Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 217

 

“Монголт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг,  Х.Батсүрэн, Г.Банзрагч, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 115/ШШ2017/0003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0235 дугаар магадлалтай, “Монголт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 115/ШШ2017/0003 дугаар шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасныг баримтлан “Монголт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/354 дүгээр захирамжийн холбогдох хэсэг /А/562, А/129 дүгээр захирамжуудыг хүчингүй болгосон хэсэг/-ийг хүчингүй болгосон байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0235 дугаар магадлалаар: 1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 115/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтыг  буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч нь өмнөх Засаг даргын Газрын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг зөрчиж гаргасан 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын “Хянавал” хэсэгт “Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын 3-д заасан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын зар мэдээг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх журмыг хэрэглээгүй нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болохоос нэхэмжлэгч хуулийн этгээдтэй хамааралгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна” гэжээ. Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ыг шинээр баталж, 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтыг хүчингүй болгосон байхад хүчингүй болсон эрхийн акт баримталсан. Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж...зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө...хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэснийг баримтлан захиргааны байгууллага өөрийн хууль тогтоомж зөрчиж гаргасан шийдвэр /захирамж/-ийг хүчингүй болгосон тул хариуцагчийн гаргасан 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/354 дүгээр захирамж “Монголт” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа болно. Авлигын эсрэг хуульд авлигатай тэмцэх газрын бүрэн эрх болон хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалт эрхэлсэн албан хаагчийн эрхэд шаардлагын хэвлэмэл хуудас, агуулга, хэлбэрийн талаар тусгайлан заасан зохицуулалт байхгүй байна. Иймд, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 06/4561 тоот “А/562 дугаар захирамжийн дагуу явагдсан төсөл сонгон шалгаруулалтаар олгогдсон газар эзэмших эрх олгогдсон захирамжийг хуульд заасны дагуу хүчингүй болгох арга хэмжээ авна уу” гэсэн агуулга бүхий албан бичгийг Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Авилгатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага гэж үзэж байна. Нэгэнт газар эзэмших эрх олгогдсон захирамжийг хуульд заасны дагуу хүчингүй болгох арга хэмжээ авах тухай албан бичигт шууд заасан тул хариуцагч захирамжийг хүчингүй болгож хариу өгсөн нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн, эрх зүйн үндэслэлтэй, хуулийн энэ зүйл заалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар Хяналтын шатны шүүхэд хандан давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрөн гаргаж байгаа гомдлыг хүлээн авч хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сансармаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 115ШШ2016/0022 тоот захирамжаар А/354 дүгээр захирамжийн “НИК” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан “НИК” ХХК-ийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох “Монголт” ХХК-иас нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хангагдсан байхад хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Газрын тухай хуулийн дагуу 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн 000302470 дугаартай гэрчилгээгээр “НИК” ХХК-д шилжүүлснээр мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт заасны дагуу “Монголт” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон байхад шүүхийн шийдвэрт “... “НИК” ХХК-д шилжүүлснээр дуусгавар болсон мэт харагдаж байвч” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсноор газар эзэмших эрх дуусгавар болно” гэж хуульчилсан байтал газар эзэмших эрхээ бүр мөсөн шилжүүлээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд хуульд бүр мөсөн шилжүүлэх, түр шилжүүлэх гэсэн зохицуулалт байхгүй. Хариуцагч талаас хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн гүйцэд гарган өгсөн байхад ач холбогдолтой, эргэлзээгүй талаас бодитойгоор үнэлж, дүгнэлгүйгээр хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Мөн шүүхийн шийдвэрт өөрийн шийдвэрээрээ Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх хэдий ч энэ нь хуулийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны акт гаргах үндэслэл болж чадахгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд хоёр нөхцөлийг зэрэг хангагдсан байхыг шаардаагүй байхад өөрийн үзэмжээр хуулийг тайлбарласан байна. Шат шатны шүүхүүд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас бодитойгоор үнэлж чадаагүй зөвхөн нэг талыг барьж, хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан тул хэргийг бүхэлд нь хянаад шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

                                                                                    ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Сумын 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 11/02 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 32 дугаар тогтоолоор тус аймгийн Сайншанд сумын 4 багийн нутаг, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын зүүн талд 1 га газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр төлөвлөжээ.

Дээрх тогтоолыг үндэслэн Дорноговь аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж, сонгон шалгаруулалтад ялсан “Монголт” ХХК-д  хариуцагч 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр захирамжаар маргаан бүхий /1 га/ газрыг худалдаа, үйлчилгээ, шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Гэтэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “...201610000150 дугаартай эрүүгийн хэрэгт “төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай зар мэдээг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх журмыг зөрчсөн” болох нь тогтоогдсон тул төсөл сонгон шалгаруулалтаар олгогдсон газар эзэмших эрх, захирамжийг хуульд заасны дагуу хүчингүй болгох арга хэмжээг авна уу” гэсэн 06/4561 дүгээр албан бичгийг Дорноговь аймгийн Засаг даргад хүргүүлж, үүнийг үндэслэн хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр А/354 дүгээр захирамж гаргаж, урьдах 2015 оны №А/562, 2016 оны №А/129 дүгээр захирамжуудаа хүчингүй болгожээ.

Авлигатай тэмцэх газар нь авлигын холбогдолтой өргөдөл, гомдлыг хүлээн авч шалгах, хуулиар харьяалуулсан хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд тухайн этгээд авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоох учиртай.

Харин төрийн албан хаагчийн авлигын гэмт хэрэгтэй холбоогүй хууль зөрчсөн бусад үйлдлийг Авлигатай тэмцэх газар шалган тогтоох эрх хэмжээгүй, Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.11-д заасны дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлэх үүрэг байна.

Тухайн тохиолдолд, төрийн албан хаагч авлигын гэмт хэрэг үйлдсэн, гэмт буруутайд тооцсон шүүхийн шийдвэр байхгүй, мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “201610000150 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг Дорноговь аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн атлаа 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 04/4561 дүгээр албан бичгээр “...сонгон шалгаруулалтаар олгогдсон газар эзэмших эрх, захирамжийг хүчингүй болгох”-ыг мэдэгдсэнийг бүрэн эрхийн дагуу гаргасан хууль ёсны шаардлага гэж үзэх боломжгүй.

Иймд, хариуцагчийн “шүүх Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр  “...газрын тухай хууль тогтоомж зөрчсөн” байхын зэрэгцээ “газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” тохиолдолд уг албан тушаалтан өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй.

Тухайн тохиолдолд, маргаан бүхий газрыг эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт хууль бусаар явагдсан, газар эзэмших, ашиглах эрхийг шударгаар, тэгш эрхийн үндсэн дээр олж авах эрх зөрчигдсөн талаар бусад этгээдээс гомдол гаргаагүй буюу бусдын газар эзэмших, ашиглах хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдоогүй байхад хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр А/354 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн урьд гаргасан 2015 оны А/562, 2016 оны А/129 дүгээр захирамжуудыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байхад шийдвэр, магадлалыг хүчингүй болгох  боломжгүй тул хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 115/ШШ2017/0003 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0235 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН