Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 

 

 

 

 

 

 

 

 

2023         03            31                                    2023/ШЦТ/117

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Г.О

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н-д холбогдох эрүүгийн 2225002330088 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

А.Н

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч А.Н нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6-1 дүгээр байрны урд талын автобусны буудлаас Эрдэнэ багийн чиглэлд явах нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхдээ насанд хүрээгүй У.Ш-ний гээгдэл эд хөрөнгө болох Самсунг Галакси М-12 маркийн гар утсыг нийтийн тээврийн хэрэгслийн суудал дээр байсныг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 399 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Н-г  бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч У.Ш  “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч хууль ёсны төлөөлөгч Б.Х  “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Б.Хишигдэлгэрийн цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 15 дахь тал/,

2. Насанд хүрээгүй хохирогч У.Ш-ний“2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг **-** тоот гэрээсээ 16 цагийн үед гарч Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Спорт цогцолбор Жудо бөхийн секцэнд явах гэж цүнхтэй хувцсаа авч гэрээс гарч автобусанд сууж, Төгөл худалдааны төвийн урд талд бууж Спорт цогцолборын жудо бөхийн хувцас солих өрөө рүү орж хувцсаа сольж бэлтгэлдээ ороод гарч ирээд би гар утсаа хайгаад олоогүй юм. Тэгээд хяналтын камерын шүүж үзсэн чинь бужигнасан хүмүүс л байсан. Тэгээд би цэвэрлэгч эгчийн гар утсыг гуйж ээж Хишигдэлгэр рүү залгаж дуудсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм. Би гэрээсээ 16 цагийн үед гараад шар өнгийн автобусанд сууж автобусны жолооч талын ард талын сандал дээр сууж гар утсаа оролдож явж байгаад Төгөл худалдааны төв дээр буусан. Би цүнхтэй хувцас барьцан явж байсан болохоор яараад маш хурдан буусан юм. Орхиж буусан байж магадгүй сайн санахгүй байна. Бэлтгэлд орохдоо би гар утсаа нүдээр бол үзээгүй, бэлтгэлд ороход ямар ч байсан утас дугараад байх шиг байсан. Миний гар утас дугараад байна гэж бодсон өөр хүний утас дугарсан байж магадгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 25 дахь тал/

3. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ТҮХ-622/3409 дугаартай “Galaxy M12 маркийн гар утас 399 000 төгрөг” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 37-39 дэх тал/

4. Шинжээч Э.З-н  “2021 оны 12 дугаар сард мобикомын салбар дээр Самсунг М-12 маркийн гар утас нь 499 000 төгрөгөөр худалдаалагдаж байсан ба гар утасны зах зээлийн үнийн судалгааг тухайн Улаанбаатар хотын unegui.mn сайт худалдааны газруудаас авсан үнэ ханшийн мэдээ судалгааны материалд үндэслэн Самсунг М-12 маркийн гар утасны үнэлгээг 399.000 төгрөгөөр 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гаргасан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41 дэх тал/

5. Яллагдагч А.Н-н  “прокурорын тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрлөө. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гар утсыг олж ашиглахад ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг мэдэхгүй байсан учир ашигласан, дахин ийм үйлдэл гаргахгүй, хохирлыг барагдуулах болно” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 57-58 дахь тал/

6. А.Н-н  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Н нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6-1 дүгээр байрны урд талын автобусны буудлаас Эрдэнэ багийн чиглэлд явах нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхдээ насанд хүрээгүй У.Ш-ний гээгдэл эд хөрөнгө болох Самсунг Галакси М-12 маркийн гар утсыг нийтийн тээврийн хэрэгслийн суудал дээр байсныг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 399 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Б.Х цагдаагийн газарт гаргасан гомдол, насанд хүрээгүй хохирогч У.Ш-ний“автобусны жолооч талын ард талын сандал дээр сууж гар утсаа оролдож явж байгаад Төгөл худалдааны төв дээр буусан. Би цүнхтэй хувцас барьцан явж байсан болохоор яараад маш хурдан буусан юм. Орхиж буусан байж магадгүй сайн санахгүй байна” гэх мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ТҮХ-622/3409 дугаартай дүгнэлт, шинжээч Э.З-н  “2021 оны 12 дугаар сард мобикомын салбар дээр Самсунг М-12 маркийн гар утас нь 499 000 төгрөгөөр худалдаалагдаж байсан ба гар утасны зах зээлийн үнийн судалгааг тухайн Улаанбаатар хотын unegui.mn сайт худалдааны газруудаас авсан үнэ ханшийн мэдээ судалгааны материалд үндэслэн Самсунг М-12 маркийн гар утасны үнэлгээг 399.000 төгрөгөөр 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үнэлгээг гаргасан” гэх мэдүүлэг, яллагдагч А.Н-н  “Би гар утсыг олж ашиглахад ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг мэдэхгүй байсан учир ашигласан, дахин ийм үйлдэл гаргахгүй, хохирлыг барагдуулах болно” гэх мэдүүлэг, А.Н-н  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Н нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах 6-1 дүгээр байрны урд талын автобусны буудлаас Эрдэнэ багийн чиглэлд явах нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхдээ насанд хүрээгүй хохирогч У.Ш-ний Самсунг Галакси М-12 маркийн гар утсыг нийтийн тээврийн хэрэгслийн суудал дээр байсныг авч 399.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч А.Н нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч хувьдаа ашиглаж завшсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Н-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч У.Ш-нийөмчлөх эрхэд 399 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирлыг төлсөн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад зүйл.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлоо төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн А-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-г  450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС