| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/108 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Б-, Г.Ө- нарт холбогдох эрүүгийн 2338000000120 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Б-,
Монгол Улсын иргэн, Г.Ө-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн гадна 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Ц-ийг зодож биед нь баруун нүдний алимны салстын урагдал, баруун дээд зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулж,
Шүүгдэгч Г.Ө- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн гадна 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө үл ялих зүйлээр шалтаглан хохирогч О.У-ыг зодож зүүн 5, 6, 10 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000120 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч А.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Ц-ийн нүүр рүү гараараа цохиж биед нь “баруун нүдний алимны салстын урагдал, баруун дээд зовхи, нүдний алиманд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч О.У-ын нүүр рүү гараараа цохиж, цээж рүү нь хөлөөрөө өшиглөж, “зүүн 5, 6, 10 дугаар хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б-ын: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө-ын: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.У-ын өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр найз Ж-н хамт 50 100 нэртэй ресторанд виски ууж байгаад орой 22 цагийн үед Мөрөн сумын 6 дугаар багт байрлах “Доргио бар”-нд орсон юм. Тэндээ бид хоёр дахиж 0.75 литрийн хэмжээтэй виски ууж байгаад миний бие нэлээн согтож муудсан болохоор хуурай дүү Ц-р гэртээ хүргүүлэхээр дуудсан юм. Би Доргиогоос гараад С.Ц-ийн хамт Номин их дэлгүүрийн гадаа зогсоол дээр зогсож байснаа санаж байна, түүнээс хойш юу болсон талаар миний хувьд мэдэх зүйл алга. Салхинд цохиулчихсан юм уу яасан юм буу мэд би тасарсан байсан. Нэг мэдэхэд би өнөөдөр өглөө 10 цагийн үед гэртээ сэрсэн. Сэрээд харахад зүүн нүд, дух, зүүн талын цээж зэргээр өвдөж, гэмтэл авсан байсан. Би дүү С.Ц-той уулзаж урд шөнө юу болсон талаар асуухад “би таныг үүрээд такси барих гээд Номин их дэлгүүрийн гадаа зогсож байхад 2-3 залуу ирээд ОG МОВ-н хамаатан гэлүү гэж хэлснээ шууд бид хоёрыг зодчихоод яваад өгсөн. Би таныг гэрт чинь хүргэж өгсөн” гэж хэлсэн. Намайг хэрхэн яаж зодсоныг нь ч гэсэн би мэдэхгүй байна. Ямар ч л байсан цээж рүү өшиглөсөн бололтой, зүүн талын хавирга их өвдөж байна. Миний толгой айхтар их өвдөж байна, бас зүүн нүд зовиурьтай байна. Зүүн талын хавирга, цээж даагдахгүй байна, амьсгаа авах гэхээр л өвдөөд байна. ...Надад эмчилгээний зардал буюу миний эмнэлэгт хэвтсэн төлбөр гэж нийт 600,000 төгрөг өгсөн. Үүнийг би эмчилгээний зардалдаа зарцуулсан. ...Өөр надад санал, нэхэмжлэх зүйл алга. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 93 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Ц-ийн өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байтал 23 цагийн үед хуурай ах О.У- над руу гар утсаар залгаад “ахыгаа Доргио барнаас ирээд аваач, ах нь жоохон муудаад байна” гэхээр нь би явж очиход ах ганцаараа Доргиогоос нэлээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй гарч ирсэн. Би машингүй байсан болохоор ахыг түшээд хамт Номин их дэлгүүр хүртэл алхсан. Ертөнцийн зүгээр Номингийн урд ирэхэд хар өнгийн куртиктэй, дотуураа малгайтай цамцтай, саарал өнгийн бэлтгэлийн өмдтэй үл таних нэг намхан залуу ирээд “гал байна уу” гэхээр нь би түүнд гал өгсөн, тамхиа асаачихаад тэр залуу явсан. Би ертөнцийн зүгээр Номингийн баруун талын таксины зогсоол дээр ахыг үүрч ирээд нэг приус 20-ын жолоочид хандаж “ах аа явах уу” гэхэд “ахын дүү хамт яваа хүн чинь нэлээн согтуу юм байна, өөр такси барь” гэж хэлсэн. Тэгээд би өөр такси барих гээд зогсож байтал нөгөө гал авч тамхи асаасан намхан залуу бас нэг цоохор өнгийн куртиктэй, дотуураа саарал өншйн юүдэнтэй цамцтай, өндөр үл таних залуугийн хамт ирээд “ОG МOВ-н хамаатнууд гэл үү” гэж хэлснээ өндөр залуу нь О.У- ахыг алгадсан. Харин намхан залуу нь гараараа цохиж эхэлсэн. Би өндөр залууг нь салгаад болиулах гэхэд шууд гараараа миний нүүр рүү маш олон удаа цохисон. Харин намхан залуу нь О.У- ахыг газарт уначихсан байхад цээж рүү нь өшиглөж, зодож нүдээд байсан. Тэгээд тэр хоёр залуу яваад өгсөн. Харин би О.У- ахыг арайхийж аваад такси бариад гэрт нь хүргэж өгсөн. ...Цоохор өнгийн куртиктэй өндөр залуу нь гараараа миний нүүр рүү олон удаа цохиж, улмаар миний баруун нүд гэмтсэн байна. Харин хар өнгийн куртиктэй намхан залуу нь О.У- ахын нүүр рүү цохиж, цээж рүү нь хэд хэдэн удаа өшиглөж зодсон юм. Намхан залуу нь миний биед халдаагүй, мөн өндөр залуу нь О.У- ахын биед халдаагүй. ...О.У- ах бид хоёр л хамт явж байсан, бид хоёртой цуг явж байсан хүн байгаагүй. Камерын бичлэгт бид хоёрын хажууд дагаад яваад байгаа хүн бол тухайн шөнө бас л нэг хэтрүүлэн согтсон үл таних хүн байсан юм. Тэр хүнийг хэн болох талаар нь би мэдэхгүй. Тухайн үл таних хүнийг бол А.Б-, Г.Ө- нар нь зодож цохисон зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 29 тал/,
Иргэний нэхэмжлэгч М.М-ын өгсөн: “...эрүүгийн 2338000000120 дугаартай хэргийн хохирогч О.У- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн яаралтай тусламж, өндөр өртөгтэй оношлогоо, шинжилгээ, амбулаторийн үзлэг, оношлогоо, шинжилгээний багц болон эмийн эмчилгээ гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 618,000 төгрөг болсон байна. Мөн уг хэргийн хохирогч С.Ц- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 161,000 төгрөг болсон байна. Дээрх мөнгөн дүнгүүдийг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
Гэрч О.А-ийн өгсөн: “...Бид нар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөсний баяр үзчихээд орой нь Мөрөн сумын төвд орж ирээд Грийн голд гэх нэртэй буудалд 2 өрөөнд хуваагдаж орсон юм. ...Өглөө бид нар буудлынхаа цайг уучихаад 12 цагийн үед буудлаас гарч Улаанбаатар хот руугаа буцахаар болсон. Г.Ө- өдөр байхгүй байсан. Утсаар ярьж Номин худалдааны төвийн гадаа уулзалдахаар болсон. Тэгээд тэнд очоод байж байтал нэг цагдаа ирээд Г.Ө-ыг авч явахаар болохоор нь гайхаад юу болсон талаар асуухад “бусдад зодуулсан гомдлын дагуу мэдүүлэг авах шаардлагатай байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,
Гэрч О.У-ын өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд Хатгал тосгон руу мөсний баярт очоод буцаад Мөрөн сум руу орж ирсэн. Би бодохдоо 22 цагийн үед унтсан. Өглөө 10 цагийн үед намайг сэрэхэд А.Б-, Г.Ө-, Б- ах 3 унтаж байсан. Г.Ө- нь намайг гар утсаа өгөөч гэсэн. Тухайн үед миний утас цэнэггүй болсон байсан. Тэгээд Б- ахын утсаар ярина гээд буудлаас гарсан. Байж байхад Г.Ө- хүний утсаар залгаад хаана байна гэсэн. Бид нар “Номин” дэлгүүр дээр байж байя гэсэн чинь хүрээд ирсэн. Тэгээд цагдаад баригдсан. Г.Ө- нь өглөө хүнтэй зодолдсон юм шиг байна гар өвчин орсон байна гэж ярьж байсан. А.Б- нь мэдэхгүй байна гэж байсан. Би тухайн үед итгээгүй худлаа яриад байгаа юм байна гэж бодсон. А.Б- улаан хар, цагаан куртиктэй малгай цагаан цамцтай, хар өмдтэй байсан. Г.Ө- хар куртиктэй саарал өмдтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-19 тал/,
Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023
оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 121 дугаартай: “...С.Ц-ийн биед баруун нүдний алимны салстын урагдал, баруун дээд зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэи байх боломжтой. С.Ц-ийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба салстын урагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 53 тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181 дугаартай: “...О.У-ын биед зүүн 5, 6, 10 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 84 тал/,
Хохирогч О.У-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 43-45 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,
“Номин” худалдааны төвийн гаднах камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 тал/, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоол, “Номин” худалдааны төвийн гаднах хяналтын камерт бичигдсэн 2 минут 58 секундын дүрс бичлэг DVD-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14-15 тал/,
Шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах Грийн голд нэртэй буудалд ажпынхаа хамт олны хамт архи согтууруулах ундаа хэрэглэхдээ миний бие хэтрүүлэн хэрэглэж өөрийн оюун ухаанаа удирдан жолоодох чадваргүй болчихсон байсан. Би тухайн үедээ гадаа гараад салхинд цохиулчихсан юм уу яасан юм бүү мэд, маш муудаж тасарсан байсан. Нэг мэдэхэд л би маргааш өглөө нь ямар ч байсан буудалдаа сэрсэн. Тэгтэл цагдаагаас дуудаад урд шөнийн болсон явдлын талаарх камерын бичлэгийг үзүүлсэн. Яахын аргагүй тэр камерын бичлэг дээр би С.Ц- гэх хүнийг хоёр гараараа ээлжлэн цохиж зодож байгаа дүрс бичигдсэн байсан. Тийм учраас миний хувьд С.Ц-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Өмнө нь би янз бүрийн асуудал гаргаж цагдаа, шүүхээр явж байгаагүй. Хохирогчдоо хохирол барагдуулахаар 400,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/,
Шүүгдэгч Г.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 04-нд шилжих шөнө Мөрөн суманд байрлах Номин худалдааны төвийн гадаа би О.У- гэх хүнтэй үл ойлголцсон юм. О.У- бид хоёр хэн хэн нь л согтуу байсан. Тухайн үед миний хажууд найз А.Б- байсан. Мөн О.У-ыг С.Ц- гэх залуу түшээд явж байсан юм. С.Ц- гэх залуутай бол миний хувьд маргалдсан зүйл байхгүй, өмнө нь би түүнээс гал асуугаад хамт тамхилаад зөв зүгээр байсан. Тэгээд би согтсондоо үл ялих зүйлээс болж О.У- гэх хүнийг алгадаад унасан байсных нь дараа хэд өшиглөчихсөн юм. Би О.У-ын биед халдаж, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн 415024826 тоот данснаас О.У-ын ээж О- гэх хүний данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.У-, С.Ц- нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.М-ын мэдүүлэг, гэрч О.А-, Э.О.У- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 121, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181 дугаартай дүгнэлтүүд, хохирогч О.У-ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “Номин” худалдааны төвийн гаднах камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч А.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Ц-ийн нүүр рүү гараараа цохиж биед нь “баруун нүдний алимны салстын урагдал, баруун дээд зовхи, нүдний алиманд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч О.У-ын нүүр рүү гараараа цохиж, цээж рүү нь хөлөөрөө өшиглөж, “зүүн 5, 6, 10 дугаар хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нотлогдон тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.У-ын биед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн буюу цохих, өшиглөх үед учирсан, зүүн 5, 6, 10 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Г.Ө-ын цохисон, өшиглөсөн үйлдэлтэй,
Хохирогч С.Ц-ийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн буюу цохих үед учирсан баруун нүдний алимны салстын урагдал, баруун дээд зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч А.Б-ын гараар цохисон үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.У-, С.Ц- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.У- “...санал, нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг /хх-ийн 93 тал/, хохирогч С.Ц- “...надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/ өгсөн, хохирогч С.Ц-, шүүгдэгч А.Б- нарын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “...харилцан тохиролцож эвлэрсэн бөгөөд цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 67-68 тал/, шүүгдэгч Г.Ө-оос Б.О-н ... тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн интернет банкны дансны хуулга /хх-ийн 77-79 тал/ зэрэг хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хохирогч О.У-, С.Ц- нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Б-, Г.Ө- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр М.М-ыг тогтоосон, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, иргэний нэхэмжлэгч М.М-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Иргэний нэхэмжлэгч М.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 618.000 төгрөгийг шүүгдэгч Г.Ө-оос, 161.000 төгрөгийг шүүгдэгч А.Б-оос нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.Ө-оос 618.000 төгрөгийг, шүүгдэгч А.Б-оос 161.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарын хувьд хэрэг хариуцах чадвар,
сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б-, Г.Ө- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор хангаж, тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 64, 74-76 дугаар талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.Б- нь ... зэрэг хувийн байдал,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 65, 70-72 дугаар талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Ө- нь ... зэрэг түүний хувийн байдал тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарт оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаагаар төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг Си ди-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарыг тус бүр 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарт оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.Ө-оос 618.000 (зургаан зуун арван найман мянга) төгрөгийг, шүүгдэгч А.Б-оос 161.000 (нэг зуун жаран нэгэн мянга) төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч А.Б-, Г.Ө- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч О.У-, С.Ц- нар нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Б-, Г.Ө- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн 2338000000120 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг Си ди-г хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-, Г.Ө- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР