн боловч дээрх баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гомбосүрэнгийн Б-ын эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1.306.500 төгрөг гарсныг тэмдэглэсэн өвчний түүхийн мэдээлэл болон хэдэн төгрөгийн, ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн талаарх баримт хэрэгт хавсаргагдаагүй байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иймд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 1.306.500 төгрөгийн зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Б-ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
Хавтаст хэргийн 42-46, 70, 81, 83-87, 122-124 талуудад авагдсан ... зэргээр шүүгдэгч Л.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна..” гэх,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “..миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэж хохирогч Г.Б-д учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү..” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Л.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн атлаа энэ төрлийн гэмт хэргийг дахин 5 сарын дараа үйлдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт “..Нэг их согтуу байгаагүй. Гэр орноо шатаана гээд гүйгээд байсан.. Би цохиогүй түлхчихсэн. Тэгсэн чинь толгойных нь араас цус гарсан юм.. Гэрээ шатаана гээд байсан юм. Би сайн мэдэхгүй байна.” гэж мэдүүлснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Л.Б- нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “..гэрт нь ороход Г.Б- ах ганцаараа байсан, царайг нь харахад зүүн талын нүд нь хөхөрчихсөн байдалтай харагдаж байсан. Бид хоёр нөгөө архийг хувааж уусан, уугаад дууссаны дараа Г.Б- ах надад “чи миний нүдийг цохьчихлоо” гээд байхаар нь бид хоёр маргалдаж ноцолдоод би хоёр гараараа Г.Б- ахыг түлхэхэд ар дагзаараа гэрийнхээ модон сандал руу уначихсан, ар дагзнаас нь жаахан цус гарч байсан. Би усаар арчиж өгөхөд хуйх нь язарсан байсан..” гэх мэдүүлэг, яллагдагчаар өгсөн “.. дараа нь гэрээ шатаана гээд газ бариад байхаар нь би газыг нь булааж авах гээд зууралдах үед бид хоёр хамт зуух руу унасан.. мэдэхгүй миний дараа орсон хоёр хүнтэй ноцолдсон юм болов уу гэж гэж бодож байна. Тэрнээс биш намайг анх ороход зүгээр байсан, гараад явахад гайгүй байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол /хх-ийн 102 тал/, гэрч Д.Ц-н мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн болон мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Мөн шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн сандалны бутарсан 8 хэсэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 2 (хоёр) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т оногдуулсан 2 (хоёр) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.306.500 (нэг сая гурван зуун зургаан мянга таван зуу) төгрөгийн зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.Б-оос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн сандалны бутарсан 8 хэсэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор
бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН