Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/226

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

Хохирогч Д.Оийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.ОЖ.Оад холбогдох эрүүгийн ___ дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.О нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонота-6 маркийн 31-84 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг Жаргалантын салдаг уулзвараас хойд зүгт 2 км газарт замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 болон 13.1 дахь заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэн, гүйцэт түрүүлэх үйлдэл хийсний улмаас зам дээр эргэх үйлдэл хийж байсан Сино-трак маркийн 63-88 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж Соната-6 маркийн 31-84 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.О, Н.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Оын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ___ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас  шүүгдэгч Ж.О нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Соната-6 маркийн 31-84 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг Жаргалантын салдаг уулзвараас хойд зүгт 2 км газарт замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 болон 13.1 дахь заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэн, гүйцэт түрүүлэх үйлдэл хийсний улмаас зам дээр эргэх үйлдэл хийж байсан Сино-трак маркийн 63-88 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж Соната-6 маркийн 31-84 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Д.О, Н.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-13 дугаар хуудас/,

хохирогч Г.Хийн ...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Драгоны буудал дээрээс Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах унаанд суугаад явж байсан. Тэгээд Төв аймгийн Жаргалант сумын нутагт явж байхад миний ард сууж явж байсан эгч орилоод би унтаж байгаад гэнэт сэрээд хартал миний суугаад явж байсан. Автомашин нь Хово маркийн тээврийн хэрэгслийн араас ороод мөргөсөн. Тэгээд би ухаан алдаад нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

хохирогч Д.Оийн ...Би тус өдөр Улаанбаатар хотоос Драгон төв дээрээс Дархан-Уул аймаг Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд жолоочийн эсрэг талын арын суудалд суугаад 13-14 цагийн орчим Дархан-Уул аймаг руу хөдөлсөн. Ингээд замдаа явж байгаад жолооч урдаа явж байсан машиныг гүйцэж түрүүлээд эргээд эгнээндээ орох гэтэл урдаа явж байсан машины араас мөргөсөн. Би тухайн машиныг явж байсан зогсож байсан эсэхийг нь мэдээгүй надад арын хоёр улаан гэрэл нь харагдаад л жолооч очоод мөргөх үед хашхираад л осол болсон. Ингээд би ухаан алдсан байсан нэг сэрэхэд Төв аймгийн Жаргалант сумын эмнэлэгт сэрсэн. Ингээд эмнэлэгт байж байгаад хүүхдүүд маань ирээд мөн Жаргалант сумын цагдаа ирж мэдүүлэг аваад тэндээс Дархан-Уул аймаг руу очиж эмнэлэгт хэвтээд зураг авхуулаад баруун гар хугарсан байна гээд гипсдэж өгөөд нуруу гэмтсэн гээд яаралтай тусламжийн тасагт мэдрэлийн эмчээр нуруундаа плакат буюу мэдээ алдуулах тариа нугасандаа хийлгүүлж өндийсөн. Тэгээд хувийн эмнэлэгт томографаа зураг авхуулаад нуруу хоёр газар цуурсан байна гэсэн. Ингээд мэдрэлийн тасагт 9 хоноод, хувийн Саран Энх гэх эмнэлэгт 10 хоносон. Гэмтлийн эмчид зургаа үзүүлэхэд Улаанбаатар яв гээд явах боломжгүй байсан учир зургаа өгч явуулж эмчээр уншуулсан. Зураг уншсан эмч маань өвдөлтөө намдахаар яаралтай ирж үзүүлээрэй хагалгаанд орох эсэх асуудлыг үзэж байж шийднэ гэсэн учраас өвдөлтөө намдаагаад хүлээгээд байж байгаа. Намайг охин маань асарч дагуулж явж байгаа учир охиныхоо цалинг буухаар ажлаас нь чөлөө авхуулж замын зардал эмчилгээний зардлаа гаргуулж охиндоо хүртэл дараа болж байна. Би осолд орохын өмнө “Ээжийн бууз” гэх цайны газарт 2022.09.07-ний өдрөөс сарын 600000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Би 2022.09.25-ний өдөр хүртэл ажиллаад чөлөө аваад явсан байсан. Захиралтайгаа 2022.10.01-ний өдрөөс эхэлж бичгээр гэрээ байгуулж ажиллахаар тохирсон байсан. Би эмнэлэгт хэвтсэн ор хоног, эм тарианы мөнгөний баримтыг байгаагаа бүгдийг нь гаргаж өгч хэрэгт хавсаргуулж хуулийн дагуу үнийн дүнгээ буруутай жолоочоос нэхэмжилмээр байна. Эмч намайг хэвтрийн дэглэм сахь гэсэн учраас би ажил хийж хөдөлмөрлөх чадвараа алдаад байна. Үүнд маш их гомдолтой байна эрүүл байсан бол би ажил хийгээд амьдарлаа аваад явах боломжтой байсан. Цаашид гарах зардлаа прокурор шүүхийн шатанд баримтаар гаргаж өгөх болно... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

хохирогч Г.Н.Эийн ...Би 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах чиглэлийн Соната-6 маркийн автомашинд суугаад явсан. Тухайн үед автомашины жолооч нэлээд хурд хэтрүүлж явж байгаад Төв аймгийн Жаргалант сумын уулзвар өнгөрөөд удаагүй том ачааны машин болох ховооны араас мөргөж зам тээврийн осол гаргасан. Тэгээд хэсэг ухаан алдаад сэрэх үед надтай хамт явсан хоёр зорчигч нар ухаан алдаад сэрж байсан. Харин жолооч ганцаараа буучихсан байсан. Миний хажууд сууж явсан эгчийн гар нь хугарсан байсан. Харин урд талд сууж явсан залуугийн хацар нь зулгарсан харагдаж байсан. Харин миний хажуу талд сууж явсан согтуу ах ямар ч гэмтэл бэртэл аваагүй байсан. Бид нар Жаргалант сумын эрүүл мэндийн төв орж эмнэлгийн анхан шатны тусламж авсан. Өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Т.Тэрбишийн ...Тухайн зам тээврийн ослоос миний 63-88 ХӨҮ улсын дугаартай Сино трак маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын гэрэл нь хагарсан, дагуу тиаг гэх эд зүйл эвдэрсэн байсан. Өөр ямар нэг эвдрэл гэмтэлгүй зүгээр байсан. Би тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг өөрөө хариуцаж янзалсан юм.  Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг өөрөө хариуцна. Надад нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

шүүгдэгч Ж.Оын гэрчээр өгсөн ...Би Улаанбаатар хотод Драгон дээр 12 цаг өнгөрч байх үед өөрийн 31-84 УБР улсын дугаартай Соната-6 маркийн машинтай ирээд Дархан-Уул аймаг руу хүн тээвэрлэхээр зогсож байгаад 4 хүн аваад 14 цагийн үед Улаанбаатар хотоос Дархан чиглэлд хөдөлсөн. Жаргалант сумын салдаг өнгөрөөд явж байх үед миний урд саарал өнгийн Соната 6 маркийн машин, түүний урд шар өнгийн хово маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Соната-6 маркийн машин баруун гар тийш дохио өгөхөөр нь би гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед урд явж байсан хово зүүн гар тийш эргэсэн би машинаа зогсоох гээд тормос гишгээд амжилгүй хово маркийн машины араас машиныхаа баруун урд хэсгээр мөргөсөн. Тэгээд замын хажуу руу орчихсон. Осол болохоос өмнө харахад замын голд шар өнгийн хантаазтай хүн зогсож байсан ямар нэгэн дохио зангаа өгөөгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

гэрч Т.Адилбишийн ...Би Төв аймгийн Жаргалант суманд засмал замын далангийн шорооны тээврийн ажлыг хийж гүйцэтгэхээр “Жүн Мэй” ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс гэрээ хийн ажиллаж эхэлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын засмал замын уулзвараас хойд зүгт 500 орчим метр газарт засмал замаас зүүн гар тийш дохио өгөн эргэх үйлдэл хийх үед миний Хово маркийн 63-88 ХӨҮ улсын дугаартай машины араас саарал өнгийн 31-84 УБР улсын дугаартай Соната-6 маркийн машин мөргөсөн. Би машинаасаа бууж ирэхэд уг машинд жолоочоосоо гадна 4 зорчигчтой явж байсан. Зорчигч нар нь ам хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би цагдаа дуудсан... гэх  мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

гэрч Г.Хийн ...Би 14 цагт Улаанбаатар хотос Дархан аймаг явахаар Драгон дээр ирээд Дархан явах унаа хайж байгаад мөнгөлөг өнгийн 31-84 УБР улсын Соната-6 маркийн машинд суугаад Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд жолоочоос гадна надтай нийлээд 4 зорчигчийн хамт явсан юм. Би машины урд суудалд жолоочийн хажууд суусан байсан. Замдаа би унтаад явж байтал миний суудлын ард сууж явсан эгч хүүе ээ гээд гэнэт орилсон би зорчиж сэрээд харахад миний сууж явсан машин нэг машиныг гүйцэж түрүүлж байсан. Бидний урд Хово маркийн авто машин зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байсан тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд миний хамраас цус гарчихсан байсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдэн ирсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

гэрч Д.Оийн ...Би Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орохоор 13 цагийн үед Драгон дээр ирээд Дархан явах унаа асуухад нэг хүн аваад гарлаа гэхээр нь саарал өнгийн Соната-6 маркийн машинд суугаад Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу хөдөлсөн. Би машины арын суудалд жолоочийн ар талд сууж явсан. Манай жолооч нэг машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед бидний урд том ачааны харагдсан тэгээд би хашхираад юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд газар хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

гэрч Н.Чойсүрэнгийн ...Миний бие тухайн үед дээрх зам тээврийн ослын талаарх дуудлага мэдээллийг хүлээн авч хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Бат-Эрдэнийн хамт ажилласан. Очих үед зорчих хэсгийн эсрэг урсгалд Сино трак маркийн ачааны тээврийн хэрэгсэл нь зүүн гар тал руугаа даялсан байдалтай хамар хэсэг нь шороон хөвөөн дээр орчихсон байдалтай зогссон байсан. Харин Соната-6 маркийн 31-84 УБР тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн эсрэг урсгалын шороон хөвөөний гадна талд ертөнцийн зүгээр урагш харсан байдалтай зогсож байсан. Тухайн үед ослын шалтгааныг тодруулах зорилгоор осолд орсон хоёр жолооч болон зам засварын үйл ажиллагаа хийж байсан зохицуулагч нараас учир байдлыг тодруулах үед зохицуулагч урдаас болон хойноос ирсэн хөдөлгөөнүүдийг хааж Сино трак маркийн ачааны тээврийн хэрэгслийг зүүн эргэх дохио өгсний дагуу ачааны автомашины жолооч зүүн эргэх үйлдлийг гүйцэтгэж байхад Соната-6 маркийн 31-84 УБР улсын дугаартай автомашин нь ачааны машины зүүн хойд хэсгийн хаалт төмрийг мөргөж замын эсрэг тал руугаа шидэгдсэн байдалтай, суудлын автомашины зорчигч нар нь гэмтсэн, түргэн тусламж дуудсан байдалтай байсан. Тухайн үед ачааны автомашины жолооч нь зүүн эргэх үйлдлийг эхлэхэд өөдөөс яваа болон араас явсан тээврийн хэрэгсэл зогссон байсан. Гэтэл Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл нь давхар гүйцэж түрүүлэх үйлдлээ хийхдээ миний зүүн эргэх үйлдэл болон зохицуулагчийн дохиог анзааралгүй гүйцэтгэж осол гаргалаа гэж ярьж байсан. Харин Соната-6 маркийн автомашины жолооч нь гүйцэт түрүүлэх үйлдлээ алсаас хийсэн, зам дээр байсан зохицуулагчийг хараагүй, ачааны автомашины зүүн эргэх үйлдэл болон дохиог анзааралгүй гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн, осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байсан. Тэгээд ослын хэмжилтийг хийж хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнэд үйлдсэн бүдүүвч зургаа оролцогч нараар гарын үсэг зуруулан өгсөн. Жолооч нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

гэрч Т.Ганхуягийн ...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би зам дээр хөдөлгөөн хорьж шороо /ачаа/ ачсан Хово маркийн тээврийн хэрэгсэл засмал замаас бууж шороон зам руу гарахаар зүүн дохио өгнө эргэх үйлдэл хийж байх үед араас нь явж байсан тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийж Хово маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 129 дугаартай ...Д.Оийн биед сээрний 9 дүгээр /Т09-р/ нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал гэмтлүүд тогтоогдсон. Д.Оийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн бүсэлхий нурууны компьютерт томографийн шинжилгээгээр оношлогдсон байна. Д.Оийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлээс хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13124 дугаартай ...Г.Хийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун шанааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаартай ...Г.Н.Эийн биед баруун талын нүдний доод хананы өмнөд хэсгийн цөмөрч зөрсөн хугарал, баруун этмойд хөндийн урд ханын зөрүүтэй хугарал, баруун хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, хоншоор ясны өмнөд хананы цөмөрч зөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананы үзүүр хэсгийн зөрсөн хугарал, хамрын таслагчийн урд хэсгийн зөрөөгүй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн цохих, цохигдох, мөргөх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн болон 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн толгойн компьютерт томографийн шинжилгээгээр оношлогдсон байх бөгөөд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийн баруун этмойд хөндийн урд ханын зөрүүтэй хугарал, баруун хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах “хүндэвтэр” зэрэгт, бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт тус тус хамаарна. Дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06/09 дугаартай ...Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Б.Тэлмэнгийн ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын үнэлгээчин 63-88 ХӨҮ дагуу үнэлгээчин Г.Амбасэлмаа шинжээч улсын дугаартай Sinotruck маркийн маркийн автомашины хохирлын хэмжээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 215,000 (хоёр зуун арван таван мянга) төгрөг гэж дүгнэлээ... талаарх дүгнэлт /хх-ийн 71-79 дүгээр хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06/37 дугаартай ...Төв аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Б.Тэлмэнгийн ирүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу үнэлгээчин Г.Амбасэлмаа шинжээч үнэлгээчин 31-84 УБР улсын дугаартай, Соната-6 маркийн автомашины зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2,559,900 (хоёр сая таван зуун тавин есөн мянга гурван зуу) төгрөг, хохирлын үнэлгээ нь 2,096,120 (хоёр сая ерэн зургаан мянга нэг зуун хорь) төгрөг гэж тус тус дүгнэлээ... талаарх дүгнэлт /хх-ийн 88-98 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 22/188 дугаартай ... Hyundai Sonata NF маркийн 31-84 УБР улсын дугаартай автомашины жолооч Ж.Оыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Sinotruck 223255 маркийн 63-88 ХӨҮ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. "Жолооч ... чиг өөрчлөхдөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Sinotruck 223255 маркийн 63-88 ХӨҮ улсын дугаартай автомашины жолооч Т.Адилбиш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 2 дугаар хавсралтад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна... талаарх дүгнэлт /хх-ийн 107-108 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02/03 дугаартай ...Соната-6 маркийн 31-84 УБР улсын дугаартай автомашины хамгийн бага хурдыг тогтооё. Соната-6 маркийн автомашины тоормосны мөр 36 метр гарч, Синотрак маркийн автомашиныг мөргөсний дараагаар шарваж, хөндлөн чигт 7.2 метр зайг туулсан байна. Соната-ийн 32-4 улсын дугаартай автомашины жолооч Ж.О нь МУ-ын ЗХД-ийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км -ээс хэтрүүлэхийг хориглоно", 13.1-р заалт буюу Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна... талаарх дүгнэлт /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

Яллагдагч Ж.Оын ...Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй юм. Тухайн үед урсгал сөрж зам тээврийн осол гаргасан миний буруу юм... гэх мэдүүлэг /хх-ийн 154 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу:

            Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

            ...Шүүгдэгч Ж.О нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргаж хоёр хүний биед хүндэвтэр хохирол, нэг хүний биед хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хурд хэтрүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Д.Од 752.900 төгрөг, Г.Н.Эт 148.000 төгрөг төлөөгүй байгааг гаргуулах, иргэний нэхэмжлэгчид 1.128.690 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 180,000 төгрөгийн зардлыг гаргуулах саналтай байна... гэсэн,

            Хохирогч Д.Оийн  өмгөөлөгч И.Отгонсүрэн:

... Шүүгдэгч Ж.О нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргаж хоёр хүний биед хүндэвтэр хохирол, нэг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруу дээр маргадаггүй юм байна.  Хохирогч  Д.Оийн биед хүндэвтэр хохирол учирсан. Д.О нь эмчлүүлсэн баримт 752.900 төгрөгийг нэхэмжилж байна. Эрүүл мэндийн хувьд гэрт хэвтрийн байдалд байгаа тул цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэсэн,

            Шүүгдэгч Ж.О:

            ...Би хохирлуудыг төлнө. Би ганцаараа ажил хийдэг. Ойрын хугацаанд төлнө... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

  Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Ж.О маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч нар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

  Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.О нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. 

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

   Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх хэсэгт “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...”, мөн дүрмийн 13.1 дэх хэсэгт “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэснийг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

   Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

  Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

  Иймд шүүгдэгч Ж.Оыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учрулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

         Хохирол, хор уршгийн талаар:

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

          Шүүгдэгч Ж.Оын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн хохирогч Д.О, Н.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Г.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

  Хохирогч Г.Х нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хохирогч нарт мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Оаас 753.900 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Од, 490.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эт, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1.128.690 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 180.000 төгрөгийг гаргуулж “Цагаан шонхор” ТББ-д тус тус олгож, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

            Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

            ... Шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч нарын хохирлыг төлөхийг илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд оруулж байна... гэсэн,

            Хохирогч Д.Оийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

            ... Шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож улсын яллагчаас ялын санал гаргаж байна. Ял шийтгэл дээр тайлбаргүй... гэсэн,

            Шүүгдэгч Ж.О:

            ...Хэлэх зүйлгүй...    гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

  Шүүх шүүгдэгч Ж.Оад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял тохирно гэж шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Ж.Оад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

  шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал

Эрүүгийн ___ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.ОЖ.Оыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Шүүгдэгч Ж.ОЖ.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.ОЖ.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4. Шүүгдэгч Ж.ОЖ.Оад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оаас 753.900 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Од, 490.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эт, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1.128.690 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 180.000 төгрөгийг гаргуулж “Цагаан шонхор” ТББ-д тус тус олгож, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн ___ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

  7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.ОЖ.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.ОЖ.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ДЭЛГЭРМӨРӨН