| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2021/0902/З |
| Дугаар | 221/МА2025/0447 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0447
“П” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Гомдол гаргагч: “П” ХХК
Хариуцагч: Монополын эсрэг газар
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 332 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Т.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2021/0902/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “П” ХХК-аас Монополын эсрэг газарт холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Б-н 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003026 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 332 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Стандарчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Б-н 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003026 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Э.Б-н 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003026 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучин нэрээр/-ын улсын байцаагч Э.Б нь “2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр П ХХК буюу шатахуун түгээх станц нь жижиглэнгээр борлуулж буй АИ92 автобензиний октаны бага байгаа нь “Хөдөлгүүрийн түлш Этилжээгүй бензин.Техникийн шаардлага М№ 0217:2017” стандартын шаардлага хангахгүй байгаа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 07 дугар сарын 07-ны өдрийн 01/1577 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07- 106/260 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт, баримтаар тогтоогдсон” гэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасны дагуу 0003026 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “П” ХХК-д шийтгэл оногдуулсан нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь судлан үзэж хэргийг шийдвэрлээгүй, буруу дүгнэлт болсон гэж үзэхээр байна.
3.3. Учир нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт/зөрчлийн хэргийн материал/, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхгүй гэж тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
3.4. Мөн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 01- 07106/260 дугаартай дүгнэлтийн 2, 3 дахь заалтад “П” ХХК-ийн СШ21/87 дугаартай сорилын дугаар уг дүгнэлтийн хэсэгт байхгүй, дурдаагүй” гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт судлаагүй хэт нэг талыг баримталсан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
3.5. Тодруулбал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07—106/260 дугаартай дүгнэлтийн 2 дах заалтад “П” ХХК-ийн СШ21/88 дугаартай сорилын дүн “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” МЫЗ 0217:2017 стандартын шаардлага хангахгүй байна гэж дүгнэгдсэн.
3.6. Анхан шатны шүүхээс “...хариуцагч нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч болохын хувьд Зөрчлийн тухай хуулиар ямар тохиолдолд хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн гэж үзэх, зөрчлийн шинж хэзээ бүрэн хангагдах болохыг анхаараагүйгээс шийтгэлийн хуудас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж шүүх үзлээ.” гэж буруу дүгнэлт өгсөн.
3.7. Өөрөөр хэлбэл, Монополын эсрэг газар /хуучин нэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх;” бүрэн эрхтэй гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монополын эсрэг газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.” гэж эрх зүйн байдлыг хуульчилж өгсөн.
3.8. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал. “3өрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна.” гэж, 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 16.7 дахь заалт, 19 дэх хэсэгт заасан зөрчил;” гэж зөрчил шалган шийдвэрлэх харьяалал тогтоогдсон. Зөрчлийн тухай хуулийн “10.2 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих” гэж заасан.
3.9. Өөрөөр хэлбэл Зөрчлийн хэрэг нээж нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:”, И.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан.
3.10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 2.1-д “гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх”, 2.2-т “гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах”, 2.3-т “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх;”, 2.4-д “зөрчлийн хэрэг нээх” гэж тус тус заасан.
3.11. Тодруулбал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичгээр ирүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь тухайн улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн эцэслэн гарсан дүгнэлт /шийдвэр/ бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасны дагуу Төрийн хяналт шалгалт хийхэд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх зарчмыг баримтлах бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг баримтлан тухайн зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юм.
3.12. Анхан шатны шүүхээс “...Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул уг асуудлаар дахин дүгнэлт хийхгүй хэдий ч шийтгэл оногдуулсан үндэслэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөнтэй холбоотой, хуулиудын зорилго зорилтоос үзвэл аливаа этгээд хэрэглэгчийн эрхийг зөрчсөн, дордуулсан тохиолдолд л зөрчлийн шинж бүрэн хангагдахаар байхад “95,6” октантай бензин худалдсаныг зөрчилд тооцож торгосон нь буруу гэх “П” ХХК-ийн гомдлын шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
3.13. Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон Иргэний нисэхийн Үндэсний төв оношилгоо хэмжил зүйн лаборатори нь аль аль нь Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэгдсэн лаборатори бөгөөд газрын тосны бүтээгдэхүүн, шатах ашигт малтмал болон тэдгээрийн бүтээгдэхүүний шинжилгээ, туршилтыг Монгол Улсад мөрдөж буй стандартын дагуу сорилын дүн гаргах чиг үүрэгтэй.
3.14. Мөн дээрх хоёр лабораторийн шинжилгээний хариунуудыг мэргэжлийн байгууллагын холбогдох албан тушаалтан болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын Улсын ахлах байцаагч А.Б 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай дүгнэлт гаргасан.
3.15. Уг хоёр дүгнэлтийг шатахууны импорт, бөөн, жижиглэнгийн худалдаа эрхлэгч нэр бүхий 5 аж ахуй эрхлэгч шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гомдол гаргаж /шүүхэд хэрэг нэгтгэгдэн хянагдсан/, тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0192 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0384 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 325 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын Улсын ахлах байцаагч А.Б-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн.
3.16. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгоогүй байхад шүүх уг дүгнэлтийг үнэлээгүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасан “барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах;” гэсэн захиргааны байгууллагын бүрэн эрх, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан ‘‘хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх. ” гэсэн төрийн хяналт шалгалтын зарчимд нийцэхгүй байна.
3.17. 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргагч “П” ХХК-ийн ШТС-аас АИ92 автобензиний дээж авсан бөгөөд тус өдрөө маргаан таслахад зориулсан нэг дээжийг Гаалийн ерөнхий газрын төв лабораторид хадгалуулсан.
Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга МЫЗ 0218:2008 стандартын 7-д “ Дээж савлах, ангилж хаяглах, хадгалах 7.7-д “Маргаан таслахад зориулсан, газрын тосны бүтээгдэхүүний дээжийг уг бүтээгдэхүүний илгээсэн өдрөөс хойш 45 хоног хадгална. Удаан хугацаагаар хадгалах буюу алс хол оршдог захиалагчид илгээсэн газрын тосны бүтээгдэхүүний маргаан таслах дээжийг 3 сар хадгална” гэж тус тус заасан.
3.18. Дээрх стандартын зохицуулалтаас үзэхэд “П” ХХК-ийн маргаан таслах дээж хадгалах хугацаа 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дууссан. Урт хугацаагаар нь буюу 3 сараар тооцож үзвэл 06 дугаар сарын 23-ны өдөр дууссан. Өөрөөр хэлбэл маргаан таслах дээжийн стандартад заасан хадгалах хугацаа дууссан тул шинжилгээ хийх боломжгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
3.19. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад шийтгэл оногдуулсан шийдвэрийг “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн явуулаагүй, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын хувьд хуулийн зорилгод нийцээгүй, Зөрчлийн тухай хуулиар ямар тохиолдолд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзэх, зөрчлийн шинж хэзээ бүрэн хангагдах болохыг анхаараагүйгээс шийтгэлийн хуудас үндэслэл бүхий болж чадаагүй” тул гэх үндэслэлээр “П” ХХК-ийг зөрчил гаргаагүйд тооцож, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0332 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “П” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /хуучнаар/-ын улсын байцаагч Э.Б-н үйлдсэн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003026 дүгээр шийтгэлийн хуудсаар “ зах зээлд худалдан борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангахгүй” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасны дагуу “П” ХХК-д 9.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагчаас эс зөвшөөрч “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Б-н 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003026 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг” ойлгоно, 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд ... заасан зөрчил”, 6.1 дүгээр зүйлийн 1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн, ... байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаарх холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж тус тус заасан.
2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар хяналт шалгалтын удирдамжаар[1] байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “П” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Парк *****салбарт борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч, чанарын үзүүлэлтийг тодорхойлуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн.
2.3. “П” ХХК-ийн борлуулж буй шатахуунаас дээж авахдаа, Парк *****салбарт жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензиний 1 дүгээр хошуунаас дээж авч, 210802 дугаар кодоор кодолж дугаарласан ба Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн “GT040”[2], харин Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн “СШ21/87”[3], СШ21/88[4] гэсэн тэмдэглэгээ бүхий дугаарлалтаар лабораторийн сорилтын дүнг баталгаажуулсан байна.
2.4. Улмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 дугаар албан бичгээр[5] лабораторийн сорилтын дүнг дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хүлээн авч, улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтийг дараах агуулгаар гаргасан. Үүнд:
- Шинжилгээний сорилтын ... GT040 ... дугаар бүхий үр дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 91.2-91.9 буюу дунджаар 91.5 тодорхойлогдсон, АИ-92 автобензиний ... СШ21/88 ... дугаар бүхий дүнгээр АИ-92 автобензиний октаны тоо 95.1-96.1 буюу дунджаар 95.75 тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин, Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна” гэж тодорхойлжээ.
2.5. Дээрх улсын байцаагчийн дүгнэлтээр “П” ХХК-ийн Парк *****салбараар борлуулж байсан АИ-92 автобензин нь заавал мөрдөх “Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин, Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангаагүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн сорилтын үр дүнгүүдээр тогтоогдсон байна.
2.6. Гомдол гаргагч “П” ХХК-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч тус дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2022/0729 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2022/0764 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
2.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2022/0729 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2022/0764 дүгээр магадлалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх “... бензиний октан 91.8, 95.6 зэргээр сорилын дүн зөрүүтэй гарсан, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх эрх зүйн зарчмын үүднээс зөрүүтэй сорилын дүнгийн 91.8 биш 95.6 гарсан үр дүнг үнэлэхэд зөвхөн бензиний октан стандарт шаардлагыг хангаагүйгээс хэрэглэгчийн эрх зөрчигдөөгүй буюу ... АИ92 автобензиний октаны тоо 92-оос багагүй байхад л шаардлага хангах төдийгүй үүнээс өндөр октантай бензин нь АИ92 автобензин хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцэхээр чанарын түвшинд байна. ... АИ92 автобензин хэрэглэгчид худалдсан 95.6 октантай бензин нь чанар, зориулалтын зохих шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй, ... стандартад “Октаны тоо: багагүй” гэснээс биш их байвал чанарын шаардлага хангахгүй талаар огт заагаагүй” гэсэн дүгнэлтийг хийж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь буруу, энэ тохиолдолд маргааны үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлж, Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.
2.8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр[6] Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2-т дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдлийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр илрүүлж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн холбогдогчид утсаар танилцуулж, цахим шуудангаар дуудан ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[7] үйлдэж 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
2.9. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан дан ганц “холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд явуулах бус мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасанчлан “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй” болон “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон” гэх өөр хоёр үндэслэлээр явуулах боломжтой бөгөөд тухайн тохиолдолд хариуцагчаас чухам энэхүү хоёр дахь үндэслэл тогтоогдож байна хэмээн үзэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
2.10. Тодруулбал, “П” ХХК-ийн ШТС салбараар борлуулж буй шатахуун нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид 11 үзүүлэлтээр, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид 9 үзүүлэлтээр тус тус шинжилсэн сорилтын үзүүлэлт, түүний дагуу үйлдсэн эрх бүхий улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтээр нотлогдсон, уг дүгнэлт үндэслэлтэй талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэгдсэн энэ тохиолдолд 2 лабораторийн шинжилгээг зөрүүтэй байсан гэх үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
2.11. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус заасны дагуу зөрчил үйлдсэн бол аливаа этгээдэд тохирох шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд гомдол гаргагчийн хувьд нэгэнт зөрчил үйлдсэн нь тогтоогдсон энэ нөхцөлд, гэм буруугийн хувьд эргэлзээтэй нөхцөл үүссэн хэмээн хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэлгүй.
2.12. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...ийг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1. хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэжээ.
2.13. Хяналт шалгалтын явцад гомдол гаргагч компанийн салбарын эрхлэгчийг байлцуулан шинжилгээний дээж авч, дээжийг кодлон лацдаж шинжилгээнд хүргүүлсэн, мөн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахаас өмнө хариуцагчаас 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дуудан ирүүлэх тухай 01/1473 дугаар албан бичгийг шуудангаар хүргүүлж, цахим шуудан болон 9902****, 7017**** дугаар утсаар холбогдож, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад ирж мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн нь хэрэгт авагдсан Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлээр[8] тогтоогдсон байна.
2.14. Энэ тохиолдолд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахаас өмнө гомдол гаргагч компанид хууль ёсны төлөөлөгчөө томилон оролцуулах, тайлбар, санал, хүсэлт гаргах боломж олгосон, хяналт шалгалт хийх талаар гомдол гаргагч компанид мэдэгдсэн байх тул гомдол гаргагч “П” ХХК-ийн “дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах, хууль ёсны төлөөлөгчөө оролцуулж оролцогчийн эрх, үүргийг тайлбарлуулж, эрхээ хамгаалан оролцох зэрэг эрхийг зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан “П” ХХК-аас Монополын эсрэг газарт холбогдуулан гаргасан ““Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Б-н 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003026 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-н давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хэргийн 1 дэх хавтас, 55 дахь тал
[2] Хэргийн 1 дэх хавтас, 66 дахь тал
[3] Хэргийн 1 дэх хавтас, 68 дахь тал
[4] Хэргийн 1 дэх хавтас, 70 дахь тал
[5] Хэргийн 1 дэх хавтас, 72 дахь тал
[6] Хэргийн 1 дэх хавтас, 51 дэх тал
[7] Хэргийн 1 дэх хавтас, 80 дахь тал
[8] Хэргийн 1 дэх хавтас 80 дахь тал