| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0059/Э/205/2023/0025 |
| Дугаар | 2023/ШЦТ/64 |
| Огноо | 2023-05-15 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, улсын яллагч Э.Мөнх-Оргил, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал, шүүгдэгч Н.Сүхтөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Сүхтөмөрт холбогдох 2223001890064 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт, баг 21 дүгээр зуун хороолол 202 тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Харчин овогт Норжмоогийн Сүхтөмөр, регистрийн дугаар: ИУ85032819.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Сүхтөмөр нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 65 шуудай 1330.5 килограмм хуурамч хонин арцыг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Цагаан чулуут сумын нутаг Төмөртийн гол гэдэг газрын замын хажуу талд байсан жалганаас ачиж тээвэрлэн, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Даянгийн хэсгийн 801 тоотод байрлах өөрийн гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Н.Сүхтөмөр нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 65 шуудай 1330,5 килограмм хуурамч хонин арцыг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Цагаанчулуут сумын нутаг Төмөртийн гол гэдэг газрын замын хажуу талд байсан жалганаас ачиж тээвэрлэн, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Даянгийн хэсгийн 801 тоотод байрлах өөрийн гэртээ 65 шуудай 1330.5 килограмм хонин арцыг хадгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-30-р хуудас/, - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-37-р хуудас/, - Иргэний нэхэмжлэгч Б.Саруулын “...Иргэн Н.Сүхтөмөр нь зохих зөвшөөрөлгүй нэн ховор төрлийн ургамал болох Хонин арц хадгалж байсан гэх асуудалд миний зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ. Харин өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,
- Гэрч А.Баатарцогтын “...Н.Сүхтөмөр ах угаасаа миний машин тэргийг хааяа гуйж унадаг бөгөөд эвдэрсэн үед засаж өгдөг юм. Энэ намар 2022 оны 08 сарын дундуур надаас миний машиныг гуйж аваад ах нь Шилүүстэй суманд цемент аваачиж өгчхөөд ирье гээд аваад явсан. Тэр үедээ Шилүүстэй сум орчхоод ирэхдээ арц ачиж авч ирээд цагдаад баригдсан гэсэн. ...Миний машин угаасаа аймгийн төвд хашаандаа тавьчихсан байдаг юм. Н.Сүхээ ах ирж машин авч явахдаа ганцаараа явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,
- Гэрч С.Загдын “...Би Шилүүстэй сум Баянчандмань хоршоотой юм. Тэгээд энэ хоршоо Голын улаан гэх газарт хөв цөөрмийн далан хийх зориулалттай орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт аваад аймгийн төвөөс цемент худалдаж аваад тэр цементийг Н.Сүхтөмөр дугаарыг нь санахгүй байна “Вонго g2” гэдэг машинаар 2022 оны 08 дугаар сарын 20-нд санагдаж байна ганцаараа авчирч ирж Голын улаан гэх газар буулгаад буцсан. ...Н.Сүхтөмөр цемент буулгаад буцсанаасаа 2 хоногийн дараа утсаар яриад замаасаа арц олсон гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,
- Гэрч М.Баасандугарын “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд зөрчлийн хэрэг бүртгэгчээр томилогдон ажиллаж байсан юм. Тухайн шөнө 23 цаг өнгөрч байхад цагдаа Нямсамбуу утсаар залгаад нэг айл харанхуй шөнө байшингийнхаа дээврээс шуудайтай зүйл буулгаад амбаарт зөөгөөд байна гэнэ очиж үзээд нөхцөл байдлаа танилцуул гэж хэлсэн. Тэгээд би тухайн айлд очиж үзэхэд шуудаатай арцнуудыг байшингийнхаа дээврээс зөөж амбаартаа хурааж байхаар нь жижүүрт мэдэгдэж бүрэлдэхүүн дуудсан. Мөрдөгч, цагдаагийн хошууч П.Батзоригоор ахлуулсан бүрэлдэхүүн ирж шалгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р хуудас/,
- Гэрч М.Гүрцогийн “...2022 оны 09 дүгээр сард яг өдрөө санахгүй байна. Би Отгон сумаас аймаг орж хүргэн Н.Сүхтөмөрийнд очсон чинь Н.Сүхтөмөр ах “ахдаа туслаад өгөөч” гээд тэгээд өөрийнхөө эзэнгүй Аралд байдаг байшингийнхаа дээвэр дээр байсан задгай арцнаас ууталсан. ...Дэлгэж тавьсан арц л байсан яг ямар хэмжээтэйг нь мэдэхгүй. Арцнаас нь уутлалцаж байгаад л цагдаа очоод арцыг нь хурааж аваад тэгээд харьцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/,
- Гэрч Д.Баасанжавын “...2022 оны 09 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Н.Сүхтөмөр ах над руу утсаар залгаад “ахын дүү манай гэрт хүрээд ир жаахан ажил хийгээд өг” гэж гуйхаар нь би Н.Сүхээ ахын аралд байдаг эзэнгүй хашаанд очсон чинь байшингийн дээвэр дээр нь задгай арц асгачихсан байсан. Тэгээд тэр арцнаас нь уутлаад байж байтал цагдаа нар ирсэн. Өөр зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,
- Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Э.Мягмаржавын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дугаартай “1. ...65 ширхэг шуудай 1,330,5 кг ургамал нь Овог: Агрууны, Төрөл: Арц, Зүйл: Хуурамч хонин арц (Juniperus pseudosabina Fisch. Et Mey), 2. 65 ширхэг шуудай 1330,5 кг арц нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор Ховор ургамлын жагсаалтад орсон. 3. Монгол оронд Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар далайн түвшнээс дээш 1500-2000 метр өндөрт тархан ургадаг. Арцны амьдрах орчин нь Тайгын, Ойт хээр, Тагийн бүс бүслүүрт хад, асга ихтэй элсэрхэг хөрсөнд ургана. Завхан аймгийн хувьд Монгол орны ургамлын газар зүйн тойргоор Хангайн уулын тойрог, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог дамнан ургадаг. Тухайн ургамал нь газар зүйн онцлогоос шалтгаалан нэг болон түүнээс дээш бутнууд нийлж ургана. 4. Тухайн хураагдсан 65 шуудай нойтон арцны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1 кг-98500, 1330,5 кг, нийт 131,054,250 төгрөг. 5. Тухайн ургамлыг мэргэжлийн байгууллагаар нөөц тогтоолгосны үндсэн дээр байгаль орчны яамнаас зөвшөөрөл авч болох бөгөөд одоогоор зөвшөөрөл байхгүй байна. 6. Тухайн ургамлын амьдрах экологийн орчин бүрдсэн газарт үрээр болон мөчрөөр ургах боломжтой хэдий ч түүсэн бутны нөхөн ургалт удаан төлжинө.” гэх дүгнэлт /хх-ийн 97-98-р хуудас/,
- Шүүгдэгч Н.Сүхтөмөрийн “...Би тухайн арцыг өөрөө түүж бэлтгээгүй бөгөөд Цагаанхайрхан сумын нутаг Төмөртийн голын Цуврай гэдэг газарт байх жалганд түүж бэлтгээд хураачихсан байхад нь олж аваад Улиастай суманд тээвэрлэж ирээд өөрийн эзэмшлийн байшингийн дээвэрт хатааж, хадгалж байсан гэм буруугаа хүлээж байна. ...Арцыг авчирч хашаандаа дэлгэсэн нь миний буруу. Ийм хуультай гэж мэдээгүй учраас асуудалд орчихлоо. Миний буруу. Гэм буруугаа хүлээж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтууд байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.” гэж, Мөн хуулийн 11 дүгээр зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгч Н.Сүхтөмөрийн Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох 65 шуудай 1330,5 килограмм хуурамч хонин арцыг тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг тээвэрлэсэн, хадгалсан шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн шүүгдэгч Н.Сүхтөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох хуурамч хонин арц тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
- Хохирлын талаар:
Шүүгдэгч Н.Сүхтөмөрийн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэж хадгалсан ховор ургамал болох 1330,5 килограмм хуурамч хонин арцны экологи эдийн засгийн үнэлгээ нь 131,054,250 төгрөг болох нь шинжээч Э.Мягмаржавын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай 49 дүгээр зүйлийн 49.4.3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж тооцно гэж заасны дагуу 131.054.250 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 655.271.250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төвлөрүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлт, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал “...Улсын яллагчийн зүгээс учирсан хохирлыг 5 дахин нугалж төлүүлье гэж байна. Өөрөөр хэлбэл 131.054.250 төгрөгийг 5 дахин үржүүлээд 655.271.250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулъя гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Н.Сүхтөмөрийн хувьд байгаль орчинд хохирол учруулаагүй. Харин хэн нэгний байгаль орчинд хохирол учруулж бэлтгэсэн арцыг олоод ачиж тээвэрлэж ирсэн үйлдлийг байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй. Харин хууль бус арцыг хураах, тээврийн хэрэгслийг хураах талаар маргаан байхгүй.
Иймд шүүгдэгч нь байгаль орчинд 131.054.250 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй учраас хохирол гаргуулах талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн дүгнэлт тус тус гаргав. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3- т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-т “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” гэж хуульчилсан бөгөөд мөн хэсгийн 13-т “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг” ойлгоно гэж тус тус хуульчилсан.
Өөрөөр хэлбэл Байгаль орчныг хамгаалах тухай хуульд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон нь байгаль орчинд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх тухай ойлголт юм.
Шүүгдэгч Н.Сүхтөмөр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр ховор ургамал болох хуурамч хонин арцыг түүж бэлтгэн байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан үйлдэл хийгээгүй бөгөөд хэн нэгний түүж бэлтгэсэн арцыг тээвэрлэж, хадгалсан байх тул хохирлыг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын “...Н.Сүхтөмөрийн хувьд байгаль орчинд хохирол учруулаагүй. Харин хэн нэгний байгаль орчинд хохирол учруулж бэлтгэсэн арцыг олоод ачиж тээвэрлэж ирсэн үйлдлийг байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй. Иймд шүүгдэгч нь байгаль орчинд 131.054.250 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй учраас хохирол гаргуулах талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэснийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох хуурамч хонин арцыг тээвэрлэсэн, хадгалсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд үүнтэй холбоотой хохирлыг шууд хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.Сүхтөмөрөөс ургамлын аймагт учирсан бодит хохирол 131,054,250 /нэг зуун гучин нэгэн сая тавин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Сүхтөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал хуурамч хонин арцыг тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Н.Сүхтөмөрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж заасныг үндэслэв.
Шүүгдэгч Н.Сүхтөмөрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Сүхтөмөр урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 145-р хуудас/ Мөн түүний хувийн байдлын талаарх гэрч Ц.Мишигбатын “...Н.Сүхтөмөр нь ээжтэйгээ хамт өссөн. Хөдөө мал маллаж байгаад Улиастай суманд орж ирээд ачаа тээврийн салбарт орж ирж хот хооронд ачаа тээвэр хийж эхэлсэн. Н.Сүхтөмөр нь ааш зангийн хувьд төлөв даруухан, яриа хөөрөө сайтай, илүү дутуу зан байхгүй залуу байгаа юм. Ахуй амьдралын хувьд бололцооны дундаж амьдралтай хот хооронд тээвэр хийдэг том тэрэгтэй.” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р хуудас/,
Гэрч Н.Энхтайваны “...Н.Сүхтөмөр нь ээжтэйгээ хөдөө мал маллаж өссөн бөгөөд Шилүүстэй сумын ерөнхий боловсролын сургуульд сурсан. Би Шилүүстэй сумын сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан юм. Н.Сүхтөмөр нь зан аашны хувьд хүний үгэнд их ордог, дуулгавартай зөөлөн ааш араншинтай, хүнд тусархуу, яриа хөөрөө сайтай, хүнтэй хэл амаа олоод харьцчихдаг хүн байгаа юм. Одоо манайхтай хамар хашаанд амьдардаг юм. Өөрөө том ачааны машинтай хот хооронд ачаа бараа зөөдөг ажил хийдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97-р хуудас/ болон Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар, Н.Сүхтөмөрийн 2022 оны жилийн эцэст хариуцан тоолуулсан мал тооллогын хуудас, төрөл садангийн лавлагаа, арилжааны банкууд дахь харилцах дансны хуулга, ХААН банкны харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 143-176-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Н.Сүхтөмөрийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан бөгөөд уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Сүхтөмөр, түүний өмгөөлөгч “...Гэм буруугаа хүлээж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн бөгөөд улсын яллагч “...Шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хохироос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулах тал дээр ямар нэгэн саналгүй бөгөөд боломжтой гэж үзэж байна” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх яллах болон өмгөөлөх талын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулахад санал зөрөөгүй, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялаас торгох ялыг сонгон 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ. Шүүгдэгч Н.Сүхтөмөрийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг Завхан аймгийн “Хурд-Од” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...2022 оны 10 дугаар сарын байдлаар 1995 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд импортлогдсон КИА БОНГО маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг” гэж тогтоосон байна. /хх-ийн 114-115-р хуудас/
Уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Авирмэдийн Баатарцогт болох нь №03086660 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон А.Баатарцогтын гэрчээр өгсөн “...Н.Сүхтөмөр ах угаасаа миний машин тэргийг хааяа гуйж унадаг бөгөөд эвдэрсэн үед засаж өгдөг юм. Энэ намар 2022 оны 08 сарын дундуур надаас миний машиныг гуйж аваад ах нь Шилүүстэй суманд цемент аваачиж өгчхөөд ирье гээд аваад явсан. Тэр үедээ Шилүүстэй сум орчхоод ирэхдээ арц ачиж авч ирээд цагдаад баригдсан гэсэн.” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 60-61, 118-р хуудас/
Иймд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөрийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан КИА БОНГО маркийн 28-89 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хууль бусаар тээвэрлэж, хадгалсан 65 шуудай 1330,5 килограмм хуурамч хонин арцыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Норжмоогийн Сүхтөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох хуурамч хонин арц тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Сүхтөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөрт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөрөөс 131,054,250 /нэг зуун гучин нэгэн сая тавин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөрийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан КИА БОНГО маркийн 28-89 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хууль бусаар тээвэрлэж, хадгалсан 65 шуудай 1330,5 килограмм хуурамч хонин арцыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Н.Сүхтөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Сүхтөмөрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ