Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:  180/2017/0011/Э                    

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга:                 А.Цэрэндулам
Улсын яллагч:             Я.Сансар,
Хохирогч:                 Ж.Шижээбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:         Г.Баярсайхан,
           Шүүгдэгч:                  З.Осоржамаа нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зундуйн Осоржамаад холбогдох эрүүгийн 201623000226 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан хотод 1964 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 03-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Зундуйн Осоржамаа /РД: СЮ64110511/

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд дурдсанаар/

     Яллагдагч Д.Осоржамаа нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 09-04 тоотод хохирогч Ж.Шижээбаатартай зүй бус харьцааны улмаас түүний нүүрэн тус газар нь аягаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн, мөн хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:

    Хохирогч Ж.Шижээбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Осоржамаа, Амарсайхан бид гурав Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Далай хан дэлгүүрээс архи аваад Саригийн 09-04 тоотод байх Амарсайханы хашаанд байсан Батнасан гэх залуугийн гэрт очиж хувааж уусан. Би тухайн үед архи нилээн уусан байсан болохоор өөрийгөө удирдан авч явах чадваргүй болсон байсан. Нэг мэдэхэд нүүрнээс цус гараад ухаан орсон. Осоржамаа миний биед гэмтэл учруулсан.  Дараа нь сонсоход би түүнийг чи хужаа, хужаагийн хүүхэдтэй барилдахгүй гэж маргалдаад түүн рүү агсарч хятадын эрлийз чамайг ална гээд босч заамдахад Осоржамаа барьж байсан аягаараа намайг цохисон гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26, 52 тал/,
    Гэрч Н.Батнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... бид 3 гэрт архи ууж байхад Шижээбаатар нь Осоржамааг  “чи хужаа, хужаагийн шээс” гэх зэргээр хэлж хэл амаар доромжлоод байсан. Амарсайханыг явсаны дараа би гэрээсээ гарч бие засаад гараад ороод ирэхэд тэр 2 хоорондоо муудалцсан байдалтай, Шижээбаатарын нүүрнээс цус гарч байсан. Намайг тэр хоёрт уурлахад бид хоёр эвлэрсэн гээд гараад явсан. Осоржамаа ууж явсан аягаараа толгой руу нь цохисон юм шиг байна лээ ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29, 53 тал/,
    Гэрч М.Эрхэмбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан “Илрүүлэлт, шийдвэрлэлт нэгдсэн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод нийт 20 хоног ажиллах хугацаанд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас зарлагдсан оргодол этгээдүүд болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж, дайчлан баривчлах зорилготой ажиллах хугацаанд эрүүгийн 201623000226 тоот эрүүгийн хэргийн оргодол Зундуйн Осоржамааг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн үед хүлээлгэн өгсөн. Осоржамааг ямар учраас оргон зайлсан талаар өөрөөс нь асуухад “Шижээбаатар  надад гомдол санал байхгүй. Чи яв гэхээр нь би Улаанбаатар хот руу явсан” гэж хэлсэн. Энэ хугацаанд “Нарантуул” зах дээр тэрэг түрж амьдралаа залгуулж байсан гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 тал/,
    Шинжээчийн  дүгнэлт 2016.08.09-ний 172  дугаартай. Дүгнэлт 1. Ж.Шижээбаатарын биед хамар орчим болон баруун нүдний доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 32 тал/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 тал/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/,
Шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөтэй эсэхийг нотолсон баримт /хх-ийн 38 тал/ зэрэг болно.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч З.Осоржамааг согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 09-04 тоотод хохирогч Ж.Шижээбаатартай зүй бус харьцааны улмаас түүний нүүрэн тус газар нь аягаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Прокурорын газраас шүүгдэгч З.Осоржамааг дээрх эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэхэд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч З.Осоржамааг 2016 оны 8 дугаар сарын 6-ний өдөр  сэжигтнээр тооцон мэдүүлэг авч, мөн өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоолыг үйлджээ. Үүнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс эрэн сурвалжлалт зарласан байх боловч сэжигтнээр мэдүүлэг авснаас эрэн сурвалжлалт зарлах хүртэл /60 хоногийн/ хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд ямар нэг ажиллагаа хийгээгүй байх ба сэжигтнийг цагдаагийн газарт ирэхийг мэдэгдсэн, дуудсан, оршин суугаа газраас нь асууж сурагласан зэрэг ямар нэг ажиллагаа хийсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Сэжигтэн нь цагдаагийн газраас өөрийг нь дуудаж байгааг мэдсээр байж зориудаар ирэхгүй, оршин суугаа хаягаа өөрчилж мөрдөн байцаалтын ажиллагааг тасалдуулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Иймээс шүүх  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар буюу түүнд холбогдох прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргон зайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Ж.Шижээбаатар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа согтуурсан байхдаа гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон харгалзах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газраас З.Осоржамаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Зундуйн Осоржамааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    3. Шүүгдэгч З.Осоржамааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сар 07 хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Осоржамаагийн цагдан хоригдсон 37 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аяганы хагархайг устгаж, шүүгдэгч З.Осоржамаагийн иргэний  үнэмлэхийг буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Осоржамаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчилж, батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
                                                                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.УЯНГА