Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/120

 

 

 

 

 

 

 

 

 

 2023        04             04                                      2023/ШЦТ/120

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Б.Д, Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д, Б.М нарт холбогдох эрүүгийн 2325000000131 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Б.Д

2. Б.М

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Д, Б.М нар нь  2023 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хүргэн ах н.О-г зодсон гэх шалтгаанаар хохирогч Б.Б-ий толгой руу цохиж, эрүүл мэндэд нь 2 талын ухархайн дотор хананы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д, Б.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М“Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Б.Б-ийцагдаагийн газарт гаргасан гомдол. /хавтаст хэргийн 15 дахь тал/

            2. Хохирогч Б.Б-ий “Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн орчим найз Г  хамт Улаанбаатар хот руу явах хүн байгаа эсэхийг харах гэж очсон. Тухайн үед Г хот явмаар байна гэсэн. Бид хоёрыг очоод зогсоол дээр машин дотроо сууж байхад хот хооронд явдаг О  машинтай миний урдуур орж ирж зогссон. Үүний дараа мөн адил хот хооронд явдаг О  машинаас бууж ирээд жолооч талын хаалган дээр ирсэн. Тэр үед О аас архи үнэртэж байсан ба Г бид хоёрт хандан үзэх үү гээд байхаар нь би машинаас бууж тийм юм байхгүй, зодоон хийхгүй гэж хариулсан. Дараа нь би өөрийн машиныхаа арын суудал дээр суусан. Харин надтай цуг явж байсан Г жолоочийн суудал дээр сууж О  жолоочийн эсрэг талын суудал дээр суусан. Харин миний хажууд О гийн машиныг барьж ирсэн жолооч суусан. Нэрийг нь мэдэхгүй байна. Бас О  миний баруун талд арын суудал дээр суусан. Тухайн үед миний хажууд сууж байсан О  согтуу орилж хашхираад болихгүй, янз бүрийн юм яриад байсан. Тэгэхээр нь би О г суухгүй бол буу гэж хэлээд машинаас буулгасан. О  машинаас буугаад миний машины баруун талын арын хаалга шилийг гараараа нэг удаа хүчтэй цохисон ба тухайн үед шил хагараагүй. Тэгэхээр нь би машинаас буухад О  баруун гараараа миний зүүн шанаа руу нэг удаа үгийн зөрөөгүй цохиж авсан. Үүний дараа О  бид хоёр заамдалцаад удалгүй өөрсдөө салсан. Бид хоёрыг салсны дараа урд суудал дээрээс О  бууж ирээд над руу хүрч ирж яагаад байгаа юм бэ гээд баруун гараараа миний зүүн шанаа руу нэг удаа хүчтэй цохисон. Би үүний дараа О ын эгэм хэсэг рүү гараараа түлхтэл О  халтираад уначихсан. Энэ үед хаанаас гэдгийг нь мэдэхгүй 4-5 эрэгтэй гарч ирээд надаас юу болсон юм бэ гэж асуусан. Тэгж асуусан нь О ын эхнэрийн дүү байгаа юм нэрийг нь мэдэхгүй, өндөр биетэй залуу байгаа. Удалгүй сүүлд гарч ирсэн 4-5 эрэгтэй намайг ална гээд байхаар нь 1-16 дугаар байрны чигтээ зам дагуу зугтааж гүйсэн. Ингэж гүйж байхдаа цагдаагийн 102 дугаарын утсанд барилгачин дээр зодоон болоод байна гэж дуудлага өгсөн. Зэст баг 1-16 дугаар байрны автобусны буудал арай хүрээгүй байхад 3 залуу араас гүйгээд ирсэн. Тухайн 3 залуугийн нэг нь О ын эхнэрийн дүү байсан. О ын эхнэрийн дүү надад ахаа такси бариад өгье гэж хэлээд нэг гараараа миний баруун гараас барьж нөгөө гараараа миний толгой руу цохиж гараас татаж газар унагаад дээрээс өшиглөөд байсан. О ын эхнэрийн дүү болон түүнтэй хамт байсан 2 залуу намайг зодсон. Мөн хоёр эрэгтэй хүн миний хоёр гараас татаж газар чирээд дээрээс толгой руу цохиж, бие рүү өшиглөөд байсан. Мөн нэг жижиг биетэй хар өнгийн куртиктэй эрэгтэй нь газраас цас авч миний нүүрийг угаагаад бүдүүн О  миний ах шүү, миний ахыг таних уу, мэдэх үү гэж хэлсэн. Бас О ын эхнэрийн дүү тэгж хэлсэн. Намайг хэр удаан хугацаанд зодсон гэдгийг мэдэхгүй байна. ...Би өмнө хамраа хугалуулж байсан 2023 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө миний хамранд ямар нэгэн гэмтэл учраагүй харин 2 нүдний ухархайн дотор хананы хугарал бүхий гэмтэл шинээр учирсан. Д, М  хоёр надаас уучлалт гуйж надад эмчилгээний 3 000 000 төгрөг өгсөн. Одоо надад Д, М  хоёртой холбоотой гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байгүй. Мөн би шүүх хуралд суух шаардлагагүй, хуралд суухгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 19-24, 26 дахь тал/

3. Гэрч Ц.Э-н “2023 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 23-00 цагийн хооронд манай найз Д над руу залгаад барилгачин дээрээс ирж аваад гэрт хүргээд өгөөч гэж дуудсан. Удалгүй намайг барилгачин дээр яваад очтол Д, М  хоёр О  ах хүнтэй маргалдсан тэр хүн нь ийшээ гүйгээд явчихлаа, би араас нь очоод аваад ирье гээд Д, М  хоёр гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би араас нь машинтай дагаад “Wave” баарны чанх урд зам дээр очиж зогссон. Тэгтэл Д, М  хоёр нэг эрэгтэйтэй зууралцаад зогсож байсан. Энэ үед Д тэр эрэгтэйг явъя ахаа, О  ахтай учраа олъё гэхэд нөгөө эрэгтэй нь би явахгүй, би таксинд суугаад явлаа гээд байсан. Хэсэг хугацааны дараа дахиад нөгөө хэдийг машин дотроос хартал танихгүй ахын хамраас цус гарчихсан, нүүр, цээж нь цус болчихсон байсан. Энэ үед Д, М  хоёр тэр ахыг явъя гээд гараас нь татаад зууралцаад байсан. Удалгүй приус 30 маркийн машин хүрч ирээд Д, М , танихгүй эрэгтэй гурав хамт машины арын суудал дээр суугаад барилгачдын талбай дээр очсон. Тэд нарыг машинтай барилгачин руу явахаар нь би араас нь машинтайгаа дагаж очсон. Машин дотроос харж байхад Д жижиг О  гэдэг хүнийг дуудаж уулзаад буцаагаад явуулсан. Удалгүй машинтай цагдаа нар хүрээд ирсэн. Би араас нь дагаж очсон, барилгачдын талбай дээр зодоон болоогүй. Зодоон “Wave” баарны чанх урд зам дээр болсон. Мөн барилгачин дээр байхад тэд нар хоорондоо юм яриад суугаад байсан. Сүүлд нь М , Д хоёроос юу болсон юм бэ гэж асуутал тэр хоёр надад Б гэдэг хүний нүүр рүү нэг нэг удаа цохисон гэдгээ хэлсэн. Мөн гудамжинд зодоон болж байхад Б гэдэг танихгүй эрэгтэйн хажууд М . Д хоёр л байсан. Зодоон энэ гурвын хооронд л болсон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32 дахь тал/

4. Гэрч Б.Г-н “2023 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 22 цаг өнгөрч байх үед Уртын гол багт машинтайгаа явж байтал Б машинтайгаа гудамжинд зогсож байсан. Үүний дараа би өөрийн тээврийн хэрэгслийг гудамжинд орхиод Б-н машинд сууж Зэст баг барилгачдын талбай дээр очиж зогссон. Тэгтэл хот хооронд явдаг жижиг О , том О  хоёр Б-р  машинаа бариулчихсан согтуу барилгачдын талбай дээр ирээд Б-н машины дэргэд зогссон. Б машинаасаа бууж том О той уулзаж юм ярьж зогссон харин би жолоочийн суудал дээр суугаад үлдсэн. Дараа нь том О  урд суудал дээр сууж харин Б , жижиг О , Б  гурав арын суудал дээр суусан. Гаднаас орж ирэх үед хоёр О гоос архи үнэртэж байсан харин Б  эрүүл байсан. Дараа нь Б  архи гаргаж ирээд машин дотор тойруулж хоёр О , Б гурав уусан. Архи ууж байхад жижиг О , Б рүү уурлаж агсраад байсан энэ үед Б жижиг О г чи буу гээд машинаасаа буулгаж хаалгаа хаасан. Тэгтэл жижиг О , Б-н машин руу нэг удаа өшиглөж, гараараа цохисон. Жижиг О  машин руу нь цохиж, өшиглөсөн учраас Б уурлаад гадагш гарч хоорондоо ганц нэг удаа харилцан цохилцсон. Би нэг нэгнийхээ яг хаана нь онож цохисон гэдгийг хараагүй ямар ч байсан жижиг О  Б-д цохиулаад газар унасан. Жижиг О  Б-д цохиулаад газар унахыг Б  хараад салгахаар машинаас буусан. Б г машинаас буухад жижиг О  газраас босож ирээд Б рүү орилж хашхираад цохих гэж дайраад байхаар нь Б жижиг О гийн хацар руу алгадчихсан. Жижиг О , Б-д хацар руугаа алгадуулаад ухаан алдаад газар унасан. Тэгэхээр нь Б  дуудаж сэрээгээд газраас босгосон. Дараа нь машины урд суудал дээрээс том О  бууж ирээд жижиг О г өмөөрч Б-д хандан чи яагаад байгаа юм бэ гээд зогсож байгаад согтуу учраас өөрөө газар халтираад уначихсан. Тэгтэл гэнэт 3-4 залуучууд гүйж ирээд том О г өмөөрч Б рүү дайрсан. Би тэр залуучуудын өндөр биетэй Д  гэх эрэгтэйг боль гээд тэвэрч авсан харин Б Зэст баг 1-16 дугаар байр руу чиглээд төв замаар зугтааж гүйсэн. Энэ үед би Б-г ашгүй зугтаачихлаа гэж бодсон. Үүнээс хойш 5-10 минутын дараа би Б-н машиныг бариад том О гийн хамт барилгачдын гэрлэн дохио өнгөртөл зам дээр Б өндөр биетэй Д той зууралцаж байсан. Том О  бид хоёр машинтайгаа Б-н хажууд нь очиж зогсоод би машинаас нь бууж Д , Б хоёрыг салгаад, Б-г хойд суудал дээр суулгасан. Ингээд буцаад Зэст баг Барилгачдын талбай дээр очиж зогссон. Зогсоол дээр зогсож байхад том О , Б-д хандан уучлаарай хөгшөөн гэж хэлтэл Б чи яаж байгаа юм бэ, жижиг О гоо өмөөрөөд гэсэн утгатай зүйл хоорондоо яриад байхаар нь би машинаас бууж гадаа тамхи татсан. Намайг гадаа байхад Б-тэй маргалдсан залуучууд машинтай бид нарын хойно ирээд зогсчихсон байсан. Удалгүй өндөр биетэй Д  гэх эрэгтэй Б-н машины арын хаалгыг онгойлгоод дотор орж суусан харин нөгөө талынх нь хаалгыг жижигхэн биетэй эрэгтэй гартаа цас барьчихсан онгойлгоод Б-н нүүрэн дэх цусыг арчаад өгье гээд байх шиг харагдсан. Би сүүлд тамхи татаад гадна зогсож байсан учраас сүртэй зүйл болохгүй байх гээд нээх тоогоогүй. 10-20 минутын дараа Б-н машинд суухад Б хойд суудал дээр харин том О  жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан. Би машиныг нь хөдөлгөөд барилгачдын талбайн урд хэсэг дээр очоод зогстол машинтай цагдаа хүрээд ирсэн. Цагдаа нарыг ирэх үед Б бууж уулзсан” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 34-35 дахь тал/

5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 191 дугаартай “Б.Б-н биед 2 талын ухархайн дотор хананы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

6. Б.Дийн “2023 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед найз М , Б  нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн барилгачдын талбай дээр хүнтэй уулзахаар очсон. Барилгачдын талбай дээр очих үед том О  ах жижиг О , Б , Г, ажлын хувцастай танихгүй ахын хамт тавуулаа машин дотор архи ууж байсан. Тухайн үед би машин дотор тэд нарын ойролцоо зогсоод хараад сууж байсан. Удалгүй Баяр- Эрдэнийн машин дотроос жижиг О  ах бууж ирсэн мөн Б араас нь бууж ирсэн. Үүний дараа Б жижиг О  ахыг нэг удаа цохиод газар унагаачихсан. Жижиг О  ах газраас босож ирээд Б-тэй маргалдах шиг болсон тэгтэл дахиад жижиг О  ахыг цохиод унагаачихсан. Тэр үед машин дотроос нэг эрэгтэй гарч ирээд жижиг О  ахыг сэгсрээд сэрээж гэж оролдож байсан. Би машинаасаа буугаад найз М ын хамт салгахаар Б-н машин руу алхах үед уг машин дотроос том О  ах гарч ирээд Б рүү ойртоод очтол Б том О  ахын нүүр рүү нэг удаа цохиод газар унагаачихсан. М  бид хоёрыг очих үед Б дан подволктой, подволк нь дээгүүрээ бага зэрэг урагдсан байсан. Би Б-д хандан юу болоод байгаа юм, боль, яагаад хүн зодоод байгаа юм бэ, хүн аллаа шүү дээ гэж хэлтэл Б зугтаагаад гүйчихсэн. Би Б-н араас гүйгээд Зэст баг Waveбаарны чанх урд төв зам дагуу очсон. Б-д хандан юу болоод байгаа юм бэ, та такси бариад явчих гэхэд намайг цохиж авах гээд гараа атгачхаад зангаад байсан. Тэгэхээр нь баруун гараараа баруун гарыг нь барьж аваад зүүн гараараа нүүр рүү нь хоёр удаа цохисон. Араас найз М  хүрч ирээд Б-н нүүр рүү нэг удаа цохиж, нэг удаа алгадсан. Үүний дараа Б больё гэж хэлэхээр нь М  бид хоёр, хоёр гараас нь барьж авсан. Тухайн үед би Б хандан яасан их хүн зоддог юм бэ гэсэн утгатай үг хэлээд Б-г төв замаас холдуулах гээд явган хүний зам руу подволкноос нь татаж чирсэн. Энэ үед подволк нь урагдчихсан. Б-г төв замаас холдуулах гээд хувцаснаас нь татаж зууралцаж байхад манай найз Эрдэнэмөнх, Б  хоёр машинтай хүрч ирсэн. Б-тэй зууралцаж байхад манай найз М  цас авчирч Б-н нүүрийг нэг удаа цасаар угааж яасан их хүн зоддог юм бэ, сэргэ чи гэж хэлсэн. Удалгүй Г, том О  ах хоёр бид нарын дэргэд машинтай ирж зогсоод дотроос нь Г бууж ирээд ахын дүү нар больцгоо гээд Б-г машины арын суудал дээр суулгах гэхэд Б суухгүй замын голд цээж нүцгэн зогсоод байхаар нь М  бид хоёр хоёр талаас нь сугадаж татаад Б-г арын суудал дээр суулгах гэхэд суухгүй байсан учир би араас нь бөгс хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд Б-г суулгаад найз М ын хамт Б-н хоёр захад нь суусан. Бид нар шууд барилгачдын талбай дээр очсон ба би Б-н машинд сууж байхдаа ахаа уучлаарай гээд уучлалт гуйхад Б ахын дүү араа даагаарай, ах нь чамайг ална гэж хэлсэн. Зогсоол дээр байхад Г тамхи татахаар машинаас буусан. Нээх их удалгүй Г, Б , том О  ах М  бид дөрвийг Б-н машин дотор сууж байхад цагдаагийн машин хүрээд ирсэн. Маргааш нь Б-тэй уулзаад хамт нэг өдөржин эмнэлгээр явж эмчид үзүүлсэн. Тэр үед Б над руу уурлаад юм ярихгүй ах нь чамайг ална, чи цохилт даагаарай, ах нь бокс тоглодог тамирчин байсан чамайг тэсгээхгүй гээд заналхийлээд байсан. Сүүлд машин дотор ямар ч зодоон болоогүй том О  ах, Г хоёр хамт байсан мэдэж байх ёстой. Том О  ах нэлээн муудчихсан тасарсан байдалтай байсан харин Б эс архи үнэртэж байсан хэр их муудсан байсныг нь мэдэхгүй байна. Харин М  бид хоёр хүний хоёр, хоёр жижиг шилтэй пиво уусан байсан. Би Б гэх эрэгтэйн нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохиж авсан яг хаана нь цохисон гэдгээ нарийн сайн мэдэхгүй байна мөн манай найз М , Б гэх эрэгтэйн нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж нэг удаа алгадсан бид хоёрын хэн нь энэ гэмтлийг учруулсан гэдгээ мэдэхгүй байна. Б-г газар унагааж дээрээс нь эд зүйлээр цохих болон өшиглөсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 60-61 дэх тал/

7. Б.М ын “2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Дийн хамт найзтайгаа уулзаж гэртээ хүргүүлэхээр Зэст баг барилгачдын талбай дээр машин дотор сууж байтал бид нартай ойролцоо зогсож байсан приус 30 маркийн машин дотроос махлаг болон туранхай биетэй 2 эрэгтэй хүн бууж ирсэн. Машинаас бууж ирээд махлаг биетэй буюу Б туранхай биетэй эрэгтэйн толгой руу гараараа цохиод газар унагаасан. Удалгүй газар унасан туранхай биетэй эрэгтэй газраас босож ирээд Б-тэй маргалдах үед Б туранхай биетэй эрэгтэйг дахиад цохиж унагасан. Удалгүй уг приус 30 маркийн машины урд суудлаас бүдүүн О  ах гарч ирээд Б рүү ойрттол Б бүдүүн О  ахын шанаа руу цохиод газар унагасан. Тэгэхээр нь Д бид хоёр машинаасаа бууж бүдүүн О  ах дээр очсон. Б Д бид хоёрыг хараад төв зам дагуу баруун зүг рүү гүйчихсэн. Намайг араас нь гүйгээд очтол Д гэрлэн дохионы жоохон цаахна Б-тэй хамт зогсож байсан ба Б Дийг цохиж авах гээд хоёр гараа атгачихсан байсан. Энэ үед Д Б-н нүүр рүү гараараа нэг удаа цохиж авсан. Дийн аль гараараа Б-н нүүрний аль хэсэгт цохисон гэдгийг сайн харж чадаагүй. Мөн би гүйж очоод Б-н нүүр рүү нэг удаа баруун гараараа цохиж, зүүн гараараа угсарч нэг удаа хүчтэй алгадсан. Би Б-н нүүрний аль хэсэгт цохисон гэдгээ мэдэхгүй байна. Үүний дараа Б-н хамраас нь цус гарчихсан байхаар нь та ер нь яагаад хүн амьтан зодоод байдаг юм бэ гээд гартаа цас барьж аваад Б-н нүүрний цусыг цасаар арчиж өгсөн. Дараа нь приус 30 маркийн машин төв зам дагуу хүрч ирж зогсоод дотроос нь хүн гарч ирсэн эсэхийг санахгүй байна, би өөрөө жоохон согтуу байсан юм. Б , Д бид гурав приус 30 маркийн машины арын суудал дээр хамт суугаад буцаж барилгачдын талбай орсон. Уг приус 30 маркийн машиныг нэг нүдний шилтэй залуу барьчихсан явж байсан ба жолоочийн эсрэг талын суудал дээр бүдүүн О  ах сууж байсан. Машин дотор байхад бүдүүн О  ах Б-д чи манийгаа цохисон юм уу гэхэд Б би цохиогүй шүү дээ гэж ярьж байсан. Нээх удалгүй би машинаас буугаад гадаа зогсож байтал цагдаагийн машин хүрч ирээд дуудлага өгсөн юм уу гэхээр нь намайг чимээгүй зогсож байтал Б машинаас бууж ирээд би дуудлага өгсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 70 дахь тал/

8. Б.М ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дахь тал/,

9. Б.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дахь тал/,

10. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 90-93 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Д, Б.М нар нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хүргэн ах н.О-г зодсон гэх шалтгаанаар хохирогч Б.Б-ийтолгой руу цохиж, эрүүл мэндэд нь 2 талын ухархайн дотор хананы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүнэлт, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ий“...О ын эхнэрийн дүү надад ахаа такси бариад өгье гэж хэлээд нэг гараараа миний баруун гараас барьж нөгөө гараараа миний толгой руу цохиж гараас татаж газар унагаад дээрээс өшиглөөд байсан. О ын эхнэрийн дүү болон түүнтэй хамт байсан 2 залуу намайг зодсон. Мөн хоёр эрэгтэй хүн миний хоёр гараас татаж газар чирээд дээрээс толгой руу цохиж, бие рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Э-н “...Д, М  хоёр нэг эрэгтэйтэй зууралцаад зогсож байсан. М , Д хоёроос юу болсон юм бэ гэж асуутал тэр хоёр надад Б гэдэг хүний нүүр рүү нэг нэг удаа цохисон гэдгээ хэлсэн. Мөн гудамжинд зодоон болж байхад Б гэдэг танихгүй эрэгтэйн хажууд М . Д хоёр л байсан. Зодоон энэ гурвын хооронд л болсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Г-н “...Б өндөр биетэй Д той зууралцаж байсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлт, сэжигтэн.Б.Дийн: “...аваад зүүн гараараа нүүр рүү нь хоёр удаа цохисон....” гэх мэдүүлэг, сэжигтэн Б.М ын “...би гүйж очоод Б-н нүүр рүү нэг удаа баруун гараараа цохиж, зүүн гараараа угсарч нэг удаа хүчтэй алгадсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Д нь Б.Мнар нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Б.Б-г зодож эрүүл мэндэд нь 2 талын ухархайн дотор хананы хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Д, Б.М нар нь бүлэглэн шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д, Б.М нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н биед 2 талын ухархайн дотор хананы хугарал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овгийн Б-ын Д, Х н овгийн Б-ийн М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, Б.М ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Б.М нарт оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС