| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00378/И |
| Дугаар | 00388 |
| Огноо | 2019-11-28 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 00388
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Баянгол сум Гонир 3 дугаар баг Дэрстэй 803А тоотод оршин суух,1977 онд төрсөн, эрэгтэй, Боржигон овогт Болдын Б /РД:*, утас:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Баянгол сум Хараа 1 дүгээр баг 2 дугаар хэсэг 1 дүгээр гудамж 1-6 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, Иш овогт Болдоогийн Аб /РД:*. утас:*/-т холбогдох
Хүүхдээ асрамжиндаа авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, хариуцагч Б.Аб, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ......Бид 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа боловч охин Б.Саранцэцэг, Б.Анужин нар 2016 оны 12-р сараас 2017 оны 6-р сар хүртэл над дээр ирж миний асрамжинд амьдарсан. Энэ үед Б.Аб нь суусан нөхрөө дагаад хот явсан гээд алга болчихсон. Ингээд тэнэж явж байгаад 2017 оны 06-р сард ирж 2 охиныг аваад явсан ба би хэл амнаас нь айгаад дуугүй л өгөөд явуулсан. Үүнээс хойш том охин Б.Саранцэцэг нь байнга ирж хонож өнжөөд би аавтайгаа баймаар байна гэж хэлээд хэцүү байдаг. Би ээжид нь хэлэхээр хэл ам хийдэг болохоор хэл амнаас нь залхаж охиноо аргалж гуйгаад буцаагаад гэрлүү нь явуулдаг. Гэтэл 2018 оны 03-р сараас өнөөдрийг хүртэл миний асрамжинд байна. Ээж нь ирээд охиноо авна гэх боловч охин маань явахгүй гээд хэцүү байдаг. Охин маань хойд аавтайгаа таардаггүй үүнээс болж ээжтэйгээ маргадаг юм шиг байгаа юм. Ингээд том охин маань бидний гэрлэлтийг цуцалснаас хойш байнга надтай байгаа ба би охиноо яв гэж үнэндээ хэлж чадахгүй болсон. Иймд Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06-р сарын 14-ний 183 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж 2 охиныг ээжийн нь асрамжинд үлдээж шийдвэрлэснийг өөрчлөн миний том охин Бгийн Саранцэцэгийн эцэг Болдын Б миний асрамжинд үлдээж шийдвэрлэж өгнө үү....... гэж том охин Б.Саранцэцэгийн асамжийн асуудлаар маргаж байна гэв.
Хариуцагч Б.Аб шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..... Б ямарч ор үндэслэлгүй худлаа зүйл ярьж намайг гүтгэж байна. 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 06 дугаар сар хүртэл 2 хүүхэд Бгийн асаргаанд амьдарч байсан гэдэг нь ямарч ор үндэслэлгүй худлаа. Энэ талаар сургууль цэцэрлэгийн багш нар нь нотолно. Тэр хугацаанд хэн харж хандаж байсан намайг ор сураггүй алга болсон гэж байна. Тийм юм хэзээ ч байгаагүй гэж хэлмээр байна. Г.Б 2016 оноос хойш Баруунхараад байгаагүй, хоёр хүүхэд маань ч Б.Б дээр огт очиж байгаагүй. Б.Б намайг 2019 оноос тохиролцсон ёсоороо хүүхдийн тэтгэлэг нэхнэ гэж айгаад 2019 оноос охин Саранцэцэгийг өөрийн асрамжинд авах санаа зорилго агуулаад үймүүлээд байгаа юм. Охин Саранцэцэг 2019 оны 01 сараас л аавынхаа аав, дүү, эмээ, өвөө дээрээ очсон. Энэ хүн хүүхдээ ямар дүнтэй сурдаг, ирээдүйд ямар хүн болох бэ тэр талаар огт ярилцаж үзээгүй мөртлөө чи ийм байж болохгүй зөвхөн миний муу муухайг дуудахдаа биш 2016 оноос хойш чи хичнээн хамтран амьдрагчтай байгаа билээ тэр талаараа хэлэх хэрэгтэй ш дээ. Тэгээд охиноо өөр дээрээ байлгаж байгаа бол хамаа алга өөр дээрээ биш юмаа гэхэд өвөө эмээ дээрээ байлгаж байсан бол би өнөөдөр юм ярихгүй. Тэгэхэд хаа хамаагүй айлд байлгаж байна. Айлд байгаа эмэгтэй хүүхэд ямар байх уу хэцүү ш дээ том шилжилтийн насан дээрээ явж байгаа хүүхэд ус цасанд орохоос авхуулаад янз бүрийн асуудал зөндөө байгаа. Өөрөө хамт амьдрахгүй байгаа гэдгийн би баталж хэлнэ. Би уг нь шилжилтийн насанд яваа охиноо өөрөөсөө салгамааргүй байна. Би хоёрхон охинтой хоёр охиноо салгамааргүй байна. Гэвч охин Б.Саранцэцэг аав дээрээ байна гэвэл саналыг нь зөвшөөрч байна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Абд холбогдуулан том охин Б.Саранцэцэгийг өөрийн асрамжиндаа авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Аб нар нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан ба гэрлэгсдийн дундаас төрсөн 2007 оны 02 дугаар сарын 07-ний өдөр төрсөн охин Б.Саранцэцэг, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Анужин нарыг төрсөн эх Б.Абийн асрамжинд үлдээхээр шүүх шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох зохигчдын тайлбар мэдүүлэг болон Бгийн охин Саранцэцэгээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд гаргасан аавтайгаа байх хүсэлт, Б.Саранцэцэгийг эцэг, эхийнхээ хэнтэй нь хамт амьдрах хүсэлтэй байгаа талаар анги удирдсан багш О.Ганцэцэгийг байлцуулан асуусан тэмдэглэл, 2018 оны 03 дугаар сараас эхлэн эцэг Б.Бгийн асрамжинд байгаа зэрэг хүүхдийн эрх ашиг, хүсэл сонирхолыг нь харгалзан 2007 оны 02 дугаар сарын 07-ний өдөр төрсөн охин Б.Саранцэцэгийг төрсөн эцэг Болд овогтой Бгийн асрамжинд өгөх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ мөн хуулийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчинг бүрдүүлэх, нэн шаарлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх, боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрхи үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, түүнчлэн Б.Б нь Б.Абийг эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх зэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарт даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас буцаан гаргуулахгүй гэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1,116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн охин Б.Саранцэцэгийг төрсөн эцэг Болдын Бгийн асрамжинд өгсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26.1, 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эх Б.Аб нь хуульд заасан үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчин төгөлдөр оолсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ